Төв аймгийн Эрдэнэ суманд “Олз газар” ХХК түгээмэл тархацтай ашигт малтмал буюу элс, хайрга, дайрга олборлох нэрээр газрын ховор элементийг ухаж авахаар улайрч байна. Тус аймгийн Засаг дарга болон АМГТГ-ын албан тушаалтнууд газрын хэвлийн баялгийг хууль зөрчин тонох гэсэн энэ үйл ажиллагаанд оролцжээ. Тодруулбал “Олз газар” компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохын тулд хууль бус дүгнэлт, зөвшөөрлийг өнгөрсөн хугацаанд эрх бүхий хүмүүс гаргаж өгчээ. Монгол орны, Монголын ард түмний өмч болсон байгалийн баялгийг цөөн хэдэн хүний эзэмшилд өгөх гэсэн увайгүй үйлдлийг баримттайгаар дэлгэж байна.
-Баримт 1: Хууль зөрчиж хайгуулын лиценз олгожээ-
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар (ТТАМТХ) газрын ховор элемент илэрсэн газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хориотой. Гэтэл Төв аймгийн Засаг дарга О.Мөнхбаатар болон АМГТГ-ын Кадастрын хэлтсийн нэр бүхий албан тушаалтан уг хуулийг уландаа гишгэж “Олз газар” ХХК-д лиценз өгчээ. Тус компанийн хайгуулын лицензийн эзэмшиж буй Төв аймгийн Эрдэнэ сумын “Буурал хангай” хэмээх газарт 1970-1978 оны хооронд хоёр удаа геологийн хайгуул хийгдэж газрын ховор элементтэй болохыг нь тогтоосон байдаг юм.
Баримт 2: Лиценз олгосноос 2 жилийн дараа газрын ховор элементгүй гэсэн хууль бус дүгнэлтийг гаргуулж авчээ-
Ном ёсоор бол хайгуулын лиценз олгохын өмнө АМГТГ-ын Кадастрын хэлтсээс тухайн байршилд газрын ховор элемент байхгүй гэдгийг нотолсон дүгнэлтийг гаргуулах ёстой. Гэвч “Олз газар” компани болон түүний хамсаатнууд хуулийн энэ процессыг зөрчсөн. Тодруулбал “Олз газар” компани хайгуулын тусгай зөвшөөрлөө 2018 онд гаруулж авсан. Харин газрын ховор элементгүй гэх дүгнэлт лиценз олгосноос 2 жилийн дараа буюу 2020 оны 05-р сард гарсан нь баримтаар нотлогддог юм.
-Баримт 3: Төв аймгийн Засаг дарга О.Мөнхбаатарын хууль зөрчсөн үйлдлүүд-
Төв аймгийн Засаг дарга О.Мөнхбаатар 2018 онд Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа “Олз газар” компанид хайгуулын зөвшөөрөл олгох хууль бус ажиллагаанд оролцсон. О.Мөнхбаатар эрх үүргийнхээ хүрээнд АМГТГ-ын Кадастрын хэлтэст цахимаар өргөдөл илгээж лиценз олгох газарт ховор элемент буй эсэхийг нягтлах ёстой байсан ч энэ ажлаа хийгээгүй. Улмаар аймгийн болон сумын ИТХ-ыг төөрөгдөлд оруулж “Олз газар” компанид хууль бусаар лиценз гаргуулсан гэдгийг эх сурвалжууд нотолж байгаа юм.
-Баримт 4: Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгожээ-
Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй элс, хайрга, дайрга их хэмжээгээр шаардагдах бүтээн байгуулалтын ажил хийгдэхгүй газарт яагаад хайгуулын зөвшөөрөл олгох болов. Улаанбаатар хотоос 95 км, аймгийн төвөөс 130 км зайтай газарт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох нь эдийн засгийн хувьд ач холбогдолгүй. Хуулийг мэдсээр байж зөрчин “Буурал хангай” хэмээх газарт хайгуулын лиценз авсан нь ганцхан шалтгаантай. Тэнд эрдсийн хуримтлалтай, геологийн хайгуулаар нотлогдсон ховор элементүүд бий. Дээр дурдсан баримтуудаас харвал түгээмэл тархацтай ашигт малтмал хайх нэрээр газрын ховор элементийг хайж, олборлодог хууль бус үйлдэл Монголд оршиж буйг илтгэж байна. Энэ хууль бус ажиллагааг зогсоохын тулд нэр бүхий төрийн бус байгууллагаас МУ-ын Ерөнхий сайд, УЕПГ, МХЕГ, АТГ, УУХҮ-ийн сайд, АМГТГ-т гомдол гаргасан боловч арга хэмжээ авалгүй, асуудлыг хав дарж иржээ.
Түүнчлэн Төв аймгийн Захиргааны хэргийн шүүх “Олз газар” компани болон Төв аймгийн Засаг дарга О.Мөнхбаатар нарт хэрэг үүсгэсэн атлаа тодорхой шийдвэр гаргалгүй 2 дахь жилийнхээ нүүр үзэж байна. Хууль тогтоомжийг уландаа гишгэсэн төрийн түшээдийг шалгаж, хариуцлага тооцохгүй бол газрын хэвлийн баялаг цөөн хэдэн хүний өмч болоод дууслаа.
Г.Суурь
toim.mn