Сүүлий үед манай улсад нүүрсний хулгайн хэрэг хэрээс хэтэрч нүүрсний утаан дотроо хөлөө жийлцсэн өдөр хоногууд өнгөрсөөр байна. Дээр нь хулгайлж болж байгаа юмийг доор нь яагаад хулгай хийж болохгүй юм гэсэн аятай Хөвсгөлийн нүүрсчид өнөөдрөөс нэр алдраа дуудуулаад эхэллээ.
Уул уурхайгүй аймаг, бүх газар нутгаа орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэж саяхан л цээжээ дэлдэж байсан Хөвсгөлчүүд өнөөдөр унхайгүй удирдлагуудын балгаар байгалийн баялгаа зөөлгөж, ачаа нь ихэдсэн том оврийн автомашинуудын хөлд гүүр, замаа сүйтгүүлсээр байна.
Хөвсгөл аймгийг уул уурхайгаас ангид байлгаж аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарыг түлхүү хөгжүүлж, байгалийн онгон дагшин байдлыг алдагдуулахгүй байх нь Монгол хүн бүрийн хүсэл нэгээ. Энэ үзэл бодлоо ч Хөвсгөлчүүд үе үеийн удирдлагуудад хэлж, тэмцэж ирсэн ард түмэн юм.
Хөвсгөл аймаг 2018 онд нийт газар нутгаа хуулийн хүрээнд ашиглалтын болон тусгай зөвшөөрөл олгохгүй байх уул уурхайгүй аймаг болох түүхэн шийдвэрийг гаргаж уг шийдвэртэй холбоотойгоор Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 04 дүгээр сарын 3-ны өдрийн 2-р тогтоолоор Хөвсгөл аймгаас экспортын зориулалтаар нүүрс борлуулахыг 2019 оны 04-р сарын 10-ний өдрөөс эхлэн тээвэрлэлт болон технологийн горимтой холбогдох зөрчил арилгах хүртэл хориглосон шийдвэр ч мөн гарсан байдаг юм.
Гэвч 2021 оноос эхлэн хууль бус тээвэрлэлтүүд эрчимжиж өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа нь тус аймгийн аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, Хурлын дарга Г.Мөнгөнхуяг нарыг хардах шалтгаан болж байна. Тус аймгийн удирдлагууд 2020 онд сонгууль оролцохдоо уул уурхайгүй аймгийг бий болгоно, уул уурхайг огтхон зөвшөөрөхгүй хэмээн “Таны сонголтоор нутгаа аваръя” уриатай оролцож байсан ч өнөөдөр ямар нэгэн шийдвэрт хүрээгүйгээс гадна хууль бус тээвэрлэлтүүд улам бүр ихэссээр байгаа нь ёжлолтой.
Одоогийн байдлаар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын уурхайгаас өдөрт 50-100 машин ямар нэгэн хяналт шалгалтгүйгээр нүүрсний хэмжээг хэтрүүлэн ачиж явдгийг нутгийн иргэд болон уул уурхайгүй хөвсгөл ТББ-аас мэдээлж байна.
Мөн үүнтэй уялдуулан өнөөдөр уул уурхайгүй Хөвсгөл төрийн бус байгууллагын зүгээс гаргасан захирамж, шийдвэрээ хэрэгжүүлэхгүй хууль бус үйл ажиллагаанд оролцож байж болзошгүй гэж ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Засаг дарга Ш.Идэрбаясгалан, МХГ-ын дарга Д.Түмэнбаяр, Цагдаагийн газрын дарга Т.Ганхуяг, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Д.Мөнхжаргал, Авто тээврийн газрын дарга Ө.Баттулга, “Могойн гол” ХК-ийн орлогч дарга Б.Батхүү нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр АТГ-т шалгуулахаар хандаж байна гэлээ.