Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нар “Н.Номтойбаяр УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниудад зээл олго” гэх үүрэг даалгавар өгсөн хэмээн мэдүүлжээ.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас УИХ-ын гишүүд болон төрийн томоохон албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэг өнгөрсөн жил илэрсэн. Тухайн үед УИХ-ын 16 гишүүн, гурван сайд, яамдын дэд сайд, Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газрын орлогч, МАН-ын нэр бүхий дарга нар хэдэн тэрбумаар нь зээл авсан нь тогтоогдож, багагүй шуугиан тарьж байсан.
Өдгөө энэ хэрэг шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгаа. Тэгвэл ЖДҮХС-гийн хэрэгтэй огт ялгаагүй өөр нэг томоохон хэргийг АТГ-ынхан шалгаж эхэлжээ. Тодруулбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас мөн л төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа ашиглан танил тал, өөрсдийн хамаарал бүхий компаниуддаа зээл авч өгсөн хэрэг шалгагдаж эхэлжээ.
Тодруулбал, Өнгөрсөн сард Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн байдаг. Тэднийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн билээ.
Тэднийг хууль, журам зөрчин ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 27 аж ахуйн нэгжид давуу байдал олгож, тус бүрт нь 200 хүртэл сая, нийт дөрвөн тэрбум төгрөг шилжүүлсэн гэх хэрэгт холбогдоод байгаа гэдгийг албаны эх сурвалж онцолж байлаа. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2016-2017 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг 2017 онд хэрэгжүүлэх чиглэл, төслийн сонгон шалгаруулалт зохион байгуулах удирдамж баталсан байдаг гэнэ.
Тус удирдамжийн дагуу Б.Нямдаваа даргын тушаалаар төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагджээ. Гэвч төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг нэг ч удаа хуралдалгүйгээр улсын төсвөөс дөрвөн тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг 27 аж ахуйн нэгжид олгосон байна. Энэ нь Монгол Улсын олон хууль, тогтоомжийг илтэд зөрчсөн үйлдэл болсон байна. Ингээд АТГ-аас дээрх хэргийг шалгаж эхэлсэн аж.
Хэрэгт шалгагдаж байгаа (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нар “Тухайн үед манай яамны сайдаар ажиллаж байсан Н.Номтойбаярын өгсөн үүрэг даалгаварыг биелүүлж, хууль зөрчиж зээл олгосон. Энэ асуудалд Н.Номтойбаяр холбоотой” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн гэнэ. Бүр сайд зээл авах компаниудын жагсаалтыг бидэнд өгсөн. Өгсөн жагсаалтын дагуу зээл олгосон гэх мэдээлэл ч бидэнд ирсэн юм.
УИХ-ЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮНИЙ ХАМААРАЛ БҮХИЙ ГУРВАН КОМПАНИ ЗЭЭЛ АВЧЭЭ
АТГ-аас Н.Номтойбаярын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл олго” гэсэн компаниудыг шалгаж эхэлсэн байна. Гэтэл шалгалтаар нэр бүхий яамдын сайд, УИХ-ын гишүүн, дэд сайд, хэд хэдэн яамны төрийн нарийн бичгийн дарга, НИХТ, дүүрэг, аймгийн Засаг дарга нарын хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байдаг компаниуд зээл авсан гэдэг нь тогтоогджээ.
Хамгийн сонирхолтой нь, өмнө нь ЖДҮ-гээс зээл авсан УИХ-ын гишүүд ч ХЭДС-ээс 150-200 сая төгрөгийн зээл авсан нь баримтаар нотлогдоод байна. Мөн Монголын урдаа барьдаг томоохон компаниудын төлөөлөл гэдгээрээ олны танил болсон гурван ч УИХ-ын гишүүний хамаарал бүхий компани 150 сая төгрөгийн зээлийг хууль зөрчөөд авчихсан байгаа аж. Түүнчлэн УИХ-ын нэгэн эмэгтэй гишүүний хамаарал бүхий гурван ч компани тус сангаас зээл авчихсан байгаа гэдгийг онцольё.
АТГ-аас энэ хэрэгтэй холбоотойгоор хэрэг бүртгэл нээж, нэр бүхий 27 компанийн захирлуудаас байцаалт авч эхэлсэн байна. Мөн УИХ-ын 12 гишүүн, гурван сайд, хоёр төрийн нарийн бичгийн дарга, хоёр дэд сайд, аймаг, дүүргийн хоёр Засаг даргыг шалгаж эхэлжээ. Удахгүй тэднээс тайлбар мэдүүлэг авах юм байна.
УЛСТӨРЧДИЙН КОМПАНИ ХУУЛЬ ЗӨРЧИЖ, ЗЭЭЛ АВДАГ БОЛСНООС ОЛОН КОМПАНИ ДАМПУУРСАН
Энэ талаар нэгэн эх сурвалж “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2016-2017 онд маш олон компани зээл хүсэж материал өгсөн байдаг. Гэвч бичиг баримтаа бүрдүүлж өгсөн компаниудаас нэг нь ч шалгараагүй. Тухайн үед ямар шалтгаанаар компаниуд шалгараагүй талаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас бид асууж байсан.
Гэвч бидэнд тодорхой мэдээлэл огт өгөөгүй. Яамны мэргэжилтнүүд “Та нар бүрдүүлэх материалаа дутуу, буруу бүрдүүлсэн болоод л тэнцээгүй байгаа шүү дээ” гэж байсан. Харин ганц нэгхэн албан тушаалтан “Сайдын хамаарал бүхий компаниуд энэ удаад зээл авсан” гэж ярьж байсан. Тухайн үед ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр шууд зээл олгосон ноцтой асуудал одоо яригдаж эхлээд байна. Үүнийг хууль хяналтын байгууллага шударгаар шалгаж тогтоох ёстой.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниудад зээл олдож, ямар нэгэн улстөрч танихгүй бор зүрхээрээ явж ирсэн компаниуд олноороо дампуурсан. Улстөрчдийн хууль бус үйлдэл биднийг дампууруулсаар байна. Хэрвээ төрөөс олддог зээл, тусламж ном журмынхаа дагуу олгогдож байсан бол жинхэнэ хөдөлмөрөөрөө зүтгэж байсан олон аж ахуйн нэгж, компани дампуурахгүй, үүсгэн байгуулагчид нь өчнөөн өр зээлэнд унахгүй байсан” гэв.