Хүсэл тэмүүллээ олж, сонирхлоо мэддэг байх нь аз жаргалтай, эрүүл амьдралын түлхүүр болдог. Тиймээс зарим хүмүүс янз бүрийн сонирхол, цуглуулгатай байдаг. Гол нь өөрийнхөө хүсэл сонирхолдоо тууштай байж, түүнээсээ таашаал, баяр баясгаланг авч байх хэрэгтэй. Тэр ч утгаараа ихэнх хүмүүс сайхан бэлэгшээлтэй, сайныг илтгэх зүйлсийг цуглуулж, хоббигоо болгосон байдаг нь нууц биш. Тиймээс бид та бүхэндээ зориулан онцгой содон цуглуулгатай эрхэмүүдийг танилцуулах “хобби” буланг нээж байна. Бид эхний дугаарынхаа зочноор цаасан хэвлэл тэр дундаа өдөр Монгол түмний түүх, он цагийн хэлхээг хадгалж үлдсэн сонингуудын анхны дугааруудыг цуглуулдаг Доктор (Ph.D), профессор С.Одхүүг урьлаа. Тэрбээр 20 жилийн турш цуглуулсан өөрийн цуглуулгаа тогтмол хэвлэлийн музейн эх үүсвэр болоосой гэж хүсдэг нэгэн юм.
Таныг сонины анхны дугаар цуглуулдаг, олон сонинтой хүн гэж сонссон юм байна. Яагаад сонин цуглуулах болов, хэчнээн сонинтой болсон бэ?
-Ямар ч сонины анхны дугаар сонирхолтой, чанартай, тэр хэрээрээ борлуулалт сайтай байдаг юм билээ. Эрхлэн гаргагч нь тодорхой зорилго өвөрлөж явсаар түүнээ хэрэгжүүлж буй болохоор оюуны үүц, ухааны богцоо уудлан, бусдын сонирхол, анхаарлыг татахын тулд гол хөзрөө гарган нэн хариуцлагатай ханддаг тухай ярьдаг юм билээ. Зарим сонин ганцхан дугаар гараад дахин хэвлэгдээгүй тохиолдол ч цөөнгүй юм билээ. Ингэхлээр анхны дугаар аргагүй сонирхол татдаг, үнэ цэнтэй, ач холбогдолтой. Надад янз бүрийн сонины зөвхөн анхны дугаар 1300 гаруй бий, ийм цуглуулга өөр хаана ч байхгүй гэдэгт бүрэн итгэлтэй явдаг. Номын санд ч байхгүй. Анхны дугаар бишийг оролцуулбал бүр олон болно доо. Зүй нь миний хийх ажил биш л дээ, мэргэжлийн байгуулллага, газар, их дээд сургуулийн сэтгүүл зүйн тэнхмүүд, хэвлэлийн хүрээлэн мэт газрууд хариуцан судалгаа хийх учиртай санагддаг. Бас хичээлийн чухал хэрэглэгдэхүүн шүү дээ.
“Цагийн толь” сониныхоо анхны дугаар. Тус сониныг үүсгэн байгуулагч Дарь.Сүхбаатар юм.
- Хэдэн настайгаасаа яагаад цуглуулж эхэлсэн нь сонирхолтой байна?
-Өө саяхан шүү дээ, анх 1997 онд санамсаргүй байдлаар хэдэн сонинтой болсон. Тэгээд ер нь сонирхолтой юм байна хэмээн үзэж, цуглуулгаа бүрдүүлэхэд анхаарч янз бүрийн арга хэрэглэж байж олон сонинтой болсон. 1990-ээд оноос эхлэн 20 гаруй жил сонины тэсрэлтийн үе, давалгааны хугацаа байсан. Энэ үед л маш их цаг хугацаа зарцуулан байж цуглуулсан даа. Энэ тухай өгүүлбэл удаан яриа өрнөх болно. Сонин эрхлэн гаргаж байсан хүнд өөрт нь ч хувь үлдээгүй байдаг юм шүү дээ, манайхан ер нь хэнэггүй, хачин хүмүүс шүү. Сураглаад очиж уулзахад өө тийм сонин гаргаж байсан үнэн, надад ч хувь үлдээгүй юм байна гээд сууж байдаг. Одоо бүр ч мартагдах болж дээ. Гэхдээ хэнд ч хэрэггүй новш цуглуулсан гэж бодохгүй байна. Хэвлэл мэдээллийн салбарын цөөн хүн, зарим сэтгүүлч надад үнэтэй, ховор цуглуулга бийг мэддэг, хэрэг болсон үедээ зарим нь ярьж л байдаг юм. Сүүлийн хэдэн жил сонин хайж явдаг ажлаа орхиод байгаа шүү.
- Та ямар мэргэжилтэй хүн бэ?
- Би философич, философийн багш хүн. Их, дээд сургуулиудад багшилж, төрийн алба хашиж явсан. Нэгэн цаг үед Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны даргын хариуцлагатай ажлыг эрхэлж, сэтгүүлчидтэй ойр дотно явсан хүн шүү. Эрхэлж байсан ажлын онцлогоос болж хэвлэл мэдээллийн салбарт орон зай эзэлж, сонин сонирхон цуглуулсан, өөртөө ч итгэмээргүй амжилтад хүрсэн шүү. Миний цуглуулсан сонин монголын тогтмол хэвлэлийн музейн үндэс суурийг бүрдүүлэх боломжтой, надад мэргэжлийн байгууллага хүмүүс ханддаг, хамтран ажиллах бололцоо бий. Хэвлэлийн магнат Ц.Балдорж агсан нэгэнтээ надтай уулзаад сонины цуглуулгыг чинь би авъя, сейфинд цоожтой байж байхаар шилэн хоргоны цаана үзэсгэлэн хэлбэртэй байршуулбал зүгээр болов уу, бодож байгаад саналаа хэлээрэй гэж байсан. Харамсалтай нь янз бүрийн юм сэдэж, санаачилж явдаг тэр эрхэм хүн одоо алга даа.
-Таны бодлоор сонин гэж юу юм бэ, орчин үеийн сонин, хуучны сонин хоёрын хооронд ялгаа байна уу?
-Сонин бол хэвлэл мэдээллийн хэрэгслийн үр нөлөө бүхий төрөл, нийгэм, эдийн засаг,улс төр, урлаг соёл, спорт, улс орны болон дэлхий дахины шинэ соргог мэдээ, мэдээллийг иргэдэд цаг алдалгүй хүргэдэг цаасан хэлбэр бүхий төрөл юм. Сонин бол нийгмийн амьдралын толь, тусгал, цаг үеийн олон талт үйл явдлыг харах цонх, ертөнцтэй харьцах нүд, чих, мэдээ мэдээллийг олж авах хэрэгсэл, талбар гэж хэлж болно. Оросын алдарт нийтлэлч, сэтгүүлч В.Песков: “Салхинд хийсдэггүй цаас байдаг юм. Энэ бол сонин” хэмээсэн нь сонины үнэ цэнийг өргөсөн сайхан үнэлэлт. Монголд анх өдөр тутмын хэвлэл бий болж байхад их зохиолч Д.Нацагдорж хэлэхдээ “Сонин гэдэг нь боловсон улсад өглөө босоод нүүрээ хардаг тольтой адил” гэсэн байдаг. Ташрамд алдарт Б.Явуухулангийн “Сонин” шүлгийн мөр санаанаас ер мартагддаггүй юм. Тэрбээр: Дэлгээд тавихад сонины хуудас Дэлхийн хэмжээнд хүрэхгүй ч гэлээ Ухаант хүнийг хүсэл мөрөөдөлтэй нь Уужуу багтаасан талбар билээ” гэсэн байдаг юм. Ялгааны тухайд зарчмын юм байхгүй шүү дээ дэлхий даяар сонин уншигдаж л байна. 100 гаруй жил оршин тогтносон ч хэлбэр, дүрсээ, нийтлэлийн бодлогоо өөрчлөөгүй, одоо захиалагч нь цөөрөөгүй цаасан сонин байж л байгаа шүү дээ. Харин цаасан сонины тухайд уншигчдын хандлага өөрчлөгдсөн байж магад. Хүмүүс ер нь өдөр дутмын хэвлэл байтугай ном унших нь хойрго болоод байгаа нь нууц биш юм.
-Таны цуглуулсан сонингуудаас хамгийн үнэ цэнтэй сонин нь хэдэн оны ямар сонин бэ? Яагаад?
-Сонин бүр л давтагдашгүй, ховор, сонирхолтой. Сонин нь тухайн үедээ содон, сонирхолтой байдгаас гадна хоног өнгөрөх тусам түүхийн бодит баримт, үнэт мэдээлэл болдог. Миний цуглуулгад ховор сонин цөөнгүй бий, бас ихэнхи нь эрээд олдохгүй эрдэнэ болж дээ. Тухайлбал, “Монголын үнэн” \\1920.11.10\\, Хүмүүжил ба жигшил” \\1935\\, “Пионерийн үнэн” \\1944.04.04\\, “Утга зохиол”\\1955.08.01\\ гэх мэт, ер нь бүх сонин үнэ цэнтэй дээ. Ганцхан дугаар гараад дахин хэвлэгдээгүй олон сонин байдаг юм. Эрхлэн гаргагч эзэндээ л үлдээгүй цөөнгүй сонин бий гэж боддог. Номын санд бол бүр ч байхгүй дээ.
Монголд ХҮҮХДИЙН ХЭВЛЭЛ мэндэлсэн өдөр. Цаасан хэвлэлийн давалгаа ширүүссэн 2 зууны заагт хүүхдийн тодотголтой 100 орчим сонин сэтгүүл мэндэлсэн түүхтэй.
-Өнөөдөр бүх зүйл цахимжаад цаасан хэвлэлийн үе өнгөрч байна гэж хүмүүс ярьдаг. Энэ тал дээр Та ямар байр суурьтай вэ?
- Цаг цагаараа байдаггүй гэж ухаантай үг бий. Мэдээллийн технологийн эрин үед цаасан сонин захиалаад, ирэхийг нь хүлээгээд, ирсэн хойно нь уншаад суудаг хүн цөөрч буй нь үнэн. Гэхдээ цаасан сонины эрин үе дууссан гэж хэлж болохгүй байх аа. Номыг ч гэсэн биетээр бариад унших сайхан шүү дээ. Сонин бол цахим сэтгүүл зүйгээс арай өөр зорилго, чиглэлтай хэвлэл, мэдээллийн хэрэгсэл. Би дээр сонины тодорхойлолтыг санамсаргүй хэлээгүй. Би мэргэжлийн хүн биш учир нарийн судалгаа алга, онлайн ертөнц дэлхийг хэрж буйг ч кино хэмээх уламжлалт урлаг орон зайгаа алдаагүй байгаа шүү дээ.
- Сайтуудаар мэдээлэл авч, уншдаг уу?
- Ашиглалгүй яахав, настай хүн гээд шинжлэх ухааны дэвшлээс хоцорч болохгүй шүү дээ. Цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч дэлхий нийтийг хамарсан аварга том цахим сүлжээ болох Интернет бол хүн төрөлхтний түүхэнд гарсан аугаа их нээлт гэж боддог. Боловсролтой хүн бүрт ус, агаар мэт чухал, өдар дутмын хэрэглээ болсон энэ сүлжээ нь орчин цагийн техник, тэхнологийн дэвшлийг тодорхойлж, тэргүүлж, улс орнуудыг хил, хэл харгалзахгүй аалзны тор мэт хэрж, мэдээ мэдээллийн зах хязгааргүй, өргөн уудам орон зайг бий болгон цаг мөчтэй уралдан довтолгож буй болохоор хол хөндий байх аргагүй. Харин цахим сүлжээ ашиглан янз бүрийн хов жив газар авч, далдаас дарамт учрууж буйг хараад харамсаж суудаг. Зүй нь олон нийтийн мэдээллийн сүлжээ хамгийн нээлттэй байх учиртай. Манайхан л хуурамч хаягнаас, нэр зүсээ нууцалж, захиалгаар бусдын нэр төрд халдсан мэдээлэл цацдаг. Зүй нь хэрэггүй л дээ.
-Таньтай адилхан ийм цуглуулгатай хүн байдаг болов уу? Судалж үзсэн үү?
-Сонирхолтой асуулт байна. Сонины давалгааны үед ийм зүйл сонирхож цуглуулж байсан 3-4 хүн бий, гэхдээ над шиг тууштай хөөцөлдөж, олон сонин цуглуулсан, бртгэл хөтөлж ангилсан гээд судалгаа хийсэн хүн үгүй байх аа. Сураг сонсоход зарим нь сонины цуглуулгаа үгүй хийсэн, үрэгдүүлсэн юм билээ. Ташрамд надад 20-30 сонин өгч байсан сэтгүүлч бий шүү. Талархаж явдаг юм. Надад ийм цуглуулга байдагийг цөөнгүй хүн мэднэ. Цуглуулгын дээжээсээ 3-4 удаа үзэсгэлэн гаргасан. Хүндрэлтэй нь сониноо алдчих гээд байдаг юм, 10-аад ховор сониноо үзэсгэлэнгийн үеэр алдсан. Эцэст нь агуулж хадгалах гээд бэрхшээл бас байдаг. Цуглуулга маань монголын тогтмол хэвлэлийн музейн үндэс болоосой гэж мөрөөдөж явдаг.
ИЗВЕСТИЯ-100 Анхны дугаар нь алдарт 1917 оны 2-р сарын хувьсгалын гал дөл бадарсан өдрүүдэд хэвлэгдэн гарчээ. Анхны дугаар нь “Известия Петроградского совета рабочих депутатов” нэртэй хэвлэгджээ. Эхний дугааруудад В.И.Лениний гол гол бүтээл цувралаар нийтлэгдэж байжээ. 100 жилийн түүхтэй энэ нэр хүндтэй сонинд Горький, Маяковский, Бовин, Кондрашов болон бусад нэр хүндтэй зохиолч, сэтгүүлч нар ажиллаж байжээ. Алдарт “Правда” сонинтой мөр зэрэгцэн цаг үеийн үйл явдлыг үнэний зарчмын үүднээс хэвлэж, иргэдийг соён гэгээрүүлэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг ОХУ-ын Ерөнхийлөгч явуулсан мэндчилгээндээ онцолжээ. Цаасан сонины эрин дууссан гэх эдүгээ цагт ч “Известия” сонин хамгийн олон захиалагчтай, өөрийн уншигчтай, нэр хүндтэй сонины нэг байсаар байна.
- Төгсгөлд нь сэтгүүлчдэд хандан Та юу хэлэх бол?
- Мэдээллийн гэгдэх энэ эрин зуунд сэтгүүлч мэргэжилтэй хүний ажил өдөр цагаар бус агшин хормоор хэмжигдэж, үүрэх ачаа, хүлээх хариуцлага улам бүр нэмэгдэж байгаа нь ойлгомжтой. Сэтгүүлчдийн бичиж буй нийтлэл, мэдээ, мэдээллийн чанар тааруу, үг хэллэг ядуу байна уу даа гэж эмзэглэдэг. Хөдөлмөрийн баатар, эрдэмтэн, зохиолч Л.Түдэв гуай: “Эх хэлээ хазгай ойлголтоор “бөөстүүлэгч дотоодын цэрэг” бол манай сэтгүүлчид мөн” хэмээсэн байна билээ шүү. Аугаа их бичгийн хүн зүгээр ч нэг хэлээгүй байх шүү. Монгол Улсад өнөөдөр дэлхийн жишигт хүрсэн олон нийтийн хэвлэл мэдээллийн цогц бүтэц нэгэнт буй болсон, цаашид чөлөөт хэвлэлийн орчинд орчин үеийн сэтгүүл зүйг төлөвшүүлэх, хөгжүүлэх боломж бүрдсэн нь сайхан хэрэг. Гагцхүү 4 дэх засаглалыг төлөөлдөг сэтгүүлчдийн маань мэдрэмж соргог, мэлмий тунгалаг, үг үнэн, үйлс ариун байх болтугай.Т.Гэрэл