“Сангийн сайд ханшаа, улмаар эдийн засгаа, улсаа ард түмнээ хорлочихлоо. Төсвийн алдагдал, төсвийн санхүүжилт бол инфляци, ханшаа хөөрөгдөх нэг том хүчин зүйлс мөн л дөө. Энэ тал дээл Сангийн яам муу ажиллаж байна. Бусад оронд Төвбанк, Сангийн сайд нь ингэж мэдэгдсэн бол шууд огцруулна. Улс төрийн соёлтой оронд бол өөрсдөө сайн дураараа огцорно гэж том асуудал бий” гэж эдийн засагч Н.Дашзэвэг хэлээд байсан нь үнэн л дээ. Сангийн сайдын сандалд суугаад удаагүй байхдаа Монгол Улс тун хүнд байдалд орлоо хэмээн зарлаж, баахан статистик мэдээллийг олон улс даяар цацсан хүн бол Б.Чойжилсүрэн. Яахаараа ч тийм бодлогогүй байдаг юм. Тиймээс ч Сангийн сайд маань хаана юу ярьчих бол гэх битүүхэн айдастай шахуу байдаг болчихож гэхэд эмгэнэлийн шинжтэй хошигнол шиг л тархинд бууж байх жишээтэй. Ямар ч байсан олон улсын үнэлгээний байгууллагууд манай улсын зээлжих зэрэглэлийг буулгахад Сангийн сайдын цацсан мэдээллүүд нөлөөлөөгүй гэж хэлэх хүн байхгүй л болов уу. Тиймээс ч Дааганаасаа биш дарвагараасаа” гэж үг бий гэдгийг түүнд хандаж хэлээд буй юм.
Тэгвэл манай Сангийн сайд Японы “Nikkei Asian Review” сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр эдийн засгаа жил бүр 6-8 хувиар тогтвортой өсгөх зорилгоор манай улс макро эдийн засгийн бодлого хэрэгжүүлж байна хэмээн ярьжээ. Үнэхээр тэгж чаддаг бол сайхан л хэрэг. Мөн тэрбээр “Эдийн засгийн байдал нь хөрөнгө оруулагчдын хувьд урьдчилан таамаглахын аргагүй, маш том эрсдэл хэвээр байна. Бид эдийн засгаа наад зах нь 10 жилийн хугацаанд 6-8 хувиар тогтвортой өсгөх боломжтой. Энэ хугацаанд бид хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин олж, хөгжлийн суурийг тавих болно… Засгийн газар болон ОУВС хоёрдугаар сарын 15 гэхэд санхүүгийн тусламж үзүүлэх үндсэн нөхцлийн талаар тохиролцоонд хүрч магадгүй… 2018 онд ч төсвийг танана. ОУВС-гаас тусламж авахын тулд Засгийн газар 2017 оны төсвийг дахиад ч танах хэрэгтэй байна. Төсвийг танахад хүмүүс дуртай байхгүй нь мэдээж. Гэхдээ бид сонгогчдын саналыг авахын төлөө бус, харин энэ улс орны төлөө ажиллаж байна”гэхчлэн ярьжээ.
Б.Чойжилсүрэн сайд болсныхоо дараа удалгүй мэдээлэл хийхдээ Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн 4 жилийн хугацаанд тасралтгүй унаж, 2012 онд 17,3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг энэ оны эцэст 1,3 хувьтай гарахаар байна гэсэн. Эдийн засаг ийнхүү уналтанд ороход нэг талаас дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ буурч, манай улсын экспортын орлого, төсвийн бүрдэлт, валютын орох урсгалд сөрөг нөлөөлөл үзүүлсэн. Нөгөө талаас өнгөрсөн 4 жил явуулсан төсөв, мөнгөний алдаатай бодлого, тооцоо судалгаагүй, уялдаа холбоогүй шийдвэрүүдийн уршгаар улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн байдал туйлын хүнд байдалд орсныг онцлон тэмдэглэж байна гэсэн.
Улс олсон 5 төгрөг тутмын 4-ийг өрөндөө төлж, үлдсэн 1 төгрөгөөр нь бусад бүх зардлаа санхүүжүүлэхээр байна. Өөрөөр хэлбэл, Монгол улсын дархан хил, аюулгүй байдлыг хамгаалдаг цэрэг эрсээс эхлээд, хүн ардынхаа эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг спортыг хөгжүүлж байдаг нийгмийн салбарт ажиллагсдын цалин хөлс, үйлчилгээний урсгал зардлуудыг ч санхүүжүүлэх боломжгүй болох нөхцөл байдалтай болж байна. Улсын төсөв, эдийн засаг, санхүүгийн байдал ийнхүү гүн хямралд ороод байгаа үнэн мөнийг олон түмэндээ бодитоор мэдээлэн ойлгуулах нь зүйтэй юм хэмээн мэдэгдсэн юм. Хэрэг дээрээ бол тэрбээр олон улс даяар Монгол Улс хямралд орлоо хэмээн ингээд зарлачихсан. Тэгчихээд одоо араас нь эдийн засгийн өсөлт яриад л явж байна. Амаа жаахан хамхиад ажлаа ахиухан шиг хийх нь манай улстөрчдөд өлзийтэй баймаар юм.
Эх сурвалж: Шуурхай.мн