Үүрэн телефоны 5 дахь оператор “Ондо” гэх рекламыг та хаа нэгтэй харсан л байх. Магадгүй бүр “Ондо”-ийн “6ххх” дугаарыг худалдан авсан, худалдан авахаар ч төлөвлөж байж магадгүй.
Гэвч “Ай Эн Мобайл Нэтворк” ХХК-ийн “Ондо” үүрэн телефоны 5 дахь операторт Харилцаа холбооны зохицуулах хороо нэг л ондоо хандаж, тэдэнд хуульд байхгүй тусгай зөвшөөрлийг олгосон юм биш байгаа?
Тодруулбал “Ай Эн Мобайл Нэтворк” ХХК-д Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “яриа”-ны үйлчилгээ эрхлэх зориулалтаар гэх тусгай зөвшөөрлийг олгожээ.
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухайн хуульд зааснаар Харилцаа холбооны зохицуулах хороо мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжид “радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах”, “харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх”, “контентийн үйлчилгээ эрхлэх” гэсэн 3 төрлийн тусгай зөвшөөрөл олгох эрхтэй байна.
Дээрхээс үзвэл Харилцаа холбооны зохицуулах хороо өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, хууль, журамд байхгүй “яриа”-ны гэх тусгай зөвшөөрлийг “Ай Эн Мобайл Нэтворк” ХХК-д олгосон байна.
Мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн 41 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах журам”-д зааснаар “радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах”, “харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх”, “контентийн үйлчилгээ эрхлэх” гэсэн 3 төрлийн тусгай зөвшөөрлийг олгохдоо зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгох ёстой байна.
Харилцаа холбооны зохицуулах хороо энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын баримтлах дүрэм, журмыг өөрсдөө баталж, мөрдүүлдэг атлаа өөрсдийн баталсан дүрэм, журамд нь байхгүй “яриа”-ны гэх тусгай зөвшөөрлийг хаанаас гаргаж ирээд “Ай Эн Мобайл Нэтворк” ХХК буюу “Ондо”-д олгочихов.
Өөрсдийнхөө баталж мөрдүүлж байгаа дүрэм, журмаа Харилцаа холбооны зохицуулах хороо өөрөө мэдэхгүй байна гэж баймааргүй юм. Эсвэл бүр мэдэн будилаад “Ондо”-д арай ондоо хандаад давуу байдал бий болгосон юм биш байгаа?
За ямар ч байсан “Ай Эн Мобайл Нэтворк” ХХК буюу “Ондо”-ийн тусгай зөвшөөрөл хуульд нийцээгүй гэх маргаан Захиргааны хэргийн шүүхэд өрнөж байгаа бололтой.
Түүнчлэн нэг нарийн мэдээлэл цахим орчинд хөвөрч байх шиг байна. Тодруулбал иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар “Ондо” нь ашгийн төлөө, гадаадын хөрөнгө оруулалттай компани юм байна. Хувьцааных нь 12.57 хувийг “Анд Системс”, 87.43 хувийг нь “Гарнетон Птж Лтд” эзэмшдэг.
“Ондо”-гийн хувьцааны дийлэнхийг эзэмшдэг “Гарнетон”-ийн үүсгэн байгуулагчид нь And Global-ийн Ч.Анар, Google-ийн Б.Баттулга, “LendMN”-ийн О.Болдбаатар, П.Нямбаяр нар юм байх. Мөн тус компанийн ард З.Энхболд байж болзошгүй гэх хардлага салбарынханд байгаа бөгөөд ингэж хардах болсон шалтгаан нь түүнийг УИХ-ын дарга байх үед интернэтийн үйлчилгээнд радио давтамж олгох тусгай зөвшөөрлийг түүний дүү З.Хишигтогтохын “Викомнэтворкс” компанид олгожээ. Харин “Викомнэтворкс” компанид олгосон интернэтийн үйлчилгээнд радио давтамж олгох тусгай зөвшөөрлийг нь дээрх нэр бүхий хувьцаа эзэмшигч эрхэмүүд шилжүүлэн авсан юм байх.
“Ай Эн Мобайл Нэтворк” ХХК нь хууль ёсоор ажиллахгүй, анхнаасаан Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын нөлөө, дэмжлэгээр харилцаа холбооны салбарт орж ирсэн, түүнээсээ болоод бусад оператор компаниудын дургүйцлийг хүргэж, улмаар ажил нь явахгүй болохоор хавчлаа, гадуурхлаа гэдэг бор шувууг явуулж байгаа нь өрсөлдөгч компаниудых нь эгдүүцлийг хүргээд байгаа бололтой.
Ямар ч байсан хууль, хяналтын байгууллага, цагдаа, авлигатай тэмцэх газрууд нь Г.Чинзориг даргатай Харилцаа холбооны зохицуулах хороо “ОНДО”-Д БУСДААС ОНДОО хандсан эсэхийг нь, нөгөө ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН эсэхийг нь шалгаад гаргаад ирэх биз ээ. Харж л сууя даа.
Эх сурвалж: Toim.mn