Монголын Засгийн газар, Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс”-ын төлөөлөлтэй хийх хэлэлцээ өчигдөр албан ёсоор эхлэв. Үүний урьтал болгож Хөрөнгө оруулагч талын ажлын хэсгийг ахалж буй “Рио Тинто” компанийн Зэсийн группын гүйцэтгэх захирал Б.Болд хэвлэлд “Хэлэлцээг аль аль талдаа үр өгөөжтэй, амжилттай болно гэж итгэж байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Оюутолгой төслийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаагүй учраас өнөөдөр үнэн, худал нь мэдэгдэхгүй 4.4 тэрбум ам.долларт багтаан иж бүрэн барьж байгуулах төслийн бүх обьектын хөрөнгө оруулалт 15 тэрбумд хүрч, ТЭЗҮ-д тооцсноос 10 гаруй тэрбумаар хэтэрсэн” маргаантай асуудлын талаар нэг бус удаа ярьж ирсэн. Мөн тэрбээр “Дубайн гэрээ”-г цуцлах ёстой гэж хэлж байв. Эцэст нь талууд эхний байдлаар тохиролцоонд хүрч энэ сарын 9-нд “Туркойз Хилл Ресурс”, “Рио Тинто” компани Оюутолгой төслийн Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг шинэчлэн, гэрээ байгуулсан гэдгээ нийтэд зарласан.
Ер нь бол “Оюутолгойн гэрээ Монголд ашиггүй нөхцлөөр хийгдсэн” гэдгийг 2007 оноос эхлэн монголчууд хэлж, ярьж, бичсэн. 2009 онд гэрээ зурагдсан. Үүнээс хойш 11 жилийн турш “Монгол Улсад ямар ч ашиггүй байна, бид баялгаа өгөөд өрөнд орлоо” гэдгийг бүх шатанд ярьсан. “Дубайн гэрээ”-г хийх ямар ч шаардлагагүй байсан атал тухайн үед Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг нууцаар очиж гарын үсэг зурсан. Энэ мэт асуудал сөхөгдөх бүрт Ерөнхий сайд нь огцордог, аль ч Засгийн газрын амь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж ирсэн нь нууц биш. Энэ удаа Монголын талаас огт шалтгаалахгүйгээр хөрөнгө оруулагчид хоорондоо маргалдсаны улмаас Лондоны Арбитрын шүүх дээр маргаан гарсан. Улмаар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн санхүүжилтийн \Дубайн гэрээ\ гэрээний асуудал сөхөгдсөн. Энэ бүхний эцэст л хоёр тал “Юу болчихов” хэмээн анх удаа хэлэлцээрийн ширээний ард сууж байгаа нь энэ юм. Монголчуудын хувьд энэ хэлэлцээр олон хүлээлтийг дагуулж байна. Оюутолгойн гэрээг хэрхэн сайжруулах вэ, Дубайн гэрээг цуцлах уу, далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 4.4 тэрбум байснаа 5.1 тэрбум болж, тэгснээ гэнэт 15 тэрбумыг зарцуулсан гэж байгаа тайлан тооцоог ил болгох уу. Энэ бариа зөрүүн дээр Засгийн газар “Рио Тинто”-д алдаад байгаа 10 гаруй тэрбум ам.доллараа авч чадах уу.
“Рио Тинто” компанийн тооцоолсноор далд уурхайн бүтээн байгуулалтын нийт зардал 6.75 тэрбум ам.доллар, анхны тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа нь 2022 оны аравдугаар сар гэдгийг хүлээн зөвшөөрвөл Монгол Улс 2051 он хүртэл ногдол ашиг хүртэхгүй, 22 тэрбум ам.долларын өртэй хоцрох уу гээд олон асуулт хариу нэхэж байна.
Гэвч хэлэлцээр ил тод байдалд болсонгүй. Гаргасан шийдвэрүүд, гар барьсан аливаа тохиролцооны талаар одоогоор мэдээлэл алга. Оюутолгойн хэлэлцээрийн дэд ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “УИХ “Дубайн гэрээ” цуцлагдсан тохиолдолд:
1. Манай ногдол ашгийг 2051 он хүртэл хойшлуулсан 4.3 тэрбум ам.долларын зээл,
2. “Рио Тинто”-гийн авч буй баталгааны 1.9 хувь, үйлчилгээ үзүүлсний нэг хувийн хураамжууд,
3. ТЭЗҮ-г заавал мөрдөх баримт бичиг биш гэж үзсэн заалт,
4. 1.8 тэрбум ам.долларын зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрсөн заалт гэх мэт манайд хохиролтой “Дубайн гэрээ”-ний заалтууд бүгд цуцлагдана гэж үзэж байгааг хэллээ. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсын эрх ашгийг хохироосон заалтуудыг өөрчлөх, гэрээг сайжруулах асуудлыг хөндөв” хэмээн цахим хуудастаа бичснийг эс тооцвол ажлын хэсгийнхэн ямар нэгэн байр суурь илэрхийлсэнгүй. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар олон улсын зах зээл дээрээс дахин санхжүүжилт босгох асуудал яригдаж магадгүй гэсэн. Ямартай ч Оюутолгойд Монголын эрх ашгийг хангаж, гэрээг сайжруулах хэлэлцээ эхэлсэн хэмээн олон нийт ойлгож, хүлээлт дүүрэн байна.
Ч.Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин