Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.БОЛДБААТАР: Х.БАТТУЛГЫГ ЭРГЭЭД ИРЭЭСЭЙ ГЭСЭН ХҮЛЭЭЛТ АРД ТҮМЭНД БАЙЖЭЭ

МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Миний Монголын газар шороо хөдөлгөөний тэргүүн Б.Болдбаатартай ярилцлаа.

-АН-ын даргыг сонгох сонгууль хэдийгээр намынх нь дотоод асуудал боловч олон нийт энэ сонгуульд анхаарлаа нэлээд хандуулж байна. Ардчиллын үйл хэрэгт залуу насаа зориулж, одоо ч ардчиллын төлөө бүхнээ зориулж яваа партизануудын үгийг энэ үед сонсох нь зөв болов уу?

-Энэ сонгуулийн явцыг ажиглаад л сууж байна. Сая Дорноговьд очиж уулзалт дээр нь сууж харлаа л даа. Сөрөг хүчин нэртэй хэдэн хүн УИХ-д байгаа. Нэр төдий хүмүүс бий ч дотроо хагарал, бутралтай. Бүлгийн дарга гээд байгаа Д.Ганбат нь С.Эрдэнэ талдаа ч гэдэг юм уу, ерөөсөө дотроо учраа олохгүй байгаад байх шиг. Хаа хаанаа л тийм байна. Монголын ардчиллыг байлгах сонирхол алга, нухчин дарсан үйл ажиллагаа яваад байна, 2016 оноос хойш. Бидний хувьд хоёр хөрштэйгээ сайн харилцаатай байх ёстой, тэр ойлгомжтой. Гэхдээ бид дэлхий ертөнцтэй холбоотой байх ёстой биз дээ. Тэр утгаараа гурав дахь хүчин гэдэг юм уу, эсвэл хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалттай холбоотой асуудлаа бид өөрсдөө тусгаар улсын хувьд шийдэх ёстой шүү дээ. Гэтэл үүн дээр талцал хуваагдал болоод л, гадна дотны үйл ажиллагаа маш их явагдаад байна. Миний хувьд улс төр сонирхдог, судалдаг. Энэ талаас нь их хардаг. Нөгөө талаасаа Монголын үндэсний үзэл гэдэг юмыг байхгүй болгох тал руугаа явж байна. Дорноговьд болсон уулзалтыг ажиглахад хоёр нэр дэвшигчид ялгаа их байна. Мэдээж Х.Баттулга бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан. Алсын хараа, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлага, түүнээс өмнө олон удаа УИХ-д сонгогдож байсан гэдэг ч юм уу тэр талаасаа харьцангуй юм байна. Ярьж байгаа сэдэв, мөрийн хөтөлбөрийг нь харахаар асар их ялгаа байна. Би хэн нэгнийх нь талд орж байгаа юм биш. Ажигласан зүйлээ ярья. Х.Баттулга АН-ын даргаар сонгогдвол 2024 онд намаа ялуулна гэж ярьж байгаа юм. Улс орны ирээдүй, хөгжил, урьд өмнө нь төсөөлсөн, цаасан дээр буулгасан Аж үйлдвэрийн парк ч гэдэг юм уу, төмөр замаа гүйцээж барих зэрэгт санаа тавьж байх шиг байна. Нам гэхээсээ илүүтэй нийтээр нь, том массаар нь, гадаад дотоод харилцаа талаас нь хараад байна. Харин нэр дэвшигч Ж.Батсуурийн хувьд арай болоогүй юм байна гэж харсан. Ж.Батсуурь ялбал хүчтэй сөрөг хүчин бий болгоно оо л гэж байна билээ. Ялагдана аа гэж ойлгосон шүү дээ. Ялахгүй, гэхдээ сөрөг хүчинтэй байна гэж ойлгосон. Тэрийг удирдаад, сум орон нутгийн хэмжээнд ялдаг жортой юм уу даа. Тэр талаараа тодорхой ярьсангүй ээ, Сүхбаатар аймагт АН ялдаг тэр жороо улс орон даяар АН-д хэрэгжүүлнэ ээ гэж байна лээ. Үүнээс нь харахад тэнгэр, газар шиг л ялгаатай юм гэж миний хувьд бодсон.

-Нэр дэвшигчдийн зүүн аймгуудаар хийсэн уулзалтын бичлэгүүдийг харахад ард түмэн, олон нийт ардчиллыг үнэхээр үгүйлсэн байна гэж харагдсан. Ардчиллын дутагдалд орчихжээ гэмээр юм уу даа?

-Дорноговьд харж байхад уулзалт дээр нь энгийн иргэд ч орж ирээд суучихсан байсан. Ер нь хүлээлт байгаа юм байна. Ардчилал гэдэг юмыг огт байхгүй болгоод хаячихаж болохгүй, талцаад албан тушаал, алдар нэр гээд намаа хувааж болохгүй гээд С.Эрдэнийг намын гишүүд асар их шүүмжилж байгаа нь харагдсан. Энэ нам нэг хүний өмч биш гэж байна. Мөн Ардчиллаас гарч ирсэн ард түмэнд, тэр дундаа Дорноговьд нэлээд ажил хийсэн хүн нь Х.Баттулгыг гэж ярьж байна. 416 км урт төмөр зам тавьсан. Хэзээ ч бүтэхгүй гэж ярьж байсан хүмүүсийн буруу байсныг нотолж төмөр зам тавьж чадсан гэж дорноговьчууд үнэхээр ам сайтай байна. Монголчууд өөрсдийн хүчээр 416 км төмөр замаа барьж, бүтээн байгуулалтаа өөрийн гараар хийж чаддаг юм байна аа гэдгийг харуулж чадсныг нь намын гишүүд онцолж байна лээ. Ингээд харахаар Монгол Улсад өөрөө өөртөө итгэх итгэлийг хэн авчрах вэ гэдэг нь тэнд харагдаж л байна билээ. Нэг нэр дэвшигч нь юм ярихаар алга ташаад нөгөө жор ярьсан дээр нь алга ташихгүй л байсан шүү. Би аль нэг талд нь ороод байгаа юм биш. Нүдээр үзэж, чихээр сонссон юмаа ярьж байгаа юм. Монголчууд бие даасан эдийн засагтай, нэг улсаас хамааралтай бус, төмөр зам зэрэг дэд бүтцээ хөгжүүлсэн улс оронтой болъё гэдэг дээр жирийн иргэд хүртэл орж ирээд саналаа хэлж байгааг нь харсан шүү.

-АН-ын даргын сонгууль яалт ч үгүй хүлээлт үүсгэж байгаа юм байна, тэгвэл?

-Ерөөсөө л тийм байна лээ. Уулзалтын танхимд нам бус, эгэл жирийн иргэд орж ирж их сууж байна лээ. Орж ирээд саналаа хэлээд байна лээ. Нийт ард түмэн маань юу хүсээд байна вэ гэхээр, тусгаар улсаа баталгаажуулъя. Үндэсний үзэлтэй хүнээ дэмжье гэсэн санаа оноотой байна уу даа гэж харагдсан. Орон нутгийн жалга дов, жор ярих, улсын хөгжлийн тухай төлөвлөгөө ярих хоёрын хооронд асар их ялгаа бийг монголчууд ойлгоод мэдчихсэн юм байна аа.

-Монголын улс төрийн нөхцөл байдал сүүлийн жилүүдэд эрс муудсан. АН-ын лидерүүд, идэвхитэй хүмүүсийг ямар нэг аргаар нухчин дарах, хүчийг нь сулруулах үйл ажиллагаа явж байна л даа. Харин АН-ын лидерүүдээс энэ цаг үед буцаж ирсэн нь ганц Х.Баттулга боллоо гэж харж болох уу?

-Ард түмэн ч тэгж харж байна. Би ч тэгж ойлгосон. Ард түмэнд Х.Баттулгыг эргээд ирээсэй гэсэн хүлээлт байжээ. Ерөнхийлөгч байсан хүн АН-ын дарга болно гээд эргээд ирнэ гэдэг дээр хэн ч төсөөлөөгүй, хэний ч толгойд ороогүй юм шиг байна лээ. Гэнэт гарч ирэнгүүт нь уухайлаад л түрээд явж байна уу даа гэж харж байна.

-Мөрийн хөтөлбөртөө “АН 2024 онд олонх болно оо” гэдэг зүйл ярьж байгаа нь АН-ын гишүүд, дэмжигчид төдийгүй нийт монголчуудад итгэл найдвар төрүүлж байна уу даа гэж харж байна?

-Мөрийн хөтөлбөр, уриа, лоозон тэр бүгд нь тэр хүний оюун тархи, потенциалаас гарч байгаа зүйл шүү дээ. Хоёр нэр дэвшигчийн нэг нь “2024 онд АН-аа ялуулна” гэж байгаа юм. Нөгөөх нь “Одоогийнх шигээ хүчтэй, хүчгүй нь мэдэгдэхгүй сөрөг хүчин болж сууна” гэхээр чинь уулзалтад орж ирсэн хүмүүс юу гэж ойлгох уу? Тийм л байна лээ шүү дээ. Ард түмний нийт хүлээлт бол ардчиллаа хүлээж байгаа юм байна. Лидерээ хүлээж байсан нь тэр нь гараад иржээ л гэж ойлгосон.

-Нэг намын дотоод асуудал бидэнд хамаагүй гэж хаяж болох ч ер нь хүчтэй сөрөг хүчинтэй байх нь, АН хүчтэй байх нь энэ улс орны хөгжил, ирээдүйд ямар ач холбогдолтой талаар?

-Олон намын систем нь тухайн улс орныхоо хөгжлийг яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр уралддаг тогтолцоо шүү дээ. Парламентын засаглал нь цааш авч яваад ард түмэндээ хэрэгтэй хууль дүрэм боловсруулж баталдаг. Энэ улс орон чинь тэр бүгдийнх нь үр дүнд хөгжиж байх ёстой байхгүй юу. Монгол Улсын хөгжлийн түлхүүрийг, уураг тархийг хэн барих вэ гэдэг уралдаан шүү дээ. Энэ уралдаан дээр АН нь байна уу, МАН нь байна уу гэдэг нь гол биш хэн нь улсынхаа төлөө мундаг сайн ажиллах вэ гэдэг нь чухал. Монголчуудыг хэн сайхан амьдруулж чадах вэ гэдэг ийм уралдаан шүү дээ, эцсийн эцэст. Тэгэхээр аливаа намыг хэн толгойлоод аваад явж байгаа вэ гэдгээс маш их юм шалтгаална. Тэр учир шалтгааныг нь Монголын ард түмэн ойлгочихсон байна гэж бодож байна.

-АН-ын даргын сонгуулийн үр дүн томоороо бол Монголын ирээдүйтэй холбоотой болж таарч байна?

-Тийм л юм байхгүй юу. Хүмүүс өөрсдөө ирээд л бүчээд авч байна лээ. Хүмүүс хүссэн хүсээгүй ардчилал, хүний эрх, эрх чөлөө, үндэсний үзэл талаасаа ч юм уу, хүн чинь ярих, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй шүү дээ. Хүмүүсийн үг гэдэг чинь өөрөө Монголын ард түмний хүсэл сонирхол биз дээ. Тэр утгаараа би тэгж харж байна. Надаар зогсохгүй бүх монголчууд тэгж харж байгаа байх. Гэхдээ хэн нь юу бүтээж чадах вэ гэдгээ өнгөрсөн хугацаанд харуулчихсан л даа. Тэгэхээр энэ сонгуулийг ойлгомжтой л юм байна шүү дээ гэж бодож байна. Хөрш орон нь коммунист намын дарангуйлалтай байвал өөртэйгээ л ижил намын байгуулалтай байлгах гэж оролдоно. Харин ч ардчиллаар нь дамжуулаад улс орны дотоодын хэрүүл уруул, яс хаядаг зэрэг хуучин арга барилаараа монголчуудыг хөгжүүлэхгүй байх, дотроо хагаралтай, жалга довны үзэлтэй байх ийм л хүсэл сонирхол агуулж явдаг байх. Хэдэн мянган жилийн турш ийм бодлогоор хандаж ирсэн. Үүнийх нь эсрэг аймгийн хэмжээний жор ярихаар надад л бол үнэндээ таалагдаагүй шүү, ний нуугүй хэлэхэд. Жороос илүү алсын хараа хэрэгтэй юм байна. Улс орны эрх ашиг, улс орны бүрэн бүтэн байдал чинь газар шороо, баялагтай холбоотой. Хэн баялгийн эзэн болчихов, Монголын ард түмэнд юу оногдоод байна вэ, энэ өргөн уудам газар нутгийг ухуулж төнхүүлээд зөөлгөөд байдаг. Энэ бүгд бидний нүдэн дээр болоод байгаа. Дээрээс нь банк санхүү маань юу болчихоод байгаа билээ. Хятадын нэг их наяд юань оруулж ирж Монголыг хөгжүүлнэ ч гэх шиг. Үнэн ч юм уу, худлаа ч юм уу, чулуу шидээд байгаа юм уу. Учир замбараагүй ийм үйл явдлын дундаас нэг гэрэл гэгээ гарчих юм болов уу гэж харж байна даа.

Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөшгөх системийг хүлээн авлаа
Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөшгөх системийг хүлээн авлаа
 
Б.Батсүх: Тарьцаа хөгшрөхөөс нь өмнө борлуулахад дэмжлэг хэрэгтэй
Б.Батсүх: Тарьцаа хөгшрөхөөс нь өмнө борлуулахад дэмжлэг хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.