“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын хүнд суртал, хууль зөрчсөн, улсын төсөвт төвлөрүүлэх ёстой хөрөнгөөр үр ашиггүй зочид буудал барьсан талаар экологич Д.Туяа мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: "Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр нь Эрдэнэт хотоос 70 гаруй км зайтай газар тансаг зэрэглэлийн 210 ортой зочид буудал барьж байгаа. Барихдаа орон нутгаас авах ёстой саналыг аваагүй. Байгаль орчинд нөлөөлөл байдлын нарийвчилсан тайланг батлуулаагүй. Байгаль орчны ерөнхий үнэлгээний тайлан батлуулахдаа хуульд нийцэхгүй хуурамч тайланг батлуулж, 2020 онд БОАЖЯ-нд алба хашиж байсан албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж батлуулсан байгаа юм. Бидний ойлгож байгаагаар Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмчит буюу Монгол улсынх болсон. Тийм учраас эндээс орж ирэх орлого улсын орлого болох ёстой. Гэтэл удирдлагууд нь улсын төсөвт төвлөрөх ёстой мөнгийг үр ашиггүй зарцуулж байна гэж үзэж байна. Энэ асуудлаар шат шатны хууль хяналтын байгууллагад хандаад арга хэмжээ авахгүй байгаа учраас Ерөнхий сайдад хандаж байна.
Хоёрдугаарт, Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн захирал Г.Ёндон гэж хүн Уул уурхайн сайд байхдаа өөрийн хүүхдүүдийн хувийн сургуулийн сургалтын төлбөрийг Эрдэнэт үйлдвэрийн мөнгөөр төлүүлсэн гэдэг асуудал үүсч байсан. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг Эрдэнэт үйлдвэрийн захирлаар томилсон шийдвэрээ эргэж хараач ээ гэж хүсч байна. Мөн өмнөх захирал
Х.Бадамсүрэн болон одоогийн захирал Г.Ёндон нарын туслахаар Монгол хэлээр ярьдаггүй Орос хэлээр ярьдаг эмэгтэй ажилладаг. Тэр эмэгтэйтэй уулзхаар орчуулагчтай гарч ирж бичиж тэмдэглэж авдаг. Монголоор ярихгүй зогсож байдаг. Энэ үйлдвэр үнэхээр 100 хувь Монгол улсын өмчөөр ирсэн юм бол өмнөх захирлын туслах нь ч, одоо байгаа захирлын туслах нь ч Орос эмэгтэй байдаг юм бэ? Эсвэл 100 хувь Монгол улсын мэдэлд ирээгүй, биднийг хуураад байгаа юм уу?
Улсын чухал нууцад хамаарах зүйлс хүртэл байдаг газрын туслах нь яагаад Орос хүн байгаа юм бэ? гэдгийг Ерөнхий сайд таныг анхааралдаа аваач ээ гэж хүсч байна.Г.Ёндон гэж захирлаас 210 ортой зочид буудлыг хэдэн төгрөгөөр барьж байгаа вэ? Үр өгөөж нь юу байгаа вэ? гэдэг асуудлаар бичиг өгөөд өнөөдрийг хүртэл 4 сар болоход тэр хүн хариулаагүй байна. Эрдэнэт үйлдвэр дээр очоод асуухаар Орос туслах нь маргааш, нөгөөдөр хариу хэлье, таны утасны дугаарыг мэднэ, захирлаас цаг асуугаад хэлье гээд хүлээлгэдэг.
2021 онд Х.Бадамсүрэн захиралд асуудал тавьж байх үед энэ Орос туслах нь байж л байсан. Г.Ёндон захирал болсоноос хойш очиход байж л байна. Миний мэдэж байгаагаар 2021, 2022, 2023 гээд 3 жилийн хугацаанд, 2 захирлын үед энэ хүн туслахаар ажиллаж байна.
Маш их зантай, Монгол хүнийг дорд үздэг, орчуулагч нь бид нарыг Ерөнхий захирлын туслахтай аятайхан харьц гэж загнадаг. Монгол хүний үнэ цэнийг уландаа гишгэж байна гэж үзэж байна. Энэ газар нутаг, баялаг чинь ард түмний мэдэлд байдаг биз дээ? " гэв.
М.Чой
Sonin.mn