УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.
-Оюу толгойн ажлын хэсгийн дүгнэлт, түүнийг тойрсон асуудлууд дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-УИХ-ын 2018 оны 57 дугаар захирамжаар Оюу толгой төслийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх байсан ч хойшлогдоод гурав дахь долоо хоногтоо орох гэж байна. Миний хувьд хоёр долоо хоногийн өмнөөс л ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын чуулганаар даруй хэлэлцэж танилцахгүй бол энэхүү дүгнэлттэй холбогдуулаад Рио Тинто компанийн зүгээс хэвлэл мэдээллээр өөрийнхөө байр сууриудыг илэрхийлж эхэллээ гэдгийг хэлсэн. Энэ сарын 5-нд Рио Тинто компанийн Зэс, очир эрдэнийн группийн захирал Арнолд Саурет “Бид суурь гэрээ болох Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ Дубайн гэрээний нэг ч заалтыг өөрчлөхөөр хэлэлцээ хийхгүй. ХөОГ, НӨОДТХНГ болон ДУББСТ зэрэгт өөрчлөлт оруулах аливаа оролдлого гаргах нь бидний мэдлээс хэтэрсэн ноцтой үр дүнд хүргэнэ” гэж мэдэгдсэн байсан. Үүнтэй холбоотойгоор бид энэ асуудлыг бодитойгоор авч хэлэлцье, УИХ өөрийнхөө байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг бүтэц зохион байгуулалтынхаа хүрээнд сонсъё л гэдэг саналыг чуулганы хуралдаан дээр дэвшүүлсэн. Гэсэн ч ийнхүү гацсаар байна.
-Д.Дамба-Очир гишүүний хувьд тухайн компани хүсэлт гаргасан учир нууцын зэрэглэлтэй бус 43 хуудас материалыг явуулсан гэх байр суурийг илэрхийлсэн. Шалгалтын дүнгээ өөрсдөө хэлэлцэхээсээ өмнө шалгасан компанидаа өгчих нь ямар үр дагавартай юм бэ?
-Гол нь өөрийнхөө захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхээ дүгнэлтийг УИХ авч танилцаагүй байхад шалгагдсан байгууллага нь авч танилцаад, УИХ-д няцаалт, тайлбарыг бараг шаардах бичгийн дайтай хариуны хамт өгсөн нь буруу. Бүтэн жил илүү хугацаанд УИХ-ын ажлын хэсэг, Засгийн газрын харьяа байгууллагуудын 40, 50 төрийн албан хаагчид цаг нойргүй ажиллаж, Монголын төрийн бодлого чиглэлд зориулсан санал, зөвлөмж дүгнэлтийг гаргасан. Монгол төрийн төлөө тангараг өргөсөн энэ төрийн албан хаагчдын мэргэжлийн хүрээнд гаргасан санал, дүгнэлтүүдийг УИХ-д танилцуулахаар боловсруулсан. УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт бол Монгол төрийн бодлого гэж ойлгож болно. Оюу толгой компани биднээс түрүүлээд Монгол төрийн бодлогыг тодорхойлж байгаа нь буруу. Төрийн албан хаагчдынхаа санал, зөвлөмж, дүгнэлт дээр үндэслэж Монголын төр бодлого, чиглэл, шийдвэрээ гаргадаг. Монголын төр бодлогоо өөрөө гаргадаг байх ёстой. Гэтэл төрийн шийдвэрт урьдчилж нөлөөлөх нөхцөл байдал үүсчихлээ гэдэгт хувь хүнийхээ хувьд харамсаж байгаа.
-УИХ ажлын хэсгээс яг ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Мэдээж ажлын хэсгийн санал, дүгнэлт, зөвлөмж дээр үндэслэж УИХ-аас Засгийн газарт тодорхой чиглэл, үүрэг даалгаврыг өгөх ёстой. Оюу толгой төслийг сайн мэдэх хүний хувьд бидэнд энэ төсөлд залруулах ёстой асуудлууд байна. Монголын төр алдаа гаргасан бол алдаагаа засдаг байх нь чухал. 2015 онд монголчууд бид бодлогоо нэгтгэж чадаагүйгээсээ үүдэн нэг том алдаа гаргасан. Тэр бол Дубайн гэрээ юм. Дахиж өмнөх гэрээгээ үгүйсгэсэн, хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэрийг Монголын төр битгий гаргаасай гэдэг үүднээс энэ асуудлыг бид залруулах ёстой. Дубайн гэрээнээс гадна цаашид Монголын төр энэ төслөөс үр ашиг хүртэхийн тулд, үр өгөөжөө нэмэгдүүлэхийн тулд ямар бодлого баримтлах ёстой гэдгээ ярих ёстой.Гэхдээ зөвхөн Оюу толгой төсөл гэлтгүй ижил төстэй төслүүдийг ирээдүйд хэрэгжүүлж эхэллээ гэхэд бидний алдсан, оносон нь юу байв гэдгээ дүгнэмээр байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарын томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй холбогдуулж бодлого тодорхойлогчид, шийдвэр гаргагчид өнөөгийн бодит нөхцөл байдлыг бодитоор үнэлж, ирээдүй рүүгээ харсан гаргалгаа шийдвэрийг зөв гаргах ёстой гэж бодож байна. Уул уурхайн стратегийн төслүүдийн хүрээнд Монголын төрөөс цаашид баримтлах зарчим, бодлогын асуудлуудаа тодорхойлох шаардлагатай байна.
Хууль, эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох тал дээр бид юу анхаарах хэрэгтэй байна, цаашид Хөрөнгө оруулалтын тухай хуулиар 30 жилээр татварын орчныг тогтвортой байлгах зөв юм уу, эсхүл эхний 10 жилээр тогтворжуулах нь бизнесийн үйл ажиллагаа талаасаа нийцэх үү, Хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулагч талтай байгуулахдаа тухайн төслийн эдийн засгийн үр өгөөжийг ямар эрх зүйн актаар баталгаажуулах уу, тооцооллыг төслийн ТЭЗҮ-д үндэслэх үү, гэрээг эцсийн хөрөнгө оруулагчтай байгуулах ёстой юу гээд эрх зүйн болон санхүүгийн үр дагавартай олон ойлголтыг цаашид тодорхой болгох шаардлагатай байна.
Өөрсдийгөө чадавхжуулах талаасаа юунд анхаарах уу гэдгээ ч бодох ёстой. Өмнөх дарга нар шиг бүдүүн дуу хоолойтой, бөх зүрхтэй хүмүүс Дубайн гэрээ шиг шийдвэр битгий гаргаасай гэдэгт анхаарах ёстой. Энэ бол бидний маш том сургамж. Цаашдаа бид татварын албаны дэргэд олон улсын татварын чиглэлээр мэргэшсэн албан хаагчидтай нэгжийг бий болгох, боловсон хүчнийг чадавхжуулах, цалин, урамшууллыг өрсөлдөхүйц тогтоох гээд олон асуудал байна.
-Дубайн гэрээг хүчингүй болгох хэрэгтэй гэж үү?
-Энэ гэрээний мөн чанар, агуулга нь өөрөө юу юм бэ гэдгийг бид эхлээд ойлгох ёстой. Дубайн гэрээний гол амин сүнс нь эхний ээлжинд 4.2-6 тэрбум хүртэлх ам.долларыг босгох, дараа нь хүссэн хэмжээгээрээ санхүүжилтийг босгоход чиглэгдсэн. Уг нь Оюу толгой төсөл ямар ч санхүүгийн шинэ эх үүсвэр ашиглахгүйгээр өөрөө өөрийнхөө жилийн борлуулалтын орлогоор үйл ажиллагаагаа саадгүй явуулах, бүтээн байгуулалтаа хийх бүрэн боломжтой. Тэгвэл Оюу толгой төсөлд төслийн санхүүжилт хэрэггүй байсан юм бол яагаад “Рио Тинто” энэ хэлцлийг хийх болсон юм бэ гэдгийг бид сайн ойлгох ёстой. Тухайн үед 2015 онд Рио Тинто компанийн үйлдвэрлэл болон орлогын дийлэнх хувийг эзэлдэг төмрийн хүдрийн групп нь уналтад орох асар өндөр магадлалтай байсан. Одоо ч хэвээрээ байгаа энэ санхүүгийн эрсдэлтэй байдлыг даван гарахын тулд компанийн зүгээс төмрийн хүдрийн салбарыг дэмжих аливаа нэмэлт санхүүгийн эх үүсвэрийг олох чиглэлээр эрчимтэй ажилласан. Эцсийн дүндээ бусад төслүүдээ дэмжих санхүүгийн эх үүсвэрийг босгох механизм нь Оюу толгой, энэ эрхийг нь олгох эрх зүйн гаргалгаа нь Дубайн гэрээ болж хувирсан гэдгийг бид сайтар ойлгох ёстой юм. Дубайн гэрээгээр Монголын талын эрх ашгийг анхаарсан, бидний хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн нэг ч үг үсэг байхгүй гэдгийг энэ төслийн яриа хэлэлцээнд нь эхнээс нь оролцож явсан хүний хувьд хэлье.
-Рио Тинтогийн зүгээс Оюу толгойн гэрээнд цэг, таслал ч өөрчлөхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Оюу толгойн гэрээний хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн дүгнэлтэд харин гэрээнд томоохон өөрчлөлт хийх талаар тусгасан бололтой.Таны хувьд гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөх нь зөв гэж хэлэх гээд байна уу?
-Энэхүү асуултад чинь хариулахын тулд эхлээд би ерөнхий зарчмыг нь дахиад ярья л даа. Оюу толгойд Монголын төр хувь үр ашиг хүртэнэ, ашигтай ажиллана гэсэн үндсэн зарчмын хүрээнд уг төслийг эхлүүлсэн. Тэгэхээр эцсийн дүндээ төр яах гэж бизнест орж байна вэ. Ашиг олохын төлөө л орж байгаа. Оюу толгой төслөөс мөн л ашиг олохын төлөө орсон. Харилцан ашигтай гэрээ хэлцлийг хийж, УИХ-аар хэлэлцэж, зөвшөөрөл олгон тухайн төслийг эхлүүлсэн. Тухайн төслийг эхлүүлэхэд Монгол Улсад орох үр өгөөжийг шууд үзүүлэх өгөөжөөр хэмжиж тохиролцсон юм. Бусдаар шууд бус үр өгөөж нь ямар ч хэмжээнд байж болно. Нэгэнтээ Засгийн газар өөрийн төрийн аж ахуйн нэгжээрээ дамжуулан бизнест орж буй бол үр өгөөж нь татвар, хураамж болон ногдол ашгаар хэмжигдэх ёстой. 2009 онд байгуулсан гэрээгээр Монгол Улсад шууд үр өгөөжөөрөө ашигтай төсөл байсан. Төслөөс гарах нийт мөнгөн урсгалын 53 хувийг Монгол Улсын Засгийн газарт төвлөрүүлэх гэрээ хэлцэлтэй байлаа. Энэ гэрээний дагуу жил болгон авах татвар маань доод тал нь 500-700 сая ам.доллар байхаар, мөн дээр нь нэмж 2019 оноос хойш ногдол ашиг авах боломжтой байв. Ногдол ашиг нь 300-500 сая ам.доллар буюу жилдээ нийт татвар хураамж, ногдол ашгаар нэг тэрбум гаруй ам.доллар улсын төсөвт төвлөрүүлэхээр байлаа. Гэтэл хий хоосон улстөржөөд, ард түмэнд таалагдахын тулд шийдвэр гаргаж байгаад өмнөх бүх сайн зүйлүүдээ Дубайд очоод үгүйсгэчихсэн. Харалган бодлого төрд явсны гай л даа. Төр өмнөх алдаагаа давтахгүй ажиллах, том төслүүд дээр сургамжтай байхын тулд энэ Дубайн гэгдэх гэрээг өөрчлөх асуудлыг зарчмын хувьд ярих л ёстой. Яриа хэлэлцээний хувьд бол энэ төсөл хамгийн багадаа 60-70 жил үргэлжилнэ. Урт хугацааны төсөлд хоёр талууд маргалдах тохиолдлууд их гарна. Бэрхшээлүүд ч их үүснэ. Тиймээс хэлэлцээний ширээнд байнга л сууж байх ёстой. Бид урт хугацаанд түншлэх гэж байгаа бол тухай бүрт нь асуудлуудаа шийддэг механизмыг хийх ёстой. Тав хүртэлх жилийн үечлэлтэйгээр хэлэлцээрийн ширээний ард суугаад асуудлуудаа шийдэж болно.
-Рио Тинтогоос өөр БНХАУ-ын компани орж ирэх магадлалтай гэх зүйл яригдаад байх шиг байна. Ийм боломж бий юү?
-Рио Тинто Дубайн гэрээний дараахь өнөөгийн нөхцөл байдалд Оюу толгойг орхиод гараад явахыг үгүйсгэх аргагүй. Дубайн гэрээний дагуу хийсэн санхүүгийн механизмын хүрээнд өөрийнхөө бүх эрсдэлийг хааж, оруулсан хөрөнгө оруулалтаа гаргаад авсан учраас хувьцаагаа зарж, ашгаа хийгээд гараад явахад ямар нэг уягдах зүйлгүй. Эрсдэлгүй болсон гэж ойлгож болно. Уг нь ямар ч эрүүл бизнест тэр дундаа Хөрөнгө оруулалтын гэрээгээрээ төслийг урт хугацаанд ашигтай ажиллуулаад, тэрний дараа ногдол ашиг авах байдлаар хөрөнгө оруулалтаа нөхөх байсан. Уг нь ерөнхий агуулгаараа Оюу толгой төсөлд зарцуулж далд бүтээн байгуулалт нэрийн дор зээл, төслийн санхүүжилт авсан бол түүнийгээ бүтээн байгуулалтдаа зарцуулах ёстой байсан. Гэтэл 2015 онд төслийн санхүүжилт нэрээр авсан 4.3 тэрбум ам.долларын зээлийн эх үүсвэрийг Рио Тинто зөвхөн өөрийнхөө Оюутолгой төсөлд өмнө хийсэн хөрөнгө оруулалтаа буцааж гаргахад л ашигласан. Өөрийнхөө зөвхөн эрсдэлийг бууруулахад, Хувь нийлүүлэгчдийн зээлийг эргэн төлөхөд ашигласан. Дээр нь өөртөө зөвхөн зориулсан зээл дээрээ РТ-ийн баталгааны шимтгэл 1.9 хувь, бусад шимтгэл хураамж зэрэг нэмэлт зардлуудыг хиймлээр бий болгож ашиг хийсэн байгаа. Уг нь уг зээлийн олон улсын санхүүгийн байгууллагаас авсан зардал нь дунджаар LIBOR+3.3 орчим хувьтай бол өнөөдөр Оюу толгойд ирж байгаа зардал нь LIBOR+6.5 болж байна. Зээлийн хүүгийн тал зардал Рио Тинто үр өгөөж хэлбэрээр очиж байгаа. Энэ мэт байдлаар Рио Тинто өөрийнхөө оруулсан бүх зардлыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гаргаж авч байгаа. Тэгэхээр Оюу толгой төслийн нэрээр 4.3 тэрбум ам.долларыг төслийн санхүүжилтээр босгохдоо Оюу толгойн хувьцаа, хөдлөх хөрөнгүүд, үл хөдлөх хөрөнгүүд, ашиглалтын тусгай зөвшөөрөлх, дотоод, гадаадын данснууд зэргийг барьцаалсан. 2014, 2015 онд ганцхан Рио Тинтотой харьцаж байсан бол өнөөдөр 14, 15 банк санхүүгийн байгууллагуудтай нэгэн зэрэг хэлэлцээр хийх шаардлагатай болно гэсэн үг.
Эх сурвалж: Өдрийн сонин