Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Цогтгэрэл: УИХ-д 2-оос дээш сонгогдсон гишүүд дундаас сайд томилох ёстой

МАН-ын Бага Хурлын гишүүн Б.Цогтгэрэлтэй ярилцлаа.

Та нийгмийн сүлжээнд их идэвхтэй байдаг, эрх баригч намын гишүүн хүн. Сүүлийн үед УИХ-ын гишүүд Засгийн Газрын гишүүний ажлыг давхар хийж, УИХ-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой гэж олонтаа бичих болсон. Яагаад?

Өнөөдөр гудамжинд явж байгаа арван хүнээс Засгийн Газрын сайд нараас сэтгэлд хүртэл ажиллаж байгаа хүн байна уу? гэж асуух юм бол ес нь хэнд нь ч сэтгэл хангалуун бус байгаа гэнэ. Аливаа хууль бодит амьдралд нийцэж өөрчлөгдөж явах ёстой. УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагддаг Засгийн Газар улстөрийн ямар ч чадамжгүй, туршлагагүй хүмүүсээр баг бүрдүүлэх аюултай. Мөн тэдгээр хүмүүс ирээдүйд ямар ч улстөрийн хариуцлага хүлээхгүй.

Тийм ч учраас сайд нар ажилдаа ингэж хандаад байна гэж УИХ-ын гишүүд хэлээд байгаа нь улстөрийн албан тушаал дээр улстөрийн хур туршлагатай, сайн менежер хүн тавих ёстой гэдгийг нотолж байгаа юм.

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүд сонгуульд ялалт байгуулдаг атлаа түүний үр дүнгээр байгуулагдсан Засгийн Газар өөрт нь хамааралгүй байх нь улстөрийн асар том зөрчилд хүргэдэг гэдгийг бид хангалттай харлаа. УИХ-ын гишүүд асар их тэсч байна. Гэхдээ нэг өдөр тэсэрнэ л дээ. Энэ тэсрэлт улстөрийн хямрал руу оруулах аюултай. Ийм хямрал руу оруулахын оронд алдаагаа наана нь засаад явах ёстой биз дээ.

Үндсэн хуулийн 30 жилээ бид баяр хөөртэй тэмдэглэлээ. Үндсэн хуульд сайн ч зүйл байгаа, саар зүйл ч байгаа. Алдаатай зүйл цөөнгүй бий. Гагцхүү энэ алдааг хүлээн зөвшөөрөөд байх юм уу? Засах юм уу? гэдэг хоёр сонголт байна. Дэлхийн олон улс Үндсэн хуулиа амьдралд нийцүүлээд авч явж байгаа олон жишээ бий. Үндсэн хуулийн хэд хэдэн халдашгүй байдал л бий шүү дээ.

Тусгаар тогтносон байдал, хүний эрхийн асуудал, сонгох, сонгогдох эрхийн асуудал гэх мэт. Эдгээр асуудлыг хөндөөгүй бол бусдаар бид чөлөөтэй өөрчлөлт хийгээд, 1992 оны хууль 30 жилийн дараа буюу 2022 онд бодит амьдралтай нийцэж чадаж байна уу? гэдэгт үнэлэлт, дүгнэлт өгөөд явах ёстой. Өөрчлөлт хийх ёстой.

Жишээлбэл: "Давхар дээлийн" тухай асуудал байна. Улс төрийн намд бүү хэл, улстөрийн албан тушаалд огт ажиллаж үзээгүй хүмүүсийг улстөрийн хамгийн том албан тушаал буюу сайд, дэд сайдын албан тушаалд томилохоор ямар завхрал гардгийг энэ Засгийн Газрын жишээн дээр бид харж болж байна. Үндсэн Хуулинд байгаа бие биенээ үгүйсгэсэн хоёр заалтын тухай асуудал бий.Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлж, томилж, огцруулж болно гэдэг. Нөгөө заалт нь үүнийг үгүйсгэчихсэн. Дөрвөн сайдыг л УИХ-ын гишүүдээс, бусдыг нь гаднаас томилно шүү гэдэг. Ингэх л байсан юм бол яагаад өөрөө томил гэдэг заалт байгаа юм бэ? Ингэж бие биенээ үгүйсгэсэн заалттай Үндсэн хууль байж болохгүй. Энэ заалтаа авч хая. Эсвэл бүгдийг нь "дан дээлтэй" болго. Эсвэл Ерөнхий сайд өөрөө танхимаа сонгохгүй гэдэг заалт байж болно. Энэ бие биенээ зөрчсөн заалтуудын асуудал ашгүй Үндсэн Хуулийн Цэц дээр оччихсон, маргаан болоод явж байх шиг байна. Энэ асуудал шийдэгдээсэй гэж бодож байна. Шийдэгдэх ч байх.

Аливаа Үндсэн хууль маш уян хатан байх ёстой. Мод, чулуу шиг хөдөлгөөнгүй байж болохгүй. Үндсэн хууль гэдэг бол Монгол хүний амьдралыг зохицуулж байгаа гэрээ.

АНУ-ын “Хуурай хууль” АНУ-ын Үндсэн хуулийн 18-р нэмэлт өөрчлөлтөөр орсон байдаг. Хууль хэрэгжсэн, явсан, цуцалсан. Уг “Хуурай хууль”-ийг цуцалсан нь тус орны Үндсэн Хуулийн 21 дэхь өөрчлөлт байсан. Энэ хооронд 4 удаа өөрчилсөн байгаа юм. Бидний Үндсэн хуулиараа хүлээн зөвшөөрч, энэ чигийг барья гэж даган дуурайдаг тэр улс, орнууд ардчилсан Үндсэн хуулийнхаа уян хатан байдлыг ингэж хадгалж байна. Германы Үндсэн хууль ч маш их өөрчлөгдсөн. Энэ бүх өөрчлөлтүүд хаанаас гарч ирээд байгаа юм бэ? Бодит амьдралаас урган гарч байгаа юм. Түүнийг нь Үндсэн хуулиндаа тусган, бодитоор хэрэгжүүлж байгаа юм.

Манай Үндсэн хууль тийм гялайж, гялтайсан сайхан Үндсэн хууль биш шүү дээ. Маш олон алдаа, дутагдал бий. Жишээ нь иргэдийн УИХ-ын сонгуулиар өгсөн саналын 60-70 хувийг гудамжинд гээдэг. 30-40 хувийн санал авсан улстөрийн нам парламентийн 70-80 хувь, бүр 90 хувийг ч бүрдүүлж байна. Энэ тийм зөв, оновчтой байна уу? Бид үүнийг засах, өөрчлөх ёстой.

1992 онд хүн ам 2,1 сая байж. 2022 онд 3,3 сая болжээ. Зөрүү нь 1,2 сая хүн. Энэ 1,2 сая хүний төлөөллийг хангаж чадаагүй, УИХ-ын гишүүн нь 76 гэдэг тоотой Үндсэн хууль. 1992 онд 76 гэдэг тоог гаргахдаа АИХ-ын депутатууд маань газар нутаг, засаг захиргааны бүтэц, хамгийн гол нь хүн амынхаа тоонд үндэслэн маш сайн тооцоолол хийн, бодсон байдаг. Өнөөдөр яг тэр тооцооллоор бодож үзэх юм бол УИХ 200 орчим гишүүнтэй байх болчихоод байгаа юм. Тэгж байж 1992 оны Үндсэн хуулийн бодолтууд зөв болох нь. Тэгвэл өнөөдөр гудамжинд явж байгаа хүмүүсээс УИХ-ын 200 гишүүнтэй болох уу? гээд асуувал зөвшөөрөх хүн байхгүй. Гэтэл ард түмэн бидний хэрэгцээ, шаардлагыг Үндсэн хууль хангаж чадаж байна уу? УИХ-ын гишүүдийн ажлын ачаалал маш их. Нийслэлээс сонгогдсон нэг гишүүн дээр бүтэн дүүргийн асуудал, сонгогчдын санал гомдол, өргөдөл тэр чигээрээ оччихдог. 250 мянган хүнтэй дүүрэг байна шүү дээ. Түүнийг дагаад УИХ-ын гишүүнд хандсан иргэний санал эргээд ирэхдээ төрийн үйлчилгээний чанар нь муудна. Гэтэл бүх улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрт төрийн албаны ажлын чанар, хүртээмжийг сайжруулна гэж байдаг. Биелдэггүй ганц заалт нь. Энэ яагаад чанаргүй, хүртээмжгүй байгаа юм гэхээр УИХ-ын гишүүдийн тоо цөөнөөс болж байгаа.

Мөн Засгийн Газар нь УИХ-аа барьцаалдаг тохиолдлууд ч байна. 15 яам, 18 сайд бий. Эд нар 76 гишүүнийг 2, 3-аар нь багцлаад ердийн олонхи бүрдүүлж чадна шүү дээ. Ийм магадлал өндөр гэж УИХ-ын гишүүд өөрсдөө ярьдаг. Гишүүдийг сайд нар 2, 3-аар нь янзалчихсан гэж. Асуудлыг нь шийддэг ч юм уу. Өөрөөр хэлбэл тэр УИХ-ын гишүүнийг худалдаж авч байна гэсэн үг. Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад Монгол Улс Засгийн Газартаа худалдагдаад байхааргүй олон гишүүнтэй болох шаардлагатай. Монгол Улс парламентийн ардчилсан бүгд найрамдах улс шүү дээ. Ийм ч учраас цаашдаа Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог болох ёстой. Тэгэхгүй бол 3 жилийн дотор 2 сонгууль хийж байна. Хэзээ нь амьдрах, ажиллах юм бэ? Ерөнхийлөгчийн сонгуульд улс орныг хамарсан кампанит ажил хийж, мөнгө үрэх ямар хэрэг байгаа юм бэ? Ерөнхийлөгч бол одонгоо гардуулаад, овоогоо тахиад, бэлгэдлийн шинж чанартай ажлаа хийгээд явж байх ёстой албан тушаал. Үндсэн хуулинд сүүлд оруулсан өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн олон эрхийг хассан нь маш зөв.

Хуулиар нэмж эрх өгөхгүй гэдэг нь ч зөв. Засгийн газар, УИХ өөрсдийн ажлаа хийгээд, институциуд бие биедээ хяналтаа тавиад л явах ёстой. Үндсэн хуулинд байгаа бие биенээ үгүйсгэсэн, улстөрийн чадамж, гүйцэтгэлээ хангаж чадахгүй байгаа заалтуудыг дор дор нь засаад явах ёстой. Төр чихтэй, нүдтэй байх хэрэгтэй. Иргэдээ сонсдог байх хэрэгтэй. "Дан дээл" чинь болохгүй байна гээд олон хүмүүс хэлээд байна.

"Давхар дээл"-ний тоог цөөлөх өөрчлөлтийг Үндсэн хуулинд тусгах үед нийгэмд тодорхой хэмжээгээр хүлээлт байсан. Тодруулбал мэргэжлийн хүмүүс сайд болчихвол арай дээр байж магадгүй юм гэдэг ч юм уу? Та бол сайдыг цэвэр улстөрийн албан тушаал гэж хэлж байна?

Ганцхан жишээ хэлье. Эрүүл Мэндийн сайдыг эмч хүнээр хийлгэж болдоггүй юм байна гэдгийг хэдэн хүний амиар мэдрэв? Улстөрч хүн Эрүүл Мэндийн сайд хийгээд "Ковид"-ыг дотооддоо алдсан уу? Үгүй. Эмч хүнээр сайд хийлгээд алдсан шүү дээ. Аливаа улстөрч хүнд улстөрийн хариуцлага гэдэг нь хамгийн том хариуцлага байдаг. УИХ, Засгийн Газар гэдэг улстөрийн шийдвэр гаргадаг, улстөрийн байгууллага. Мэргэжлийн хүн байсан ч улстөрийн нөхцөл байдлыг нь заавал харгалзаж үзэх ёстой юм байна гэдгийг хоёр удаагийн Эрүүл Мэндийн Сайдын томилгооноос харлаа. С.Ламбаагийн үед ямар байсан бэ? Д.Сарангэрэлийн үед ямар байлаа? Мэргэжлийн болон мэргэжлийн бус гэдэг ярианы хоёр туйл нь байсан шүү дээ. Бодит амьдрал харуулсан. Өвдөг сольдог, рентген хардаг эмчийг сайд болгоод ковидыг алдсан. Мэргэжлийн гэж туйлшралгүй, улстөрийн чадамж, менежментийг үнэлэх ёстой. Л.Энх-Амгалан сайд багш хүн мөн үү?

Сэтгүүлч мэргэжилтэй шүү дээ.

Та түүнийг сайн ажиллаж байна гэх үү? Муу ажиллаж байна гэх үү?

Түүнийг уншигчид өөрсдөө дүгнэж байгаа байх?

Дийлэнхи нь сайн ажиллаж байна гэж хэлнэ.

Мэргэжлийн багш хүнээр Боловсролын сайд хийлгэвэл Л.Энх-Амгалангаас сайн ажиллах болов уу? Муу ажиллах болов уу? Бодох хэрэгтэй. Л.Энх-Амгалан бол УИХ-д 3 удаа сонгогдож, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан, улстөрийн хашир туршлагатай хүн. Их сургуулийн багш юм уу? Ректорыг сайд хийлгээд үз л дээ. Боловсролын салбар маань яах бол?

Тийм жишээ бий. ШУА-д ажиллаж байсан хүн богино хугацаанд Боловсролын сайдаар ажиллаж байсан?

Тийм ээ. Ямар ч шийдвэр гардаггүй л юм байна лээ.

ТЕГ-ын дарга байсан Б.Хурц гэж хүн жишээлбэл цагдаа биш. Гэхдээ тэр хүнийг маргааш ЦЕГ-ийн даргаар тавих юм бол цагдаагийн байгууллага хормын дотор эмх цэгцэнд орно. Эсвэл АТГ-ын даргаар тавьчих. Тухайн байгууллага огт өөр болно.

Тэр хүний менежментийн ур чадварыг нь бүх хүн мэддэг. Аливаа ажил тэр хүний мэргэжлээс биш удирдах арга барил, ажилдаа хандах хандлагаас 100 хувь шалтгаалдаг. Янз бүрээр л муулаад байдаг. Тэр муулаад байдаг хүмүүсийнхээ ажлын арга барил, туршлагыг нь хараарай. Тийм учраас сайд гэдэг төрийн, улстөрийн албан тушаал дээр маш сайн менежер тавихын тулд УИХ-д хоёроос дээш удаа сонгогдсон гишүүд дундаас сайдын албан тушаалд томилж байх ёстой. Улстөрийн болон нийгмийн, бодит амьдралын хэрэгцээ шаардлага ийм байна.

Ард түмэн улстөрчдөд дүн тавих тухай та ярилаа. Тэгвэл МАН-ын гишүүд нөгөө УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, ялсан гишүүд нь биш огт танихгүй шахуу хүмүүс сайд болчихоор ямар хандлагатай хүлээж авч байгаа юм бол?

Асар шүүмжлэлтэй ханддаг. Жишээ нь би энэ асуудлыг МАН-ын бага хурал дээр гурван удаа шүүмжилсэн. Улстөрийн чадамжгүй хүмүүсээр улстөрийн хамгийн сайн менежер хийх ёстой ажлыг хийлгэнэ гэдэг нь маш том алдаа. Үүнд хамгийн их эмзэглэж байгаа хүмүүс бол МАН-ын жирийн гишүүд. Яагаад гэвэл МАН 250 мянган гишүүнтэй, төрийн албаны хүний нөөц, улстөрийн албаны хүний нөөц гэх мэт хангалттай хүчин чадалтай. Гэтэл хамгийн чадваргүй шахуу хүнийг хаанаас ч юм бэ? олж сайд болгоод, маргааш нь намд элсүүлээд явж байгаа жишээ бий. Нөгөө хүн нь амьдралдаа анх удаа намын батлах барьж үзэж байх жишээтэй. Намынхаа байрыг хаана байдгийг мэдэхгүй хүмүүс ч байгаа гэхэд хилсдэхгүй.

Баярлалаа.

Ярилцсан М.Гал-Арив

sonin.mn

Өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээгээ зарлаж эхэллээ
Өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээгээ зарлаж эхэллээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.