Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ХБНГУ-ын их сургуулийн Удам зүйн хүрээлэнгийн судлаач, доктор н.Сэвжидмаа оролцож, мэдээлэл өглөө.
"Мутацилагдсан вирус болгон өвчлөлийн хүнд хэлбэр үүсгэдэггүй"
Тэрбээр “Дэлхий дээр коронавирусийг тээгч, мөн хамгийн их дамжуулах магадлалтай амьтан бол сарьсан багваахай юм. Тодруулбал, сарьсан багваахай нисэхэд бие нь 37-41 хэм халуун болдог бөгөөд энэ үед биеэс нь их хэмжээний коронавирус ялгарч байдаг.
Гэвч яг нисэх үед нь ялгарсан коронавирус нь шууд хүнд халдварлаж өвчин үүсгэдэггүй. Харин ямар нэг дамжуулагч амьтнаар дамжих буюу гадны сөрөг хүчний нөлөөгөөр мутацид орсноор өвчин үүсгэдэг юм.
Коронавирусийн хүнд халдварласан байдлыг дурдахад 2003 онд сарьсан багваахайнаас муурны төрлийн амьтнаар дамжиж SARS-CoV өвчнийг үүсгэсэн байдаг. Тухайн жилд дэлхий дахинд уг өвчнөөр 8,000 орчим хүн өвчилж, 900 гаруй хүн нас барсан.
Харин өнөөдрийн SARS-CoV2 өвчин 2019 онд дэгдсэнээс хойш 160 сая орчим хүн өвчилж, 3.3 сая хүн нас баржээ.
Шинэ төрлийн энэхүү коронавирус нь хүнд халдварлахдаа уушгины цулцангийн эсийн гадаргуу дээр байрлах АСЕ-тэй шууд холбогдож эмгэг үүсгэдэг. Ингэснээр цулцангийн хийн солилцоо алдагдаж, улмаар уушгинд шингэн хуримтлагдан үрэвсэл үүсгэж хүндэрдэг гэдгээрээ онцлогтой.
Вирус мутацид орох нь хэвийн үзэгдэл. Учир нь ямарваа нэг амьд биет өөрийн өсөж, үржих орчноо хайж байдаг. Харин коронавирусийн хувьд өсөж, үржих бай эс нь хүний эс болсон гэсэн үг. Вирусүүд өөрийн гэсэн удмын мэдээллийг хадгалдаг бөгөөд хүний биеийн эсэд олширч үржих мэдээллээ оруулж халдварладаг. Ингэж үржихэд удмын мэдээлэлд нь алдаа гарснаар мутацид орсон вирус олширдог юм.
Ингээд мутацилагдсан вирус эсээс буцаж гадагшилж, халдвар дамжуулж байгааг бид мутацид орсон хувилбар гэж тодорхойлж ярьж байна.
Өнөөдөр дэлхий дээр 12,000 төрлийн мутацид орсон SARS-CoV2 вирус бүртгэгджээ. Гэхдээ мутацилагдсан вирус болгон өвчлөлийн хүнд хэлбэр үүсгэдэггүй гэдгийг хэлье.
Тухайлбал, дээрх мутацид орсон 12,000 төрлийн коронавирусээс дэлхий дахины анхаарлыг татсан зургаан төрөл бий. Тэдгээрийг халдвар тархалтын хурдтай шууд холбоотой гэж үзээд байна.
Мөн мутацид орсон коронавируст аль вакцин, хэрхэн нөлөөлж байгаа талаар нээлттэй судалсан судалгаа байхгүй байгаа" хэмээн ярив.
"Монголд бүртгэгдсэн коронавирусийн мутаци хувилбар аюултай шугамын 349-д тэмдэглэгдсэн"
Үргэлжлүүлэн "Мутацид орсон вирусуудыг гарал үүслийн хувьд Pango шугам гэж нэрлэж, GISAID-д B1 төрлийн мутацуудыг буюу аюултай төрлийг ялгасан байдаг. Тэгвэл B1 төрлийн дараах гурван мутацийг тэмдэглэхэд Монгол Улсад бүртгэгдсэн мутаци тухайн гурван шугаман мутацид хамрагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл, коронавирусийг геномын төст бүтцээс хамаарч Pаngo шугамд тэмдэглэсэн. Харин Монгол Улсад бүртгэгдсэн хувилбар тухайн В1 шугамын 349-д тэмдэглэгдсэн байна.
Энэ нь одоогоор дэлхий дээр тархаад буй коронавирусийн аюултай шугаман мутацийн тоонд ороогүй, хэвийн үргэлжилж байгаа коронавируст хамаарагдана гэсэн үг.
Бид Монголд тархсан коронавирусийн халдварыг төрөл бүрээс нь судалж байгаа. Миний хувьд Монголд голомтолж гарсан вирусийн халдвар, геномын дараалал, бүтцийг тодорхойлох судалгаан дээр ажилладаг. Энэхүү судалгаа сүүлд эхэлсэн учраас бүрэн үр дүн гараагүй" гэв.