-Нээлттэй нийгмийн үндэс нь мэдээлэлтэй иргэн, шилэн төр-
Цахим хөгжил, харилцаа хобооны сайд Н.Учралтай ярилцлаа.
-Эстони гэдэг газрын зураг дээр цэг шиг харагддаг нэг жижигхэн улсад танай салбарынхан очих дуртай юм. Саяхан Таллинд очоод нэг бичиг өвөртлөөд ирэх шиг боллоо. Шагнал авсан юм уу, дүн тавиулав уу?
-Эстони бол 1,3 сая хүн амтай, пост коммунист орон. Манайхтай олон талаараа төстэй. Нэг том ялгаа нь газар нутаг багатай, байгалийн баялаггүй. Газар дороо баялаггүй ч, тархин дотроо жинхэнэ баялаг бүтээж, ДНБ-нийхээ дийлэнх хувийг оюун ухаанаасаа олборлодог, технологийн салбараа амжилттай хөгжүүлж эдийн засгийнхаа бүтцийг өөрчилж чадсан улс. Дэлхийг хэрсэн Skype сүлжээ энэ жижигхэн оронд төрөн гарсан. Зөвхөн энэ аппликейшний зах зээлийн үнэлгээ нь манай том компаниудынхаас ч илүү. Цахимжилт, мэдээллийн технологи хөгжлийн тэргүүлэх салбар нь болсон учраас сая шинэ Засгийн газраа бүрдүүлэхдээ Харилцаа холбоо, цахим хөгжлийн яамыг Эдийн засгийн яамтайгаа нэгтгэсэн байна.
Дарга нарыг сургалтад суух нэрээр гадаадад аялаад, гоё гоё туршлага судлаад ирдэг боловч Монголдоо нэвтрүүлж ашиглаж байгаа нь бага гэж иргэд шүүмжилдэг. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд ЗГХЭГ-ын дарга байхдаа ахлаад, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, гишүүн Ж.Энхбаяр, УИХ-ын Цахим бодлогын түр хорооны даргын хувиар миний бие, төр, хувийн хэвшлийнхнээс бүрдсэн бүрэлдэхүүнтэйгээр анх Эстонид очсон. Танин мэдэхүйн биш гарц шийдэл эрж хайсан айлчлал болсон. Бид тэнд алдаагаа асар тодоор олж харсан. Яамд тус тусдаа систем хөгжүүлдэг, өөр хоорондоо холбогддоггүй. Нэг улс орон, нэг төр атлаа Сангийн яам, Боловсролын яам өөр өөрийн, Эрүүл мэндийн яам HIEP гэдэг систем дангаараа хөгжүүлэх гээд үзээд байсан. “ХУР” систем бусдаас мэдээлэл нэхдэг, төр өөрт байгаа системүүдийг нэгтгэн холбоогүй учраас иргэнээсээ авчрахыг шаарддаг, ийш тийш нь явуулдаг гажуудалтай явж ирсэн. Төрийн албан хаагчид энэ бол улсын бүртгэлийн газрын үүрэг, манай хариуцах зүйл биш, харин тэр бол татварын, эсвэл халамжийн асуудал гэдэг. Харин иргэд төрийн албан хаагчид шиг энэ яамны, тэр агентлагийн асуудал гэж ялгахгүй, төр гэдэг нэг л субъектээр үйлчлүүлж байгаа гэж үздэг. Бодит байдал дээр ч тийм. Өөр хоорондоо холбогддоггүй өртөө улаа бүтээчихжээ гэдгээ ойлгосон. Харин Эстонид X-Road хэмээх төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн системтэй байсан. Бид гэрээр бол тооногүй, баахан унь босгох гээд нурж унаад байгаагаа олж харсан.
Ингээд Эстонийн туршлагыг нэвтрүүлэхийн тулд тэдний И-Засаглалын академитай нь зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан. Эстоничууд ч, Дэлхийн банкны Ухаалаг засаглал хөтөлбөрийн шинжээч нар ч цахимжилт бол зөвхөн технологийн асуудал биш, хууль эрх зүй, бодлогын шинэчлэл шүү гэж зөвлөж байсан. УИХ буюу хууль тогтоох байгууллага, Засгийн газар буюу гүйцэтгэх засаглал нэг зүгт харж байж хүрдэг зорилго, хийдэг ажил гэж онцгойлон зөвлөж байсан. Тэр үед УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын асуудлыг хариуцдаг байсан. Эдийн засгийн байнгын хороо улс орны макро бодлогыг боловсруулдаг, түүгээр дамждаггүй хууль, шийдвэр гэж үгүй. Үнэндээ харилцаа холбоо, мэдээллийн технологийн бодлого тэдний хувьд 76-р асуудал байсан. Засгийн газарт хариуцсан яам ч байгаагүй, агентлаг ажиллаж байсан шүү дээ. Агентлаг бусад яамдтайгаа шууд харилцах бололцоо төдийлөн байгаагүй.
Ингээд тухайн үед Ж.Энхбаяр гишүүн Цахим бодлогын түр хороо байгуулах санаачилга гаргаж, миний бие ахалж ажилласан. Эстонийн зөвлөмжийн дагуу багагүй ажил амжуулсан. Одоогийн Сангийн сайд Б.Жавхлан гишүүн Харилцаа холбоо, Радио долгион, Шуудангийн тухай хуулиудын шинэчлэлийг санаачлан, миний бие ажлын хэсэгт нь орж ажилласан, хуулиуд ч батлагдсан. 2020 онд шинэ парламент бүрдээд түр хороог Инновац, цахим бодлогын байнгын хороо болгож өргөтгөсөн. Цахим технологи, харилцаа холбооны салбараа хариуцдаг Байнгын хороотой болсны үр дүнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийг Инновац, цахим бодлогын хороо Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодтой хамтарч батлуулсан. Ингэж цахим шилжилт гоё мөрөөдөл биш заавал хэрэгжүүлэх хууль болсон. Эдгээр хуулийн хүрээнд дагаж мөрдөх ёстой 37 дүрэм, журмаас 30 орчмыг нь батлан хэрэгжүүлж байна. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох И-Монголыг анх 2020 онд 100 хүрэхгүй үйлчилгээтэй нээж байсан бол өнөөдөр гар утаснаас авдаг төрийн үйлчилгээ мянгыг давсан. Төрийн албан хэргийг цахимаар явуулж хэвшиж байна. Энэ бүхний үр дүнд НҮБ-аас гаргадаг Цахим хөгжлийн индексээр Монгол Улс 18 байраар урагшилж дэлхийд 74-рт орсон.
Эстонийн Ерөнхий сайд Каяа Калласын хамт.
-Зөвлөсөн Эстони нь зөвлүүлсэн Монголоо шагнасан юм уу?
-Шагнал гэхээсээ илүү НҮБ-ын “Нээлттэй засаглалын түншлэл” олон улсын байгууллагын тавьсан дүн, хөндлөнгийн үнэлгээ. Эгнээнд нь нэгдсэн дэлхийн 70 гаруй улс, 100 гаруй орны иргэний нийгмийн байгууллага Монголын цахим шилжилтийн хүрсэн амжилтыг хамтран үнэллээ. Олон улсад нээлттэй засаглалын ил тод байдал, төрийн цахимжилтдаа ахиц дэвшил гаргаж буй улс орнуудыг хөндлөнгөөс үнэлж, онцлон зарладаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын ил тод байдлын төлөөх хүчин чармайлтыг олон улсад хүндэтгэн зарласан гэсэн үг. Энэ нь мөн Монголд хөрөнгө оруулалт дуудсан дохио, олон улсад хүргэсэн сайн мэдээ юм. Энэ бүгдийн үр дүнд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, манай инженерүүдийн цалин орлого, төсөв, татвар, туслан гүйцэтгэх бусад бизнесийн ашиг орлого, валютын нөөц өсөж, төгрөгийн ханшид эергээр нөлөөлөх болно.
Эстонийн Цахим засаглалын академийн гүйцэтгэх захирал Ханнес Астоктой Цахимжилтийн 2 дахь түвшний хамтын ажиллагааг эхлүүлэх гэрээ байгуулав. Баруун талаас И-Монгол академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, ЦХХХЯ-ны ТНБД Б.Батцэцэг, Эстонийн Цахим засаглалын академийн гүйцэтгэх захирал Ханнес Асток, ЦХХХ-ны сайд Н.Учрал.
Цахим засаглал бол авлигын эсрэг шийдэл. Авлигатайгаа тэмцэж байна гэдгийн нэг итгэмжит нотолгоо. Авлигын төсөөллийн индекс буурахад нөлөөлж, дагаад гадаадын хөрөнгө оруулалт, зээлжих зэрэглэл сайжирч, нөгөө айхтар саарал жагсаалтын аюулыг холдуулна. Шагнал гэхээсээ илүүтэйгээр эдийн засгийн бүтцээ тэлэх, солонгоруулах, түүхий эдээс хамаарсан түүхийг өөрчлөх сайны дохио юм. Монголын Засгийн газар авлигын эсрэг жил зарлаж, ил тод мэдээлэл, технологийн шийдлүүдээр хөгжлийн хорт хавдар болсон хээл хахуулийн сүлжээг тасла зогсоохын төлөө ажиллаж байна гэж олон улсад онцолсон нь чухал юм.
Засгийн газар авлигын эсрэг жил зарлаж, 5Ш ажиллагаа, Шилэн ажиллагааг өрнүүлж, авлигын эсрэг тэмцэлд технологийн шийдэл ашиглаж байгаа нь манай улсын үнэлгээнд нөлөөлсөн гол хүчин зүйлс болсон. Эстониос зөвлөх үйлчилгээ авсны дагуу Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуульд зааснаар 68 төрлийн мэдээллийг ил тод болгохыг хуульчилсан. Одоо хуульд заагаагүй бол төрийн болон албаны нууц гэдэг тамга дарвал хууль зөрчинө. Авлига, хуйвалдааныг нуух аргагүй болсон. 750 мянган мөр өгөгдөл мэдээлэл shilen.gov.mn-д тавигдаад байна. Иргэн, сэтгүүлч, төрийн бус байгууллагууд, улс төрийн намууд сургаар биш сурвалжаар, баримжаагаар бус баримтаар төрөө шууд хянаж эхэлсэн. Төр хаалганы цаана нуугддаг биш харагддаг, 24 цагийн “гэрэл ассан”. Технологи бол авлигын эсрэг хүчтэй зэвсэг. Технологид хувийн шунал, сувдаг хүсэл, хамаатан садан, хоёр нүүр байхгүй. Технологи хүн танихгүй ч хүн бүрийн царайг танина. Хүнээс хамаарахгүй технологи хүн чанартай. Хүнийг ялгаварладаггүй учраас хүн чанартай. Өнөөдөр төрийн 1000 гаруй үйлчилгээг технологи биш хүн үзүүлдэг байсан өнгөрсөн цаг үе руу хэн ч буцахыг хүсэхгүй. Тэгэхээр энэ өргөмжлөл бол “санаачилгаа битгий алдаарай, улам ахиулж урагшлаарай” гэсэн урам зориг юм. Бөхөөр бол цолоо батлах, цолоо ахиулах хариуцлага. Бид маргааш гэхэд Сингапур болчихгүй ч 60 онооны Д үнэлгээгээ 65, 70 болгох гээд хүчин зүтгэх нь хөгжил юм. Монгол улс 2019 онтой харьцуулахад ахиж дэвшсэн гэдгийг бид өөрсдөө биш дэлхий зарласан нь эрхэм чухал юм.
Сингапур улсын Харилцаа холбоо, мэдээллийн сайд Жозефин Теогийн хамт.
-Цахим хөгжлийн олон төрлийн индекс байдаг биз дээ? НҮБ-ын гаргадгаар нь бол 18 байраар ахисан юм байна. Бусдаар нь Монгол Улс энэ дэлхийн хаана явж байгаа вэ?
-Жишээ нь, кибер аюулгүй байдлын индекс бий. Монгол Улс 101-д, ихээхэн хойгуур ордог. Ийм байхаас ч аргагүй. 1992 оны Үндсэн хуулиа баталснаас хойш кибер аюулгүй байдлын хууль байхгүй 30 жил явсан. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоо ч бүрэн бус байсан. Кибер аюулгүй байдлын хуулиа өнгөрсөн онд баталж, кибер аюулгүй байдлын тогтолцоог шинээр бүрдүүлж эхлээд удаагүй байна. Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах бүтэц ажилладаг болсон. Кибер аюулгүй байдлын төв байгуулахад хувийн хэвшлийн чадалтай чансаатай мэргэжилтнүүд оролцож байна.
Цахим өрсөлдөх чадварын индекс төдийлөн урагшлаагүй. Энэ бол мэдээллийн технологи, програм хангамжийн үйлдвэрлэл, инновацтай холбоотой үзүүлэлт юм. Цахим өрсөлдөх чадварын индексийг сайжруулахын тулд шинэ мэдлэг, дэвшилтэт технологи, ирээдүйн бэлэн байдлыг сайжруулах хэрэгтэй. Үүнд төр, хувийн хэвшил, салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа чухал юм.
Энэ бүхнээр урагшилж байж л Монголын талаарх эерэг дохио илүү хүчтэй болж, гадаадын хөрөнгө оруулалтыг урин дуудна. Ерөнхий сайдын даалгавраар энэ бүх шалгуур үзүүлэлтүүдийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Сурагч ганцхан хичээлдээ сайн дүн авлаа гээд боловсрол эзэмшихгүйтэй адилхан шүү дээ. Гэхдээ нэг сайн багц үнэлгээ нөгөө сайныг араасаа дагуулах нь зүй тогтол. Авлигын индексээр Монгол улсын үнэлгээ сайжрах итгэл ч өслөө.
ИРГЭН НЬ ТӨРД ХАНДАХ БИШ ТӨР НЬ ИРГЭНДЭЭ ОЧИЖ БАЙНА
-Хэдэн жилийн өмнө төрийн 1000 үйлчилгээг Монголын бүү хэл дэлхийн хаанаас ч гар утаснаасаа авна, “төр алганд багтана” гэж ярьсан бол хоосон мөрөөдөгч гэгдэх байлаа. И-Монголоор нэг иргэн хэчнээн цаг, мөнгөө хэмнэсэн бэ? гэдэг судалгаа байдаг юм уу?
-Төрийн мэдээлэл солилцооны “Хур” системд иргэдийн авч байгаа хамгийн түгээмэл 10 үйлчилгээг сар бүр гаргадаг. И-Монголоор тогтмол 1,6 сая хүн үйлчлүүлж байна. Хамгийн ахмад настай хэрэглэгч 99 настай, 1924 онд төрсөн хүн И-Монголд бүртгэлтэй байна. Иргэн нь төрдөө хандахаас илүү төр нь иргэндээ очиж байгаа шийдэл. Төрийн 83 байгууллагын 1000 гаруй цахим үйлчилгээ үзүүлж байна. 2020 оны 10 сард байгуулагдсанаасаа хойш 35 сая удаагийн үйлчилгээ үзүүлсэн. Монголын хамгийн том үйлчилгээний байгууллага, хамгийн эрэлттэй аппликэйшний нэг болсон. Бид биш Азийн хөгжлийн банк иргэд хэдэн төгрөг, хэчнээн цаг хэмнэснийг судалсан. 35 сая үйлчилгээг цаасаар биеэр үзүүлсэн бол 181 тэрбум төгрөг иргэний халааснаас гарах байсныг хэмнэсэн. Унаа тээвэр, түлш шатахууныг тооцвол 105 тэрбум, нийтдээ 286 тэрбум төгрөг монгол хүний түрийвч, картанд үлдсэн. 14-15 сая цаг үрэгдээгүй, 28 сая хуудас цаас хэвлээгүй. Бичгийн цаас, принтерийн хороо доллар, юань, воноор авдаг. Зөвхөн бичгийн цаасаар бодоход 56 мянган боодол цаас болох байж. И-Монгол буюу төр иргэнийхээ алганд багтсанаас хойших 2 жил 7 сарын хугацаанд нэг иргэн 1,5 сая төгрөг хэмнэсэн, 416 цаг буюу 17 бүтэн хоног хэмнэсэн гэсэн тооцоо байна. Цаг бол алт. Харин алт бол цаг биш. Хүний амьдралын эргэж ирэхгүй цаг хугацаа.
Чихэр набораа бариад, таньдаг хүн сураглаад, гутлын улаа эргүүлэхээр гардаг байсан цаг мартагдсаар байна. Бид дээр үеийн дурсамжаа санадаг атлаа саяхны өдөр тутмын зүйлсээ мартчихдаг. Цар тахлын үед вакцины гэрчилгээгээ бүгдээрээ л И-Монголоос авлаа. Оюутнууд ID-гаа үзүүлээд л явдаг болчихно гэхэд саяхан болтол хэн ч итгэдэггүй байлаа. Тусгай хэрэгцээт иргэдийн мэдээллийг анх удаа оруулснаар халамжийн мөнгөө хялбархан авдаг боллоо. Тээврийн цагдаа жолооны үнэмлэхийг утсан дээрээс харчихдаг болсон. Цаасан мөнгө нийт хэрэглээний 3%-иас доош орлоо. Хөдөөгийн гуанзанд хуушуурынхаа мөнгийг мобайлдаж, идэшнийхээ үнийг шилжүүлж байна. Энэ бүхний үнэ цэн нь юу вэ гэвэл авлигын эсрэг технологи ашиглаж байна. Авлигын хөрс болсон цаасан хүнд суртлыг цахим хөнгөн суртлаар сольж байна. Танилтай хүн талын чинээ гэдэг үг “таблеттай хүн талын чинээ” гэмээр болж сэтгэлгээ, хандлага, соёл өөрчлөгдөж байна. 2-р эмнэлэгт таньдаг эмч байна уу, Нөгөө хэний бэр чинь нийгмийн даатгалд хэвээрээ юу? гэх мэт зуршлаасаа үтэр түргэн салмаар байна. Цэцэрлэгийн сугалааг И-Монголын бүртгэлээр сольж, үр хүүхдүүдээ азтай азгүй, ёндоотой ёндоогүй гэж ялгаварлахаа больсон. Цэргийн бүртгэлд бүртгүүлэх гэж хороо руу явахын оронд буйдан дээрээ утсаа ашигладаг болсон. Өнгөрсөн 7 хоногоос тээврийн хэрэгслийн гэрчилгээ усанд нордоггүй, урагдаж үрэгддэггүй боллоо. Ажил, амралтын аль ч өдөр хаашаа ч очихгүй, оочерлож зогсохгүйгээр машин худалдах, авах бол тоон гарын үсгээ ашиглаад цахим гэрээгээр шилжүүлж эхэллээ. Гэрчилгээ нь И-Монголд байрших учир шаардлагатай нэгэнд шууд гаргаад хаана ч үзүүлчихнэ. Гагцхүү манай иргэд цаг, мөнгөө хэмнэе гэвэл цахим гарын үсэгтэй, тоон бичиг соёлтой болох хэрэгтэй байна. Гар утсаараа хэдхэн мөчид код авчихад л болох зүйл. Өнөөдөр цахим гарын үсгээ авсан 736 мянган хүн байна. Монголчууд 1960-аад онд бүх нийтээр бичиг үсэгт тайлагдаж, ЮНЕСКО-гийн шагнал авсан шигээ тоон бичиг соёлд бүгдээрээ суралцаж чадна гэдэгт би итгэдэг. Бид шинэ зүйлд дасан зохицдог, өндөр хурдтай өв уламжлалтай үндэстэн шүү дээ.
Шилэн ажиллагаа өрнөж, төрийн мэдээлэл 24\7 горимоор олон түмний нүдний өмнө ил тод болсноор төрийн албан хаагчдын ёс зүйд хүчтэй нөлөөллөө. Аливаа үйлдэл, шийдвэр бүхэн цахимд ул мөр нь үүрд арилахгүй, нууц үгүй, нуух аргагүй болсон, хүссэн хэн ч нэр ус, огноо, байгууллагаар нь хайлт хийгээд хэзээ ч хаанаас үзчих тул явдал суудлаа цэнэдэг, цэгнэдэг болж байна. Бүгдийн нүдний өмнө дураараа аашлах хүн тэр бүр байхгүй, тэр тусмаа төрийн албан хаагчид. Улс төрчид, нөлөө бүхий хүмүүс ийш тийш утас цохихоо болилоо. Бүх мэдээлэл нь ил тод болчихоор хүн рүү залгаад нөлөөлөх боломж хэнбугайд ч хэцүү. Төрийн албаны зөвлөлийн шалгалтын дүн тэр дороо гарч байна. ЭЕШ мөн адил. 5Ш ажиллагаа төрийн албанд шинэ ёс зүйг бүтээж байна. Төрийн албан хаагчид улс төрд нөлөө бүхий хүмүүс залгахад “Үгүй” гэж хэлж чаддаг болсон. Жишээ нь Ерөнхий сайд авлигатай тэмцэж байна, зоригтой байна, тэгвэл би яагаад нэг гишүүнд загнуулаад сууж байх ёстой юм гэдэг болсон байна. “Шилэн сайтад тавигдчихсан шүү” гэж хэлээд технологийн хамгаалалт руу зааж байна. Технологийг аргалж айлгадаг ямар ч бүдүүн дарга байхгүй. Шил ажиллагаанаас өмнө шир царайтай олон зүйл байсныг удахгүй мартацгаана. Мартаад эхэлчихсэн. “Нууц” гэдэг тамганы тос нь хатсан. Төр үйлчилгээ үзүүлэхдээ бичиг баримтыг нь ашигласнаа эзэнд нь мэдэгддэг болсон. И-Монголоос сонордуулга ирэхэд бухимдах хэрэггүй. Энэ нь, Таны тэтгэврийг тооцохдоо мэдээллийг чинь нэг удаа татаад үзлээ шүү, Төрийн албаны зөвлөл дипломыг чинь шалгасан байна гэсэн мэдэгдэл юм.
Эзэнд нь мэдэгдэнэ гэдэг чинь соёл. Хувь хүний нууцад хамаарах мэдээлэл гэдэг бол хүний эмзэг мэдээлэл. Биометрик, генетик мэдээлэл, хүний эрүүл мэндийн нууц, захидал харилцааны нууцууд хуулиар хамгаалагдсан. Хууль гарснаар зөвхөн мэдээллийн эзний зөвшөөрснөөр л тэр хүний эрүүл мэндийн түүхийг хардаг болсон. Сонордуулга бол хариуцлага. Мэдээллийн эзэн өөрийн биеэр эсвэл И-Монголоор дамжин ДАН-гаар нэвтрээд, зөвшөөрөх үү үгүй юу гэдэг сонголтыг хийж байгаа. Та машинаа худалдахаар гэрчилгээгээ шилжүүлэх гэж байгаа бол иргэний үнэмлэхийг чинь нэг удаа шалгалаа шүү гэж байгаа юм.
-Лав нийслэл орчмын тээврийн товчоодод мянган төгрөг хавчдаг галын хайч, оочер дараалал алга болсон. Гэтэл ихэнх нь мянган төгрөгөө төлдөггүй. Цахим соёлын довтолгоо нь хоцроод байна уу? Кондукторгүй болсон тул автобусанд туулайчлах нь хавтгайрлаа.
-Төрийн албаныханд асуудал байна. Бүх төрлийн лавлагааг И-Монгол системд нэгтгэчихсэн. Систем иргэнээ таньсан байхад өөрийнх нь зөвшөөрснөөр тэнд байгаа бүх лавлагааг харж болохоор шийдчихсэн байхад хүнд суртал гаргаад иргэдийг ийш тийш явуулаад байдаг. Хүнсний дэлгүүр, кофе шоп, дугуй засварын зөвшөөрлийг онлайнаар хүсэлтээ явуулаад шуудангаар юм уу гэртээ ойрхон ХУРДАН цэгээс ав гээд байдаг. Гэтэл биеэр очих нь хурдан, онлайнаар авах нь зарим үйлчилгээнд удаан байгаад байна. “Нэгдүгээрт цахим” гэдэг зарчим маш чухал. Цахимжилтийг эрчимжүүлье гэвэл цахимаар илгээсэн хүсэлтийг биеэр очих, цаасаар авахаас хурдан шийддэг болох ёстой. Тийм нөхцөлд хүмүүс биеэр очихоос татгалздаг болно.
Хөгжилтэй орнуудад цахимаар илгээсэн хүсэлт хамгийн хурдан, хамгийн үнэтэй, бас хямд байна. Жишээ нь буудалд очихоос booking.com руу орж онлайн захиалга хийх нь хямд учраас тэр. “Нэгдүгээрт цахим” гэдэг нь энэ юм. Төрийн албаныхыг ийм хандлагатай болгох амаргүй байгааг нуухгүй. Иргэдийн хувьд ч баталгаажсан цахим эх сурвалж нь хүчинтэй баримт нотолгоо мөн гэдгийг хүлээн зөвшөөрөх шаардлага үүсч байна. Цахимаар гаргасан хүсэлт ч, шийдвэр нь ч албан ёсны баримт баталгаа мөн гэж ойлгодог хэвшилтэй болох хэрэгтэй байна.
Хот руу орох гарах товчоод галын хайчтай байхад төлөхгүй л бол явахгүй учраас хэрэлдэж байгаад ч хамаагүй мянган төгрөгөө өгдөг байсан. Цахим болготол төлөхөө байсан. 9 тэрбумаас 8 тэрбум нь төлөгдөөгүй байна. Нэг хүнд бол 1000, 2000 төгрөг шүү дээ. Онлайнаар юм бол төлөхгүй байсан ч яадаг юм гэдэг хандлага. Зам арчилгаанд мянган төгрөгөө төлөхгүй байж сошиалд шүүмжлээд суудаг. Эх орноо муу байна гэж хэн ч шүүмжилж чадна. Харин сайхан болгохын төлөө Та юу хийсэн бэ? Ядаж мянган төгрөгөө төлсөн үү? гэж асуумаар байна. Хотын товчоогоор орж гарсан мянган төгрөг төлөөгүй бол зээлийн мэдээллийн санд оруулдаг, автотехникийн улсын үзлэгт оруулдаггүй, хариуцлагын оноо гэх мэт хөшүүрэг ажиллуулах шаардлага үүсэж байна. Англид оюутан байхдаа кредит скор, иргэний оноо байдгийг анх мэдэж байсан. Жишээ нь, Учрал мянган паунд зээлээд хугацаанд нь эргүүлж төлсөн, цалингийн зээл, машины лизинг аваад төлж байсан, замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй түүхтэй байх нь маш чухал. Гурван үеийн намтар биш хүний ажил, амьдралын түүх, хууль сахин биелүүлдэг сайн түүх нь илүү боломж нээдэг. Замын хураамжийн 2000 төгрөгөө төлөөгүй байх нь хар толбо болж үлддэг. Тоондоо биш зарчимдаа үнэ цэн нь байдаг.
-Тоон гарын үсгээрээ банканд данс нээлгэдэг боллоо гээд Та өөрөө үзүүлээд байсан. Төрийн банкнаас бусад нь цаас нэхдэг хэвээрээ. Хэрэгжвэл бүгдэд нь хэрэгждэг болохгүй юм уу? Банкнуудын ч буруу гэхэд хэцүү. Банкны хууль нь тийм л юм байна лээ шүү дээ.
- Зөвхөн финтек буюу санхүүгийн технологиос Эстони улс 10 тэрбум долларын ашиг олдог. Монголд ч онлайн санхүүгийн үйлчилгээ хөгжиж байна. Банкууд, банк бусууд онлайнаар зээл өгдөг болсон. ХУР системээс иргэн Учралын НДШ төлсөн байдал, цалин, орлогыг нь мэдээд, зээл олгож болно гэдэг. Зээл авах гэхээр биеэрээ ир гэдэг. Арилжааны банкууд заавал биеэр ирүүлэхийг хүсэхгүй байгаа ч Банкны тухай хуулинд нь анх удаа данс нээлгэж байгаа бол өөрийн биеэр ирэхийг заачихсан. Технологи ашиглая гэхээр хууль зөрчөөд байдаг. Төрийн 15 янзын бичиг хэргийн солилцооны систем байсныг DOCX системд нэгтгэсэн. Эрдэнэтээс манай яаманд илгээх бичгээ 3 секундэд шидэж байгаа. Тэгсэн хэр нь шуудангаар давхар цаасаар хүргүүлдэг. Сайд дарга нар гарын үсгээ зураад, туслахдаа өгөхөөр ERP-д оруулаад онлайнаар явуулаад давхар бичгээр явуулж байгаа юм. Энэ нь илүү ажил. Цахим хүнд суртал үүсгэдэг.
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулинд цахимаас илүү цаасан баримт бичгийг нь баримтална гээд заачихсан. Шүүхэд цахим бичгийг хууль ёсны гэж үзэхгүй гэдэг. Гэрэгэ киоскоос авсан лавлагааг төрийнхөн албан баримт гэж тооцохгүй, иргэний үнэмлэхээ нотариатаар батлуулаад ир гэдэг. Өргөдөл гомдлыг заавал бичгээр гаргана гээд хуульчилчихсан. Бичгээр, биеэр, цаасан хэлбэрээр гэх мэт заалтуудтай 120 хуулийн цаасан түгжээг тайлж байж цахимжилт цар хүрээгээ тэлж, дараагийн шатанд гарна. Дүрэм, журмын түгжрэлийг мулталбал зам дээрх түгжрэлд ч эерэг нөлөөтэй. Эдгээр хуулийн өөрчлөлт УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон ба батлуулахаар ажиллаж байна. Энэ 120 цаасан түгжээн дээр шүүхийн бас нэг том данхайсан цаасан цоож бий. Шүүхийн багц хуулийн асуудлыг шийдэхгүй бол маргаан дуусахгүй нь. Шүүх өөрөө цахим хэлбэрийг нотлох баримт гэж үзэхгүй бол цахимжихгүй. Бид зөвшөөрлийн мэдээллийн нэгдсэн сан бий болгож ХУР системтэй шууд холбоно. Мөн өргөдөл гомдлын нэгдсэн сантай болно. Бүх өргөдөл гомдол хадгалагдана. Дипломыг блокчэйн буюу өөрчилж болдоггүй технологи ашиглан бүртгэдэг болсноор хуурамч диплом байхгүй болсон. Яг үүнтэй адилхан мэдээллийг нэг санд нэгтгэж, Шүүхийн багц хуулийг шинэчилж өөрчилснөөр шүүх цахимжина. Шүүх цахимжихгүй бол бидний шинэчлэл хаалган дээр нь очоод дуусаж байна.
Эстонийн УИХ-ын дарга Лаури Хуссарын хамт.
-Гадаад паспорт авахад И-Монголоор дамжуулснаас биеэрээ хөөцөлдөх нь хурдан байгаад байгаа юм биш үү?
-Нэг цэгийн үйлчилгээ үнэндээ нэг цэг нэртэй олон цэгийн үйлчилгээ. Цонхноос цонхны хооронд нааш цааш яваад, дугаарладаг нь нэг цонхны үйлчилгээ биш. Эстонийн X-Road системд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж, татвар гээд бүх салбарын мэдээлэл нэг дор төвлөрсөн байдаг. Манайд нэг цэгийн үйлчилгээ олон цонхтой байдаг нь мэдээллийн нэгдсэн системгүй, монгол гэрээр бол олон тоонотой гэсэн үг. Өнөөдөр хуулийн этгээд, хууль, үл хөдлөх болон хөрөнгийн, иргэний гэсэн 5 бүртгэлийг нэг дор зангидсан. Гэтэл хүүхдийн мөнгө олгоход яагаад будилаан гарсан бэ гэвэл уг үйл ажиллагааг зохион байгуулах тухай УИХ-ын тогтоолд Үндэсний статистикийн хорооны өрхийн мэдээллийн сан дээр суурилна гээд заачихсан. Өрхийн мэдээллийн санг яаж бүрдүүлдэг вэ гэхээр багаас нь айл өрхүүд, малчныд очиж тоолох замаар бүрдүүлдэг. Гэтэл бүртгэлийн байгууллагын мэдээлэл хамгийн бодитой. Учир нь оршин суух газраа сольсон, орон сууцаа зарсан гэхэд иргэний үнэмлэхийн пост код өөрчлөгддөг. Хэрвээ бүртгэлийн мэдээлэл дээр 100% суурилсан байсан бол ийм зөрүү гарахгүй байсан. Улсын бүртгэл, Хөдөлмөр халамжийн сан болон статистикийн мэдээллийг нийлүүлээд л кноп дарчихсан. Энэ олон мэдээллийн уялдаа холбоог сайжруулахгүй бол, салбар болгоны амбиц, эрх ашгаас болоод өнөөдөр маш олон ажил унаж байгаагийн нэг тод жишээ нь хүүхдийн мөнгө олгоход гарсан бүртгэлийн будилаан.
Дижитал хөгжил гэдэг нь юу вэ гэхээр ерөөсөө л салбар дундын зохицуулалт, салбаруудын мэдээллийн интеграчлалыг бий болгоно гэсэн үг. Жишээ нь 13А маягт байна. Манай яам технологийн талаас нь туслалцаа үзүүлээд цахимжуулсан. Цахим болгосон болохоос бус өвчтөнд маягт бичих эрх бидэнд байхгүй. Энэ бол эрүүл мэндийн салбарын асуудал. Улсын том эмнэлгүүдийг энгийн хамрын шуухинаа туссан хүмүүс дүүргээд, өрхийн эмнэлэг ажилгүй боллоо гэдэг асуудал үүссэн. Өрхийн эмнэлэгт үзүүлчхэж болох байтал 13А маягт авч улсын эмнэлгүүдийн гадаа очоод зогсчихоор ачааллаа дийлэхгүй. Энэ нь цаагуураа эрүүл мэндийн даатгалын санхүүжилттэй холбоотой.
Хэн гэдэг хүүхдийг аль цэцэрлэгт бүртгэх нь БШЯ-ны ажил. Хүүхдийн мөнгөө хэдэн хувьд өгөх вэ гэдэг нь НХХЯ-ны ажил. Цэргийн бүртгэл БХЯ-ны ажил. Харин эдгээрийг цахимаар бүртгүүлэх боломжийг бодитой нээх нь бидний ажил. И-Монгол төрийн олон зуун цахим үйлчилгээний гүүр, суваг, дамжуулагч нь юм.
-Нэг талаас төр таны алган дээр очиж үйлчилж байна гээд байдаг. Гэтэл ХУРДАН цэг хаанаас ч ойрхон гэсэн салбарууд, цэгүүд нь сүлжээ дэлгүүр шиг олшроод байгаа нь ямар учиртай юм бэ? Цахимаар үйлчлэх биш харин хүн, талбай, түрээс, Төрийн цахим үйлчилгээний газар гэдэг шинэ агентлаг байгуулсан нь зөрчилтэй юм биш үү?
-Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд их том өөрчлөлт хийхгүй болбол хотод нэг хороо 10-20 мянган иргэнтэй. 20 мянган хүнд нэг зохион байгуулагч, нэг халамжийн мэргэжилтэн, нэг бүртгэлийн байцаагч, даргатайгаа 5-6 хүн үйлчилж хүчрэхгүй байна. Жишээ нь, жирэмсэн эх хяналтад орохын тулд хорооноос тодорхойлолт авахаар очих болдог. Иргэддээ төрийн үйлчилгээг ойрхон хүрэх гэж энэ агентлаг байгуулагдсан. ХУР гэдэг төрийн мэдээлэл солилцооны системийг ДАН гэдэг танилтын системтэй нь нэгтгээд ХУРДАН болж байгаа хэрэг. Нэг ч орон тоо нэмээгүй. Бүртгэлийн байцаагч нар цалинтайгаа шилжиж ирсэн. Ухаалаг утасгүй, өндөр настай иргэдээ яах вэ? Тэд онлайнаар үйлчилгээ авч чадахгүй байна. Айл болгонд принтер, хувилагч байхгүй, ахмад настнууд гар утсаа бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүй. Тусгай хэрэгцээт иргэдээ ч орхиж болохгүй. Эстонид “Дижитал сервис центр” гээд ТҮЦ шиг цэгүүд олноор байдаг. Манай Нэг цэгийн үйлчилгээ шиг том барилга дотор олноор суудаггүй. Төр нь төвлөрөх, иргэдээ ирүүлэх биш хүмүүстээ хүрч очих, ойртож үйлчлэх зарчим барьдаг. Үүн шиг бид операторын горимоор үйлчилж эхэлсэн. Харилцаа холбоо, банк, шуудан, сүлжээ дэлгүүр шиг ойрхон үйлчилж яагаад болохгүй гэж. Бага зардлаар, операторын горимоор, хувийн хэвшилтэйгээ хамтраад иргэддээ очиж үйлчлэх зорилгоор Монгол шуудан, Монголын цахилгаан холбоо, Мэдээлэл холбооны сүлжээ компани, хувийн банкууд, сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран ажиллаж байна. Өнөөдөр 125 цэгээр үйлчилгээ үзүүлж байна. АШУҮИС дотор, 3 дугаар эмнэлэг дотор, томоохон дэлгүүр, үйлчилгээний төвүүд дотор байгаа. Хамгийн бага зардлаар хамгийн их үйлчилгээ үзүүлсэн төрийн агентлаг болоод байна. Ялангуяа орон нутгийн иргэд маш дуртай байна. Хурдан цэг хурдан байна гэдэг. ХУРДАН цэгт очсон иргэн ойрын хугацаанд элдэв төлбөр төлөх гэж ийш тийш явдаггүй болно. Тэнд карт, QR код уншуулаад нэг дор үйлчилгээгээ авна. Мэдээж ХУРДАН цэг шилжилтийн үед л хэрэгтэй, мөнхийн юм биш. Бүх иргэн гар утсаараа онлайн үйлчилгээ авч чаддаг болсон тохиолдолд шаардлагагүй болно. ХУРДАН цэгийн үйлчилгээг хувийнхан хийдэг болно. Банкууд, оператор компаниудад үйлчилгээний эрх нь шилжинэ. Төрд цаашдаа код, систем хөгжүүлдэг албан хаагчид хэрэггүй. Монголын төр өөрөө өөртөө код, систем хөгжүүлэхгүй гэдэг шийдвэр гаргасныг Эстонид их дэмжсэн. Төрд мэдээллийн анализ хийдэг, бодлого боловсруулдаг, тендер зарладаг, ажлын даалгавар боловсруулдаг, ажлыг нь хүлээлцэж авдаг хүн хэрэгтэй юм байна. Барилгын яам сургууль барьдаггүй, БОАЖЯ жуулчны компани ажиллуулдаггүйтэй адил. Өөрөө хийгээд өөрөө хүлээн авдаг байж таарахгүй. Яам, төрийн байгууллагууд ажлын даалгавар буюу захиалгаа боловсруулдаг, хувийн компаниуд гүйцэтгээд, түүнийг нь хүлээж авдаг л байх ёстой. Программ бүтээсэн газар нь гэрээгээр үйлчилгээ, хөгжүүлэлтээ хариуцаад баталгаа өгдөг горимд шилжинэ. Машин худалдахад хоёр тал тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ анх удаа цахим гэрээгээр хурууны хээгээ уншуулаад шууд шилжүүллээ. Солонгост байгаа иргэн 2 өрөө байраа зарах гэж бөөн зардал болж Монголд ирэх албагүй болж байна. Энэ дашрамд хэлэхэд, нотариатын үйлчилгээг устгах гээгүй. Нотариатч хууль зүйн зөвлөгөө өгдөг, гэрчийн үүрэг гүйцэтгэдэг, хууль зүйн үр дагаврыг нь хариуцдаг. 2022 оны 1 сарын 1-нээс хойших нотариаттай хийгдсэн бүх гэрээнүүд И-Монголд орсон. Жишээ нь, орон сууц худалдлаа гэхэд нотариатын гэрээгээ шууд татаад үзчихнэ. Ингэснээр бид цахим нотариатын эрин үед шилжин орсон гэж үзэж болно.
ШИЛЭН ТӨРИЙН ТӨЛӨӨ ОЛУУЛАА НҮДЭЭ НЭЭЕ!
-“Шилэн” ажиллагаагаар нуугдмал хаагдмал зүйл ил болж гэрэл тусгахад иргэд дуртай байна. Гэтэл ЦХХХ-ны сайд гэдэг улс төрийн албан тушаалтан хэзээ, аль мэдээллийг нээх вэ гэдгийг шийдэж байгаа нь ямар нэг цензур үйлчлээд байгаа юм биш байгаа гэсэн нэг хардлага сэрдлэг байх шиг. Нөгөө талаас элдэв гуйлга, “ах нар”-ын дарамт шахалт ирж байна уу?
-Төрийн байгууллагуудын 68 төрлийн мэдээллийг ил болгох тухай Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхгүй байх нь жинхэнэ аюул. Хуулийг хэрэгжүүлснийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Харин хууль хэрэгжүүлэхгүй бол хариуцлага хүлээдэг. 68 төрлийн мэдээллээ ил тод болгох үүргийг төрийн болон, төр, орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой компаниуд буюу мэдээлэл хариуцагч нарт хуулиар үүрэг болгочихсон. Ерөнхий сайд 5Ш ажиллагааны хүрээнд Шилэн ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Бүх хүний идэх талх, ирээдүйг булаасан, нийгмийн хорт хавдар, авлигыг илчлэн тас цохих Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн эр зориг, ард түмнээс авч буй дэмжлэг Шилэн ажиллагааны эх үндэс болж байгаа. Авлигачдын оффшор данс руу цутгаж байсан далд эдийн засгийг илчлэн гэрэл цохиулж, шүүхийн тавцанд хүртэл нь шахаж шаардсаны үр дүнд улсын төсөв анх удаа ашигтай гарч, цалин тэтгэврээ нэмлээ. Шилэн ажиллагааны төлөвлөгөө гаргаад мэдээлэл хариуцагч байгууллагуудаас ирүүлсэн мэдээллийг хялбар, ойлгомжтой инфографиктай, хайлт хийх, машинд уншигдах боломжтой болгон shillen.gov.mn сайтад ил байршуулсан. Жишээ нь, газар олголтын тухай сүүлийн 23 жилийн мэдээллийг ил болгохын тулд ирүүлсэн мэдээллийг нь дамжуулаад суух ямар ч боломжгүй байсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аймаг, Нийслэл, дүүргүүдийн засаг дарга нарын мэдээлэл нэг дор нэг форматаар ирүүлэхгүй. Тэр болгоныг нэгтгэнэ, хуульд заасан бүрэн бүтэн, эх сурвалжтай, хүртээмжтэй, үнэн бодитой байх зэрэг үндсэн шаардлагуудыг тавина. PDF файл, эксел программын хүснэгтээр хэнд ч уншигдахааргүй дүр эсгэсэн, дутуу гуцуу мэдээллүүдээ өөрсдийнхөө хүн ордоггүй, анхаарал татдаггүй вэбсайтад байршуулсан болж ирсэн. Ирүүлсэн мэдээллийг нь илүү хүртээмжтэй, хэрэглэж ашиглахад хялбар болгохын тулд бүхэл бүтэн баг ажилладаг.
Энд би нэг тайлбар хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. 1-рт төрийн байгууллагууд мэдээллээ хариуцдаг, бид зохиодоггүй, нэмж хасдаггүй. 2-рт, харин бид хүртээмжтэй, хялбар болгож боловсруулдаг тул олон нийтийн анхаарлыг илүү татдаг. Хотын газар, тендер, тусгай зөвшөөрөл, Засгийн газрын сангууд, барилга байгууламжийг хүлээж авсан улсын комиссын бүрэлдэхүүн зэрэг мэдээллийг ил тод болгоход миний бие, манай яам аль нэг хувь хүн, компани зэргийг онцлон нэрлэж, онилон хандаж, “дабль” стандарт үүсгэж, улс төрийн өнгө аясаар хандах эрхгүй. Алиныг нь онцлон хөндөх, шэйрлэх, сэтгэгдлээ бичих нь иргэний, сэтгүүлчдийн, иргэний нийгмийн байгууллагуудын эрх. “Таны төр учраас Та хяна” гэж иргэддээ хэлж байгаа.
-Нийтийн мэдээлэл, нээлттэй өгөгдлийг ил тод болгосны ач холбогдол юу вэ?
-Хуульд заасны дагуу Засгийн газар 606 төрлийн нээлттэй өгөгдлийг олон нийтэд ил тод байршуулахаар баталсан. Гэвч энэ тогтоолын хэрэгжилт удаашралтай байна, мэдээлэл хариуцагч нар ажиллахгүй, нэхэж шаардаж байгаа хүн ч ховор байна. Гэтэл, өгөгдлийг нээлттэй болгосноор бизнесийн орчин эрүүлжиж илааршихад маш том дэмжлэг болох боломжтой. Хаана юу болж байгаа, зах зээлд ямар хэрэглээ яаж өсч буйд дүн шинжилгээ хийж бизнестээ ашиглах боломжтой. Мөн биг дата буюу их өгөгдлийг төрийн оновчтой шийдвэр гаргахад ашиглах ёстой. Үүнтэй холбоотойгоор орчин үед дата аналист хамгийн үнэ цэнтэй мэргэжил болоод байна.
Харин Шилэн ажиллагааны хүрээнд нийтийн мэдээллийг ил болгосны үр дүнд ЖДҮ-г хөгжүүлэх санд 8,9 тэрбум төгрөг, Боловсролын зээлийн санд 1 сая доллар эргэн төлөгдсөн нь дараа дараагийн боломжийг нээж байна. Сангууд ч дураараа аашлах бус зөв менежмент хийхгүй бол “буруу” мөнгөний ул мөр хэзээ ч арилахгүй гэдгийг ойлгодог болсон.
Монгол-Австрийн Засгийн газар хоорондын комиссын даргын хувьд тэндхийн төлөөлөлтэй уулзаж олон нийтийн цахим ур чадварын талаар хамтарч ажиллах, иргэдийн цахим ур чадварыг хөгжүүлэх сургалтын маш сайн арга туршлагыг Монголд нэвтрүүлэхээр тохиролцлоо. Энэ төслийн хүрээнд төрийн албан хаагчдыг их өгөгдөлд дүн шинжилгээ хийх чадварт суралцуулна. Мөн сэтгүүлчид их өгөгдөлтэй ажиллаж анализ хийх ур чадварт суралцахад нь туслалцаа үзүүлнэ.
Манай салбарт хүний нөөцийн хомсдол тулгамдсан асуудал болоод байна. Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын үеэр Google компанитай 1500 инженер сургахаар тохирсон нь онц ач холбогдолтой болсон. Google-ийн сертификаттай 1500 инженер гэдэг маш том хүч юм. Мөн Huawei компанийн дэмжлэгээр 1000 инженер бэлтгэх ажил эхэлсэн. Катарт эхний инженерүүд сургалтад хамрагдаад ирлээ. Энэ 9 сараас ШУТИС-ийн лицей сургуульд мэдээлэл технологийн гүнзгийрүүлсэн 2 анги шинээр нээсэн ба шинэ үеийн дата аналистууд тэндээс төрөн гарна гэдэгт итгэж байна.
ХИЛ ХЯЗГААРГҮЙ ЦАХИМ ОРЧИНД КИБЕР ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ ШИНЭ ТОГТОЛЦОО БҮРДЛЭЭ
-Дэлхий дахинд кибер халдлага ихсэж, орчин үеийн дайн хайбрид болж, том улс орнууд кибер зэвсэгт хүчнүүдээрээ тулалдаж байна. Манайд кибер халдлага хэр байгаа, яаж хамгаалж байгаа вэ?
-Зөвхөн өнгөрсөн 7 хоногт 38 компанийн 7301 IP хаягт 74,274 удаагийн сэжигтэй хандалт илэрсэн байдаг. Үүний 59% нь хортой код, 34,5% нь системд дүрмийн бусаар нэвтрэлт хийхийг оролдсон байна. 3013 удаагийн эмзэг байдал ашигласан үйлдэл, 1,449 удаа нууц үг эвдэх оролдлого хийсэн байна. Ганцхан долоо хоногийн дүн мэдээ ийм байна. Өнөөдөр интернэтийн орчинд хил хязгаар гэж алга болсон. Айл гэрийн хаалга, бизнес, хувь хүний нууц мэдээлэлд дэлхийн хаанаас ч нэр зүсгүй, буух эзэн, буцах хаяггүйгээр халдах оролдлого хийж байна. Дайн тулаан, их гүрнүүдийн зөрчил, цар тахлын улмаас бизнес, аливаа үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжихийн хэрээр нөхцөл байдал улам хурцадсан. Манай зарим яам, агентлаг руу чиглэсэн хадлага ч өссөн.
Манай улсын хувьд кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр Тагнуулын ерөнхий газрын кибер аюулгүй байдлын газар болон төрийн бус байгууллага (cert)-ууд ажиллаж байсан бол 2021 онд кибер аюулгүй байдлын бие даасан хууль батлагдсанаар аюулгүй байдлын тогтолцоо бий болж байна.
Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайдын тэргүүлсэн Кибер аюулгүй байдлын зөвлөл, Тагнуулын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб зэрэг газарт кибер аюулгүй байдлыг хангах мэргэжлийн нэгжүүд ажиллаж байгаа бол иргэн хуулийн этгээдэд чиглэсэн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах Кибер, халдлага зөрчилтэй тэмцэх Нийтийн төвийг ЦХХХЯ-ны дэргэд байгуулсан. Товчхондоо бид улсын хэмжээнд төр, иргэн, хуулийн этгээдийн кибер аюулгүй байдлыг ханган ажиллах мэргэшсэн бүтэц, зохион байгуулалттай болж, кибер халдлагад өртсөн тохиолдолд мэргэжлийн дэмжлэг авах газартай болсон.
Үндэсний төв нь төрийн болон төрийн онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын аюулгүй байдлын ханган ажиллана. Кибер аюулгүй байдал тогтолцооны хувьд анх удаа ингэж бүрдэж байгаа юм.
-“Учралын хууль” нэршсэн Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүчингүй болсон. Нэг талаас үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хөндөгдсөн боловч нөгөө талаас цахим гэмт хэрэг өсч, хүний эрх зөрчигдөж байна. Цахим залилан, мөрийтэй тоглоом, садар самууны хохирогчид нэмэгдэх тусам уг нь хэрэгтэй хууль байсан шүү гэдэг санал бодол өсч байна. Үүнийг ингээд орхих юм уу?
-Кибер аюулгүй байдлын хуулийн тогтолцоог амилуулахын тулд цахим орчинд хүний эрхийг хамгаалах шаардлага гарсан. Олон нийтийн дэмжлэгтэйгээр ач холбогдол, үнэ цэнийг нь ойлгуулж, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэнтэй харилцан ойлголцож, илүү зөвшилцөлтэйгөөр шүүн тунгааж, хэлэлцэн батлах цаг ирнэ ээ гэдэгт итгэлтэй байна.
-Засгийн газрын тусгай сангуудын нэг Бүх нийтийн үүргийн сан гэж байдаг. Загасчны морь усгүй гэгчээр танай өөрийн хариуцдаг сан нэр цэвэр байж чадаж байгаа юу?
-Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан 330 суманд харилцаа холбооны сүлжээ хүргэчихсэн. Байгуулагдсан зорилго, тавьсан үүргээ үндсэндээ биелүүлчихсэн. Энэ жил төсөл хөтөлбөр зарлахад компаниуд оролцсонгүй. Цөөхөн хэрэглэгчтэй үлдсэн хэсэгт 500 саяар дэд бүтэц тавиад ажиллуулах ашиггүй учраас тэр шүү дээ. Тусгай сангийн тухай хуулинд өөрчлөлт оруулж уг санг Харилцаа холбоо, мэдээлэл технологийн хөгжлийн корпораци болгоно. Улсын төсвөөс биш компаниудын татварын дараах 3%-иас бүрддэг, эрүүл цэвэр сан. Төсвөөс бүрдээгүй мөртлөө төсөвт тусгаж оруулаад, төсвөөс буцаж гаргадагт хувийн хэвшлийнхэн дуртай биш байдаг. Өөрсдийнхөө нийлүүлж бүрдүүлсэн мөнгийг өөрсдөө хянадаг, өөрсдөө зарцуулдаг болгоно.
-Өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн хураамж тойрсон асуудал байдаг. Өнөөдөр бүх ТВ-г гар утаснаасаа үзэж болж байхад өргөн нэвтрүүлгийн өргөн биш гэх ялгаа зааг хэрэг байдаг юм уу?
-Өргөн нэвтрүүлгийн хуулийг нь шинэчилнэ. Манай дэд сайдын ахалсан ажлын хэсэг ажиллаж байна. Зах зээлийнхээ жамаар хөгжих үзэгчдийн санал бодлын төлөөх өрсөлдөөн, зар сурталчилгаа нийлүүлэгчдийн чөлөөт сонголтод төр оролцох нь буруу. Үзэгчдийнхээ үнэлгээгээр ашгаа олно. Харин хар тамхи, архидалтын эсрэг, хүний эрх, цахим ур чадвар, монгол хэл, соёл, түүх, зан заншил гэх мэт агуулгатай төрөөс дэмжих ёстой, ашгийн төлөө бус нэвтрүүлэг, контентууд гэж бий. Үзэгчид өнөөдөр сайн монгол кино төрөхгүй байна гэж шүүмжилдэг нь кино бизнесийн ашиггүй л бол хийхээ больсонтой холбоотой.
МОНГОЛЫН ТАРХИНД ҮЙЛДВЭРЛЭВ
-Программ хангамжийн их дэлгүүр mindgolia.mn нээгдсэн. Таны хэлснээр оюун ухаанаа олборлож гаргасан бүтээгдэхүүний өрсөлдөөн, хэрэглээ хэр байна вэ?
-Монгол залуучуудын тархинд үйлдвэрлэгдсэн 300 гаруй бүтээгдэхүүн байршчихсан байна. Бүтээсэн программаа хэн ч тавиур дээр нь өрж болно. Төр биш Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо өдөр тутмын үйл ажиллагааг нь эрхэлж байгаа. Байршсан бүтээгдэхүүнд тэмдэглэгээ хийгдэж байгаа нь төрийн цахим худалдан авалттай шууд холбох зорилготой. Нэг сайд, шөнө зүүдлээд, өглөө сэрээд, супер шинэ захиалга бодож олдог уран сайхны арга барил биш бүртгэлийн системээр хийдэг зарчимд шилжинэ гэсэн үг. Даргын зүүдэлсэн цаг бүртгэл программ гэх мэт өөрт нь бол агуу тэр санааг хувийн хэвшлийнхэн аль эрт хийчихсэн, хэрэглээнд нэвтэрчихсэн байдаг. Хүн гар утаснаасаа хэрэгтэй апп-аа татаж аваад ашигладаг байтал төр өөрөө шинээр дугуй зохиох гээд мөнгө үрдэг, өнөөх нь ажилладаггүй, төрийн мэдээллийн дэд бүтэцтэй холбогддоггүй, шинэ орон тоо нэмдэг, суралцаж байна, хөгжүүлж байна гэж бөөн зардал, цаг алга болдог.
Хувийн компанийн 4 сая төгрөгөөр хийсэн программтай төстэй бүтээгдэхүүнийг 1 тэрбумаар хийлгэсэн байх жишээтэй. Эрдэнэс таван толгой ХК өөр нэг компанийн 150 саяар хийлгээд ашиглаж байгаа бичиг хэргийн программтай адил бүтээгдэхүүнийг 2 тэрбумаар авсан байсан. Юу захиалах, хаана ямар бүтээгдэхүүн бэлэн байгааг санаатай, санаандгүйгээр мэддэггүй. Төр 15 янзын бичиг хэрэг солилцооны систем хийчихсэн байсан. Өөр хоорондоо бичиг солилцох гэж эртний бичээс тайлах гэж байгаа юм шиг өөрсдийгөө хүндрүүлэх ямар ч шаардлагагүй. Mindgolia.mn-д нэвтэрч ороод сургуулийн программ авъя гэвэл харьцуулах боломжтой 3 янзын бүтээгдэхүүн санал болгоно.
Төрийн байгууллагуудын авто зогсоол, цагийн бүртгэлийн программууд нь өөр өөр, хоорондоо холбогддоггүй байж болохгүй. Энэ бүхнийг 10-20 жил хийж алдаж оноод туршлагажчихсан хувийн хэвшлийнхний бүтээсэн програмууд бэлэн байхад төр өөрөө шинээр дугуй зохиох нь утгагүй. Засгийн газрын хуралдаанаас Төр өөрөө систем хөгжүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Төр бол программ бүтээгч, хөгжүүлэгч биш худалдан авагч. Хамгийн сайн шалгарсан бүтээгдэхүүнийг авч хэрэглэнэ. Гар утсан дээрээс хэрэгтэй аппаа татдаг App Store системтэй адил. Байгууллага бүр шинээр хүн авч, тус тусдаа дугуй зохиохгүй. Төрийн мэдээллийн технологийн инженерүүд бодлого боловсруулдаг, төсөл удирддаг, захиалга буюу ажлын даалгавар бэлтгэдэг ажлаа л хийнэ.
-Программ хангамжийн компаниуд уламжлалт үйлдвэрүүд шиг бүдүүн яндан, том том хашаагүй болохоор нүдэнд харагддаггүй. Одоо энэ салбарт хэдэн хүн ажиллаж, хэдэн төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа вэ?
-Чөлөөт салбар, эрх чөлөөний талбар. Бусад салбарыг бодвол төр лай болохоор зай болсны хүчинд өдий зэрэгтэй өндийн босож байгаа шинэ салбар. Төр 10 жилийн өмнө ханцуй шамлаад орсон бол хэцүүдүүлэх байсан байх. Төдийлөн анхаарахгүй явж ирсэн нь төрийн “гавьяа” ч гэж болно. Цахим технологийн салбарт төрөөс гаргах шийдвэр бүхэн нэг л зарчим дээр тулгуурлаж гарна. Энэ нь хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах, дэмжих зарчим юм. Том төсвөөр дэмжихгүй. Төр угаасаа том худалдан авагч. Өнгөрсөн 10 жилд бараг нэг их наяд төгрөгөөр программ, сервер, компьютер худалдаж авсан. Гэхдээ төр түүх бүтээж буйг нь илүү тод тэмдэглэдэг, үнэлдэг, хөхиүлдэг байх ёстой. Очоод харвал 10 сандалтай, 5 ширээтэй, 5 компьютер, нэг кофе чанагч, буйдантай, түрээсийн оффистой компани байгаа. Тавилгыг нь үнэлбэл 100 сая. Харин бүтээсэн программыг нь үнэлбэл хэдэн тэрбум болдог онцлогтой. Оюуны бусад салбартай адил. Хөгжмийн зохиолчийн ширээ сандлыг үнэлдэггүй бүтээлийг нь үнэлдэг шүү дээ. Сонгодог уран зургийг жааз хүрээ, ашигласан будаг шунхны хэмжээ граммаар үнэлдэггүйтэй адил. Энэ компани төрийн албан хэргийн солилцооны системийг хийсэн, харин тэр компани төрийн олон зуун сургуулийн хэрэглэж буй бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн гэдгийг гадаад, дотоодод батална гэсэн үг. Зохиогчийн эрхийн гэрчилгээ нь үнэ цэнтэй.
Удахгүй Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн барина. Мэдээлэл технологийн хуульгүй явж ирсэн. Хиймэл оюун ухаан гэж юу вэ, юмсын интернэт гэж юу вэ? Юу гэдгийг нь ч мэдэхгүй байж нэг л их дэмждэг, зохицуулдаг төр болох гээд балардаг шүү дээ. Энэ бүхнийг хуулиар тодорхойлно. Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын гол түлхүүр нь мэдээллийн технологи. Жинхэнээсээ дэмждэг хууль байгаасай гэж хүсэж байгаа учраас хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч төслийг нь боловсруулсан.
ICT EXPO-гийн үр дүнд цөөн хэдхэн түлхүүр шийдэл санал болгосон. Нэгд, засаг төр өөрөө давхардсан систем хөгжүүлэхгүй. Хоёрдугаарт, зохиогчийн эрхийн гэрчилгээг нь үнэлнэ. Удаад нь Монголд мэдээллийн технологийн салбарынханд зориулсан виртуал бүс байгуулна. Тэр нь юу вэ гэхээр хүсэлтээ илгээж, шаардлагыг нь давсан бол дижитал компани гэдэг гэрчилгээ авна. Тэр нь гадаадад, дотоодод хүчинтэй. Казахстанд яг ийм Астана Хаб гэж байгуулсан. Нэг л өдөр газрын хэвлийгээс биш тархины гүнээсээ баялаг олборлодог тэрбум доллараар үнэлэгдэх компани гарч ирнэ гэдэгт итгэдэг. ONDO компани Сингапуртъын бирж дээр гарлаа. Том нэр хүнд. Мэдээллийн технологийн монгол компаниуд хувьцаа гаргалаа. Монгол компани, монгол залуусыг Казахстаны Ерөнхийлөгч Токаев урьж, 1,5 сая доллараар шагнаад, манай дата төвийг клауд болгож өгнө үү гээд гэрээ хийлээ. Chimege апп экспортлогдож, казах хэлээр хэрэглээнд нэвтэрлээ. Казахууд өнөөдөр Чимэгэг ашиглаад ярьсан текстээ бичиж байна. Киргизстанд Монголын Call pro программыг ашиглаж байна. Уул уурхайнхан том том зүйл яриад, газрын баялгаа яаж иргэддээ үр шимийг нь хүртээх вэ гээд маргаж байх хооронд мэдээллийн технологийн салбараас жинхэнэ тэрбумтнууд түрүүлж төрж чадна шүү.
-Монголд интернэтийн үнэ бас л үнэтэйдээ ордог уу?
-Монгол хамгийн хямд интернэттэй 10 улсын нэг. Бага зах зээлд төр хутгалдаагүй чөлөөт өрсөлдөөн их байгаа. Нөгөө талаар хоёр их гүрний дундах манай байршил онц чухал нөлөөтэй. Манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг шилэн кабелиас түрээс авдаг, орлого олдог. Харилцаа холбооны оператор компаниудын санхүүжилтээр бүрддэг Бүх нийтийн үүргийн сангаар бүх сумдаа шилэн кабелиар холболоо. Цаашид шинэ дэд бүтэц эрэлхийлэх ёстой. 5 хүнтэй малчны хотхонд кабель татахгүй тул нам орбитын хиймэл дагуулын интернэт нэвтэрнэ. Элон Маскын СтарЛинкийн үйлчилгээ бол алслагдсан уул уурхайн компаниуд, боомт зэрэг том худалдан авагчдад зориулагдсан.
-Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар одоо эдийн засагт ямар хэмжээний жин дардаг юм бэ? Бага зах зээлд хэт олон оператор байх шиг?
-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын борлуулалтын орлого 1,8 их наяд төгрөг байна. Үүнээс 0,4 хувь нь мэдээллийн технологийнх. Гар утаснаасаа төрийнхөө үйлчилгээг авдаг болно гэдэг гайхамшиг. 5 жилийн өмнө хэн ч төсөөлж байгаагүй. IPhone анх touch болно, гар утасны дэлгэцэд хуруугаа хүргэхэд мэдэрдэг болно гэхэд хэн ч итгээгүй, тэр байтугай Нокиа компани ч итгээгүй. Түүн шиг Монгол улсын цахим үндэстэн болох зорилт ямар ч байсан IPhone-ноор бол хүрээд мэдэрдэг touch-той болжээ.
-Монголын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хөгжил ямар шатандаа байна вэ?
-Хүнээр бол идэр насан дээрээ өдөр хоногоор өсөн өндийж бие, ухаан нь ид хөгжиж байна. Хоногоор бол үүр цайж байна.
Ярилцсан Б.Батбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин