Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Хөдөө нүүхийг дэмжих зохицуулалтыг Малчны хуульд тусгана

Малчны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулан санаачлаад буй УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.

-Та хотоос сонгогдсон гишүүн. Гэхдээ Малчны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж байгаа талаараа саяхан Төрийн ордонд зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан. Яагаад малчны эрх зүйн байдлыг тусгайлан авч үзэх шаардлагатай гэж үзсэн талаар тань ярилцлагаа эхлүүлье?

-Тиймээ, яг энэ асуултыг надаас олон хүн асууж байгаа. Зарим УИХ-ын гишүүд хүртэл үүнийг асууж, нэг хэсэг нь “Дээрх хуулийн төслийг орхивол яасан юм бэ” гэх байдлаар ч хандсан. Нэг талаас уг асуудал Монголын мал, аж ахуйн салбарт цахимжилт, инновацыг нэвтрүүлэх санаачлагаас улбаатай. Нөгөө талаар миний хувьд үргэлж инновац, хиймэл оюун ухаан, виртуал хөрөнгийн үйлчилгээ ярьдаг хүн биш шүү дээ. Би өмнө нь залуучуудын хөгжил, багшийн хөгжлийн асуудал ярьж, улмаар эрх зүйн орчныг нь ч бүрдүүлсэн.

Ингэснээр олон улсын түвшинд улсынхаа үнэлэмжийг нэмэгдүүлсэн. Харин одоо Монгол орныхоо газар нутаг, мал сүрэг, малчдын эрх зүйн байдал, хөгжил, уламжлал соёлоо хадгалах асуудлыг яагаад ярьж болохгүй гэж. Хэдийгээр би хотын хүүхэд ч гэсэн Монголын түүх, өв соёл, зан заншлаа эрхэмлэн дээдэлж, зах зухаас нь судалж, уншиж явдаг хүн. Малчид бол манай улсын үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг. Манай улс шиг нүүдлийн соёл иргэншилтэй оронд мал аж ахуйн салбар нь хүн амын хүнс, байгаль экологийн төдийгүй эдийн засгийн томоохон хөшүүрэг юм.

Тэр ч утгаараа монгол соёл иргэншлийн аюулгүй байдлын, үндэсний язгуур ашиг сонирхлын салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь мал аж ахуйн салбар байсаар ирсэн, хойшид ч байх болно. Энэ салбар нь хүн амын гол нэрийн хүнсний хэрэглээ болон уул уурхайн бус салбарын үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах шавхагдашгүй нөөц баялгийг бүтээж байгаа гэдгээрээ эдийн засгийн бусад салбараас ялгагдах онцлогтой юм. Монголчууд бид нүүдлийн мал аж ахуйг эрхэлж ирсэн 10 мянган жилийн түүхтэй учраас дэлхий нийтэд нүүдлийн соёл иргэншлийг хадгалж байгаа гэдгээрээ хүлээн зөвшөөрөгддөг. Үүгээрээ бид бахархаж, дэлхий нийтийн дундаас ялгарах гол онцлогоо болгох хэрэгтэй.

-Мал аж ахуйн салбарт олон хууль тогтоомж батлан хэрэгжүүлж байгаа. Урьдных нь хууль тогтоомжоор уг салбарыг зохицуулчихаар малчдын асуудал хамтдаа шийдэгдээд явчих юм биш үү?

-“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Үндэсний өв соёл, нүүдлийн уламжлалт ахуйг шинэчлэлтэй хослуулсан, нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болох, улмаар амьдралын хэрэгцээг хангасан эрүүл, ая тухтай, таатай орчныг бүрдүүлж, баталгаат хүнсээр хангана” гэсэн утгатай зорилтыг дэвшүүлсэн. Үүнийг хэрэгжүүлэх суурь нь мал аж ахуйн салбар, малчин өрх, малчны асуудал юм. Өдгөө манай улсын хүн амын 32.7 хувь хөдөөд амьдарч, газар нутгийн 71.2 хувьд уламжлалт мал аж ахуйг эрхэлж байна. Орон нутгийн 85 орчим хувь нь мал аж ахуйд суурилсан эдийн засагтай ба энэ салбар нь үйлдвэрлэлийн 10.9 хувь, экспортын орлогын 5.6 хувийг бүрдүүлж байгаа гэсэн статистик дүн мэдээ бий.

Мөн нийт өрхийн 27.1 хувийг бүрдүүлж буй мал бүхий өрхийн 76.6 хувь нь малчин өрх бөгөөд нийт малчин өрхөд 305.4 мянган малчин амьдарч, ажиллаж байгаа нь манай улсын ажиллах хүчний 25.5 хувийг бүрдүүлж байгаа юм. Иймд улс орны тогтвортой хөгжлийн үндэс, нүүдлийн соёл иргэншил, өвийг тээгч болсон малчид маань эдийн засгийн чадавхтай байж, мал сүргээ идээшлүүлэх бэлчээр, хадлангийн газар нутгаа зохистой ашиглах, хамгаалах, хариуцлагатай эзэн байх эрх, үүргээ хэрэгжүүлэх явдал чухал гэж бодож явдаг.

-Малчдад хамгийн их тулгамдаж буй асуудлын талаар та юуг онцолж хэлэх вэ?

-Малчдын өнөөгийн чадамж, чадавх, орчны нөхцөл, хөгжил, экологийн тэнцвэрт байдлын алдагдал, бэлчээрийн газрын төлөв байдал, ашиглалтаас үүдэлтэй зөрчил, малын гаралтай түүхий эдийн үнэгүйдэл зэрэг нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн хүрээнд анхаарал татсан тулгамдсан асуудлуудын нэг болж байгаа. Нөгөө талдаа өнөөдөр нийгэмд малчин, үндсэн малчин, туслах малчин, малаа малладаггүй малчин, хөлсний малчин, бага орлоготой малчин, баян малчин, мянгат малчин, аварга малчин, алдарт уяач гээд л олон малчид бий болсон ч эрх зүйн хүрээнд “малчин, мал бүхий этгээд” гэсэн ерөнхий томьёоллоор ангилж, малчин гэсэн малгай дор бодлого, эрх зүйн зохицуулалт, арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Нарийвчлан авч үзэхэд нийт малчин өрхийн 96.5 хувь нь үндсэн малчин, 3.5 хувь нь туслах малчин байдаг бол малын тооны бүтцээр нийт малчин өрхийн 47.5 хувийг 200 хүртэлх малтай буюу бага орлоготой, 31.6 хувийг дундаж, 15.3 хувийг дунджаас дээш орлоготой, 5.6 хувийг мянгаас дээш орлоготой малчин өрх эзэлж байна. Малчин хүнийг баялаг бүтээгч, ажил олгогч, бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, ажилтан, нэмүү өртөг бүтээгч гэдэг талаас нь ихэвчлэн хардаггүй. Малчинд хуулиар тогтоосон хөдөлмөрийн цаг, ээлжийн амралт үйлчилдэггүй. Мөн байгалийн гамшиг, бэрхшээл дунд сөрж өрсөлдөж ажиллахаас өөр сонголтгүй, хүнд хүчир, эрсдэлтэй хөдөлмөр эрхэлдэг, олон талт мэргэжил, мэргэшилтэй ч энэ нь нийгэм, эдийн засгийн харилцаанд үнэлэгдэхгүй, залуу ба арвин туршлагатай малчин, ажилсаг эсхүл залхуу малчдын хооронд үнэ цэн, үнэлэмж адилхан байх, зарим дэмжлэг, урамшуулал авахад эрх тэгш бус байдлаар хандах хандлагад өртдөг зэрэг асуудлууд нийгэмд малчдын нийтлэг дүр төрх болоод байна.

Түүнчлэн малчид үр хүүхдээ сургуульд сургах, гэр бүлдээ ая тухтай байх, таатай орчинд амьдрах, цаг тухайд нь эрүүл мэндийн үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, чадавхжуулах, үр хүүхэддээ малч ухаанаа заах, залуу халаагаа бэлтгэх, улмаар оторлон нүүдэллэх зэрэгт нийгмийн ээлтэй бус олон асуудалд өртсөр ирсэн. Иймд манай улсын нийгмийн томоохон давхарга болох малчдын эрх зүйн байдлыг тодорхой болгож, тэдгээрт чиглэсэн хөрөнгө оруулалт, хөгжлийн дэмжлэгийн бодлогын зарим зохицуулалтыг хуульчлах замаар тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийн урт хугацааны тогтвортой бодлогыг хэрэгжүүлэх, хууль эрх зүйн болон практик үндэслэлд суурилж, малчны эрх зүйн байдлын асуудлыг тусгайлан авч үзэх шаардлагатай гэж дүгнэсэн. Иймээс ч Малчны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулах санаачилгыг гаргаж, бусад гишүүдтэйгээ хамтран ажиллаж эхлээд байна.

-Та хэлэлцүүлгийн үеэр бэлчээрийн газар нутгийн доройтлын асуудлыг ярьж байсан. Малчны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлалд энэ талаар яагаад хөндөх болов. Шалтгаан, үндэслэлийг тодруулахгүй юу?

-Улс орон бүр газар нутаг, байгаль экологи, хүн, нийгэм, эдийн засаг, үндэсний язгуур эрх ашгаа чухалчлан эрхэмлэдэг. Монголчууд бидний хувьд эх орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, эрүүл ард түмэн, уламжлалт соёл иргэншил оршин тогтнож, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдан, эдийн засаг, экологийн тэнцвэртэй хөгжлийг хангаж орших нь хамгаас чухал язгуур эрх ашиг билээ.

Монгол хүнийг газар нутаг, мөнх хөх тэнгэр, байгаль эх, мал сүргээс нь салгаж ойлгоход хэцүү. Үндсэн хуулиндаа бид “Мал сүрэг үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан улс шүү дээ. Иймээс улс орны байгаль экологийн тэнцвэрт байдал, нийгэм, эдийн засгийн харилцаанд бэлчээрийн газар нутгийн ашиглалт тодорхой тулгамдсан асуудлууд үүсгэж, цаашид нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан уламжлалт мал аж ахуйг тогтвортой эрхлэн явуулахад эрсдэл дагуулж байна гэсэн үзэл баримтлалаар асуудлыг хөндөн ярьж байгаа. Энэ чиглэлийн тулгамдсан сэдвүүдийг багцлан авч үзэхэд тус асуудлыг дэвшүүлэх болсон дөрвөн гол хүчин зүйлс байна. Нэгдүгээрт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдэлийн асуудлууд, хоёрдугаарт, бэлчээрийн газрын доройтол, цөлжилтийн байдал, гуравдугаарт, бэлчээрийн даац, багтаамж, нөөцийн хомсдолын асуудал, дөрөвдүгээрт, бэлчээрийг “нийтээр ашиглах” эрх зүйн зохицуулалт нь “хариуцлага хүлээх эзэнгүй” болгож, байгаль экологид хохирол учруулж байгаа асуудлууд юм.

“ГИШҮҮН ЭЭ, ШИНЭЭР БОЛОВСРУУЛАХ ХУУЛЬ ЧИНЬ “МАЛЧНЫ ҮНДСЭН ХУУЛЬ” БОЛОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ” ГЭЖ ЗАХИСАН

-Дээр дурдсан дөрвөн асуудал дээр төвлөрч яриач. Энэ бол маш чухал сэдэв шүү?

-Тийм ээ.

Нэгдүгээрт: Дэлхийн дулаарал, уур амьсгалтын өөрчлөлтийн нөлөө манай улсын агаар мандал, хур тунадас, хөрс шороо, газар нутаг, байгаль экологид хэдийн сөрөг нөлөөлөл үзүүлээд эхэлчихсэн. Энэ талаар маш олон тооны баримтыг эрдэмтэд, судлаачид, мэргэжлийн байгууллагууд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргаж, дүгнэлт зөвлөмжөө өгсөөр байгаа. Гэхдээ хүн бүр мэддэг болсон ч үүсээд байгаа сөрөг нөлөөлөлд хариу арга хэмжээг дорвитой авч хэрэгжүүлэхгүй байгаа нь ирээдүйд улам их эрсдэл, хохирол учруулах төлөвтэй болсон. Тухайлбал, элсэн шуурганы асуудал манай дотоодоос хальж бүс нутгийн, дэлхий нийтийн анхаарал татсан асуудал болж хувирлаа.

Энэ талаар олон улсын хэвлэл мэдээлэлд олон тооны мэдээ удаа дараалан гарч, зарим орны экологи, эдийн засаг, нийгэм, хүн амын эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулах болсон талаар яригддаг. Анхаарууштай нь энэхүү элсэн шуурганы буюу түйрний эхлэл Монгол Улсаас гаралтай гэж бүгд үзэх болсон. Хойшид уг гамшгаас үүдэлтэй хохирлын “буруутан” нь манай улс болох нөхцөл байдал ч үүсээд байна. Энэ талаар олон улсын түвшинд яригдах боллоо. Агаарын хэмийн дулаарал, хур тунадасны өөрчлөлт, хуурайшилт, бэлчээрийн газрын доройтол, хортон мэрэгч, шавжийн хөнөөл, уул уурхайн замбараагүй ашиглалт, хүлэмжийн хийн ихсэлт зэрэг нь манай улсад цөлжилтийн процессыг хурдасгаж, бүс нутгийн хэмжээнд анхаарал татаж байна.

Хоёрдугаарт: Газар нутгийн маань зонхилох буюу 71.2 хувийг эзэлж буй бэлчээр, хадлангийн эдэлбэр газарт байгаль, экологийн өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас хөрсний доройтол, талхагдал, хомсдол өдрөөс өдөрт тэлж, ургамлын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, байгалийн унаган төлөв, экологийн тэнцвэрт байдал алдагдах эрсдэлд хүрээд байна. Өнгөрсөн оны газрын төлөв байдлын үнэлгээгээр бэлчээрийн нийт газрын 88.5 хувьд доройтол үүсэж, үлдсэн 11.5 хувь нь байгалийн унаган төрхөө алдаагүй байдалтай байна гэж гарсан байдаг. Доройтлын түвшинг нарийвчлан авч үзэхэд бэлчээр нутгийн 66.2 хувь бага ба дунд зэргийн доройтолд өртсөн бол, 16.6 хувь нь хүчтэй доройтсон, 5.7 хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн байдалтай байна.

Гуравдугаарт: Бэлчээрийн газар нутгийн хэмжээ жилээс жилд буурч байна. Тоон мэдээллээр илэрхийлэхэд 2010 онд 113.0 сая га байсан бэлчээрийн талбай 2020 онд 109.7 сая га-д хүрч багассан ба сүүлийн нэг жилд 685 мянган га-аар буурч, бэлчээрийн эдэлбэр газраас өөр ангилал руу шилжүүлжээ. Газрын тухай хуулийн 16.3-д “Газрын нэгдмэл сангийн аль ч ангиллын газраас тусгай хэрэгцээнд авч болно” гэж заасныг үндэслэн улсын тусгай хэрэгцээнд авах нэрийн дор нэг ангиллаас нөгөө ангилал руу газрыг шилжүүлэх асуудал улам бүр нэмэгдэх хандлагатай байна.

-Та жишээ дурдаач?

-Ганцхан жишээ дурдахад, улсын хэмжээнд орон нутгийн тусгай хэрэгцээнд газрыг авахаар гаргасан 1738 шийдвэр гарсан байгаагийн 374 шийдвэрийн тусгай хэрэгцээнд авах зорилго тодорхойгүй, 545 нь шийдвэр гаргах эрхгүй байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргасан, 819 шийдвэр тусгай хамгаалалтад авах хугацаа заагаагүй зөрчилтэй байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газраас хийсэн судалгаагаар тогтоогдсон байна. Ялангуяа тусгай хэрэгцээнд авсан газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл давхардуулан олгосон, бүртгэл нь тодорхойгүй, нутгийн иргэдийн, тэр дундаа малчдын эрх ашиг зөрчигдөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх ямар нэгэн арга хэмжээ авдаггүй зэрэг дутагдал их байна. Ярихгүй өнгөрч болохгүй өөр нэг асуудал байгаа нь бэлчээрийн даац юм.

Малын тоо өсөх нь малчдын амьжиргааг дээшлүүлэхэд хувь нэмэртэй ч бэлчээрийн даац чадамжаасаа хэтрэхэд хүргэж, ачаалал өгснөөр түүний талхагдал, доройтлыг эрчимжүүлэх хүчин зүйлс болж байна.

Тухайлбал, 2010 онд 32.7 сая мал тоологдож байсан бол 2021 оны эцэст 67.3 сая болж 2.1 дахин өсчээ. Одоогоос 60 жилийн өмнө 100 га бэлчээр, хадлангийн талбайд 32 хонин толгой ногдож байсан бол 2020 онд энэ тоо 103 болж, бэлчээрт үзүүлэх ачаалал нь 3.2 дахин нэмэгдсэн байна. Зарим нутагт бэлчээрийн даац хэвийн хэмжээнээс 2.5-10 дахин хэтэрчээ. Мөн бэлчээрийн ургамлын төрөл, зүйлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, ургац муудан малын идэмжит ургамал багасч байгаа нь дөрвөн улирлаар нүүдэллэх бэлчээрийн хүрэлцээ муудах, малын үндсэн шим тэжээлд хомсдол үүсгэх улмаар мал, махны үнийг өсгөх хүчин зүйлсийн нэг болж байна.

Мал аж ахуйн салбарт тулгамдаж буй дараагийн чухал асуудал бол бэлчээрийн эзэмшлийн тухай юм.

Газрын тухай хуулийн 52.2-д “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана”, 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэсэн бэлчээрийг “нийтээр ашиглах” эрх зүйн зохицуулалтаар сүүлийн 20 жилийн хугацаанд явсны үр дагаварт дээр дурдсан төлөв байдалд хүрч, “хариуцлага хүлээх эзэнгүй” болсон. Үүний улмаас байгаль экологид хохирол учирсаар байна. Бэлчээрийн газар ашиглалтын харилцааг эрх зүйн хүрээнд нарийвчлан зохицуулах шаардлагатай байгааг 20 гаруй жилийн туршид ярьж байгаа ч эрх зүйн шинэчлэл хийгдэж чадсангүй. Хамгийн сүүлд гарсан дэвшил нь Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг нэрлэж болох ч буцаад татварыг төвлөрүүлэх, зарцуулах зохицуулалт нь амьдралд нийцэхгүй байгаа талаар ярилцаж, шүүмжлэх болсон.

Дээр дурдсан нөхцөл байдал нь цаашид Монгол Улс бэлчээрийн уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх, нүүдлийн соёл иргэншлийг хадгалах боломж улам бүр хязгаарлагдаж, монгол ахуй, малчдын амьжиргаанд сөрөг олон нөлөөлөл үзүүлэхээр байгаа тул төрийн бодлогын хүрээнд бэлчээрийн газар, бэлчээр ашиглах, хамгаалах харилцаанд эрх зүйн зарим зохицуулалтыг хийх практик шаардлага хэдийн үүсчээ гэж харж байна. Иймд шинээр боловсруулж байгаа Малчны эрх зүйн байдлын тухай хуулиар малчдын ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх талаарх зохицуулалтын хүрээнд эдгээр тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж урьдчилсан байдлаар төлөвлөж байна.

-Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэй холбоотой багц асуудал байна гэж ярилаа. Мал аж ахуйн үйлдвэрлэл дээр ямар эрсдэл, хохирол их гардаг, үүнийг яаж шийдвэл зохистой вэ?

-Дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлт манай орны байгаль экологид шууд нөлөөлөл үзүүлсээр байна. Судлаачид сүүлийн 70 гаруй жилд Монгол Улсад агаарын дундаж 2.24 хэмээр нэмэгдэж, 2050 он гэхэд 2.1-3.0 хэмээр дулаарах, хур тунадас 2030 он гэхэд 15 хүртэл хувиар нэмэгдэх, түүнээс хойших хугацаанд 50.0 хүртэл хувиар өсөх хандлагатай байгааг урьдчилан гаргасан байна. Малчдын амьдрал, мал аж ахуйд үзүүлсэн нөлөө нь бэлчээрийн газрын хөрсний үржил шимийн доройтол, ургамлын зүйлийн бүрэлдэхүүний болон ургацын өөрчлөлт, гол горхи, булаг шанд ширгэсэн байдал гээд олон зүйл байгаа. Би яг энэ чиглэлийн мэргэжлийн хүн биш учраас нарийн тоог хэлж чадахгүй байна.

-Уур амьсгалын өөрчлөлт малчдын ахуй амьдралд хэр нөлөөлж байгаа талаарх судалгаа мэдээлэл байна уу?

-Судалгааны тайлангаас уншиж байхад уур амьсгалын өөрчлөлтөөс нөлөөлөлтэй ган, зудын хор уршиг малчдад хүндээр тусч байсан. Сүүлийн 70 жилд гэхэд манай улсад 13 удаагийн томоохон зуд тохиож, нийт 44.0 сая мал хорогджээ. Мөн 2009-2010 оны зуднаар гэхэд нийт 9.7 сая мал хорогдож, 8.6 мянган малчин өрх малгүй болж, 32.8 мянган малчин өрх малынхаа 50 хувийг алдсан байна. Энэ эрсдэл хойшид ч гарах магадлал өндөр байгаа юм байна лээ. Нийгэмд үүсдэг бас нэг нөлөө нь байгалийн давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр малгүй болсон малчид төв суурин газарт ажлын байр, амьжиргаа бараадаж ирдгийг та, бид мэднэ. Энэ нь хотын төвлөрөл, агаарын бохирдол үүсэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлөл үзүүлдэг ч гэдэг. Хойшид энэ эрсдэл үүсэх магадлал хэвээр хадгалагдаж байгаа. Иймд хотоос хөдөө рүү шилжиж, малчнаар ажиллах шилжилт хөдөлгөөнийг дэмжих зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Таны танилцуулгад “Өвөлжөө, хаваржааны доорх газрыг малчин өрхөд өмчлүүлэх эрх”-ийн талаар асуудал хөндөгдсөн. Малчдад өмчлөлийн эрх нээх нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалттай зөрчилдөх магадлалтай гэж зарим хүн үзэж байх шиг байна. Энэ талаар ямар тайлбар хийх вэ?

-Хэлэлцүүлгийн үеэр яригдсан зарим асуудал олон хүний анхаарлыг татаж байх шиг байна. Олон хүн тал бүрийн чиглэлээр ч асууж байна. Малчдад тулгардаг шийдвэрлэвэл зохих асуудал нь өвөлжөө, хаваржааны асуудал яах аргагүй мөн. Газрын харилцааны аливаа асуудалд гоомой хандаж болохгүй нь ойлгомжтой. Гэхдээ нийгэмд үүсчихээд байгаа газрын харилцаатай холбоотой зарим тулгамдсан нөхцөл байдлыг бид ард нийтээрээ ярилцах хэрэгтэй. Ийм чухал цаг үеийг хойшлуулаад байх нь ихээхэн хор уршигтай. Жишээ нь, 30-аад жилийн өмнө Улаанбаатар хот болон аймгийн төвд орон сууцад амьдарч байсан хүмүүст сууж байсан байрыг нь, малчдад малыг нь өмчлүүлж манай улс өмчийн харилцаандаа эрс өөрчлөлт хийж байсан түүх бий.

Тэгвэл 10 гаруй мянган жилийн хугацаанд нүүдлийн, бэлчээрийн мал аж ахуй эрхэлж ирсэн түүх, өв уламжлал, өвөрмөц байдлаа хадгалах зорилгоор дэлхий нийтийн нийгмийн хөгжлийн өөрчлөлтийн хандлага, органик хүнсний зах зээлийн эрэлтийг харгалзан, Үндсэн хуульд “Мал сүрэг үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг хэрэгжүүлж, өвөл, хаврын эрс тэс хатуу уур амьсгалд мал сүргийг дулаан хэвтэр, бууцандаа тав тухтай байлгах нөхцөлөөр хангаж, жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж амьжиргааны үндсэн орлогоо олдог малчин өрхөд гэр бүлийн хэрэгцээний аж ахуй эрхлэх зориулалтаар эрх бүхий байгууллагаас тогтоосон хэмжээнд өвөлжөө, хаваржааны малын байр, хашаа, монгол гэр, сууцын доорх газрыг нэг удаа үл хөдлөх хөрөнгийн эрхтэй байх эрх зүйн шинэчлэлийн зохицуулалт яагаад хийж болохгүй гэж. Уг асуудлыг судалж, шийдвэрлэх асуудлын нэг гэж бодож байгаа. Тэр тусмаа дэлхий нийтэд сүүлийн 10-аад жилийн туршид мал, амьтны тавлаг байдлын таван эрх чөлөөг хангах асуудлыг өргөн хүрээнд ярих болсон цаг үе шүү дээ. Ингэхдээ мэдээж шинээр боловсруулах хуулийн төслийг Үндсэн хууль, болон бусад холбогдох хуулийн зохицуулалтад нийцүүлэх нь зүйн хэрэг.

-Малчдын өвөлжөө, хаваржааны доорх газрын асуудал одоо ямар эрх зүйн зохицуулалттай байгаа вэ?

-Газрын тухай хуулийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж заасны дагуу өнгөрсөн хугацаанд иргэд, малчид, мал бүхий этгээд хүсэлт гаргаж, түүнийг нь үндэслэн өвөлжөө, хаваржааны доорх газарт эзэмшлийн гэрчилгээ олгож байгаа. Гэвч уг эзэмшлийн гэрчилгээг огт малгүй эсхүл цөөн тооны малтай, 1000-аас дээш малтай мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, эсхүл гэр бүлийн гишүүд тус тусдаа гаргуулж авчихаад түүнийгээ арилжаалдаг явдал амьдрал дээр байна. Зарим айл гурав ба түүнээс дээш өвөлжөө, хаваржаан дээр гэрчилгээ авсан баримт ч байна. Ялангуяа зарим сум, багт бэл бэнчин арвинтай хотын малчид эсхүл их малтай хүмүүс туслах малчид ажиллуулж, тэдгээрийнхээ нэр дээр өвөлжөө, хаваржааны доорх газрын эзэмшлийн гэрчилгээг авахуулчихсан байдаг. Тэд бүтэн ам, жалгаар нь их хэмжээний газарт эзэн суучихаад хажуу хавирганы айлын малыг бэлчээхгүй байх, хөөж туух, түүнээс үүдэлтэй маргаан, зодоон гарах, тэр бүү хэл хүний амь нас эрсэдсэн тохиолдол гурван ч аймагт гарсан.

“Дундаа хамтран” гэсэн заалт нь төдийлөн харгалзах үзүүлэлт болж чаддаггүй гэж орон нутгийнхан ярьж байна. Энэ бүхэн юуг харуулж байна вэ гэхээр өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмшиж болно гэсэн зохицуулалтад хийдэл, зөрчил хэдийн үүсчихээд байгааг илтгээд байгаа юм. Иймд эрх зүйн хүрээнд энэ харилцааны зохицуулалтыг улам боловсронгуй болгох шаардлага нийгэмд байна гэж хэлж болно.

-Өвөлжөө, хаваржааны доорх газрыг өмчлөх эрхийг нээчихвэл нөгөө малчид маань мөнгөний хэрэг гарлаа гээд бусад хүмүүст, ялангуяа гаднынханд худалдан борлуулах асуудал үүсч, энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлчих вий гэх болгоомжлол заримд нь байгаа?

-Газрын тухай хуульд тодорхойлсноор "газар эзэмших" гэдэг нь гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу газрыг хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах, харин “газар өмчлөх” нь тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахтай холбогдсон харилцаа юм. Энэ харилцааны давуу ба сул талыг бид ярилцаж, ялгаа заагийг нь нарийвчлан тогтоох, зохицуулах шаардлага нийгэмд үүсээд байна. Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн гурав дахь хэсэгт ”Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах...” гэж заасан. Түүнээс биш үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц асуудал, малчдад нийт газар нутаг болон бэлчээрийг өмчлүүлэх тухай бид яриагүй.

Юуны өмнө өвөлжөө, хаваржааны доорх газар гэж юу вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй.Газрын тухай хуульд зааснаар бэлчээр нь мал, амьтан бэлчээх зориулалттай байгалийн болон таримал ургамлын нөмрөг бүхий хөдөө аж ахуйн газарт хамааруулсан газрыг, харин “нийтийн эдэлбэрийн газар” нь зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг гэж тодорхойлсон. Улсын тусгай хэрэгцээний газарт “Улсын тусгай хамгаалалттай газар, улсын хилийн зурвас газар, улсыг батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон газар, гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газар, шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбай, аймаг дундын отрын бэлчээр, улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай, чөлөөт бүсийн газар, үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар, аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газар” тус, тус хамаарч байгаа.

Тэгэхээр бид нухацтай судалж, дахин, дахин хэлэлцүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Эхний хэлэлцүүлгийн явцад нэгэн оролцогч “Гишүүн ээ, шинээр боловсруулах хууль чинь “Малчны үндсэн хууль” болох хэрэгтэй шүү” гэж захиж байсан. Ингэхээр бид хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийг Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлж, Газрын тухай болон бусад хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх, шаардлагатай зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар дагалдах хуулийн төслийг боловсруулах, малчин, малчин өрх, мал бүхий этгээдэд хамааралтай харилцааны эрх зүйн орчинг боловсронгуй, нэгдмэл, зөрчилгүй болгох, малчны эрх ашгийг хангах, хамгаалах боломжуудыг судалж, шийдлийн гарцыг нарийвчлан тодорхойлох болно.

-Малчны эрх зүйн байдлын тухай хуулийн төслөөр зохицуулах гол харилцааг боловсруулахдаа ямар, ямар эрх зүйн баримт бичиг дээр тулгуурласан бэ?

-Малчны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг салбарын эрдэмтэн, судлаачид, энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагуудын өмнө нь хийсэн судалгаа, дүгнэлт, малчдын улсын болон орон нутгийн зөвлөгөөн, форум, хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж, уриалгад дэвшүүлсэн асуудлуудыг нэн түрүүнд судалж үзсэн байгаа. Мөн хууль, тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судалсан суурь судалгаанууд дээр тулгуурлан Малчны эрх байдлын тухай хуулийн төслөө боловсруулаад байна. Эхний хэлэлцүүлгийн үеэр бэлчээр, газар өмчлөлийн асуудал нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татлаа.

Уг нь энэхүү хуулиар малчныг тойроод үүсдэг асуудлыг цогцоор нь зохицуулах юм. Хуулийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлсэн байгаа. Одоогоор тус хуулийн төсөлд малчны эрх зүйн байдлыг тогтоох, тэдгээрийн үйл ажиллагааны тогтвортой хөгжлийг хангах, хариуцлагатай нүүдэлчин малчныг үнэлэх зарчим, шалгуурыг тогтоох, малчны өөрөө удирдах байгууллагын тогтолцоо, эрх, чиг үүргийг тодорхойлох, малчдыг хөгжүүлэх, чадавхжуулах, цахимжуулах зэрэг харилцааг зохицуулахаар тодорхойлоод байна. Өмнө нь хэлсэнчлэн энэ асуудлыг ултай суурьтай судлах шаардлагатай тул малчид гэлтгүй мэргэжлийн холбоод, сонирхогч этгээдүүд гээд олон талын хэлэлцүүлгүүд хийж, саналыг нь тусгахаар төлөвлөн ажиллаж байгааг онцлох хэрэгтэй.

С.ӨЛЗИЙ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Дотоодын хүнсний бүтээгдэхүүнийхээ нөөц хангамжийг нэмэгдүүлэх замаар иргэдэд ирэх үнийн өсөлтийг бууруулах бодлого барьж байна
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Дотоодын хүнсний бүтээгдэхүүнийхээ нөөц хангамжийг нэмэгдүүлэх замаар иргэдэд ирэх үнийн өсөлтийг бууруулах бодлого барьж байна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.