УИХ-ын гишүүн Н.Учрал Эмийн чанар, хяналтын тогтолцооны талаар яаралтай арга хэмжээ авах үүднээс “Хянан шалгах Түр хороо” байгуулах тогтоолын төслийг нэр бүхий 21 гишүүний хамтаар УИХ-ын даргад өргөн барилаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал хэлэхдээ
“Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийсэн ба 44 аж ахуй нэгж эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөлтэй байгаагаас 84.1 хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой дадал GMP-ын шаардлага хангаагүй тул стандартын шаардлага хангаагүй эм үйлдвэрлэх эрсдэлтэй.
Дотоодод үйлдвэрлэж буй эмийн 18.6 хувь, импортын эмийн 6.1 хувь стандартын шаардлага хангаагүй талаар мэдээлсэн. Энэ нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгож буй эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй гэдгийг аудитаас тогтоожээ. Нөгөө талдаа Монголын зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувь бүртгэлгүй эм эзэлж байна.
Дотоодын зах зээлд борлуулагдаж байгаа эм өндөр хөгжилтэй орны зах зээлд байгаа эмээс үйлчилгээ өөр. Энгийнээр хэлэхэд манай улсын зах зээлд худалдаалагдаж буй эм, гадны улсын зах зээлд худалдаалагдаж буй эм нэр, орц, найрлагын хувьд ижил боловч үйлчлэлийн хувьд харилцан адилгүй нөлөөлөлтэй байна. Учир нь эмийн чанар, аюулгүй байдалд тавигдах хяналт шалгалтын тогтолцоо зохистой төвшинд ажиллахгүй, олон улсад зөвшөөрөгдсөн стандартад хүрэхгүй байгаагаас болж Монгол улсад чанаргүй, хугацаа дууссан эмүүд худалдаалагдаж байна.
Тиймээс эрүүл мэндийн салбарт үүссэн энэ гажуудал, хяналтын тогтолцоог шинэчлэх зорилгоор “Хянан шалгах Түр хороо” байгуулах тогтоолын төслийг боловсруулж өргөн барилаа” гэсэн юм.
Хянан шалгах Түр хороог байгуулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ. Хэрэв уг тогтоолын төсөл батлагдсан тохиолдолд дараах чиг үүргийн дагуу ажиллах юм байна. Үүнд:
- Хүний эмийн чанарын хяналт шалгалтын хүртээмж, тогтолцоо, үр дүн;
- Хуурамч болон стандарт бус эмийн нийлүүлэлт, хэрэглээ;
- Цаашид эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтыг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээнүүдийг авах юм байна.