Монголын шүүх түүхэндээ хамгийн олон холбогдогчтой хэргүүдийн нэгийг удахгүй хүлээн авна. Шийднэ. Тэр нь Хөгжлийн банкны гэх 79 холбогдогчтой хэрэг юм. Уг хэрэгт төрийн өндөр албан тушаалтнууд, Хөгжлийн банкны удирдлагууд, зээл авсан компанийнхан холбогдсон. Прокурор хэргийн яллах дүгнэлтийг бичиж, шүүхэд шилжүүлэхэд бэлэн болгожээ. Гэхдээ шүүх рүү хараахан явуулаагүй байгаа бололтой.
Хөгжлийн банкны хэрэг нэгэнт анхаарлын төв орсон. Дөрвөн жилийн өмнө ЖДҮ-гийн хэргийг мөрдөн шалгасан шиг том баг ажилласан. Бас эрх баригчид өөрсдөө шүгэл үлээсэн болохоор шүүхэд шилжих нь гарцаагүй. Цаг хугацааны л асуудал гэсэн үг.
Гэвч Хөгжлийн банкны хэргийг шүүх шударга шийдэж чадах уу. Эргэлзээтэй. Учир нь ямар нэг хэргийг хамгийн түрүүнд шүүдэг анхан шатны шүүхэд асуудал бий. Шүүхэд ч гэж дээ, анхан шатны шүүхийн нэр бүхий шүүгч нар хувийн бус нөлөөллийн итгэл үнэмшлээр шийдвэр гаргадаг гэх ойлголт нийгэмд байна.
Тухайлбал, харьяаллаараа томоохон хэргүүдийг авч шийддэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дарьсүрэн байна. Энэ хүний 2020 оны наймдугаар сарын 17-нд Эдийн засгийн хөгжлийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Зам, тээврийн сайд асан Д.Ганбат нарын долоон хүнд холбогдох 187 хавтас бүхий эрүүгийн хэргийг уншаад гаргасан шийдвэр нь эргэлзээтэйг улс төрийн хүрээнийхэн, хууль шүүхийнхэн одоог хүртэл ярьдаг. Дээрх хүмүүсийг “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон гэж буруутгаад байсан юм.
Шүүгч Б.Дарьсүрэн нь Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Тэгээд Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 4.5 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасч, 3.5 жилийн хугацаагаар хорих ял оноосон. Харин Д.Ганбатыг нь авч үлдэж байв. Тодруулбал, шүүгч Б.Дарьсүрэн “...Д.Ганбатад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс зарим үйлдлийг гэмт хэргийн шинжгүй” гээд хэрэгсэхгүй болгосон байдаг. Эндээс түүнийг “...Шүүгдэгчдэд ялгавартай хандсан” гэж үзэхэд хүргэжээ. Дээрээс нь дээрх хэргийг шийдсэний дараахан хэвлэлүүд Д.Ганбатыг Цэцийн гишүүн эрхмээр дамжуулан өмгөөлөгч Б.Баасанцогтод мөнгө өгүүлж, хэргээс мултарсан гэх мэдээллийг дамжуулж байв. Магадгүй, энэ мэдээлэлтэй холбоотойгоор шүүгч Б.Дарьсүрэнгийн шийдвэрийг “...Гаднын нөлөөтэй” гэж үзсэн байж ч болох юм.
Үүнээс гадна тус шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн Хөгжлийн банкны хэргийн нэг холбогдогч болох цагдан хоригдож байсан “Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөрийг 2022 оны гуравдугаар сарын 15-нд сулласан. Уг нь Б.Мөнхтөрийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, 2022 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр цагдан хорих саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, шүүхээс түүнийг хорьсон байгаа юм. Харин цагдан хорих хугацаа дуусахад АТГ-аас үргэлжлүүлэх саналыг гаргасан боловч дээр хэлсэнчлэн шүүгч Б.Дуламсүрэн суллах шийдвэрийг гаргажээ. Хамгийн гол нь Б.Мөнхтөр нь суллагдсан даруйд 1.0 сая ам.долларын хуурамч бичиг баримт үйлдсэн. Энэ нөхцөл байдал нь тогтоогдсон учир дахин цагдан хорьсон байдаг.
Магадгүй, шүүгч Б.Дарьсүрэнгийн Д.Ганбатын хэргийг хэрэгсэхгүй болгоод, Д.Эрдэнэбат, Б.Болор нарт ял өгсөн шийдвэр, шүүгч Б.Дуламсүрэнгийн суллаж явуулсан Б.Мөнхтөр сая ам.долларын бичиг баримт хуурамчаар үйлдсэн зэрэг нь ямар нэг “хүчин зүйл”-ийн нөлөөлөлд автаагүй, санамсаргүй тохиол, бас зайлшгүй тэгж шийдвэрлэх шаардлагатай байсан байж мэднэ. Гэвч нөгөө талаасаа шүүгч Б.Дарьсүрэн, Б.Дуламсүрэн нар хэргийн нөхцөлд байдалд бодит дүн шинжилгээ хийж, итгэл үнэмшлээ зөв “ажиллуулж” чадсан уу. Эргэлзээгүй, шүүгч өөрийн итгэл үнэмлээр л гаргасан шийдвэр мөн үү. Энэ тал дээр ШЕЗ анхаарал хандуулах учиртай. Зохих тайлбарыг олон нийтэд өгөх ёстой. Тэгж байж энэ мэтийн эргэлзээ нэг талдаа гарна.
Эс бөгөөс эндээс үүдээд “...Хөгжлийн банкны хэрэг шүүхэд шилжээд хэрэг байна уу” гэж дахин асуумаар болж байгаа юм. Бас “...Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 79 хүний хэд нь шүүхээр ороод сугарч үлдэх вэ” гэдэг асуултыг ч гаргаж ирж байна.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин