Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээгээ зарлаж эхэллээ

Украины дорнод мужуудын тусгаар тогтнолыг Москва хүлээн зөвшөөрч, цэргээ оруулсантай холбогдуулан АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээгээ зарлаж эхэллээ.

Хамгийн эхэнд Герман улсын засгийн газар ОХУ-аас тус улс руу Балтийн тэнгисээр татсан байгалийн хий дамжуулах хоолойн төслийг зогсоож байгаагаа өчигдөр зарласан билээ.

“Умард Урсгал II” нэртэй уг төсөл ашиглалтад орвол ОХУ-аас Европын зах зээлд нийлүүлдэг байгалийн хийн хэмжээ хоёр дахин өсөх байсан юм.

Дараа нь АНУ, Европын Холбоо, Их Британи, Япон улсууд ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээгээ зарлаж эхэлжээ.

АНУ-ын засаг захиргаа Оросын хоёр томоохон банк болох ВЭБ (Внешэкономбанк), ПСБ (Промсвязбанк)-ын бүх хэлхээ холбоог тасалж, ОХУ-ын засгийн газрыг Америк, Европын зах зээл дээр хөрөнгө босгох, өрийн бичиг арилжих зэрэг санхүүгийн ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож байгааг Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден зарласан байна.

Мөн удахгүй Путиний ойрын хүрээллийн хүмүүс, тэдгээрийн гэр бүлийнхнийг хар жагсаалтад оруулахаар төлөвлөж байгаагаа Байден мэдэгджээ.

Дараа нь АНУ-ын сангийн яамнаас гаргасан мэдэгдэлд Оросын Холбооны Аюулаас Хамгаалах Газрын дарга Александр Бортниковын хүү Денис Александрович Бортников, Промсвязбанк банкны ерөнхийлөгч Петр Михайлович Фрадков, Вконтакте сошиал платформыг эзэмшигч ВК Группийн гүйцэтгэх захирал Владимир Сергеевич Кириенко зэрэг хүмүүсийн эсрэг эдийн засгийн хориг зарлахаар төлөвлөж байгаагаа мэдээлсэн байна.

Эдгээрээс гадна Беларусийн нутаг дэвсгэрээс ОХУ цэргээ гаргахгүй болсонтой холбогдуулан Европ тивд байрлаж буй АНУ-ын цэрэг, зэвсэг техникийн зарим хэсгийг Литва, Латви, Эстони улсууд руу шилжүүлэх шийдвэрийг Байден гаргажээ.

“Энэ бол зөвхөн батлан хамгаалах зорилготой алхам гэдгийг тодотгож байна. Бидэнд Оростой тулалдах санаа байхгүй. АНУ холбоотнуудтайгаа хамт NATO-гийн гишүүн орнуудын газар нутгаас ганц ч инчийг алдалгүй хамгаалахаа үүгээр илэрхийлж байгаа юм” гэж Байден хэлсэн байна.

Өчигдөр бас Европын Холбооны гадаад хэргийн сайд нар Парис хотод уулзаж, ОХУ-ын эсрэг авах багц арга хэмжээгээ тохиролцжээ.

Үүнд Оросын 27 байгууллагыг эдийн засгийн хоригт оруулж, Оросын парламентын доод танхим буюу Думын бүх гишүүдийг хар жагсаалтад оруулахаар болсон байна.

“Оросын талд ноцтой хохирол учруулах багц арга хэмжээг гишүүн орнууд 100 хувийн саналаар дэмжлээ” гэж Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел, Францын гадаад хэргийн сайд Жан Ив Ле Дриан нар уулзалтын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Өчигдөр бас Их Британийн засгийн газар ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээгээ танилцуулсан байна.

Үүнд Оросын Россия, ИС Банк, Генбанк, Промсвязбанк, Хар Тэнгисийн Банк гэсэн таван банкны эсрэг эдийн засгийн хориг зарлаж, Путиний ойрын хүрээлэлд багтдаг Геннадий Тимченко, Борис Ротенберг, Игорь Ротенберг гэсэн гурван олигархийг хар жагсаалтдаа оруулжээ.

“Эдгээр хүмүүсийн Их Британид байдаг бүх хөрөнгийг битүүмжилж, манай улсад ирэхийг нь хориглож, манай иргэд байгууллагуудыг тэдэнтэй ямар нэг хэлбэрээр хамтарч ажиллахыг нь хориглож байна” гэж Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон парламентад үг хэлэхдээ мэдэгдсэн юм.

Үүний дараа Британийн гадаад хэргийн яам Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх санал өгсөн ОХУ-ын Думын болон Холбооны Зөвлөлийн бүх гишүүдийг хар жагсаалтад оруулахаа мэдэгджээ.

Япон улсын засгийн газар ОХУ-ын эсрэг авах холбоотнуудынхаа хориг арга хэмжээнд нэгдэхэд бэлэн байгаагаа Мягмар гарагт илэрхийлсэн юм.

Эх сурвалж: Associated Press, AFP, Reuters

Монголын боловсролын системд 30 жил ажилласан М.М.Су-Янзад монгол жудгаас гурван хуруу ч суусангүй
Монголын боловсролын системд 30 жил ажилласан М.М.Су-Янзад монгол жудгаас гурван хуруу ч суусангүй
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.