Сүүлийн үед Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзон болон хичээлийн эрхлэгч асан М.М.Су-Янз нарын тэмцэл олны анхаарлыг татаж байна. Энэ хоёр эрхэм хонь чоно болсон нь илт. Гэхдээ үргэлж ийм байгаагүй. 1996 онд Ж.Соронзон унаган орос хэлтэй гэгдэх Су-Янзыг хичээлийн эрхлэгчээрээ томилсоноос хойш тэд гар сэтгэл нэгтэй ажилласан. Балгас байсан сургуульдаа Эрдэнэтээс 10 машинаар ширээ сандал авчруулаад ажлаа эхэлж байсан захиралд хичээлийн эрхлэгч нь их дэм болсон. Урд зүгийн гаралтай хүмүүсд таагүй ханддаг цагийн хар сүүдэр арилаагүй үед Ж.Соронзон яамны эрхтэн дархтануудын дарамтаас хичээлийн эрхлэгчээ хамгаалсаар ирсэн. Зөвхөн монголчуудаас төдийгүй оросуудаас ч хамгаалсан удаатай. Хүмүүс мартаагүй бол 2009 онд ОХУ-ын ЭСЯ-ны тухайн үеийн ажилтнууд Су-Янзыг дуудан дарамталж байцаалт авахад Монголын талаас сургуулийн захирал нь л хамгаалж дуугарч байсан. Одоо нэг нь халагдаж нөгөө нь хэвлэлээр муу муухайгаа дуудуулж явна. Гэхдээ эхлэлийг хэн тавьсан нь аяндаа илэрнэ. Нэг нь “ханилж яваад нөхрөө унаж яваад морио” гэдгээр замнасан. Гэхдээ хичээлийн эрхлэгч М.М.Су-Янз болон түүний охин сурагчидад үнэгүй тараах учиртай номыг зарж борлуулсан, үүнээс болж 11 мянган долларын хохиролтой хэрэг үүссэн гэх асуудлыг эцэг эхчүүдийн гаргасан гомдлоос л анх мэдсэн. Арван мянга гарсан доллар бол асар их мөнгө. Хэн ч сонссон уурлаж бухимдах нь өнөөгийн цагт гаргах наад захын араншин. Хичээлийн эрхлэгч асан нь олон баримт, түүний дотор захиралтай холбоотой мөнгө төгрөгний бичгийг хувилж авсан нь дараа тодорхой болсон гэнэ. Дээрхи баримтаа барин хэвлэл мэдээллийхнээр хэсэж явсан нь бас л хожим сонсогдсон. Энэ бүхнээс дутахгүй нь ОХУ-ын Гэгээрлийн яаманд хандсан явдал байдаг. Оросын иргэний хувьд Су-Янз ийм эрхтэй ч олон жилийн турш гар нийлэн хамтарч ажилласанаа, амьдарч буй монгол газрын жудгаа бодоод “олгой хагаравч тогоон дотроо” гэгчээр яриагүй нь гайхалтай. Түүнийхээр бол Ж.Соронзон нь ойлголцоход бэрх хүн аж. Гэхдээ нөгөө талаас “түгжил” зан гаргавал бидний олонхи нь ингэх байх. Төгс хүн байхгүй. Тэр тусмаа итгэж байсан хүнээ урвахад хэн ч уурлаж бухимдана. Ж.Соронзонд бэлэг өгсөн гэх баримтанд ОХУ-ын харьяат олон багшийн нэр гарсан. Нэгэн цагт хамт ажиллаж байсан гэдгээрээ тэдний нэрийг дарж болох л байсан. Өдгөө нэр нь хэвлэлээр баалуулж байхад Монголд ажиллахаар ирэх багш гарах болов уу гэдэг сонин. Гадаад багш авчирах нь ямар хэцүүг гадаад хэлний сургуулийн захирал нар л мэднэ. Тэгвэл тэднийг авчирч чаддаг, ажиллуулж чаддаг нь Ж.Соронзон байсан. “Эрдэнэт” үйлдвэрийн Ш.Отгонбаяр агсанаас хойш ийм захирал цөөхөн гарсан нь үнэн юмдаг. Оросын иргэн гэдгээрээ Су-Янз сургуулийн буянг чамгүй хүртсэн. Хэрвээ захирал хамаатандаа давуу эрх олгосон бол экс хичээлийн эрхлэгчийн охин ч гэсэн Монгол-Оросын хамтарсан 3-р сургуульд багшилж байсан. Охиноо ажилд ороход өөрийх нь нөлөө ороогүй гэж зүтгэвэл итгэх хүн гарахгүй. Эцсийн эцэст идсэн тогоо руугаа нулимах нь монгол ёсонд муухай. Түүнээс гадна “овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэдэг монгол үгийг монгол газар олон жил идээшсэн Су-Янзтан мэдмээр юм. Монголын боловсролын системд 30 жил ажилласан гэж өөрийгөө цоллосон хүнд монгол жудгаас гурван хуруу ч суусангүй.
эх сурвалж: Alim.mn