Монголчууд бид хүүхдээ заавал их дээд сургуульд сургах ёстой. Мөн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон коллежид муу сурдаг хүүхдүүд ордог гэсэн ойлголт нийгэмд үүсчихсэн. "Их сургуульд элсэхгүй бол хамаатан садан, найз нөхөд хүүхдийг минь муу хэлнэ. Эсвэл хүүхдээ сургаж чадахгүй байна гэх зэргээр биднийг ярина" гэх ойлголт түгээмэл. Энэ мэт их дээд сургуульд сурах ёстой гэсэн ташаа ойлголт нь диплом барьсан ажилгүйчүүдийг тоог нэмж байна.
Улсын хэмжээнд 149 мянган оюутан их, дээд сургуульд суралцдаг. Үүний 58 мянга нь эрэгтэй, 91 мянга нь эмэгтэй оюутнууд. Харин мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 40 орчим мянган оюутан суралцдаг гэсэн судалгаа гарчээ. Тэгвэл дээрх оюутнууд төгсөөд мэргэжлээрээ ажиллаж чаддаг болов уу...
Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Их дээд сургууль төгссөн 30 оюутан тутмын нэг нь ажлын байртай болж байна. Харин мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн 6 оюутан тутмын нэг мэргэжлээрээ ажиллаж байна. Хөдөлмөрийн зах зээлд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн оюутнууд эрэлттэй багаагаас гадна 3-6 сая төгрөгийн цалин авах боломжтой” гэсэн юм.
Кейс:1
-Тунгалагтуяа Отгонтэнгэр их сургуулийг Маркетингийн менежер мэргэжлээр дөрвөн жил сурч төгсөв. Энэ хугацаанд сургалтын төлбөр хувцас, хэрэглээндээ 30 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Сургуулиа төгсөөд аав ээж дээрээ очиж ажиллахаар Дорноговь аймгийг зорив. Гэвч орон нутагт түүний мэргэжилд тохирох ажил байсангүй. Тиймээс тэрээр аймгийнхаа төмөр замын МСҮТ-д дахин суралцаж, төмөр замд ажилд орсон байна.
Кейс:2
-Г.Халиун МУИС-ийг Захиргаа, төрийн удирдлага мэргэжлээр төгссөн. Гэвч ажилд орох нь хүндрэлтэй, цалин бага байж. Тиймээс маникюрын сургалтанд сурч маникюрчин болсон байна. Энэ нь түүний хувьд цалин өндөртэй, ажлын байрны олдоц сайтай байв.
Кейс:3
-ШУТИС-ийн төгсөгч Б.Батдэлгэр механик инженер мэргэжлээр 2017 онд төгссөн. МАК цемент үйлдвэрээс ажлын гараагаа эхлэв. Тэрээр энэ хугацаанд эхнэртэй болж 2020 онд эхнэр нь төрөх болсон учраас ээлжийн ажил хийх боломжгүй болов. Гэвч орон нутагт ажлын байргүй учраас буцаж Улаанбаатар хотод ирэхээс өөр сонголтгүй болсон..
ЭКСПЕРТИЙН ҮГ
БШУЯ-ны дээд боловсролын дарга Х.Тамир: ажлын байр ханасан мэргэжлүүдэд элсэлт авахгүй
-Бид мэргэжил сонголтоо зөв хийж чадахгүй байна. Нийт их дээд сургуульд суралцагчдын 40-50 хувь бизнес, нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр суралцаж байна. Энэ дээд боловсрол эзэмшсэн ажилгүй иргэдийг бий болгох гол хүчин зүйл нь болж байна. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн сургалтын чиглэл, хөтөлбөрийн индексийг шинэчлэх, дээд боловсролын сургалтын байгууллагын тусгай зөвшөөрлийн шинэчлэн олгох үйл ажиллагааны хүрээнд ажлын хэсэг байгуулан ажиллаж шаардлага хангахгүй их дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоосон. Мөн хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг мөшгөх судлагааны системийг ашиглалтанд оруулж байгаа. Энэхүү систем нь Нийгмийн даатгалын газар, Татварын ерөнхий газар болон холбогдох газуудын мэдээллүүдэд үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг тодорхойлно. Түүнчлэн ажлын байр ханасан мэргэжлүүдэд элсэлт авахгүй байх тал дээр болон мэргэжил сонголтыг салбарын түвшинд онцолж авч үзэж байгаа.
Муис-ийн оюутан төгсөгчдийн албаны дарга М.Эрдэнэчимэг: МУИС-ийн оюутнуудын 78.6 хувь нь ажилд орсон
-Монгол Улсын Их сургуулийг 2021 онд төгссөн оюутнуудын 78.6 хувь нь тухайн төгссөн мэргэжлээрээ ажилд орсон. Манай сургуулиас төгсөгч оюутнуудаа ажлын байраар хангахыг зорьдог. Тиймээс ажил олгогч байгууллагуудтай хамтарч төгсөгчдийг ажлын байранд зуучилдаг.
Жилд 40 орчим мянган шинэ оюутан Улаанбаатар хотод ирдэг. Харин сургуулиа төгсөж буй 50 орчим мянган оюутнаас орон нутгийг зорьдог нь хэд байдаг бол. Тодруулбал, маркетингийн менежер, зохион байгуулагч, сэтгүүлч зэрэг мэргэжлээр төгссөн хүмүүсийн хувьд орон нутагт ажлын байр байхгүй учраас ажилгүйчүүдийн эгнээнд автоматаар шилждэг. Тиймээс залуучууд ажил хайж Улаанбаатар хотыг зорих эсвэл хотод үлдэхээс өөр сонголтгүй болж байна. Мөн зарим мэргэжлүүдийн хувьд хүний нөөцийн боломж хангагдсан байдаг. Гэвч сургуулиуд тухайн мэргэжлээр элсэлт авсаар л байна...
Б.БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин