Банкны бизнес бол цэвэр итгэлцэл дээр суурилдаг. Тиймээс банкууд харилцагчдынхаа итгэлийг алдахгүйн тулд нэр хүндээ хамгаалсан шиг хамгаалах хэрэгтэй. Элдэв асуудалд холбогдсон бол иргэд харилцагчдад тэрхүү асуудлаа тайлбарлах ёстой. Тэгэхгүй бол тухайн банктай холбоотой сөрөг мэдээлэл олны дунд байсаар байдаг. Тэрчлэн энэ асуудал “Хас” банктай хамаатай гэдгийг тодотгоё. Учир нь 2015 оны долдугаар сард Хас банкны харилцагч 17 хүний данснаас 57 сая төгрөг завшсан хэрэг гарсан байдаг. Гол нь “Хас” банкны ажилтан удаа дараа хариуцлагагүй үйлдэл хийж, харилцагчдаа хохироосон байдаг юм. Тэгвэл одоо Хас банкийг сонгож үйлчлүүллээ гэхэд ийм бусармаг үйлдлийн хохирогч болохгүй гэх баталгаа бий юу гэдэг асуулт тавигдсаар байгаа юм.
Ер нь бол Хас банкны удирдлагын зүгээс тавих хяналт тогтворжоогүй, хөндлөнгийн хяналтын тогтолцоо сул байсныг Б мэддэг давуу талаа ашиглан, байгууллагын мөнгөнөөс зургаан сарын турш завшсан байгаа юм. Б нь шунахуйн сэдлээр харилцагчдын данснаас 57 сая төгрөг авч, Хас банкинд онц их хэмжээний хохирол учруулсан нь баримтаар тогтоогдсон учраас Прокурорын байгууллагаас түүнд өнгөрсөн оны сүүлчээр Эрүүгийн хуулийн 156.3 дахь хэсэг буюу Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байсан юм.
Хас банктай холбоотой уг хэрэг явдлын талаар сэрэмж болгох үүднээс эргэн өгүүлэхэд, 2016 оны нэгдүгээр сарын 11-нд харилцагч Э “Миний данснаас 1.3 сая төгрөгийн зарлага гарчээ. Би зарлага хийгээгүй байтал данснаас минь яагаад ийм мөнгө гарсан учрыг шалгаж өгнө үү” гэж Хас банкинд гомдол гаргасан байдаг. Тэгснээр тус банкны Мэдээллийн сан, систем хөгжүүлэлтийн хэлтсийн программ хөгжүүлэгч ажилтан Б-гийн үйлдэл олны өмнө ил болсон түүхтэй. Гомдлын дагуу тус банкны Аудитын газар, Аюулгүй байдлын удирдлагын хэлтсийнхэн шалгахад Б уг мөнгийг ХААН банкны нэгэн харилцагч руу шилжүүлснийг илрүүлсэн байдаг.
Энэ тухайгаа Б “Би программын бодит болон тестийн орчноо андуурч гүйлгээ хийсэн байна. Өөрөөр хэлбэл, шалгалт хийж байхдаа энэ хүний данснаас өөр хүний данс руу мөнгө шилжүүлчихэж” гэж нэг удаа аргалаад өнгөрсөн ч, үнэн хэрэгтээ тэрбээр андуураагүй, санаатайгаар эл үйлдлээ хийж, 17 хүний данснаас 1.1-ээс эхлээд 25 саяыг хүртэл нэг удаагийн гүйлгээгээр өөрийн данс руугаа шилжүүлсэн хэрэг үйлджээ.
Б нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн эрхлэх мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн “Хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөөс зөвхөн түүний зөвшөөрлөөр буюу даалгавраар гүйлгээ хийх, харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцах данснаас зарлагын гүйлгээ хийхгүй байх” гэсэн заалтыг зөрчиж, тус банкны харилцагч нарын хувийн данс руу хууль бус аргаар гар дүрсэн байдаг. Бусдын мөнгийг хууль бусаар авсан Б 2010 онд Хас банкинд системийн шинжээчээр ажиллаж байгаад гурван жилийн дараа өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан ч тэр оныхоо есдүгээр сард буцаад тус банкинд программ хангамжийн чанарын инженерээр ажиллах болсон нэгэн юм байна. Тэрбээр жилийн дараа тушаал ахиж, программын ахлах хөгжүүлэгчээр ажиллажээ. Харин 2015 онд Хас банкинд бүтцийн өөрчлөлт хийж, Б Мэдээллийн сан, систем хөгжүүлэлтийн хэлтэст программ хөгжүүлэгчээр ажиллах болсон байдаг. Б нь банкны үндсэн систем рүү холбогддог программ руу интернэт банкнаас ирсэн мэтээр харагдах хуурамч гүйлгээний мессеж илгээн, харилцагчийн данснаас мөнгийг нь шилжүүлж авдаг байжээ.
2015 оны долдугаар сарын 6-нд ийм аргаар өөрийнхөө 50……80 тоот данснаас өөрийн 50……66 тоот данс руу 2.8 сая төгрөг шилжүүлсэн нь амжилттай болжээ. Тэрбээр энэ үйлдэлдээ амтшиж, улмаар бусдын данснаас өөрийнх рүүгээ мөнгө шилжүүлж эхэлсэн байдаг. Мөн тэрбээр үнэт цаасны төлбөр тооцооны өглөгийн данснаас ч мөнгө авчээ.
Уг нь тэрбээр ажил үүргийн хувьд ямар ч гүйлгээ хийх, бүртгэл тооцоонд оролцох эрхтэй биш.17 харилцагчийн мөнгөнөөс өөрийн данс руу шилжүүлэхийн тулд Б өөр найз нөхөд, танил талынхаа дансыг ашигладаг байжээ. 2015 оны арваннэгдүгээр сарын 23-нд Б найз Ч-гийн утас руу залган “Чамд ХААН банкны данс байна уу. Хүн надад мөнгө шилжүүлэх гээд ХААН банкны данс асуугаад байна. Чиний данс руу мөнгийг нь шилжүүлээд авчихъя” гэжээ. Найз нь түүнд дансны дугаараа өгөхөд 4.5 сая төгрөг ороод ирж. Энэ мөнгийг найз нь Б руу шилжүүлсэн бөгөөд сарын дараахан дахин түүний ХААН банкны данс руу 1.6 сая төгрөг шилжүүлж, эргүүлэн өөрийн данс руугаа хийлгүүлэв. Энэ тухай Ч “Би тэр мөнгөний талаар Б-аас огт асуугаагүй. Өөртөө нэг ч төгрөг аваагүй” гэсэн байгаа юм. За мөн өөр нэг гэрч О мэдүүлэхдээ “Б нэг өдөр утсаар залган, ХААН банкны данс асуугаад, хөдөөнөөс хүн мөнгө шилжүүлэх гэж байгаа юм хэмээсэн. Удалгүй О-гийн дансанд 25 сая төгрөг орж ирснийг Б-д бүгдийг нь өгсөн” гэв. Харин Б энэ мөнгөөр машин авчээ. Тэрбээр машин зарна гэсэн зарын дагуу Ц-тэй “Ард” кино театрын урд талбайд уулзан, “Toyota Lexys RX-400 Н” маркийн автомашиныг нь 30 сая төгрөгөөр авахаар тохирч, 28 саяыг нь бэлнээр, үлдсэнийг нь сарын дотор өгөхөөр болжээ. Яг сарын дараа Б үлдсэн хоёр сая төгрөгөө Ц-д өгч, машиныг нь нэр дээрээ шилжүүлэн авсан аж. Мөн Э гэх иргэний гар утсанд 2016 оны нэгдүгээр сарын 6-нд данснаас нь 1.3 сая төгрөгийн зарлага гарсан тухай мэдээлэл иржээ.
Энэ талаар Э гэрийнхээ ойролцоох Хас банкнаас очиж асуутал “Таны данснаас интернет банкаар дамжиж ХААН банкны харилцагч Отгондаваа гэх хүний данс руу шилжжээ.Энэ талаараа ХААН банкнаас очиж асуусан нь дээр” гэж. Ингээд Э ХААН банкинд очиход “Энэ гүйлгээ Хас банкнаас гарсан учир тус банкнаас очиж асуу” гэх нь тэр. Ингэж хоёр банкны хооронд хэдэнтээ явсны эцэст Э Хас банкинд албан ёсны хүсэлт бичиж өгснөөр тав хоногийн дараа “Залруулга” гэсэн утгатайгаар уг банкнаас Э-гийн хохирлыг барагдуулсан байдаг.
Харин хэрэг үйлдсэн Б үйлдсэн “Программын туршилт хийхэд алдаа гарсан” хэмээн гүрийж, аргалжээ. Хохирсон 17 хүний нэлээд олонх нь тухайн үед данснаас нь мөнгө авсныг мэдээгүй байдаг. Ямартаа л хувьцаа зарж олсон мөнгөө үнэт цаасны төлбөр тооцооны өглөгийн дансанд хийсэн Ө гэх иргэн 1.2 сая төгрөгөөрөө алдсанаа хожим мэдсэн байдаг.
Гол нь тэгээд одоо Хас банкны удирдлагын зүгээс тавих хяналт тогтворжсон уу, хөндлөнгийн хяналтын тогтолцоо нь чангарсан уу гэхчлэн асуултууд хариу нэхэж байна. Иргэд Хас банкинд үнэхээр итгэж болох уу гэдэг асуулт л хариулт нэхэж байна л даа.
Эх сурвалж: Шуурхай.мн