Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж, айдгүйгээ авдрандаа хийсэн эрх баригчид Сонгуулийн хуулиа өөрчлөхөөр шуурхайлав. Үүнийг нь сөрөг хүчин хүч нэмэн дэмжихээ илэрхийллээ. Ингээд Сонгуулийн шинэ хуулийн зам шулуудаж, парламентын танхимд ногоон гэрлээр орж ирэхээр болж байна. Сонгуулийн хуулийг дөрвөн жил тутамд өөрчилж байдаг болохоор энэ нь сонгогчдын хувьд дэндүү танил сценари байж мэднэ. Гэхдээ Сонгуулийн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийнхний хэлж байгаагаар одоогийн өргөн барьж буй төсөл нь мажоритар тогтолцооны таван хэлбэрээс том жижиг мажоритар тойрог буюу холимог тогтолцоо гэдгийг нь сонгон авч байгаа гэдгээрээ онцлог гэнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 50 нэр дэвшигч нь одоогийн тогтолцоо буюу жижиг тойргоос нэр дэвшинэ. Харин үлдэж буй 26 нэр дэвшигчийн хувьд Монгол Улс нэг тойрог байх бөгөөд тэд нийт иргэдээсээ шууд сонгогдоно гэсэн үг.
Монгол Улс парламентын засаглалд шилжсэнээс хойш ийм хувилбараар сонгууль явуулж байсан нь үгүй. Шинэ хуулийн шинэлэг тал нь энэ. Аливаа шийдэл бүхэн 100 хувь төгс төгөлдөр биш, давуу хийгээд сул талтай. Шинээр яригдаж байгаа Сонгуулийн талаар ч иргэд эерэг сөрөг санал бодол илэрхийлж байна.
Сонгуулийн шинэ хуулийн төсөлд тухайн тойргийн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоож өгч байгаагаас гадна нэр дэвшигчдийн сурталчилгааны гарааг жигд ижил түвшингээс эхлүүлэх, сонгуулийн маргааныг тухайн жилд нь багтаж шийдвэрлэх болон хандив, зардлын тооцоог ил тод байлгах зэрэг заалтууд шинээр орж байгаа ажээ.
Тугалыг нь турааж, эхийг нь эцээхгүй 50:26 хувилбар
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улс цаашид сонгуулийн мажоритар тогтолцоотой байя гэдгээ тунхаглачихсан. Энэ нь УИХ-ын гишүүнийг иргэд нийтээрээ чөлөөтэй шууд сонгодог байна гэсэн үг. Сонгуулийн шинэ хувилбар буюу 50:26-г холимог тогтолцоо гэж нэрлэж байгаа ч энэ нь том, жижиг мажориатор гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, энд нам дугуйлна гэсэн олйголт байхгүй, тухайн намуудын төлөөлөл болж нэрсийн жагсаалтад бичигдсэн хэн нэгний төлөө санал өгнө. Сонгогч ирэх сонгуульд оролцохдоо хоёр сонголт хийнэ. Нэгдүгээрт, улсын хэмжээний том тойрогт орж ирсэн 26-аас нэг хүнийг дугуйлна, хоёрдугаарт, өөрийнхөө тойрогт нэр дэвшигчийн төлөө бас дугуйлна. Магадгүй, энэ хувилбар эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй алтан дундаж байхыг үгүйсгэхгүй.
Сонгуулийн энэ 50:26 тогтолцоог шүүмжлэгчид нэлээд байгаа. Нэг дэх шүүмжлэл нь тойргоос гарч чадахгүй “хөгшчүүд”-ээ улс төрд дархлах гэсэн арга заль гэж тодорхойлж байна. Гэхдээ ингэж харах шалтгаан бага. Яагаад гэвэл энэ бол улс төрийн намд бус, шууд хүний төлөө саналаа өгөх хувилбар. Тийм болхоор дургүй нэгнээ дугуйлахгүй байх эрх нь сонгогчдын гарт бий. Харин тухайн нам хэнийгээ том тойргийн жагсаалтад оруулах нь тэдний асуудал. Урьд нь намын төлөө санал өгөөд авсан хувиар нь суудал хуваарилахдаа тухайн нам хэнийгээ оруулахаа шийддэг байсан. 2012 оны сонгуулиар намын жагсаалтаар орж ирэгсэд гээд сонгогчгүй төлөөлөлүүд сулдаа ганхаж, НАМ гэдэг "оройн дээд Очирваань"-тай байлаа. Одоо харин тийм байх бломжгүй. Шинэ хувилбараар хэнийг дэмжих нь ард түмний эрх мэдлийн асуудал. Мөн тэдний сонголтоор эрэмбэлэгдэнэ. Өөрөөр хэлбэл, том тойргоос хамгийн олон санал авсан эхний 26 нэр дэвшигч л аль нам, хэнийх байхаасаа үл хамааран орж ирнэ. Энэ бол асуудлын нэг тал.
Харин нөгөө талаас нь харвал том тойрогт олонд танигдсан хүнээ л оруулахгүй бол сонгогчид, ялангуяа зах хязгаар нутгийнхан “таньдаггүй бурхнаас танил чөтгөр” гэсэн зарчмаар хандах нь тодорхой. Тэгэхээр намууд хүссэн хүсээгүй нөгөө л хуучин “бурхи”-нуудаа, эсвэл олонд танигдсан залуучуудаа том тойргийн галын фронт руу илгээж таарах гээд байгаа юм. Жишээ нь, хэний ч танихгүй Дорж, хуучин парламентич Д.Лүндээжанцан хоёрын хэнийг дугуйлах нь хэлүүлтгүй тодорхой биз дээ.
Сонгуулийн энэ тогтолцоо улс орны жигд хөгжлийг хангаж өгөх давуу талтай. Учир нь нийт ард түмнээсээ сонгогдсон улстөрчид тойргийн бус улс орны хөгжлийг том зургаар харж төлөвлөнө гэсэн үг. Нийт иргэдийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээнэ. Хэрэв олон түмнийхээ итгэлийг эвдвэл тэр хүнд дараагийн удаад тойрог руу гулсах сонголт бараг үгүй болох байх.
Жижиг 76 тойргоос жийрхэх шалтгаан ийм
Монголын улстөрчдийн хамгийн хайртай хувилбар энэ байх. Иргэдийн төлөөллийн зарчмыг жигд хангадаг, орон нутгийн хөгжлийг тэнцвэржүүлдэг, бодит амьдралын мэдээлэл хууль тогтоох байгууллагад шууд хүрдэг гэхчлэн давуу талтай хэмээн саймширдаг.
Гэхдээ ихэнх тойргийг нь улстөрчид зүслээд авчихсан, тэндээ бааварлаад сурчихсан, шинэ залуу хүний өдөлж жигүүрлэх, өөдөө гарах боломжийг нь хааж хавчдаг гэм жижиг тойрогт жин дардаг.
Мөнгөтэй, бэлтэй нэгэнд жижиг тойргийг усалж тордоод, урвуулж хөрвүүлээд байх нь тийм ч хүнд хүчир биш. Тойрогтоо төсөв татахаас эхлээд аж ахуйн шинжтэй аар саархан ажлаар сонгогчдын сэтгэл зүйд нөлөөлдөг арга тактик одоо явуургүй болсон. Ингэх нь сонгох сонгогдохгүйдээ биш гол нь төсвийг тарамдуулдаг, Монголын хөгжлийг том зургаар харахын оронд зөвхөн тойргийнхоо хэмжээнд авч үздэг, бодлого ярихын оронд эмнэлэг, сургуулийн дээвэр шал ярьдаг, тойрог өмчилдөг гэхчлэн дурдаад байвал сөрөг тал цөөнгүй бий.
Жижиг 76-ийн өөр нэг сул тал нь мөнгөний хамаарал. Сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авах “арилжаа” энэ жижиг тойрогт л жинхэнэ утгаараа цэцэглэдэг.
Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Сонгуулийн шинэ хуулийн төслийн тухайд “Хамгийн гол үндсэн зарчим нь мөнгөнөөс хамааралтай сонгуулийг больё гэдэг талаас нь зохицуулалт хийж байна. Мөнгөтэй холбоотойгоор урьд өмнө үүсч байсан зөрчлүүдийг хуулийн заалтуудаар хаах зохицуулалтыг хийж өгсөн” хэмээн тодотгож байгаа юм.