Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын химийн анхдугаар олимпиадын аварга Р.Улаанхүү: Монгол Улсад химийн үйлдвэрлэлийн салбар хөгжих үндэс нь бэлэн болсон

    Монгол Улсын хэмжээнд химийн олимпиадыг 30 дахь жилдээ  энэ сарын 8-10-ны  өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж байна. 1989 онд  анхны олимпиадыг тэр үеийн Боловсролын яамны зөвшөөрлөөр  МУИС-аас  улс орон даяар зохион байгуулж байжээ. Энэ олимпиадад тухайн үедээ 18 аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын дунд сургуулиудаас 36 хүүхэд шалгаран оролцож байсан байна. Эдүгээ энэ олимпиадын ач холбогдол, цар хүрээ өргөжин улсын хэмжээнд  ЕБС-ийн сурагчид, багш нарын болон химийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын  дунд зохиогддог болсон байна. Мөн манай улс 2006 оноос эхлэн  Олон Улсын химийн олимпиадад амжилттай оролцож байна. Ойн арга хэмжээнд олимпиадын үе үеийн аваргууд хүрэлцэн ирсэн байлаа.

Химийн талаар ихэнх хүмүүс төсөөлөхдөө, ажлын ширээн дээр олон янзын бодистой ажиллаж байгаа эрдэмтдийн эсвэл кинон дээр гардаг галзуу эрдэмтний дүр зураг харагдаж магадгүй. Зарим нь буцалж буй шилтэй бодисуудын өнгө нь өөрчлөгдөж шинэ бодис үүсгэж байгаагаар төсөөлж болно. Зарим нь химийн урвалын тэгшитгэлээр, үелэх системээр эсвэл олон янзаар холбогдох молекулуудын загвараар төсөөлж магадгүй. Ихэнх химийн ангийн хананд байдаг химийн үелэх системийг үргэлж л байсан мэтээр үл ойшоож болохгүй. Яг үнэндээ бол, энэ үелэх систем нь мянга мянган жилийн хүн төрөлхтөний орчлон ертөнцийн нарийн төвөгтэй байдлыг ойлгох гэсэн нөр их хүч хөдөлмөрийн үр дүнд бий болсон зүйл. Бидний мэддэг мөртлөө мэддэггүй, амьдралд хамгийн өргөнөөр  хэрэглэгдэг химийн шинжлэх ухааны  салбарын нэгэн  төлөөлөл химичтэй  хийсэн хөөрөлдөөнийг та бүхэндээ толилуулья.

 Химийн 30 дахь удаагийн олимпиадын нээлтийн үеэр Улсын химийн анхдугаар олимпиадын аварга Р.Улаанхүүтэй уулзах завшаан тохиосон юм.

Анх хаанаас шалгаран анхны  олимпиадад оролцож байсан вэ?

Увс аймгаасаа шалгаран анхны химийн олимпиадад оролцон улмаар Улсын анхны химийн олимпиадын аварга болж байлаа. Анхны олимпиадад  орон нутаг нийслэлээс шалгарсан 36 хүүхэд оролцож байсан.  Би одоо  29 дүү аваргуудтай  болсон байна. Энэ олимпиадад амжилттай оролцож байсан эдгээр хүүхдүүдийн ихэнх нь  химийн салбарыг хөгжүүлэх  үйлсэд амжилттай  ажиллаж байна.

 Мэдээж энэ олимпиадад түрүүлснээр ажил амьдралаа энэ салбартай холбох болсон байх. Энэ нь хувь заяаны тохиол байв уу эсвэл энэ ШУ-ныг эргэлт буцалтгүйгээр сонгосон байсан уу?

Би азтай хүн. Энэ салбартай ажил амьдралаа холбосондоо үнэхээрийн баярлаж энэ мэргэжлээрээ бахархаж явдаг. Намайг химийн ШУ-нд хөл тавихад  мэлмийг минь нээж өгсөн хүн бол Увс аймгийн Малчин сумын сургуулийн химийн багш Дамжин, Увс аймгийн 2 дугаар сургуулийн химийн багш Батнасан болон МУИС-ийн багш нартаа талархахгүй байхын учиргүй ээ. Одоо би Эрдэнэт үйлдвэрийн химийн урвалж хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна.  

Орхон аймагт зохиогдсон химийн олимпиад   улсын химийн анхдугаар олимпиадын аварга Р.Улаанхүүгийн нэрэмжит болгон зохион байгуулсан байна. Энэ олимпиадын   онцлог үр дүнгийн талаар ?

Орхон аймагт зохион байгуулагдсан химийн олимпиадыг  Орхон аймгийн Ерөнхий боловсролын “Билэгт өргөө” сургууль анх удаа санаачлан миний нэрэмжит болгон химийн хичээлийн бага олимпиадыг зохион байгуулсан. Сорилгод аймгийн ЕБ-ын бүх сургуулийн 8-11-р ангийн 190 гаруй сурагч оролцож. 4, 14-р сургууль болон Технологийн сургуулийн дэргэдэх эчнээ сургуулийн сурагч, багш нар тэргүүн байруудыг эзэлсэн. Жилээс жилд энэ олимдадад оролцогчдын мэдлэг улам сайжирч дэлхийн олимпиадад манай хүүхдүүд амжилт гаргаж байгаад бахархдаг.

Химийн шинжлэх ухааны нийгэм эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөлөл ямар байдгийн манай химичид дэлхийн химичдийн түвшингийн хаана явж байна вэ?

Орчин үед нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, шинэ техник техниологи нэвтрүлэх, аливаа үйлдвэрлэл, аж ахуйн хөтлөхөд химийн шинжлэх ухааны ололт амжилтыг ашиглах шаардлага нэмэгдэж байна. Химийн янз бүрийн процесс, хувирал өөрчлөлтүүд нь үйлдвэрлэлийн олон процесст өргөн хэрэглэгдэж байна. Тухайлбал цахилгаан энерги, түлш, металл, барилгын үйлдвэрлэл зэрэг бүхий л салбарын үйлдвэрүүдэд химийн урвалж, процессууд ашиглагдаж байдаг. Хар болон өнгөт металл, бордоо, шил цемент, резин цаас, нефть бүтээгдэхүүн, мяндас, хуванцар, нано материалуудыг химийн процессийн үндсэн дээр гаргаж байна.

Химийн урвалжийн механизмыг судлах нь  хүрээлэн байгаа орчныг хамгаалах, нөхөн сэргээх хамгийн үр ашигтай аргыг сонгох ба байгаль орчинд хоргүй техниологи боловсруулахад чухал үүрэгтэй.

Өнөөдөр Монгол Улсад химийн үйлдвэрлэлийн салбар хөгжих үндэс нь бэлэн болсон.  Химийн  салбарыг төрийн бодлогоор дэмжих нь  улс орны хөгжлийн  үндэс болох чухал ач холбогдолтой юм. Ялангуяа уул уурхай байгалийн баялагийг ашиглахад химийн салбар маш их  үүрэгтэй байдаг. Мөн хөдөө аж ахуйн салбарт тэр дундаа   малын арьс ширийг боловсруулахад химийн салбарыг төрийн бодлогоор дэмжих нь  чухал байна. Нефтийн хими, нүүрсний химийн мэргэжилтнүүд манайд бэлтгэгдсэн байгаа. Энэ салбарыг хөгжүүлэхэд манай химичдын оролцоо үйл ажиллагааг зайлшгүй шаардлагтай байдаг. Манай химичид онолын хувьд дэлхийн химичдийн түвшинд бэлтгэгдсэн. Харин үйлдвэрлэлийн химид хүчээ сорих  хөгжлийн үе ирсэн байна гэж үздэг.

Химийн шинжлэх ухааны талаар бидэнтэй ярилцсанд  баярлалаа.

Таны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье. 

Тэд юу хэлэв
Тэд юу хэлэв
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.