Монголчууд аймшигт тахлын эсрэг боломжит бүхий л арга хэмжээг аван ажиллаж байна. Гэтэл хувийн тэр тундаа эрүүл мэндийн салбарын зарим ААН-үүдийн увиагүй үйлдэл олон нийтийн дургүйцлийг түрүүлээд байна.
Тодруулбал, өчигдөр Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат “Гар ариутгах бодис үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийсэн. Үүнд нийслэлийн зургаан дүүрэг дэх 18 ААН хамрагдсанаас 14 нь үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө ЭМЯ-наас аваагүй байсан нь илэрсэн. Гар ариутгагч бодисын гол найрлага нь 96 хувийн хүнсний спирт ашиглах ёстой. Гэтэл "Нахиа импекс", "Монос" компани техникийн спиртээр гар ариутгагч хийсэн зөрчил гарсан. Тиймээс холбогдох стандартын дагуу ажиллах шаардлага хүргүүлсэн” хэмээсэн юм.
Ийнхүү энэ салбартай дээгүүрт бичигдэх хоёр ААН цар тахлын үед үүргээ гүйцэтгэсэнгүй. Оны эхэнд улс даяараа амны хаалтны хомстолд ороход “Монос” эмийн сан тэргүүн эгнээнд үнээ нэмж, увиагүй үйлдэл гаргасан. Ингэж томоохон эмийн сангууд үүргээ гүйцэтгээгүйн улмаар амны хаалтны худалдаа шагчдын гарт орж үнэ нь хэд дахин нэмэгдсэн. Гэтэл үүний араас хүний эрүүл мэндэд хортой буюу техникийн спиртээр гар ариутгалын бодис хийж, худалдаанд гаргасан харамсалтай мэдээлэл нийтэд түглээ.
Монголчуудаа цар тахлаас хамгаалах үүднээс салбар яамныхан нь нойр хоолгүй зүтгэж байхад “МОНОС”, “НАХИА” эмийн сангууд хор үйлдвэрлэн борлуулж байх. Тэдний энэхүү увиагүй үйлдэл шаардлага хүргүүлэх төдийхнөөр шийдэгдэж байгаа нь ч харамсалтай. Иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлсэн дээрх хоёр компани хуулийн хариуцлага хүлээх ёстой. Үүнээс өмнө "Нахиа импекс", "Монос"-ын эмийн сангуудаар үйлчлүүлэхгүй, татгалзах нь тэдний увиагүй, чанаргүй үйлдэлд барьж буй хариу юм.
Техникийн спирт гэж юу вэ
Метилийн спирт буюу метанолыг хар ярианд модны, техникийн спирт гэдэг. Дээхэн үед модыг хуурайгаар нэрэх аргаар гаргаж авдаг байсан болохоор модных гэдэг нэртэй болсон. Харин хэрэглэхдээ лак, будагч зэрэгт уусгагч, бензиний октаны тоо нэмэгч, уксусны хүчил, формалин гаргаж авах зэргээр ашигладаг болохоор техникийн спирт гэдэг болжээ.
Этилийн спирт буюу хvнсэнд хэрэглэж болдог спирттэй төстэй хурц үнэр, амттай тунгалаг шингэн. Метилийн спирт нь цусанд орж элгэнд задрахдаа шоргоолжны хүчил, формальгедгид гэсэн хоёр хүчтэй хор болдог. Энэ хоёр хор нь л хүнийг хордуулж үхэлд хүргэдэг юм байна.
Шинж тэмдэг
Хөнгөн хордсон үед хурдан цуцах, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, хараанд бага зэрэг гажиг орж нүд жирэлзэх, эд зүйл манантаж харагдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хордлого хөнгөн болохоор бие сайтай хүмүүсийн хувьд шинж тэмдэг нь 2-7 хүртэл хоног ажиглагдаж байгаад аажмаар арилна. Маш бага хэмжээгээр уусан үед л тэр шүү дээ.
О.ОНОН
Olloo.mn