“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян хэмээх хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож өнгөрсөн найман жилийн ажлынхаа талаар ярьжээ. Ерөнхийлөгчийн ярианаас анхаарал татам онцлох ишлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.
“Чи улс төр сонгосон бол чиний холгосон хуруун дээр чинь хүн заавал гишгэнэ” гэж би олон жилийн өмнө, бүр анх улс төрд орж байхдаа хэлж байсан. Үүнийг чи хүлээж авах л ёстой.
Ардчилал гэдэг үгийн цаана туг, далбаа болгоод явах шаардлага байхгүй. Ардчилал гоё учраас бид сонгож аваагүй. Хүний юм учраас бид аваагүй.
АСЕМ-д ирсэн төрийн тэргүүнүүд машинаас бууж ирээд гар бариад дотогш орж байхад Европын холбооны дарга надтай гар барингуутаа Францын Ницце хотод маш том террорист халдлага болж ачааны том машинаар гудамжаар явж байсан олон хүнийг дайрч амь насыг нь хөнөөлөө. Үүнийг сонссон уу гэж асуусан. Би замдаа ВВС-гээр сонссон байсан. Европын холбооны дарга надад “Та суудалдаа суугаад АСЕМ-ийг нээхдээ бид бүхний өмнөөс дэлхий дахинд хандаж эмгэнэл илэрхийлээрэй. Ази, Европын бүх удирдагчид энд цуглачихсан байдаг. Үүнээс манай уулзалтыг эхлэхгүй бол болохгүй шүү” гэсэн. Түүнд зориулсан үг надад байгаагүй. Юм төлөвлөснөөр болдоггүй. 50-иад хүний сүүлийн хүнтэй гар бариад л, орж ирээд хурлаа нээгээд, бэлдсэн үгийнхээ өмнө өнөө өглөө ийм эмгэнэлтэй мэдээ сонслоо гээд үгээ эхэлж байсан.
Үдээс хойш нь урлагийн тоглолтоо үзүүлж хүлээн авалт хийхээр төлөөлөгчдийн тэргүүн бүрт нэг гэр барьж, гэрт орохоор сонгосон өнгөөр нь дээл хийгээд бэлдсэн байсан. Дээлээ өмсөөд урлагийн тоглолт үзнэ гэж протоколоор тохирсон байсан. Тэгсэн Германы канцлер над дээр хүрч ирээд “Ерөнхийлөгч өө, дээл өмсөх нь биш байна. Бид хоорондоо ярилцлаа. Өнөөдөр ийм аймшигтай юм болсон байхад бид дээл өмсөөд, наадам үзээд суухад хэцүү байна” гэсэн. Үнэхээр хүнд байдалд тэд орсон байсан. Тэгэхэд нь “Наадам болно. Би дээлээ өмсье. Та нарын дээлийг гэрт чинь тавья. Явахдаа дээлээ аваад яваарай” гэсэн.
Маргааш нь том гэрт хаалтын хуралдаан хийх гэж байхад бас л Туркэд төрийн эргэлт гарлаа гэсэн. Би бас л ВВС-гээр сонссон. Европынхон цуглаад хуралдсан байсан. Та хурал даргалагч учраас тэр улсын төр, засгийг, төр, засгийн хэлбэрийг, удирдагчийг дэмжинэ гэсэн бидний байр суурийг дэмжиж хэлээрэй гэсэн. Ингээд дахиад л Монголоос бөөн мэдээлэл гарсан.
Ройтерийн том сурвалжлагч надаас юм асууж байхдаа Монголын хоол ямар сайхан юм бэ гэж сэтгэгдлээ хэлж байсан. Италийн Милан хотод АСЕМ-аар бидэнд бургер зарж байсан. Монголд тэгэхэд иддэг уудаг бүх зүйл үнэгүй байна гэж хэлж байсан. Бид тэгж зохион байгуулсан. Хүн гадаад дотоод явахдаа буудлынх нь орыг санадаг. Идсэн ууснаа санадаг. Мундаг хурлын тухай нэг их санадаггүй гэж байгаа.
Хуучин ЗХУ-д сурч байхад гаднынхан “Хаанахын Монгол вэ” гэж гайхаж асуудаг байсан. 1990 оноос хойш тэгж асуухаа байсан.
Сая Давосын хуралд очиход Европын холбооны Гадаад хэргийн сайд надтай гар бариад л “Миний морь сайн уу” гэж шууд асуусан. Ерөнхий сайдынхаа орлогчийн зэрэгтэй эмэгтэй хүн л дээ. “Би нөхөр, хүүхдээ дагуулж очино шүү. Миний морийг сайн харж байгаарай” гэж байна лээ.
Бид АСЕМ-ийг авчихаад яадаг билээ гэж бодож байсан. Миланд АСЕМ-ийг аваад суухад Италийн Ерөнхийлөгчийн өөдөөс харуулаад миний сандлыг тавьчихсан байсан. Би маш их гайхсан. В.Путины сандлыг миний хажууд тавьчихсан байсан. Дараагийн хурлыг Монгол авах гэж байгаа учраас Монголын Ерөнхийлөгчид үзүүлж байгаа хүндэтгэл суудлаар хүртэл тэгж илэрч байсан.
В.Путин хоцорсхийгээд ороод ирсэн. Гар барих гээд босох гэтэл “Сууж бай, сууж бай” гэсэн. “АСЕМ гэдгийг зориглоод авчихлаа даа. Манай их хөрш та нар л тусална даа. Үүн дээр мэдэхгүй, чадахгүй юм их байгаа шүү дээ” гэхэд В.Путин гуай “Байгаагаараа л бай л даа. Гэр бариад өгчихгүй юү” гэж байсан. Түүний хэлснээр бид гэр барьсан л даа. Үнэхээр байгаагаараа дайлахад Монгол гайхамшигтай л байсан.
Тэмээн жин явуулсан. Тэр их учиртай. Тэмээ бүр дээр тухайн улсын нэртэй тэгнээ байсан. Авдар дээрээ тэр улсын далбааг тавьчихсан. Нэг талаас Азийн хорин хэдэн улсын тэмээтэй ачаа, нөгөө талаас Европын хорин хэдэн тэмээтэй ачаа яваад уулын энгэр дээр уулзаж суусан. Наад талаас нь хоёр хүүхэд дагуулсан эмэгтэй цай, идээ хоолоо барьж очиж цай, хоолоо өгсөн. Цайгаа уугаад хоёр тэмээн ачаа буюу Европ, Ази уулзаад зөрөөд явж байгаа. Бүх юмыг бодож хийсэн л дээ. Ийм гайхамшгийг монголчууд өөрөө олон мянган жилийн хугацаанд өөрийнхөө соёлоор бүтээсэн.
Бид компьютерийн цаанаас, сэтгэгдлээр юм дүгнэх гээд байна л даа. Надтай насандаа уулзаж гар бариагүй, ганц үг сольж үзээгүй мөртлөө намайг дүгнэх гээд байгаа юм.
Би заримдаа боддог юм. Чиний бодож байгаа хулгайч, худалч, хамгийн муу Элбэгдорж тусдаа явж байгаа. Би бол ээжээс төрснөөрөө энд байна. Чиний тэр бүх хараал ерөөл тэр Элбэгдорж руу очно. Би тэгээд тийш нь явуулчихдаг юм. Тэр нь надад амар байдаг.
Өнөөдөр муу хэлүүлж байхад маргааш сайн хэлүүлэх юм нь үлдэж л байдаг. Юм эргэж ирдэг. Салхи эргэхийг монголчууд мэднэ. 100 жилийн дараа ч эргэж магадгүй, 10 жилийн дараа ч эргэж магадгүй. Тэгэхээр би тийм зүйлд эмзэглэдэггүй.
Төвийг сахих дээр хоёрхон зүйлийг л та бүхэнд хэлье. Өөрийн газар нутгаа дайнд ашиглуулахгүй. Өөрийн газар нутаг дээрээ дайн хийлгэхгүй. Манай тэнгэрийг дайнд ашиглахгүй. Манай газрыг дайнд ашиглахгүй. Ингээд боллоо. Гаднаас дайсан ирвэл бид хамгаална. Бид армитайгаа, цэрэгтэйгээ байна.
Аль 1920-иод оны үед Жамсрангийн Цэвээн гэдэг аугаа хүн “Монгол төвийг сахисан Швейцарь Улс лугаа хөгжвөл яасан юм бэ” гэж, манай өвөг дээдэс тэгж ярьж байсан. Тэр үед Чингисийн алтан ургийнхан амьд байсан. 1930 хэдэн он шиг бүгдийг нь хядаж дуусаагүй байсан.
Манайхан л болсон хойно УИХ дээр очоод, гацаад, хоорондоо үзэлцээд, Элбэгдоржийн санаачилсан юмны цаана муу л юм байж таарна гэж бодож байгаа. Гэхдээ үүнийг ойлгоно. 30-40 жилийн дараа магадгүй, Монгол Улс ийм статустай болоход Элбэгдоржийн ярьж байсан зүйл Жамсрангийн Цэвээн гуайн ярьж байсан шиг яригдана. Хэзээ нэг цагт бий болно гэж бодож байгаа.
Сая Узбекстанд В.Путин Ерөнхийлөгчтэй уулзахад надтай гар бариад өөр ямар бодлого танайд хэрэгтэй юм бэ. Би бүрэн дүүрэн дэмжиж байгаа гэж байсан. Ойлгомжтой.
Бидний оюуны бохирдол монголчуудын хамгийн том гамшиг болчихоод байгаа. Нэгийгээ дандаа буруугаар хардаг, дандаа доош хийдэг.
Эрдэнэтийн 49 хувийг аваад ирнэ гэдэг та бүхний санаанд хүртэл орох уу? Зарим нь одоо бүр айчихсан сууж байгаа. Монгол Улс тийм бодол төрүүлэх гэж л зах зээлд шилжсэн, хувийн хэвшлийнхнийг бий болгосон. Сингапураас банк худалдаж аваад ирье гэх жишээний.
Хүний газраас шороо атгаад ирж байгаа хүнийг дэмжих ёстой. Би энэ талаас нь дэмжээд байгаа юм. Би өөрөө оролцсон учраас дэмжээд байгаа юм биш. Би энэ асуудалд нэг ч төгрөгний ашиг сонирхол байхгүй.
Монголын зоригийг мохоож болохгүй шүү дээ. Нийт 7000 гаруй эзгүй арал байдаг юм гэнэ лээ, эдгээрээс нэгийг Монголын нэр дээр авах гээд явж байг л дээ. Яадаг юм.
Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох нь төвийг сахих бодлогод бүрэн нийцнэ. Өөрийн удирдагчийн, Ерөнхийлөгчийн үгийг сонсоод тийм байжээ гэж боддог байх сайхан биз дээ.
Бид төвийг сахих бодлогын тухай ярихад Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев гуай “Би 1990-ээд онд энэ бодлогыг зарлах гэж байсан юм. Гэтэл нөхцөл байдал бүрдээгүй учраас больсон. Одоо бид зарлахаасаа өнгөрсөн. Харин танай улс ямар мундаг юм бэ” гэсэн.
Сүү өргөж хэвшиж байна. Одоо бүх аймгийн Засаг дарга нар мэднэ. Ерөнхийлөгчид архи харуулах бүү хэл ярьдаггүй. Одоо бүр “Та сүү өргөдөг гэсэн байх аа” гэх маягаар тоглоом хийгээд, сүү барьчихсан зогсож байгаа.
Одоо миний ямар ч хүлээн авалтад нэг ч архи, нэг шил пиво ч байдаггүй. Төсвийн мөнгөнөөс нэг ч төгрөгийг архинд зарцуулдаггүй.
Мундаг удирдагч хүн ард түмнээ захиргаадаж, даргалдаггүй. Харин сайн удирдагч сайн соёл үлдээдэг
Монголчууд бид 1990 онд гайхамшигтай сонгууль хийж байсан. Намууд, хороо хэсгийнхэн, бүр байгууллага нэр дэвшүүлж байсныг та бүхэн мэдэх үү? Харин дараа нь нэр дэвшүүлэх эрхийг нам булааж авсан. Тэгээд тэр намын гурав дөрвөн зуухан хүнд л засгийн эрх шилжчихээд байна шүү дээ.
Сумын асуудлыг аймаг, УИХ-д шийдүүлэх ямар ч шаардлага байхгүй.
Ардчилал гээд ард түмэнд эрх өглөө гэж яриад байх юм. Худлаа шүү дээ. Мөнгийг нь өгөөгүй бол ямар эрх байдаг юм бэ? Мөнгө зарцуулах эрхийг нь өгчих л дөө.
Малчин, олон хүүхэдтэй айлд өссөн болохоор надад шунал байдаггүй. Би зүгээр энгийн иргэдийг дээрэлхсэн хүнд дургүй
Ц.Элбэгдорж Засгийн газрын өмнүүр орж юм хийгээд байна гэнэ. Үүнийг санаачлах УИХ-ын гишүүн олддоггүй байхгүй юү. Би санаачлаад өгөөч гэж гуйгаад олдоогүй. Ямар ч Засгийн газар үүнийг санаачилдаггүй. Нөгөө муу нэрт л санаачлахгүй бол болдоггүй.
Би Шилэн дансны хуулийг санаачлаад гурван жил зүтгүүлж орилсоор байгаад нэг юм батлуулсан. Тэгтэл хамаг сүнс, чухал зүйл заалтыг нь авч хаяад баталж байгаа юм. Шилэн дансны хуулийг тухайн албан тушаалтан мөрдөхгүй байгаа бол, тухайн албан тушаалтан 72 цагийн дотор мөнгөтэй холбоотой зардлаа сүлжээндээ оруулахгүй бол шууд ажлаас нь халдаг тийм хуулийн заалт байсан юм. Тэр чинь амин сүнс нь байхгүй юу даа.
Нэг удаа хэвлэлийн хурал дээр би ажлаа өгөөд ийм юм хийнэ, тийм зүйл хийнэ гээд ярьсан чинь маш олон хүмүүс намайг загнасан. Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн гуйгаас эхлээд л загнасан. Би очиж золгосон чинь толгой авах шахсан. “Чи юу ярьж байна. Дахиад улс төрд ажиллахгүй ч гэх шиг. Энэ 27 жилийн турш дундуур нь чи ганцаараа яваагүй, бид бүгдээрээ явсан шүү дээ. Энэ ололт амжилт, сайн мууг үзсэн нь бид. Хэнийг улсын төлөө, яаж ашиглах нь бидний асуудал, чиний асуудал биш” гээд загнуулсан. Тэгээд би дахин ингэж ярихгүй, миний буруу гээд бодлоо.
Хойд Солонгос 4 пуужин харвалаа гээд Зүүн хойд Азийн аюулгүй байдал яригдаад, хамтдаа талууд уулзах гэтэл нээрээ л Монголд уулзахад хамгийн зөв улс гээд хамааралтай л байх хэрэгтэй. Түүнээс биш биднийг хаана ч байдгийг мэдэхгүй, бүгдээрээ мартсан байх юм бол үүн шиг хүндрэлтэй, үүн шиг гарз Монголд байхгүй гэдгийг хэлмээр байна.
Монголын зарим их сургууль 9000 дээр явж байх жишээтэй. Тэгвэл дэлхийд эхнээсээ 20 хүртэл эрэмбэлэгдсэн сургуульд монгол аав, ээжийн хүү хэн нь ч байсан шаардлага хангаад тэнцэж байвал төсвөөс мөнгө өгдөг болъё гэж шийдсэн шүү дээ. Тэгсэн сая тэр төсвийг хасч байгаа юм. Энэ бол муухай.
Мөнгийг яаманд нь өгчихөөр дандаа арын хаалгаар яваад байгаа юм. Гадаад дотоодын Засгийн газрын тэтгэлэг чинь дандаа тийм болсон. Дарга нарын хүүхэд гээд дандаа лобби орчихдог. Би бодохдоо гэр хорооллын утаан дотор сууж байгаа ядуу айлын хүүхэд гүйсээр байгаад тэр сургуульд орчих юм бол шаардлагтай тэтгэлгийг нь өгчихье гэсэн.
Үнэхээр бас 8 жил Ерөнхийлөгч хийнэ, 27 жил улс төрийн тогоонд чанагдана гэдэг чинь огцорч, унаж, босч, шороонд гөвүүлж, шанага шүүр болтлоо шүршүүлж, зодуулж, нүдүүлж, гүтгүүлж, хараалгаж, ингэж явж байгаа боловч хүн чинь бас боддог юм байна. Би хэлсэн. Энэ Ерөнхийлөгчийн суудал гэдэг бол Монголын төлөө юм боддог хүнд бол юм бодуулдаг суудал юм шүү. Би энэ 27 жилд олон зүйлийг ойлгосон.
Би парламентын засаглалыг дэмждэг. Ер нь бол парламентын засаглал чухал, парламентын засаглалаа сайжруулсан нь дээр.
Манай том хөршүүдийн том дарга нар намайг очиход хэлдэг, бусад орныхон ч уулзаад тэгж байна шүү дээ. Танай төрд залгамж чанар алга. Танайх хэлснээ хийдэггүй. Хэлснээсээ буцдаг, хийнэ гэж тохирсноосоо бултдаг. Хэн та нартай юм ярьдаг юм бэ гэдэг.
Одоо та нар алтан хууль гаргаад, гоё хууль гаргаад, ёстой гадаадын хөрөнгө оруулагчдыг нохойн гуяар даллана гэдэг шиг, нохойн биш юм аа гэхэд өөрийнхөө гуяар даллаад ч наашаа харахгүй.
Би гарч ирээд авилгатай тэмцэнэ гэхэд гаалийн авилга гээд зөндөө юм болж байсан. Санаж байна уу, та нар? Тэр үед бас ард түмэн дэмждэг, ойлгодог байсан. Хатуу юмыг сөрөхөд болдог байсан.
Сая Шинзо Абэгийн бүрэн эрхийн хугацааг зургаасаас есөн жилээр сунгачихлаа. Өнөөдөр тийм мэдээ CNN-ээр гарч байна. Энэ юу гэж байна гэхээр Засаг нь тогтвортой ажиллаад, парламент нь улстөрчдийн цуглаан болж байгаа бол тэднийг харин хөөж явуулаад дахиад сонгууль зарлаад байж болно.
Би Монгол Улсын Ерөнхийлөгч, гадны хүмүүстэй яриад, за манайх ийм аятайхан гоё болж байгаа гээд, яг буцаад Чингис хаан буудал дээр буугаад маргааш нь ажилдаа ирэхэд л өдөр нь Засгийн газрын хурал болоод миний ярьсны эсрэг шийдвэр гаргачихаж байгаа юм.
Гүйцэтгэх засаглалаа засаглал шиг болгоё. Хоёр жилийн дотор сайд нар ажил хийхгүй бол 70 хувийг нь хөөгөөд явуулдаг тийм Ерөнхий сайдтай л болъё. Тэр сум аймгийн Засаг дарга нар муу ажиллаж байгаа бол 60 хувийг нь хөөгөөд явуулдаг тийм Ерөнхий сайдтай л болчихъё. Тэгэх юм бол Монгол босох гээд байна.
Баянзүрх дүүрэг дээр АН зургаан хүнээр илүү гарсан ард түмний сонголтыг шууд шийдэх ёстой. Та нар мэдэж байгаа, би зөндөө л муу хэлүүлсэн. 2016 оны УИХ-ын сонгууль болсон. Оройноос нь эхлээд л над руу өргөдөл бичээд, утасдаад, заналхийлээд, янз бүрийн юм болоод, “Бос, наад УИХ-ынхаа анхдугаар чуулганыг битгий хуралдуул” гээд бүгд дайрсан. Ордонд хүртэл орж ирээд хэвлэлийн бага хурал хийгээд явж байсныг санаж байгаа биз дээ. 2016 онд бүрэлдсэн УИХ бол Монгол Улсын түүхэнд 1990 оноос хойш хамгийн хурдан хугацаанд 76 гишүүний бүрэн эрх бүтнээрээ хүлээн зөвшөөрөгдсөн шүү.
Тэгээд дараа нь Ерөнхий сайдаа аваад ороод ирэхэд нь би нэг ч өдөр зогсоолгүйгээр шууд гарын үсэг зураад Ерөнхий сайдыг УИХ руу оруулж байсан.
Гаднаас орж ирж байгаа бонд, эдийн засгийн өсөлт өндөр байх үед Монголын өв сангийн хууль гэж гаргаад Их Хурлаар би батлуулсан, нөгөө Норвегийн сантай адилхан сан. Түүнийг би батлуулчихсан шүү дээ. Манай хүмүүс мэддэггүй. Тэр хууль 2018 онд хэрэгжиж эхлэх ёстой. Түүний дагуу явах юм бол бид нар маш зөв орон болох юм.
Төрийнхөө зардлыг хасъя гээд байгаа. Төрийн албанаас 2 хүн хасагдвал чи нэг хүн авах эрхтэй болно. Наад зах нь тийм л юм тогтооё л доо. Нэг сайд 5 өрөөндөө төөрч явах ямар хэрэг байна аа. Манай урд хөрш гаргасан шүү дээ. Агентлагийн дарга 16 м.кв-аас дээш өрөөнд суухгүй гээд, болж л байна шүү дээ. Албаны машиныг оршуулгад юм уу, баяр ёслолд авч явж болохгүй гээд шийдвэр гаргачихсан хэрэгжиж байна шүү дээ. Манайд тэгээд л гарга л даа.
2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөв 11 тэрбум 500 сая төгрөг байсан. 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөв 4 тэрбум 500 сая төгрөг болсон. Энэ хүн надаас асууж байна. Үнэн үү гэж. Үнэн. Дөрвөн жилийн өмнө 11 тэрбум 500 сая төгрөг байсныг 4 тэрбум 500 сая болгож болж байна.
Арван жилийн өмнө ИТХ нэг хүнийг, нарийн бичиг гэж ганц хүнийг орон тоогоор цалинжуулдаг байсан бол одоо 70 хүн цалинжуулж байгаа гэж байна шүү дээ. Юу вэ? 10,20 жилийн өмнө ганц хүн байсан. Одоо 70 хүн. Бод доо. Энэ юу вэ?