Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Гарамгайбаатарын хүлээж дийлэхгүй хариуцлагыг хүү, дүү хоёр нь хүлээх үү?

Б.Гарамгайбаатарын хүлээж дийлэхгүй хариуцлагыг хүү, дүү хоёр нь хүлээх үү?Бондын мөнгийг зүй бусаар зарцуулсан асуудалд холбогдон, шалгагдаж буй Б.Гарамгайбаатар  14 хоног хоригдоод, суллагдсан. Түүнийг сэжигтнээр цагдан хорих 14 хоногийн хугацаа болж,Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс   суллах эсэхийг хэлэлцэн шийдвэр гаргахдаа эрүүл мэндийн шалтгааныг нь харгалзан үзсэн гэж буй. Тэгэхээр Б.Гарамгайбаатар 14 хоногийн баривчилгааг тэсч дийлэхгүй байгаа юм чинь, хуулийнхны шалгаад байгаа гэм буруугийн асуудлаа биечлэн хүлээх дээрээ тулбал ер нь яах хүн бэ гэдэг асуудал гарч ирж буй. Ямартаа л Б.Гарамгайбаатар өөрөө ял хүлээж чадахгүй бол  түүний хүү Г.Тэнгис  нь бас “Монроуд” компанийнх нь  нягтлан бодогчоор ажилладаг  төрсөн дүү Б.Оюунцэцэг нар нь өмнөөс нь ялыг нь үүрэх ёстой гэж хэлэгсэд бас байгаа юм.  Энэ ч тийм үндэслэлгүй өнцөг биш  л дээ. Учир нь Б.Гарамгайбаатарын хүү Г.Тэнгисийн “Монроуд” компани Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын ажилтай холбоотойгоор шалгагдаж эхэлснээр Хөгжлийн банкны хөрөнгийг зүй бусаар зарцуулсан гэх асуудлын эхлэл тавигдаж байсан юм.

Уг нь Б.Гарамгайбаатар өөрийгөө гэмгүй гэдэг. Гэхдээ хэн хүний өөрийгөө өмөөрсөн үгэнд бус хуулийнхны бат ноттой үндэслэлд итгэх нь үнэнд илүү дөхөх биз. Тиймээс ч хоригдож шалгагдах дээрээ тулсан Б.Гарамгайбаатарыг цэвэр сайхан амьтан гэж худлаа магтаад яахав. Чухам харин өөрөө хуулийн хариуцлага хүлээж чадахгүй бол хүүгээрээ хариуцлага хүлээлгэх үү гэдэг асуулт тавигдаж байна.

Сануулахад, Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байх үед Хөгжлийн банкнаас  Засгийн газарт шинээр зам тавих гэж байгаа гэх ойлголтыг өгч,  тогтоол батлуулж, нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж  “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн байдаг. Гэтэл Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх 100 км хатуу хучилттай зам засах ажил 2008 оноос эхэлсэн байдаг.  Зам засварын ажлыг БНХАУ-ын “Зам барилгын II анги” компани гүйцэтгэхээр 2008 онд тендерт шалгарч ажлаа эхэлсэн бөгөөд замын төсөвт өртөг 20 тэрбум төгрөг байхаар тухайн үед гэрээ байгуулсан байдаг. Улмаар гүйцэтгэгч компани замын 38 хувийг зассаны дараа санхүүгийн хүндрэл, инфляциас шалтгаалж ажлаа гүйцэтгэх боломжгүй болж гэрээгээ цуцалсан гэх мэдээлэл байгаа юм. Дараа нь  2012 оны дөрөвдүгээр сарын 27-нд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлын тендер шалгаруулахад тендерт “Монроуд” компани материалаа ирүүлж 37.2 тэрбум төгрөгөөр замын ажлыг гүйцэтгэх боломжтойгоо мэдэгдэж байжээ.

Түүнчлэн тендерт шалгарсан  “Монроуд” компанийн материалыг Засгийн газрын хуралдаанаараа оруулж, Засгийн газар 2012 оны 110 дугаар тогтоолоо гаргаж Хөгжлийн банкны санхүүжилтээр Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн замын үлдсэн хэсгийг “Монроуд” компаниар гүйцэтгүүлэхээр болсон байдаг. Мэдээллээс үзэхэд, дээрх  тогтоолоор замын төсөвт өртөг нь 37 тэрбум 231 сая 300 мянган төгрөг байх бөгөөд бүгдийг нь Хөгжлийн банк санхүүжүүлэх бөгөөд 2012 онд гурав, 2013 онд 32 тэрбум 369.7 сая, дараа жил нь нэг тэрбум 800 сая төгрөгийн санхүүжилт хийхээр болжээ. Харин  үүнээс жилийн дараа буюу 2013 онд Хөгжлийн банк санхүүжилт хийх төслийнхөө талаар Эдийн засгийн хөгжлийн яаманд танилцуулга хийжээ. Ингэхдээ гүйцэтгэгч компани дээрх ажлыг анх тогтсон үнээрээ гүйцэтгэх боломжгүй гэж байгаа гэх асуудал яригджээ.  Ийм асуудал яригдах үед Б.Гарамгайбаатар Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм. Улмаар Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх замыг шинээр тавих талаар танилцуулж, санхүүжилт хийх хөрөнгө нь 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөг байх тооцоо гаргасан бөгөөд  тооцоог Эдийн засгийн хөгжлийн яам Засгийн газрын хуралдаанд оруулж 124 дүгээр тогтоолыг батлуулжээ.

Тогтоолд тусгаснаар Халзанбүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх 100 км замыг санхүүжүүлэх нийт дүнг 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөг гэсэн байна. Түүнчлэн 2013 онд 23 тэрбум 177 сая 200 мянган төгрөгийн санхүүжилт хийхээр болсон байдаг. Тэгэхээр эдгээр мэдээллээс үзэхэд Хөгжлийн банкнаас 40 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг татахдаа Б.Гарамгайбаатар улстөрийн нөлөөлөл үзүүлж, шийдвэрлүүлсэн байх магадлал өндөр байдгийг дахиад хэлье. Харин улстөрийн нөлөөллөөр ихээхэн мөнгө авсан  “Монроуд” компанийн захирлаар Б.Гарамгайбаатарын хүү Г.Тэнгис, нягтлан бодогчоор дүү Б.Оюунцэцэг нар нь  ажиллаж байсан  гэх мэдээлэл бий. Тэгэхээр Б.Гарамгайбаатарын хүлээж дийлэхгүй хариуцлагыг хүү, дүү хоёр нь хүлээх үү гэдгийг харах үлдэж байна. Хүү Г.Тэнгисийнх нь тухайд товч өгүүлэхэд Унгар улсын Будапештийн Техник, эдийн засгийн их сургууль,  Английн Оксфордын Брукс их сургуулийг төгссөн. “Монроуд” ХХК-ийн захирлаар ажилладаг нэгэн юм.

Автобусны мөнгөний хайрцагт дутуу мөнгө хийх нь энгийн үзэгдэл болсон гэв
Автобусны мөнгөний хайрцагт дутуу мөнгө хийх нь энгийн үзэгдэл болсон гэв
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.