Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Дотоодын хүнсний бүтээгдэхүүнийхээ нөөц хангамжийг нэмэгдүүлэх замаар иргэдэд ирэх үнийн өсөлтийг бууруулах бодлого барьж байна

-Хөдөө аж ахуйн үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлд хөндлөнгийн ямар нэгэн нөлөөлөл орох боломжгүй-

-Хаврын тариалалт хаяанд ирлээ. Тариалалтын бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна вэ?

-Манай салбарын хувьд хаврын тариалалтын оргил цаг ирж байна. Өнгөрсөн жил бид 30 жилийн өмнөхтэй тэнцэхүйц хэмжээний өндөр үр дүнтэй ургац авсан. Энэ бол Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, тариаланчид технологийн цаг хугацаанд шаардлагатай арга хэмжээг хугацаа алдалгүй авч хамтран ажилласны үр дүн байлаа. Өнөөдөр цар тахал тодорхой хэмжээгээр хумигдаж Монгол Улс шар түвшин рүү шилжиж зэрэглэл буурлаа. Маскаа зүүхээс бусад зүйлийг хориглохгүй байгаа нь бид бараг хэвийн амьдралдаа шилжлээ гэсэн үг. Гэтэл залгуулаад дэлхийн зарим улсуудад үүссэн тайван бус байдал нь өнөөдөр бидэнд байж болох том эрсдэлийг анхааруулж байна. Тиймээс манай салбар илүү хариуцлагатай байх ёстой. Дэлхий нийтийг хамарсан хүнсний хомсдол бий болох эрсдэл харагдаж байна. Энэ эрсдэлд бид бэлэн байх ёстой. Тиймээс дотоодоосоо хүнсний хангамж, бэлэн байдлаа бүрэн хангасан байх ёстой гэсэн зорилтыг тавьж байна.

-Тайван бус байдалд бэлэн байх ёстой гэж та хэллээ. Тэгвэл хүнсний ногоогоо дотоодоосоо бүрэн хангах, ургац хураалтаа бүрэн авах чиглэлд ямар ажил, арга хэмжээ өрнүүлж байна вэ?

-Өнгөрөгч онд газар тариалангийн салбарт бодлогын тодорхой арга хэмжээнүүд авсан. Тухайлбал, дотоодын хүнсний хэрэгцээгээ бүрэн хангахаас гадна хүнс экспортлогч улс болно гэсэн зорилтыг Засгийн газар тавьсан. Энэ хүрээнд өнгөрсөн жил импортлогч оронтой хорио цээр, протоколоо тохироод өнөөдрийн байдлаар Монгол Улсын гурил үйлдвэрлэгч 13 аж ахуйн нэгж гадаад зах зээл рүү гурил экспортлох эрхээ авчихлаа. Энэ нь Монгол Улс цаашид газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэхэд маш том дэмжлэг болно. Зөвхөн дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй Өмнө нь зөвхөн дотооддоо 310 мянган тонн улаанбуудай үйлдвэрлэдэг байсан бол энэ тоо хэмжээг нэмэгдүүлэх, тээрэмдээд экспортлох боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, тээрэмдэх боломж, боловсруулах үйлдвэрийн хүчин чадал хангалттай байна. Монгол Улсад өнөөдөр сая тонн гурил тээрэмдэх хүчин чадал бүхий үйлдвэрүүд байна л даа. Эдгээр үйлдвэрүүд хүчин чадлынхаа 30 хүрэхгүй хувийг ашиглаж байгаагаас цаана нь 70 хувийн нөөц үлдэж байна. Үлдэж байгаа энэ хэмжээгээр улаанбуудайн тариалалтаа нэмэгдүүлэх боломж нь гарсан. Энэ бол бид хүнс экспортлогч улс болох эхлэлээ тавьж байна гэсэн үг. Нөгөө талд Засгийн газар Атрын IV аяныг “Эх орны эрүүл хүнс” уриан дор өрнүүлж байна. Энэ хүрээнд хүнсний ногоогоо дотоодоосоо хангадаг болох зорилт тавьсан. Өнгөрөгч онд дотоодын хэрэгцээнийхээ 60 хувийг хангасан. Энэ жил үе шаттайгаар нэмэгдүүлж 100 хувь хангахаар ажиллаж байна. Тиймээс газар тариалангийн салбар буюу хүнсний ногоочдоо дэмжих чиглэлээр Засгийн газар тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж байна. Засгийн газраас өнгөрөгч жил эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Үүний үргэлжлэл болгож энэ жил хөдөө аж ахуйн салбарт 400 тэрбум төгрөгийн гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг гаргахаар Засгийн газар шийдвэрлэлээ. Ингэхдээ тариаланчиддаа зориулж хаврын технологийн хугацаанд үр тариагаа тарих, уринш бэлтгэхэд зориулж 100 тэрбум төгрөгийг хоёр жилийн хугацаатай гурван хувийн хүүтэй зээл олгоно. Энэ бол том дэмжлэг гэж харж байна. Атрын аянууд хэрэгжсэний үр дүнд Монгол Улсын үр тарианы салбарын 85 хувь нь механикжсан. Харин хүнсний ногоочид маань төдийлөн механикжиж чадаагүй, гар аргаар хүнсний ногоогоо тарьж байна. Нөгөө талд хүнсний ногоочид руу тодорхойлон чиглэсэн бодлого хангалтгүй байсан. У.Хүрэлсүхийн Засгийн газрын үеэс эхэлж хаврын тариалалтад зориулж үр тарианы зээл гаргадаг болсон ч хүнсний ногоочид хамрагдаж чадалгүй хоцорчихоод байна. Тиймээс энэ удаад ногооны тариалан эрхлэгчиддээ зориулж гурван хувийн хүүтэй 50 тэрбум төгрөгийн зээлийг хоёр жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс гадна гурил тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд зориулж үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгө, түүхий эдээ бэлтгэх эргэлтийн хөрөнгийг дэмжих зорилгоор 40 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай гурван хувийн хүүтэй олгоно. Энэ бол энэ жилийн тариалалт болон газар тариалангийн салбарт маш том дэмжлэг болно гэж харж байна.

-Тариаланчдаа дэмжих зорилгоор зээлээс гадна хүнсний ногоонд урамшуулал олгох нь гэж ойлгосон...?

-Тийм. Анх удаа хүнсний ногоонд урамшуулал өгөхөөр боллоо.Өнөөдөр Монгол Улс төмсний тариалалтаараа дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаж байна. Одоо бид ил талбайн таримал буюу байцаа, лууван, шар манжин, хүрэн манжин, сармис, сонгино гэсэн зургаан төрлийн ногоогоороо дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангая. Дараа нь хүлэмжийн таримлуудаараа 100 хувь хангах ажлыг үе шаттай хийе гэж байгаа юм. Тиймээс энэ зургаан бүтээгдэхүүнийг тариалж дотоодын үйлдвэрүүд болон боловсруулах үйлдвэр, худалдааны байгууллагуудад шаардлага хангасан хүнсний ногоогоо тушаасан тариаланчдад тонн тутамд 100 мянган төгрөгийн татаасыг олгохоор эхний ээлжинд шийдвэрлээд байна. Энэ бол хүнсний ногоочдод дэмжих том дэмжлэг юм. Учир нь нэг талаас зээлээр эргэлтийн хөрөнгийг нь дэмжиж байна. Нөгөө талд намрын ургацын үр дүнд үндэслэн татаас өгч байна шүү дээ. Энэ татаасыг урамшуулал гэж харахаас илүү үнийн зөрүү гэж харах хэрэгтэй. Учир нь импортоор орж ирсэн ижил төрлийн ногоонууд дотооддоо тарьсан хүнсний ногооноос илүү хямд үнээр борлуулагддаг. Тиймээс энэ үнийн өртгийн зөрүүг олгож ногоочдоо дэмжье гэсэн шийдвэрийг Засгийн газар гаргасан.Үүнээс гадна хүлэмжийн аж ахуй эрхлэгчдээ ч орхигдуулаагүй. Өмнө нь Засгийн газраас хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд 22:00-06:00 цагийн хооронд цахилгааны хөнгөлөлт үзүүлдэг байсан. Бид хөнгөлөлтийн хугацааг тооцож үзээд аравдугаар сарын 15-наас тавдугаар сарын 1 хүртэл 18:00-06:00 цаг болгож хугацааг нь нэмэгдүүлсэн. Энэ урамшууллыг нэг м.кв тутамд 0.768 кВт/цагаар тооцож олгох шийдвэрүүдийг Засгийн газар гаргасан.Түүнчлэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зээлийн 150 орчим тэрбум төгрөгийг ноолуурын бэлтгэл үйлдвэрлэлд зориулж гаргаж байна. Дотоодын ноолуурын үйлдвэрлэлийн компаниуд түүхий эдээ бэлтгэх цаг нь ирсэн. Гуравдугаар сарын 20-ноос ноолуур гарч эхэлнэ. Тиймээс аж ахуйн нэгжүүд түүхий эдээ авах эргэлтийн хөрөнгийн дэмжлэг болгож 150 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэй олгож байна. Ноос бэлтгэл, үйлдвэрлэлд зориулж 25 тэрбум төгрөгийг хоёр жилийн хугацаатай өгч байна. Ноос, ноолуур гээд хамтад нь гаргачихаар ноолуур нь түлхүү явчихдаг байсан учраас ноолуур 150 тэрбум, ноос 25 тэрбум, арьс, шир бэлтгэл үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөг гэж ангилж гаргаж байгаа. Хөнгөлөлттэй зээлийн зорилтот бүлэг буюу аж ахуйн нэгж, иргэддээ шууд хүрдэг байдлыг нэмэгдүүлэх зорилгоор ингэж ангилсан.

-Зээл гаргахаар эрх мэдэл бүхий хүмүүс хуваагаад авчихдаг гашуун туршлага бидэнд бий шүү дээ. ЖДҮ, 10 тэрбум, Хөгжлийн банк гээд дурдаж болно. Хөдөө аж ахуйн үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлд ийм асуудал давтагдахгүй гэхийн аргагүй. Хариуцсан сайдын хувьд та энэ чиглэлд ямар хатуу бодлого барьж байгаа вэ?

-Хөдөө аж ахуйн үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн онцлог нь сая хэлсэнчлэн эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийн үргэлжлэл болж гарч байгаа. Тиймээс 10 их наядын хэрэгжүүлсэн журмаар явна. Арилжааны банкинд байгаа эх үүсвэрийг яг саяны ангилсан ангилалд гаргана. Нэг ёсондоо Засгаас ямар нэгэн эх үүсвэр гаргахгүй. Харин арилжааны банкнаас 10.5 хувийн хүүтэй гардаг зээлийг гурван хувийн хүүтэйгээр зорилтот бүлэгт олгож зөрүү болох 7.5 хувийн хүүг Засгийн газар тухайн арилжааны банкуудад төлнө. Тиймээс үүн дээр ямар нэгэн эрх ашгийн ч юмуу хөндлөнгийн нөлөөлөл орох боломжгүй. Цэвэр арилжааны банкны системээр энэ зээлийг олгоно. Иргэд хөдөө аж ахуйн зээлийг хэрэгжүүлэх банкуудад очиж зээлээ судлуулж, зээл авах боломжтой. Зээлийн шалгуураа хангавал гурван хувийн хүүтэй зээл авна. Зээлдэгчийн төлөх ёстой зээлийн хүүний 7.5 хувийг нь Засгийн газар арилжааны банкинд зээлдэгчийн өмнөөс төлнө гэсэн зарчим юм.

-Хаврын тариалалттай холбоотойгоор тариаланчдад хавар шатахууны хямдрал олгодог. Энэ ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа бол. Гадаад орчинд үүссэн нөхцөл байдал нөлөөлөх асуудал ажиглагдаж байна уу?

-Энэ жил хаврын тариалалтыг дэмжих зорилгоор нийтдээ 13.8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. Үүнээс тариаланчдад 6.5 тэрбум төгрөгийн шатахууныг 50 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр олгоно. Хаврын тариалалт намрын уринш боловсруулалт, ургац хураалтад нийт таван мянган тонн шатахуун хэрэгтэй байна. Үүний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байлгах, хангамжийн асуудлыг шийдвэрлүүлэх чиглэлд УУХҮ-ийн сайдтай хамтран ажиллаж байна. Тариалалтын үеэр ямар нэгэн шатахууны хомстол үүсгэхгүй байх чиглэлд УУХҮЯ-тай хамтарч арга хэмжээ авч ажиллаж байна. Үүнээс гадна үр тарианы үйлдвэрлэлд шаардагдах бордоо, ургамал хамгааллын бодист 5.1 тэрбум төгрөг, төмс, хүнсний ногооны ургамал хамгааллын бодист 1.4 гээд нийт 13.8 тэрбум төгрөгийн дэмжлэгийг Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан тариаланчдад үзүүлнэ. Бордоог 30 хувийн урьдчилгаа төлбөртэй намрын ургацаас нөхөн бүрдүүлж төлбөрийг суутгаж авах зарчмаар олгоно. Бид хойд хөршөөс жилд дунджаар 6500-7000 мянган тонн бордоо импортолдог. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ 200 гаруй бүтээгдэхүүнд экспортын хориг тавьсан. Энд хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн орсон. Гэхдээ энэ хоригт манай улсад ямар нэгэн саад бэрхшээл үүсэхгүй гэдгийг Гадаад хэргийн яам бидэнд албан ёсоор мэдэгдсэн. ОХУ-ын тавьж буй хоригт бүх төрлийн бордоо, будаа, үр тариа, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж орсон ч энэ нь манай улсад хамаарахгүй. Үүнийг Гадаад хэргийн яам тодруулж бидэнд мэдээлсэн. Тиймээс бидэнд одоохондоо ийм хүндрэл гарахгүй нь гэж ойлгож болно. Гэхдээ ОХУ-аас жилд дунджаар 6500-7000 мянган тонн бордоо авдаг учраас эрсдэл үүсч магадгүй гэж үзээд өнгөрөгч нэгдүгээр сард ОХУ-ын Аж үйлдвэрийн яаманд хандсан. Одоогийн байдлаар 10 мянган тонн бордоо нийлүүлэх боломжтой аж ахуйн нэрсээ ирүүлсэн. Бид импортоор авах аж ахуйн нэгжүүддээ энэ мэдээллийг өгч бордоогоо татах чиглэлд хамтран ажиллаж байна. Хаврын тариалалтад бордоо болон ургамал хамгааллын бодисын тасалдал, дутагдал гаргахгүй байх чиглэлд арга хэмжээ авч ажиллаж байна.

-Өөр гарц шийдэл байна уу. 10 мянган тонн гэхээр өөр гарц шийдэл яах аргагүй хэрэгтэй байна, тийм үү?

-Одоогийн байдлаар БНХАУ, Узбекистан, ОХУ нийтдээ 4350 тонн бордоо татаж гэрээ хэлцэл хийсэн байна. Энэ цаашид нэмэгдээд явна. Ойролцоогоор 7000 мянган тонн бордоо хэрэглэдэг гэж тооцохоор болохоор байгаа юм. Сая хэлсэнчлэн ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн яамнаас тус улсын 10 нэр бүхий үйлдвэрээс манай улсад 10 мянган тонн бордоо нийлүүлэх зөвшөөрөл олгосон. Үүнийг бордоо нийлүүлэгч 14 аж ахуйн нэгждээ хүргүүлсэн. Тэдгээр байгууллагууд хувиараа гаргаад татаж авахаар ажиллаж байна. Одоогоор ямар нэгэн хүндрэл гараагүй байна.

-Хятадууд монголчуудаар дамжуулж манай ноолуурыг хамж авдаг, тэд л ноолуурын үнийг тогтоодог нь нууц биш. Одоо ноолуурын бодит үнэ хэдээс эхэлж байна вэ. Зүүн аймгуудад ноолуур хэдийнэ гараад эхэлчихсэн шүү дээ?

-Энэ жил ноолуурын үнэ өнгөрөгч оны түвшинд хүрэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Цар тахлын улмаас Хятадын боловсруулах үйлдвэрүүд түр зогсолт хийснээр самнасан ноолуурын үнэ огцом буурсан. 2020 оны зургадугаар сараас эхлэн Хятадын Засгийн газар эдийн засгаа сэргээх олон арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг нь ноолуурын арга хэмжээ. Үүний үр дүнд ноолуурын үнэ тогтворжчихсон. Одоо үүнийг дагаад самнасан ноолуурын үнэ дэлхийн зах зээл дээр, тэр дундаа гол боловсруулах зах зээл болох Хятадын зах зээл дээр өндөр байгаа. Тиймээс түүхий эдийн үнэ буюу малчдын гар дээрх ноолуурын үнэ өнгөрсөн оны түвшинд байх болов уу гэсэн хүлээлт байна. Нөгөө талд боловсруулах үйлдвэрүүдэд зориулж 150 тэрбум төгрөгийг хоёр жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэхээр болсныг сая хэлсэн шүү дээ. Хятадууд манай ноолуурыг хамдаг гэдэг асуудлыг татварын бодлогоор хязгаарлана. Монгол Улсын хилээр түүхий ноос, ноолуур гаргахгүй. Зөвхөн угааж, санасан хэлбэрээр гаргана. Монголд анхан шатны боловсруулалт хийгдэж гардаг систем рүү бид шилжсэн.

-Ноолуур, хаврын тариалалтаас гадна нөөцийн махны талаар танаас асуух ёстой байх. Нөөцийн мах хэзээнээс худалдаалагдах вэ. Чанарын болон бусад асуудалд хэрхэн анхаарч, зохицуулж байна вэ?

-Засгийн газраас төвлөрсөн суурин газрын хүн амын хүнсний аюулгүй байдал, нөөцийн хэрэгцээг хангах чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгаа. Цар тахлын үед хүнсний бүтээгдэхүүний тасалдал, үнийн хөөрөгдлийг аль болох үүсгэхгүй байхад онцгой анхаарч ирлээ. Үүний нэг бэлтгэл арга хэмжээ нь Засгийн газар төв суурин газрын иргэддээ зориулж мах нөөцөлсөн. Ингэхийн тулд бид 100 тэрбум төгрөгийн гурван хувийн хүүтэй зээлийг өнгөрөгч наймдугаар сард гарсан. Энэ хүрээнд 23 аж ахуйн нэгж энэ жилийн нөөц махыг бэлтгэсэн. 12.5 мянган тонн нөөцийн мах бэлэн болчихсон байна. Нөөцийн махны чанарт МХЕГ, Нийслэл зэрэг холбогдох газрууд удаа дараагийн хяналт шалгалт хийсэн. Нөөцийн махны чанарт эргэлзэх зүйлгүй. Гуравдугаар сарын 25-наас эхлэн нөөцийн махыг нийтэд худалдаанд гаргана. Хаврын махны хэрэглээг дэмжих, иргэдэд ирэх үнийн өсөлтийн дарамтыг бууруулах зорилгоор нөөцийн махыг бэлтгэсэн. Ер нь хүнсний бүтээгдэхүүний хувьд цаашид үнэ өсөх хандлага харагдаж байна. Энэ нь гадаад орчинд үүсээд байгаа ковид болон дэлхийн тайван бус байдлаас хамаарч дэлхийн зах зээл дээр хүнсний бүтээгдэхүүн 20-35 хувиар өсчихөөд байна. Энэ бүхэн бидэнд үнийн өсөлт болж ирнэ. Тэгэхээр Засгийн газар нөгөө талдаа өөрсдийн үйлдвэрлэж бий болгож байгаа хүнсний бүтээгдэхүүнийхээ нөөц хангамжийг нэмэгдүүлэх замаар иргэд дээр ирэх үнийн өсөлтийг бууруулах бодлого барьж ажиллаж байна.

-Манайх хөдөө аж ахуйн орон. Гэтэл уул уурхайн салбарын нуруун дээр л бид явж байна шүү дээ. Хөдөө аж ахуйг хөгжүүлэх, энэ салбарыг “эдийн засгийн тоглогч” болгох бодлого ямар байх ёстой юм бэ сайд аа?

-Монгол Улсын Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогыг баталж, Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг тодорхойлсон. Дурдвал, боомтын хүчин чадал, эрчим хүч, дэд бүтэц, хот хөдөөгийн тэнцвэргүй хөгжил, төрийн бүтээмж зэрэг зургаан хязгаарлагч хүчин зүйлийг тодорхойлсон. Эдгээр зургаан зүйлийг шийдвэрлэснээр Монгол Улс шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтносон улс болох боломжтой. Манай салбарын хувьд хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах чиглэлд илүү анхаарч Засгийн газрын бодлогын түвшинд энэ асуудлуудыг гаргаж ирсэн.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах чиглэлд бид дорвитой арга хэмжээнүүдийг авах ёстой. Нэгдүгээрт, Монгол Улс малын гаралтай түүхий эдээ боловсруулдаг байх хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэн маань энэ чиглэлд үйлдвэрийг хөгжүүлж тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулж байна. Гэхдээ энэ нь нийт малаас гарч байгаа түүхий эдийг бүрэн боловсруулах хэмжээнд хүчин чадал нь хүрэхгүй байгаа юм. Тиймээс Засгийн газраас дэвшүүлсэн зорилтынхоо хүрээнд 2024 он гэхэд арьс ширний боловсруулах үйлдвэрийг Дархан-Уул аймагт бий болгоно. Мөн Ховд аймагт ноос, ноолуур угаах аж үйлдвэрийн парк байгуулна. Энэ ажлуудын ТЭЗҮ хийгдэж дууссан. Одоо санхүүжилтийн схемээ хөрөнгө оруулагч тал болох Италийн талтай тохирохоор ажиллаж байна. Бид малчдын орлогыг нэмэгдүүлэх, түүхий эдийн чанарыг сайжруулчихвал үр дүнд нь Монгол Улс малын гаралтай арьс ширний эцсийн бүтээгдэхүүнийг экспортлогч болоход том түлхэц болно гэж харж байна. Үүнийг дагаад хөдөө орон нутагт ажлын байр бий болно, малын түүхий эд бэлтгэлийн тогтолцоо сайжирна.

-Манай улс аль аль салбартаа боловсруулах үйлдвэр барьж, эцсийн бүтээгдэхүүн гаргах нь эдийн засгийн хувьд өгөөжтэй баймаар юм. Энэ талаар тодруулбал?

-Хөдөө аж ахуйн биржийн системийн суурь үндэс нь түүхий эд бэлтгэлийн тогтолцоо юм. Боловсруулах үйлдвэрүүд сайжраад ирэхээр түүхий эдэд тавих шаардлага өндөрсөнө. Үүнийг дагаад малчдын түүхий эдээ бэлтгэхэд дэвшил гарна. Манайхан арьс шир бэлтгэхдээ урагдалтай, малын өвчлөлттэй, шарх сорвитой, эсгэлттэй бэлддэгээс болж гадаад зах зээлд манай арьс шир голлогддог. Тиймээс боловсруулах үйлдвэрийн стандарт нэмэгдэхийн хэрээр тавигдах стандарт болон мал эмнэлгийн үйл ажиллагаа, түүхий эд бэлтгэлийн тогтолцоо шинэ түвшинд гарна. Энэ нь малчдын орлого нэмэгдэх, хоршоолж ажиллах, орон нутагт ажлын байр бий болгох чиглэлд илүү том бодлогын системтэй арга хэмжээ болж байгаа юм. Малчдын хоршооллыг дэмжсэн Хоршооллын тухай хуулийг УИХ-д өргөн барьж батлуулсан. Хоршоолол гэдэг бол дундын өмчлөл дээр явдаг. Хоршоолол болох малчид тариаланчид, жижиг дунд үйлдвэрлэгч хоршоологчдын дундын өмчлөлийг санхүүгийн дэмжлэг авах банк санхүүгийн салбарт барьцаа хөрөнгөөр бүртгүүлэх, дэмжлэг авах эрх зүйн орчныг Хоршооллын тухай хуулиар боловсронгуй болгосон.

Нөгөө талд агропаркуудыг байгуулах ёстой. Засгийн газар газар тариалангийн бүс нутгаар Дархан, Сэлэнгэ, Булганы бүс нутгийг тогтоосон. Энэ бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлье гэж байгаа юм. Үүнтэй зэрэгцээд агропаркууд энэ бүс нутаг руу хөгжих ёстой. Дархан, Сэлэнгийн бүс нутагт хүнсний үйлдвэрлэлүүд, хүнсний ногоо нөөшлөгч үйлдвэрүүд төвлөрч болох нь. Харин баруун бүсэд Ховд аймаг, зүүн бүсэд Дорнод ч гэдэг юмуу ингэж кластер болгож хөгжүүлье гэж зорьж байна. Үүнийг агропарк хөгжүүлэх паркийн тухай хуулиар эрх зүйн хувьд дэмжиж өгье гэж байгаа юм. Хэрвээ орон нутагт агропаркийн бизнес эрхэлбэл татварын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг тодорхой болгоё гэсэн хуулийн үзэл баримтлал ажлын хэсэгт яригдаж байна. Ингээд кластерын системээр хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах чиглэлд орон нутгуудад боловсруулах үйлдвэрүүд, паркуудыг бий болгоно. Шинэ сэргэлтийн хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах үндсэн концепц нь орон нутагт ажлын байр, залуусын урсгалыг бий болгож татварын бодлогоор дэмжинэ.

Түүнчлэн Засгийн газар Дорнод, Булган, Архангай, Ховд гэсэн дөрвөн аймагт махны жишиг үйлдвэр барих гэж байна. Энэ бол мал аж ахуйн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, шууд экспортын баримжаатай болгох зорилгоор тусгаарлах зоон бүхий жишиг үйлдвэр байх юм. Энэ үйлдвэрт нэг дор 20 мянган малыг тусгаарлаж мал эмнэлгийн цахим бүртгэлийн хяналтад бүртгэлжүүлж вакцинжуулаад, вакцины 28-30 хоногт тухайн малыг тусгаарлаж эрүүл болгосныхоо дараа шахан бордоно. Ингээд гарал үүсэл нь тодорхой эрүүл малаа нядлаад махыг нь савлан экспортод гаргах, түүхий эдийг нь боловсруулах үйлдвэр рүү явуулах зохицуулалттай үйлдвэрийг барих гэж байна. Манайд шахан бордох, тусгаарлах бүхий ийм үйлдвэрүүдэд өнөөдөр алга. Ийм жишиг үйлдвэртэй болсноор цаашдаа Монгол Улсын малын гаралтай бүтээгдэхүүн шууд экспортод гарах, үнэ цэнэ, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм. Учир нь энэ үйлдвэрээс гарах бүтээгдэхүүн бүр гарал үүсэл болон мал эмнэлгийн системд бүрэн бүртгэлжүүлэгдсэн эрүүл гэдгийг баталгаажуулсан, чанар, аюулгүй байдлаа хангасан мах гарна. Өнөөдөр махны экспортод гарч байгаа хамгийн том асуудал бол тухайн махны гарал үүсэл, эрүүл, аюулгүй байдал болчихоод байгаа юм.Засгийн газрын Шинэ сэргэлтийн хүрээнд энэ ажлуудыг бүрэн хийнэ. Ингэж малчид, тариаланчдынхаа орлогыг нэмэгдүүлж, татварынхаа бааз суурийг нэг талаас тэлнэ. Нөгөө талдаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортод гаргах гарцыг тавьж өгнө.

Б.БОЛДБААТАР: Х.БАТТУЛГЫГ ЭРГЭЭД ИРЭЭСЭЙ ГЭСЭН ХҮЛЭЭЛТ АРД ТҮМЭНД БАЙЖЭЭ
Б.БОЛДБААТАР: Х.БАТТУЛГЫГ ЭРГЭЭД ИРЭЭСЭЙ ГЭСЭН ХҮЛЭЭЛТ АРД ТҮМЭНД БАЙЖЭЭ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.