Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар 1.3 тэрбум тонн нөөцтэй ордыг 68 сая тонн болтол нь даржээ

ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар сонгуулийн чимээнээр нутагтаа нэлээд сүр дуулиан болгон шоудах болсон. 2008 онд УИХ-д сонгогдсоноосоо хойш нутагтаа бараагаа харуулах нь цөөрсөн тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Увс аймгийн Бөхмөрөн суманд МХЕГ-ынхныг дагуулан очиж хэсэг шоудсан.

Ч.Хүрэлбаатар өөрийнхөө эзэмшиж байсан Бөхмөрөн сумын Хотгор шанагын нүүрс­ний ордыг 11 сая дол­ла­раар Солонгосын төрийн өмчит компани болох “Корэйн коал” компанид зар­сан гэдэг. Ч.Хүрэлбаатарын буянаар 2000 оноос хойш Увс аймгийн баруун хэсэгт солон­госчуудын нөлөө бий болж, орон нутгийн иргэдийн амьдрал ахуй нь дорой­тож, байгаль орчин нь химийн бодист хордон сүйдэж, мөхлийн ирмэгт иржээ. Энэ талаар Бөхмөрөн сумын иргэд удаа дараа мэ­дээлэл хийж байв. Энэхүү хэл ам дагуулсан Увс аймгийн Бөхмөрөн сумын нүүрсний бүлэг ордод анх улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, 1.3 тэрбум тонн нөөцтэй болохыг нь тог­тоо­сон байна.

Гэвч УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар болон түүний хүмүүс ордыг стратегийн ордод оруулахгүй байх бүхий л арга хэмжээг авч, улмаар улсын хөрөнгөөр хайгуул хийж тогтоосон нөөцийг дар­жээ. Ингэснээр одоо ордыг ердөө 68 сая тонн нөөцтэй хэмээн тогтоолгочихоод буй. Түлш эрчим хүчний сайд, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарт энэ зэргийн ганц ордын нөөцийг дарахад ямар ч асуудалгүй байсан бололтой.

Хамгийн гол нь энэ ордод Солонгосын төрийн өмчит компани хөрөнгө оруулсан гэдгийг онцлох хэрэгтэй. Хэрэв энэ орд Ч.Хүрэлбаатар нарын батлуулсан шиг 68 сая тонн нөөцтэй байсан бол БНСУ-ын төрийн өмчит компани хөрөнгө оруулах уу. Ийм жижиг зүйлд 6.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх байсан гэж үү. Одоо солонгосчууд Хотгор шанагын ордоос Даянгийн боомт руу нүүрс зөөхийн тулд 450 км хар зам тавина гээд байгаа.

Тэгэхээр ямар ч байсан ордын нөөц 68 сая тонн биш гэдэг нь ойлгомжтой. Хэрэв орд 1.3 тэрбумын нөөцтэй гэдгийг Эрдэс баялгийн зөвлөлд мэдэгдчихвэл төр стра­тегийн ач холбогдол бүхий орд гээд мэдэлдээ ав­чихна. Ингэвэл Ч.Хүрэл­баатар нарын орлого багасч, энэ хэмжээгээр улс­төр дэх эрх мэдэл нь суларна. Хэн ч биш болно. Иймээс л Хотгор шанагын уурхайг авсан шинэ эзэд нь ордыг статегийн ач холбогдол бүхий ордын тоонд оруу­лахгүйн тулд нөөцийн хэм­жээг дарсан гэдэг нь тодор­хой болоод байгаа юм.

Ч.Хүрэлбаатарын нууц хөрөнгө болох энэхүү ордыг стратегийн ордод оруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолыг бие­лүү­­лэхийг Засгийн газраас шаардан Увс аймгийн 17 мян­ган хүн гарын үсгээ зуржээ. Одоогийн байдлаар Бөх­мөрөн суманд ашиглалтын долоо, хайгуулын есөн тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа аж. Эдгээрийг Канадын “Си Жи Би И Эм”, Солонгосын төрийн өмчийн “Корэйн коал”, Хятадын “Ментау”, Бразилын “Тефис майнинг” ком­пани ихэнх тусгай зөв­шөөрлийг эзэмшиж байна. Хамгийн ноцтой нь Солонгосын төрийн өмчит компани болох “Корэйн коал” Хотгор шанагын уурхайн 51 хувийг эзэмшиж байгаа нь баруун бүсийн эрчим хүчний бодлогыг солонгосчууд барих хэмжээнд хүргээд байгаа аж. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар уул уурхайгаар дамжуулан Увс аймгийн цахилгаан станцыг өөртөө авах нөхцөлийг бүрдүүлжээ.

Үүний тулд уул уурхайгаас гадна Увс аймагт шинээр баригдаж буй хоёрдугаар цахилгаан станцын тендерийг эрх мэдлээрээ далайлган авсан байна. Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар өөрийн төрсөн ах Увс аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Ганболд, бие төлөөлөгч Чимэддорж болон өөрийнхөө өмнөөс “золигт гаргачихаад” буй Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан нараар дамжуулан хоёрдугаар цахилгаан станцын тендерийн эрхийг авчээ. Ингэснээр шинэ цахилгаан станц барих тендер гарт нь ороод ирчихсэн тул дотны найз “Баян хайрхны чоно” ХХК-ийн Рэнцэндорж гэгчид авч өгсөн байна. Мэдээж Ч.Хүрэлбаатар өөрөө цахилгаан станц бариад эхэлбэл хэтэрхий ил цагаан юм болно. Иймээс ах дүү, найз нөхдөөрөө дамжуулан найздаа өгсөн байдаг. Хэдийгээр найзынх нь компани гэх боловч цаанаа Ч.Хүрэлбаатарын хувь оролцоо байхыг ч үгүйсгэхгүй гэх юм билээ. Энэ асуудлаар орон нутгийн иргэд 2008 оны сонгуулийн үеэр Ч.Хүрэлбаатар болон нутгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүдэд уламжилж байж. Ч.Хүрэлбаатар ч энэ асуудлыг цэгцэлнэ хэмээн ам өчиг өгсөн боловч дөрвөн жил сураггүй болжээ.

Иймээс нутгийн иргэд энэ жил сонгуультай холбогдуулан суулт хийж, эсэргүүцэл илэрхийлсний үр дүнд ЗГХЭГ-ын дарга болж дэвшсэн Ч.Хүрэлбаатар гишүүн увсчууддаа бараагаа сая харуулжээ. Очихдоо иргэдийн амыг түр зуур хаахын тулд уул уурхайн компаниудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Гэвч иргэдийн хэлж байгаагаар сонгууль өнгөрсний дараа Ч.Хүрэлбаатарын байгаль орчин сүйтгэдэг уурхай эргээд л ажиллаж эхлэх юм байна. Энэ ч үнэний ортой.

Уг нь Ч.Хүрэлбаатар үнэхээр нутаг орноо, нутгийн иргэдээ бодсон бол энэ уурхайнуудыг хаах бүрэн боломжтой байжээ. Мэргэжлийн хүмүүс дагуулж очсон учраас яаж хууль дүрэм зөрчсөнийг нь ягштал шалгаж, Хотгор шанагын уурхайг хаах хэмжээний зөрчил илрүүлсэн байна. Гэвч Ч.Хүрбэлбаатар уур­хайгаа цээжээрээ хам­гаалж, үйл ажиллагааг нь түр зогсоосон аж. Мэдээж нь энэ нь сонгууль өнгөртөл нутгийн иргэдийн нүдийг хуурах гэсэн арга л даа.

Увсынхан тэнэг биш болохоор үүнийг эрх биш гадарлаж байв. Харин Ч.Хүрэлбаатар дарга нутгийн зон олноо арван жилийн өмнөх шиг сонгууль өгч сураагүй, мулгуу тэнэг хэвээрээ байгаа хэмээн андуурсан бололтой. Арван жилийн өмнө Увсынхан ч биш Монголын ард түмэн сонгууль өгч сураагүй, тархиа эргэтэл молигодуулдаг байсан нь үнэн. Гэвч цаг үеийн хөгжлөө дагаад тэр бүхэн ард хоцорсон шүү хэмээн Увсынхан Ч.Хүрэлбаатар даргад үгээ дайж байна лээ.

Б.Даваахүү

Эх сурвалж: "Өглөөний сонин"

ЭМЯ: Коронавируст халдварын 773 тохиолдол шинээр батлагдаж, нэг иргэн нас барлаа
ЭМЯ: Коронавируст халдварын 773 тохиолдол шинээр батлагдаж, нэг иргэн нас барлаа
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.