Томуу, томуу төст өвчин газар авсантай холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа
Улаанбаатарыг “Азийн цагаан дагина” хэмээн өргөмжилж байсан үе бий. Тухайн үед залуус “Улаанбаатарын үдэш намуухан, намуухан” гэж уянгалуулан дуулж байв. Цэлгэр өргөн чөлөө, цэцэгт ногоон гудамж, цэгцтэй төлөвлөсөн хорооллуудтай амар тайван Улаанбаатарын төрхийг бид 1970-1980-аад оны киноноос л хардаг. Намуухан үдэштэй, цагаан дагина мэт Улаанбаатар цагийн эрхээр өдгөө утаа униартай, зам нь халтиргаа, түгжрэлтэй, автомашинууд нь дуут дохиогоо “чарлуулсан” уур бухимдал төрүүлэм үймээнт хот болсон.
Зах зээлийн нийгэмд арав тавхан малын ашиг шимээр амьдрах боломжгүй болсон хөдөөгийн иргэд Улаанбаатарт олноор шилжин суурьшив. Эдийн засгийн үүднээс харвал хөдөлмөрлөх хүчний хуваарилалтад ийн хөдөлгөөн орсон хэрэг. Хөдөөгөөс хот руу чиглэж, 20 жил үргэлжилсэн “их нүүдэл”-ийн дүнд нийслэл дааж ядсан төвлөрөлтэй боллоо. Өдгөө Улаанбаатар хотод нийт хүн амын 40 гаруй хувь буюу 1.4 сая иргэн амьдарч байна. Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг нийслэл хот дангаараа бүрдүүлдэг болов.
Эдийн засгийн боломжийг дагаад бүгд л нийслэл рүү шигдэж байна. Боловсрол, соёл, эрүүл мэнд, худалдаа, банк санхүү гээд нийгэм, эдийн засгийн бүхий л үйлчилгээний төв цэг нь Улаанбаатар боллоо. Төвлөрөл, гэр хороолол тэлсээр. Төвлөрлийг дагасан агаар, хөрсний бохирдол, хүн амын өвчлөл, замын түгжрэл хотын маш том бэрхшээл болж хувирав. Энэ бүхэнтэй тэргүүлэн тэмцэх хууль ёсны хүн нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч. Тэрбээр Монголд аж ахуйтай хамгийн ихээр “зууралдаж”, шийдэл гаргах учиртай хүн байж ч мэднэ. Манай сонин энэ удаагийн “Нэг өдөр” буландаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сайнбуянгийн Амарсайханыг урилаа. Түүний өнгөрсөн долоо хоногийн баасан гаргийн ажлын өдөр хэрхэн өнгөрснийг болгооно уу.
08.40 цаг. Хотын даргын ажил Нийслэлийн орон сууцын корпорацын (НОСК) удирдлагуудтай албан өрөөндөө уулзалт хийснээр эхэллээ. Түүний ажлын өрөө нэг их ганган чамин биш. Арваад сандал тойруулан тавьсан уулзалтын ширээтэй түүний өрөө дундаж компанийн захирлынхаас ялгаа алга. Тэд Морингийн даваа, Баянголын аманд барихаар зэхэж буй орон сууцын хорооллын талаар ярилцав. Морингийн даваанд 149 га талбайд орон сууцын хороолол барих төлөвлөлт хийжээ. Өмнөд Солонгосын “Сөүл хаус корпорац”-ынхан дээрх хорооллын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан байна. Хорооллын цахилгааны эх үүсвэрийг шийдвэрлэсэн бол авто зам тавьж, дулаанаар хангах шаардлага тулгараад буй гэнэ. Морингийн давааны хорооллыг эмнэлэг, сургууль, цэцэрлэгтэй цогц байхаар төлөвлөжээ. Энэ үеэр Засаг дарга С.Амарсайхан нийслэлээс иргэдийг орон сууцжуулах талаар ямар бодлого баримталж буйгаа тайлбарласныг тоймлоё.
Улаанбаатар хотын захиргаа Нийслэлийн орон сууцын корпорацаар дамжуулан ирэх таван жилд 55 мянган орон сууц барихаар төлөвлөжээ. Ингэхдээ шинэ суурьшлын бүс ч үүсгэх нь. Мөн дахин төлөвлөлт ч хийх нь. Шинэ суурьшлын бүс үүсгэхдээ Морингийн даваанаас гадна Майдар болон Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын дагуул хотыг хөгжүүлэх юм байна. Үүгээр зогсохгүй хотын зах руу залуус, мэдээллийн технологийн компанийн ажилтнуудад зориулсан орон сууцын хороолол байгуулах бодол ч байгаа юмсанж. Дахин төлөвлөлт хийхдээ таваас доошгүй га талбайг чөлөөлөх бодлого баримтлах гэнэ. Ингээд дөрвөн га-д нь орон сууц бариад, нэг га-д нь ногоон байгууламж бариулах нь. Одоогоор Сонгинохайрхан дүүргийн хоёр хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлт хийж эхэлжээ. Улаанбаатарын барилгын зах зээлд борлоогүй 4000 орон сууц бий. НОСК үүнийг ч худалдаж авахаар төлөвлөөд буй гэнэ.
Юугаар худалдаж авах бол, яах гэж байгаа юм бэ гэж гайхаж магад. НОСК олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас 250 сая ам.долларын санхүүжилт “босгожээ”. Азийн хөгжлийн банкнаас 80 сая ам.доллар олгохоор болсон. Тэгвэл Уур амьсгалын ногоон сангаас 50 сая ам.доллар буцалтгүй тусламжаар өгөхөөс гадна 95 сая “ногоон”-ыг 40 жилийн хугацаатай, 0.25 хувийн хүүтэй олгохоор болжээ. Үүнээс гадна Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас нийслэлийн орон сууцны зах зээлд 100 сая ам.долларын хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ Засаг даргад дуулгасан байна. НОСК орон сууц худалдаж авна, шинээр бариулна. Ингээд орон сууцын сантай болно. Түүнийгээ иргэдэд түрээслүүлнэ. Ингэснээр иргэд сард 250-350 мянган төгрөг төлж, 5-20 жилийн дараа өөрийн орон сууцтай болох боломж бүрдүүлэх аж. С.Амарсайхан орон сууцжуулах уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ “нэг яндан-нэг орон сууц” гэсэн бодлого баримтална гэлээ. Тэгэхээр гэр хороололд амьдардаг тогтмол орлоготой иргэн түрээсийн орон сууцын хөтөлбөрт хамрагдах илүү боломжтой аж.
НОСК олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас зээл авна. Түүгээр дотоодын компаниудад санхүүжилт өгч орон сууц бариулна. Тэгээд түрээслэгчдэд ямар ч урьдчилгаа төлбөргүйгээр эзэмшүүлнэ. Түрээслэгч сард 250-350 мянган төгрөг НОСК-д тушаана. НОСК хуримтлуулсан мөнгөөрөө цааш олон улсын байгууллагуудын зээлийг төлнө. Дээд тал нь 20 жилийн дараа түрээслэгч орон сууцынхаа өмчлөгч болно. Ийм л схемтэй хөтөлбөр санж. Засаг дарга С.Амарсайхан “Олон улс ийм нийгмийн хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдээ орон сууцжуулсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах баталгаа дээшилнэ” гэв.
09.30 цаг. “Нэг өдөр”-ийн гол баатрын маань өрөөнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан морилон саатлаа. Тэрбээр ашиглалтын хугацаа нь дууссан барилгуудыг хэрхэх талаар санал солилцохоор иржээ. Улаанбаатар хот ашиглалтын хугацаа нь дууссан 230 барилгатай болсон байна. Нэхмэлийн шарууд, төмөр замын хоёр давхрууд зэрэг орон сууцаас гадна “нас нь дууссан” нь сургууль, цэцэрлэгийн барилга ч бий гэнэ. Орон сууцын зарим барилгаас иргэдийг нь чөлөөлж, шинээр барихаар гэрээ байгуулсан ч хэрэгжүүлээгүй тохиолдол ч байгаа аж.
10.00 цаг. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хотын даргад “бараалхав”. Тэрбээр төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй ажлынхаа талаар түүнд товчхон мэдээлэл өгсөн юм.
11.00 цаг. Нийслэлийн төрийн захиргааны “Хангарди” ордны 14 дүгээр давхрын хурлын бэсрэг танхимд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Ньюком” группийн төлөөлөлтэй уулзав. Нийслэлийн талаас Улаанбаатар хотын хөгжлийн корпорацын гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан, “Ньюком”-ын талаас гүйцэтгэх захирал Н.Энхболд, хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Э.Орчлон нар байлцлаа. Тус компани сүүлийн жилүүдэд дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах болжээ. Тухайлбал, “Салхит”, “Цэций” салхин цахилгаан станцыг тус групп эзэмшдэг.
“Ньюком” групп Улаанбаатар хотод цахилгаан нийтийн тээвэр хөгжүүлэх судалгааг сүүлийн хоёр жилд хийсэн байна. Гүйцэтгэх захирал Н.Энхболд нь “Манайх Үндэсний хөгжлийн газартай өмнө нь хамтран ажиллаж байсан. Өнгөрсөн оны сүүлчээс Улаанбаатар хотын хөгжлийн корпорацтай хамтран ажиллаж байна. Бид мөн цахилгаан машин үйлдвэрлэгч ABB компанитай хамтран ажилладаг. Сүүлийн үед Эрчим хүчний зохицуулах хороотой хамтран ажиллаж байна. Цахилгаан тээврийн хэрэгсэл хэрэглээнд нэвтрүүлснээр Улаанбаатар хотын цахилгаан хангамж хүрэлцэхгүй байх нөхцөл үүсэх юм билээ. Манайх тээврийн хэрэгслийг цахилгаанаар цэнэглэх цэгүүд нээхээр ажиллаж байгаа. Одоогоор цахилгаан такси болон автобусны үйлчилгээ эрхлэхэд хамтран ажиллах гэрээг Улаанбаатар хотын хөгжлийн корпорацтай байгуулахаар төслөө бэлтгэсэн” гэв.
С.Амарсайхан дарга “Бид нийтийн тээврээ 2025 он гэхэд бусад томоохон хотын жишигт хүргэх зорилт тавиад, олон төрөлт үйлчилгээг нэвтрүүлье гэж төлөвлөсөн. Хүүхдийн автобус, агаарын такситай болох, цахилгаан соронзон галт тэрэг явуулах ажлыг хэрэгжүүлэх гэж байна. Иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллахад бэлэн. Төр, хувийн хэвшлийн түншлэл гэхээр барих-шилжүүлэх, эсвэл барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ гэж ойлгодог. Төр бодлого чиглэлээ гаргаад, хувийн хэвшил нь хөрөнгө оруулаад, иргэдийн сайн сайхны төлөө ажилладаг зарчим руу шилжиж байгаа. Хэн хамгийн чанартай, боломжийн нөхцөл санал болгоно, бид түүнтэй хамтарч ажиллана. Ямар нэг давуу эрх олгохгүйгээр гэрээ байгуулаад, хамтран ажиллах нь чухал. Ил тод, нээлттэйгээр саналаа солилцоод шуурхай ажиллах хэрэгтэй” гэсэн юм.
“Ди Би Эм лизинг” компанийн гүйцэтгэх захирал Г.Пүрэвсүрэнтэй түрээсийн гэрээгээр цахилгаан автобус нийлүүлэх талаар санал солилцож буй нь
11.35 цаг. Шууд залгуулаад Монгол Улсын хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм лизинг”-ийн гүйцэтгэх захирал Г.Пүрэвсүрэн түүнтэй уулзахаар орж ирэв. Уулзалтад Улаанбаатар хотын хөгжлийн корпорацын гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан мөн байлцлаа. Нийтийн тээврийн олон төрөлт үйлчилгээтэй болох ажлын гол зохион байгуулагчаар Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ажиллаж буй санж. Г.Пүрэвсүрэн захирал “Цахилгаан автобус худалдаж авах мөнгийг Хятадын хөгжлийн банкнаас зээлнэ. Хөгжлийн банк, манай компани хоёр зээлдэгч болно. Харин авчирсан автобуснуудыг “Автобус 3” компани түрээсэлнэ. “Автобус 3” орлогоосоо манайд төлбөр хийнэ. Бид цаашаа нь өрөө дарна. Хятадын тал долоон жилийн хугацаатай, 6-7 хувийн хүүтэй юанийн зээл авахад баталгаа нэхэж байгаа. Бид Монголын өвлийн нөхцөлд хөлдчихгүй автобус хайж байна. Наньжин руу хандаж үзлээ. Автобусаа 90 хоногийн дараа нийлүүлнэ гэж байна. Энлонг руу бас хандсан” гэв. Тэгвэл Улаанбаатар хотын хөгжлийн корпорацын гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан Орос, Казахстаны автобус үйлдвэрлэгчид, Өмнөд Солонгосын “Daewoo” компанитай холбогдсоноо дуулгасан. Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн хотуудын тоонд ордог. Үүнтэй холбогдуулан Хятад улсаас 10 цахилгаан автобус оруулж ирэн нийтийн тээврийн үйлчилгээнд туршилтаар явуулж байгаа аж.
С.Амарсайхан “Хамгийн боломжит нөхцөлөөр хурдтай нийлүүлэх компани сонгох хэрэгтэй. Нийт 600 автобус зургадугаар сараас өмнө авах шаардлагатай байна. Үүнээс 200 нь хүүхдийн автобус байх ёстой шүү. Одоо хүүхдээ зориулалтын бус автобусаар тээвэрлэж байгаа. Дизель түлш хэрэглэдэг автобусыг нэг өдөр үйлчилгээнд гаргахад 270-300 мянган төгрөгийн зардал гардаг. Цахилгаан автобусыг өдөрт 30 мянган төгрөгөөр цэнэглэх юм билээ. Нийслэлээс автобусны үйлчилгээ эрхэлдэг компаниудад жилд 130 тэрбум төгрөгийн татаас өгдөг. Цахилгаан автобус худалдаж авснаар компаниуд аж ахуйн тооцоонд шилжин ашигтай ажиллаж эхэлнэ гэж бодож байна. Тооцооллоо сайн хийгээд ирэх долоо хоногт дахин танилцуул. Зээлийг эргүүлэн төлөхөд ямар ч эрсдэлгүй байх ёстой” гэснээр уулзалт өндөрлөлөө.
11.50 цаг. Хотын дарга зэргэлдэх танхимд үргэлжилж буй нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд орж, хоймрын суудлыг нь “эзлэв”. Түүнийг орж ирэхэд зөвлөлийн гишүүд хүнсний хог хаягдал боловсруулах үйлдвэрийн төслийн нэгж байгуулах асуудлыг хэлэлцээд дуусаж байлаа. С.Амарсайхан “Төслийн нэгжийг чадварлаг багаар бүрдүүлэх ёстой. Зарим төслийн нэгж бие даасан байдлаа хангаж чадахгүйгээс ажил нь удааширсан тохиолдол гарсан. Иймээс хэлтсийн удирдлагын оролцоогүйгээр төслийн нэгжийн захирал хэрэгжүүлж буй ажилтайгаа холбоотой бүх байр сууриа илэрхийлээд явахыг дэмжих хэрэгтэй” гэв.
Үүний дараа Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нөөцийн мах бэлтгэлийн явцын талаар мэдээлэл өглөө. Одоогоор долоон аж ахуйн нэгж 13.8 мянган тонн мах бэлтгээд байгаа аж. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөл Засгийн газраас өгсөн үүргийн дагуу гуравдугаар сарын 15 гэхэд 20 мянган тонн мах нөөцөлж амжина гэсэн тооцоолол танилцуулав. Зах зээлд махны үнэ өсвөл нөөцийн махыг интервенц хийх байдлаар худалдах аж. Зарим үед өргөтгөсөн худалдаа хийж ч магадгүйг Т.Гантөмөр дарга дуулгасан. Нөөцийн мах худалдах аж ахуйн нэгжүүд пост терминал машинтай, НӨАТ төлөгч байх шаардлагатай гэнэ. Учир нь нөөцийн махыг тусгай бар кодын дагуу борлуулахаар зэхэж байгаа аж.
Нөөцийн мах бэлтгэж буй аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай хэмжээний зээлийг нь олгохыг банкуудаас хүсэх, түгээх тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх, эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийн шаардлагыг нягт баримталж ажиллах зэрэг арга хэмжээ авахыг хотын дарга холбогдох албаны хүмүүст үүрэг болгож, зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэхийг үүрэгдэв. Тэрбээр “Өмнөд хөршид шинэ коронавирус дэгдэн аюулын харанга дэлдэж буй энэ үед махны эрүүл ахуйн стандарт шаардлагыг сайтар хангаж ажиллах ёстой” гэж цохон тэмдэглэсэн юм.
Зөвлөлийн хурлын дараагийн хэлэлцэх асуудал нийслэлийн иргэдийн амьдрах орчны зураглалын “Манай хороо” системийн танилцуулга байв. Энэ мэдээллийн системийг Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн санхүүжилтээр өргөтгөн шинэчилж байгаа аж. Уг системд нийтийн тээвэр, усны хүртээмж, боловсрол, соёл зэрэг бүх төрлийн үйлчилгээний газрын байршлыг заажээ. Мөн эл системээр дамжуулж, хорооны ажилтнуудаас нийслэлийн харьяа байгууллагуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл авах боломжтой гэнэ. Улаанбаатар хот 173 хороотой болсон. Эдгээрээс 171-ийнх нь мэдээллийг системд байршуулж дууссан байна. Хотын дарга “Сайн систем хийсэн ч ашиглаж хэвшүүлэхгүй бол ямар ч үр дүнгүй. Тиймээс хэрхэн ашиглах талаар сургалт сайн хийх хэрэгтэй. Сургалтын хөтөлбөрөө бэлтгээд надад танилцуулаарай” гэв. Ингээд системийг ulaanbaatar.mn цахим хуудастай холбох, ач холбогдлыг олон нийтэд сурталчлан танилцуулах арга хэмжээ авах үүрэг өгснөөр нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өндөрлөсөн.
13.40 цаг. Зарим нэг ажлаа нягталж ярилцангаа зөвлөлийн гишүүдтэйгээ хамт хооллосон С.Амарсайхан албан өрөөндөө нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяртай уулзав. Албан бичигт гарын үсэг зуруулахаар зорьж ирсэн түүнд хотын дарга “Зураг төслийн дагуу бариагүй барилгыг бүү хүлээж ав. Хүлээж авахгүй гэдгийг барилгын компаниудад сайтар ойлгуул” гэсэн үүрэг өглөө. Компаниуд барилгын зураг төсөл хийхдээ автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжтай байхаар батлуулдаг аж. Гэвч барилгаа бариад дууссаны дараа машины зогсоол, ногоон байгуулж, хүүхдийн тоглоомын талбайг нь хийхгүй орхих тохиолдол олон гэнэ. Ийм зөрчлийг нь хүлээн зөвшөөрөөд Улсын комисс барилгыг хүлээгээд авчихдаг нь Улаанбаатар хотоос энэ онд дэвшүүлж буй “Нэг хот-Нэг стандарт” зорилттой яавч нийцэхгүй гэдгийг С.Амарсайхан дарга цохон тэмдэглэсэн. Тэрбээр “Амьдрахад таатай орчин бүрдүүлье гэвэл стандарт л хэрэгжүүлэх шаардлагатай. Бүх зүйлд стандарт баримтална. Ногоон байгууламж, замын тэмдэглэгээ, хүүхдийн тоглоомын талбай, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилга гээд бүгдэд стандарт хэрэгжүүлнэ. Чанарын хэмжүүртэй болъё гэсэн санаа юм. Бүтээн байгуулалтын суурийг тавьснаас хойш ашиглалтад ортол стандартын шаардлага тавина. Төсвийн хөрөнгө оруулалт хийхдээ стандарт хангасан аж ахуйн нэгжтэй л хамтарч ажиллана. Стандарт бий болгоход төрийн захиргааны байгууллагаас гадна аж ахуйн нэгж, иргэд ч үүрэгтэй оролцох хэрэгтэй. Стандарт тавьж буй гол шалтгаан нь иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх юм” гэж “Нэг хот-Нэг стандарт” зорилтынхоо талаар тодотгон ярилаа.
14.10 цаг. Хотын дарга Засгийн газрын хуралдаанд байнга оролцож, нийслэлд өрнөж буй үйл явдлын талаар мэдээлэл өгөх үүрэг хүлээдэг. Тэрбээр Засгийн газрын ээлжит бус хуралдаанд оролцохоор Төрийн ордныг зорив. Уг хурлаас өмнөд хөршөөс ирж буй иргэдийг болон тийш зорчих гэж байгаа хүмүүсийг хил нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан билээ.
“Явуулын оффис” буюу тусгай тоноглосон автобусаар Баянзүрх дүүргийг зорьж буй нь. Түүнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл өгч байна
16.30 цаг. Улаанбаатар хотын захирагч албаны хүмүүсийн хамт “Явуулын оффис”-тоо тухаллаа. Энэ нь ажил хэрэг явуулж болохуйцаар тохижуулж, тоноглосон автобус юм. Автобус Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрийн зүг хөдлөв. Хотын даргатай нэг ширээнд эсрэгцэн суусан Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Хоггүй амьдарцгаая” аяны явцын талаар түүнд танилцуулж явлаа. Улаанбаатарт нийтлэг үйлчилгээний буюу хог тээвэрлэх 21 компани ажилладаг гэнэ. Эдгээрийн долоо нь хувийн хэвшлийнх бол 14 нь дүүргүүдийн эзэмшлийнх. Аян зарласан ч Баянзүрх, Баянгол дүүргийн хогноосоо салах ажил удаашралтай байгаа аж. Аяны хүрээнд шөнө хог ачиж эхэлсэн байна. Энэ нь үр дүнгээ өгч буйг Т.Гантөмөр дарга дуулгалаа. Нийслэлээс энэ онд 17.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийтлэг үйлчилгээний компаниудад хог ачих зориулалттай 68 машин худалдан авч өгөхөөр төлөвлөжээ.
17.10 цаг. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, олны нэрлэдгээр Алтан-Өлгийн баруун салааны Монелийн 72 дугаар гудамжинд очив. Тэд тус дүүргийн нийтлэг үйлчилгээний нэгдүгээр компанийн машин хог ачиж байлаа. Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт “Манай дүүрэг хог ачилтын дөрвөн компанитай. Нэг компани долоон хороонд ажилладаг. Сарын эхний хоногуудад айлуудынхаа хогийг авдаг” гэж танилцуулав. “Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн” төрийн бус байгууллага Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай гэрээ байгуулан Баянзүрх дүүрэгт хөндлөнгийн хяналт тавьж ажиллаж буй гэнэ. Тус төрийн бус байгууллагын тэргүүн А.Нямдорж хог ачих хуваариас 22 хоногийн дараа хогны машин ирж байсан удаатайг дуулгав. Тэгвэл Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Машин нь эвдрээд зогсчихоор л хог ачих хуваариа алдчихаад байгаа юм. Машин нь хүрэлцээтэй бол нийтлэг үйлчилгээний компаниуд хуваарийн дагуу хэвийн ажиллах боломжтой” гэж тайлбарлалаа.
17.30 цаг. “Ажил хэрэгч” автобус Цагаан давааны хогийн цэгийн ойролцоох замаар зорчлоо. Хогийн цэгийг бараадуулан байгуулсан хоёрдогч түүхий эд авдаг цэгийн ойр орчим яг л хогийн цэг шигээ болжээ. Тэр хавийн гудамж, гуу жалгаар ч хог хөглөрнө. Хотын дарга “Би өмнө нь үүгээр явж, шаардлага тавьж байсан. Баянзүрх дүүргийн хогноос салах ажил дээрдсэн юм алга гэж дүгнэж болохоор байна” гэж ажил хариуцсан хүмүүсийг зэмлэв. Дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт хог ачилтын машины жолооч, ачигч нар хоёрдогч түүхий эд тушааж амьдралдаа нэмэр болдгийг дуулгавал С.Амарсайхан “Тэгвэл хоёрдогч түүхий эд их гардаг газруудын хогийг хуваарийн дагуу аваад, бусдыг нь орхих нөхцөл үүсэж мэдэх юм байна. Тиймээс заримыг нь орхигдуулах байдал үүсгэхгүй байдлаар ажлаа зохион байгуул” гэж үүрэг өгөв. Энэ зуурт хог ачилтын 68 машин худалдаж авбал Улаанбаатар хот хогооноосоо бүрэн салж чадах болов уу гэж хотын даргаас лавлалаа. Тэрбээр бүрэн шийдэл болж чадахгүй гэж хариулсан юм.
17.50 цаг. “Ажил хэрэгч” автобус түгжрэл дунд гэлдэрнэ. Хогноос гадна Улаанбаатар хотын захирагчийн шийдэх ёстой ажил энэ их түгжрэл билээ. С.Амарсайхан дарга утас цохиж, ажил хэргээ амжуулсаар л явлаа.
18.20 цаг. Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүрэв. Томуу, томуу төст өвчин газар авч буй энэ үед эмнэлгийн нөхцөл ямар байгаатай тэрбээр танилцахаар шийджээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, тус эмнэлгийн дарга, Гавьяат эмч М.Чимгээ нар түүнийг хүлээн авч, байр байдлаа танилцууллаа. Саяхнаас хэвтэн эмчүүлж буй хүмүүсийн тоо цөөрсөн байна. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил үед тус эмнэлэгт хэвтэн эмчүүлэгчийн тоо 470-д хүрчээ. Үүнээс 300 нь хүүхэд байсан аж. Тэгвэл өдгөө 280 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эмч нар нь хүртэл өрөөгөө суллаж, ор тавьж байж хүнд үеийг давжээ. Хэвтэн эмчлүүлэгчийн 88 хувь нь амьсгалын замын өвчтөн байсан гэнэ. Эмнэлгийн тоног төхөөрөмж, эм тарианы хангалт сайн байсан учраас тус эмнэлгийнхэн барьц алдаагүйг дарга нь хүүрнэв. Одоо тус эмнэлэг тусгай төлөвлөгөөний дагуу шинэ коронавирус илэрсэн тохиолдолд хэрхэн ажиллах бэлтгэлээ хангаж байгаа аж.
19.05 цаг. Сүхбаатар дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр, хуучнаар 32-ын тойргийн хойно байрлалтай “Сансар” сүлжээ дэлгүүрийн хойно байрлах сайжруулсан сайн түлш борлуулах 148 дугаар цэгт очив. Гэрээт борлуулагч Д.Биндэрьяа “Түлш тасрахгүй байгаа. Дуусангуут нь захиалахаар тэр дор нь буулгаж өгч байна. Өвлийн их хүйтэн үе өнгөрсөн учраас айлуудад долоо хоногт зургаан шуудай түлш нь хүрэлцэж байгаа бололтой. Иргэдээс ч гомдол санал ирэхээ больсон” гэв. Харин зарим айл угаарын хий мэдрэгч төхөөрөмжийнхөө зайг салган унтрааж хоноод байна гэсэн мэдээллийг тэрбээр хотын даргад өгөв. Тэднийхээс холгүй орших сайжруулсан сайн түлш борлуулах 188 дугаар цэгийн борлуулагч ч түлш тасрахгүй, борлуулалт хэвийн, иргэдээс санал гомдол ирэхгүй байна гэв. Энэ үеэр хотын дарга түлш борлуулагч нарт хандан “Баянзүрх дүүрэгт энэ жил сайжруулсан түлшний шинэ үйлдвэр барина. Тэгэхээр нэг айлд долоо хоногт зургаан шуудай түлш өгнө гэх мэт хязгаар тогтоогүй. Нийлүүлэлт хангалттай болох учраас чөлөөтэй худалддаг болно” гэж хэллээ.
19.20 цаг. Захирагч С.Амарсайхан “Сансар” сүлжээ дэлгүүрт орж ойр зуурын хүнсний хэрэглээний зүйлээ худалдан авсан. Энэ үеэр тус сүлжээ дэлгүүрийн зохион байгуулагч хотын даргад мэдээлэл өглөө. Шинэ коронавирус урд хөршид тархаж эхэлснээс хойш иргэд тансаг хэрэглээний зүйл худалдаж авах нь эрс багассаныг тэрбээр ярилаа. Мөн хэд хоногийн өмнө хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, гурил, будааг иргэд ихээр худалдаж авч байснаа хэвийн болсон гэв.
20.05 цаг. “Ажил хэрэгч” автобуснаасаа дөрөө мултаж, албан өрөөндөө тухалсан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан ширээн дээр нь дэвхийтэл өрсөн албан бичгүүдэд гарын үсэг зурж суулаа. Нийслэлийн иргэдийг орон сууцжуулах, нийтийн тээврийг хөгжүүлж, бүтээн байгуулалтад стандарт тогтоох, замын түгжрэлийг бууруулах, хотоо хогноос салгах, иргэдийн эрүүл мэндэд анхаарах, утаа багатай түлшний борлуулалтыг нягтлах гээд түүний нэг өдрийн ажилд Улаанбаатарын бүхий л тулгамдсан асуудал багтжээ. С.Амарсайхан дарга гарын үсэг зурах зууртаа “Улаанбаатарын ундны усанд анхаарах цаг болсон. Гэр хорооллын хөрсний бохирдол нэвчсээр гүний ус бохирдлоо. Одоо гадаргын усыг хуримтлуулах сан байгуулж, ашиглах төслүүд хэрэгжүүлнэ. Явж явж ус хамгийн чухал нь. Усгүй бол хот оршин тогтох үндэсгүй. Ус иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинд нөлөөлж эхлэх нь” гэж ярьж байлаа.
Энэ өдрийн ажлын төгсгөлд тэрбээр “Хорвоо дэлхийн уужим, хийх ажил их гэдэг шиг бүтээх, цэгцлэх, зөв замд нь оруулах ажил Улаанбаатарт их байна. Хот гэдэг их айл хөгжихийн тулд заримдаа хувь хүний эрх чөлөөг хүндэтгэхийн зэрэгцээ иргэдийн нийтлэг эрх ашгийг эрхэмлэх шаардлага тулгардаг. Бид ажил төрлөө урагшлуулж, хүрээлэн буй орчноо хамтдаа сайжруулан сайхан хотод амьдарна гэдгийг иргэд ойлгох нь чухал” хэмээн онцлон хэлэв. Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх бодлого зорилтын тухай тэрбээр энэ өдөр уулзсан хүн бүртэйгээ санал солилцсон. Түүний хэрэгжүүлэх бодлого иргэдийн оролцоотой хөгжлийн үзэл санаанд тулгуурлах юм байна гэдгийг ойлголоо. Хотын даргын өрөөнөөс гаргахад иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх барагдахгүй олон ажлын “албат” тэр юм байна гэсэн бодол зурсхийв.