УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд нас барсан харамсалтай хэрэг гарав. Түүнийг ордны 1 давхар луу шатаар бууж байхдаа зүрх нь зогсч, улмаар шатны уруу өнхөрөн толгой нь хагарсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Харин АН-ын удирдлагуудын зүгээс түүний нас барсан шалтгааныг гадны нөлөөтэй байж болзошгүй хэмээгээд байгаа.
Тиймээс ЦЕГ-аас "2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19:57 цагт цагдаагийн байгууллагад "Төрийн ордны нэг давхрын баруун жигүүрт хүн нас барсан байна" гэсэн дуудлага ирсний дагуу Нийслэлийн Цагдаагийн газраас жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай очиж хэргийн газрын үзлэгийг явуулсан.
УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан хэрэг НЦГ-ын Мөрдөн шалгах газарт прокурорын байгууллагын хяналтад хуулийн хүрээнд шалгалтын ажиллагаа явагдаж байна. Олон нийтийн сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой худал ташаа мэдээлэл гарч байгааг анхаарна уу" хэмээн мэдэгдээд байгаа билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Г.Батхүү тухайн өдөр 15-18 цагийн хооронд Төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаанд оролцжээ. Харин үүний дараа УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийн өрөөгөөр ороод гарсан талаар "Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаарт онцолсон байна.