Төрийн эрх барих дээд байгууллагын даргаар Г.Занданшатар сонгогдоод богино хугацаа туулсан ч энэ парламент түүхэнд үлдэхүйц үйл явдлын гэрч болон үлдлээ. Хууль тогтоох дээд байгууллагаасаа эхлээд төрийн дунд, бага шатанд хариуцлагын тогтолцоо бий болох, ард түмэн, амьдралын хөрсөн дээр буусан хууль, тогтоомжууд батлагдахаас эхлээд олон эерэг үзүүлэлт нийгэмд бий боллоо. Юу юуны өмнө энэ парламентын хийсэн түүхэн ажил бол удтал яригдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт юм.
Монгол Улсад Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш гучаад жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд хуульд байгаа алдаа дутагдлыг засах, нэмж сайжруулах тухай яриа гарч, хөдөлгөөн хүртэл өрнүүлж байсан ч өөрчилж чадаагүй. Тиймдээ ч бидний амжилт, ололтоос гадна дэлхийн даяаршил, хүний ухамсар, нийгмийн хөгжлөөс улбаалсан хүндрэл, бэрхшээлтэй чамгүй тулгарч ирсэн гэдэгтэй маргах аргагүй.
Олон намын систем, олон ургалч үзэлтэй энэ нийгэмд Үндсэн хууль өөрчилнө гэдэг тийм ч амар ажил биш. Үндсэн хуулийн гол үзэл санаа болох ард түмний засаглах эрх алдагдсан, байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээх, зүй зохистойгоор ашиглах бодлого гажуудсан, засаглалын тогтолцооны хяналт, тэнцэл зохистой биш гээд олон зүйлийг засах, сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байсан ч улстөржилт, үл ойлголцлоос шалтгаалан хуулиа өөрчилж чадалгүй өнөөдөрт ирсэн. Харин энэ удаагийн парламент зоримог алхам хийж, 20 гаруй жил өрнөсөн ч шийдэлд хүрээгүй асуудалд цэг тавьж чадлаа. Тэр тусмаа Хууль тогтоох дээд байгууллагыг тэргүүлэн ажиллаж байгаа Г.Занданшатарын манлайлал, зүтгэл чухал нөлөө үзүүлснийг онцлон дурдах нь зүйн хэрэг. Тэрээр УИХ-ын дарга болохоосоо өмнө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд санаа тавьж, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг санаачлан батлуулж, хэлэлцүүлэг, уулзалт, эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулж, өөрчлөлт зайлшгүй болох тухай үндэслэлүүдийг дэвшүүлж, эрдэмтэн мэргэд, хуулийн салбарынхантай нягт хамтран ажиллаж байв. УИХ-ын даргаар сонгогдсон эхний өдрөө тэрээр “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх нь миний зорилго” хэмээн тунхагласан. Хавар, зун, намар гээд гурван улирал дамнан өрнөсөн энэ том үйл хэрэгт Г.Занданшатарын улстөрчийн хат, мэдлэг боловсрол, хүлээц тэвчээр, мэдрэмж шийдэл онцгой үүрэг гүйцэтгэсэнтэй хэн ч маргахгүй биз ээ.
Өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 28.5 хувь буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн. Ингэхдээ энэ удаагийн парламент 158 хоногийн турш тасралтгүй хэлэлцэн байж баталсан. УИХ эрдэмтэн судлаачидтайгаа зөвлөлдөж, улс төрийн нам, иргэний нийгмийнхэнтэй хэлэлцэж, ард түмэндээ танилцуулж, санал бодлыг нь авч, бүхий л түвшний ойлголцол зөвшилцлийг ханган ажилласны үндсэн дээр Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан хэрэг. Олон ургальч бүхий улс төрийн хүчнүүд, эрх чөлөө мандуулсан энэ нийгэмд Үндсэн хуулийн өөрчлөлт хийнэ гэдэг амаргүй, баг болгон зангидаж, олон салаа мөчрийг нэг үндэснээс юм шиг цэцэглүүлнэ гэдэг яавч хүсэх ажил биш. Гэвч тэр зангидаж чадсан түүхэн гавьяатай хүн.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төрийн алдагдсан нэр хүнд эргэж сэргэхээс гадна нийгмийн олон салбарт эерэг өөрчлөлт гарна гэж ард түмэн хүлээсэн нь талаар болсонгүй. Парламентын хийгээд төрийн албаны сахилга, хариуцлага, ёс зүй сайжирч, Засгийн газар тогтвортой ажиллаж, бодлогоо хэрэгжүүлэх боломж бүрдэж, шүүх засаглал хараат бус, шударга ажиллах боломжтой болж, нутгийн удирдлагын тогтолцоо боловсронгуй болох нь Монголын нийгмийн шаардлага, ард түмний хүсэмжлэл ч мөн билээ.
Байгалийн баялгийн ашиглалт ард түмэндээ ил тод байж, түүнээс олох орлого, хуримтлагдах өгөөжийг тэгш, шударгаар иргэддээ хуваарилах, түүнд ирээдүй хойч үеийнхнээ ч орхигдуулахгүй байх, ашигт малтмалыг хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндөхгүй байх нэн чухал өөрчлөлт хуульд орсон. Энэ бол Монголын ард түмний хүсэлт, шаардлага байсан юм. Учир нь ард түмний мэдэлд байх ёстой байгалийн баялаг цөөн, эрх мэдэлтэй хэсгийн гарт төвлөрч, хэдхэн гэр бүл, гаднынхны баяжих хэрэгсэл болж ирсэн нь хэний ч мэдэх асуудал. Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлт эрх зүйн хувьсгалыг араасаа дагуулна гэж эрхэм Спикер удаа дараа мэдэгдсэн. Энэ бол Үндсэн хуульд оруулсан суурь өөрчлөлтүүд нийгмээ эрүүлжүүлэх, шударга ёсыг тогтоох, хуулиар засаглах шинэчлэл өөрчлөлтийн эх үндэс болно гэсэн үг юм. Тиймээс Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуульдаа оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх ёстой болж байна