Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам хэдийнэ цаашиллаа. Өвлийн улиралтай зэрэгцэн бидний ярих гол сэдэв утаа. Хүйтэн сэрүүн орохтой зэрэгцэн нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд галаа өрдөж, Улаанбаатар өглөө, оройдоо манантаж харагдах боллоо. Идэр хүйтэн эхлэхээр хотыг утаа бүрхэнэ. 2008 оноос л нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах талаар шинэ шийдэл, арга хэмжээг хайсаар байгаа. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд утаа гаргахгүй, эдийн засгийн хэмнэлттэй, аюулгүй “Эко тулгат” төхөөрөмжийг “Монватт” компани зөвхөн монгол үндэсний гэрт зориулж бүтээжээ. Энэхүү төхөөрөмж нь дулаан хуримтлуулж, монгол гэрийг халаах зориулалтаар угсарчээ. Манай сайт “Монгол хүний гараар бүтээв” булангийнхаа ээлжит дугаарт энэхүү бүтээгдэхүүнийг онцлохоор Баянгол дүүргийн 11-р хороог зорилоо.
“Эко тулгат” төхөөрөмж нь шөнийн цагт ашиглагдахгүй байгаа цахилгаан эрчим хүчийг ашиглан дулааныг өөртөө хуримтлуулж, хуримтлуулсан дулаанаараа гэр болон амины орон сууцыг өдрийн турш дулаан байлгах шийдлийг нэвтрүүлж байгаагаараа онцлогтой юм.
Уг зуухыг монгол гэрийн хоёр баганын хооронд тавих боломжтой бөгөөд монгол гэрийн зуухтай адил тал бүр тийш дулаанаа тараадаг аж. Гэрийнхээ цахилгаан залгуурт найман цаг холбоход гэрт дулаан аятай тухтай орчныг бүрдүүлэх юм байна.
Манай сурвалжлах баг их үдийн алдад Эх нялхасаас 6-р бичил хороолол явах замд буюу “Улаанбаатар мед” эмнэлгийн баруун талд орших “Монватт” компанийн гадна ирлээ. Компанийн хашаан дотор орой хэсгээрээ үүлэн хээтэй монгол гэр байх нь хамгийн түрүүнд нүдэнд туссан юм. Гэрийн ард байрлах компанийн байрнаас менежер Г.Нямсүрэн биднийг угтан авч, эхлээд төхөөрөмжтэй танилцуулахаар үйлдвэр рүү дагуулан орлоо. Үйлдвэрт ороход үүднээс нь эхлээд хөлдөөгч шиг харагдах дөрвөлжин цагаан төхөөрөмжүүдийг наана цаана нь оруулан тавьсан байв.
Бэлэн болсон төхөөрөмжүүдийн цаахан талд ажилчид дараагийн эко тулгат төхөөрөмжийг угсарч байлаа.
“Эко тулгат” төхөөрөмжийг эхлээд гадна хайрцгийг нь угсарна. Үүний дараа цахилгаан холболтоо хийж, бусад эд ангиудыг суурилуулдаг аж. Зууханд төмөр, хүдрийн хольцтой, 78 хувийн металл агуулсан 30 ширхэг Герман үйлдвэрийн тоосгыг багтаадаг байна. Тухайн тоосго нь гурван спираль төмрөөр дулаанаа дамжуулан хуримтлуулж авдаг. Дулаанаа хуримтлуулсаны дараа тог тасарахад тоосго нь 2-3 өдөрт хөрөхгүй, дулаанаа хадгалдаг аж.
Мөн эко зуух нь дотроо 650 цильст халах бөгөөд дулаанаа сэнсний тусламжтайгаар зуухны гурван тал руу гадагшлуулдаг байна. Ингэхдээ гаргаж байгаа дулаан нь хүний арьсыг хуурайшуулах, харшил үүсгэх асуудал байхгүй гэдгийг Германы шинжээчдийн баг дүгнэсэн болохыг “Монватт” компанийн менежер Г.Нямсүрэн хэлсэн юм.
“Эко тулгат” зуух нь дээрээ хоол, цай хийх хоёр ширэмтэй. Өөрөөр хэлбэл, яндангүй, цахилгаанаар ажилладаг зуухаар гэрээ халааж, түүн дээрээ хоол, цайгаа хийнэ гэсэн үг юм. Мөн цагийн тохиргоотой учраас гэрийнхээ дулааныг тохируулж болохоос гадна хэд хоногийн хугацаанд гэртээ байхгүй байсан ч цагийн тохиргоог тааруулсан байхад автоматаар гэрийг дулаан хэмтэй байлгана. Тиймээс гэртээ эзгүй явж байгаад гэртээ ирэхэд гэр хүйтэн, галлана гэсэн ойлголт байхгүй.
Хамгийн гол нь “Эко тулгат” зуух нь эрчим хүчний хамгийн бага зарцуулалттай. Ердийн халаагуур ашигласан тохиолдолд сард 100 гаруй мянган төгрөгний эрчим хүч зарцуулах бол тулгат төхөөрөмжийг ашигласнаар сард 19 мянган төгрөгийг цахилгаандаа зарцуулах юм байна.
Бид үйлдвэрээс гарч, тулгат зуухыг дөрөв дэх жилдээ хэрэглэж байгаа Р.Нанжидынд зочиллоо.
Р.Нанжид хэлэхдээ “Дулаанаа хадгалж хураах төхөөрөмжийг хэрэглээд утаанаас бүрэн салж чадаж байгаа юм. Гал түлж үнс нурамтай зууралдахгүй амар байна. Ид хүйтний улиралд шөнийн тариф хөнгөлдөг учраас зардал бага гардаг. Манайх сард хэрэглээтэйгээ нийлээд 45 мянган төгрөгийг цахилгааны төлбөрт төлдөг. Энэхүү халаагуур нь 19 мянга гарна, дээрнэ хэрэглээнийхээ мөнгийг нэмнэ. Хөдөө хэд хоногоор яваад ирэхэд төхөөрөмж өөрөө асч, унтраад гэрийг хэвийн дулаантай байлгадаг. Гэрийнхээ том, жижгээс хамаараад дулааны тохиргоог тааруулж болдог. Шөнөдөө бараг хөнжил нөмрөх шаардлагагүй, нимгэн даавуу нөмрөхөд л болдог. Манайх өмнө нь төслийн зуух хэрэглэж байсан. Тэгэхэд нүүрс, модтойгоо ноцолдоно. Ингэхдээ сард нэг машин нүүрс, дээрээс нь түлээ мод авдаг байсан. Ганц тортой мод авахад л 3000 мянган төгрөг гэдэг байлаа. Тулгат зуухны зардлаас хоёр дахин их зардал гардаг байжээ. Үүнээс гадна төхөөрөмжийн хоёр ширэм нь хагарах, дүлийрэх асуудал гардаггүй. Харин бидний зүгээс хаяагаа сайн манаж, гэрийн дулаалгаа л сайн хийх хэрэгтэй байдаг” хэмээн ярилаа.
“Монватт” үйлдвэртэй хамтран ажилладаг Германы компани нь динамик дулаанаа хуримтлуулж, халаах төхөөрөмжийн бүх эд ангийг угсарч илгээдэг байжээ. Тухайн үед төхөөрөмжийг угсрах, тээврийн хөлс нь өндөр гарч, иргэдэд өндөр үнээр борлуулах болсон байна. Тиймээс иргэдэд илүү хямд үнээр хүргэх үүднээс динамик төхөөрөмжийг зөвхөн монгол гэрт зориулсан шийдлээр “эко тулгат” зуух болгон угсрах болжээ. Ингээд “эко тулгат” төхөөрөмжийг угсарч, гэр хорооллын иргэдийг утаагүй, эрүүл саруул орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор Хөгжлийн банкнаас 1000 зуух үйлдвэрлэх санхүүжилт авч чадсан байна. Энэхүү санхүүжилтийн эх үүсвэрээрээ 300 гаруй зуухыг хэрэглэгчдэд хүргээд байгаа юм байна. Тус үйлдвэр нь өдөрт зургаан тулгат зуухыг үйлдвэрлэж байгаа аж. Ингэхдээ тулгат зуухандаа хоёр жилийн баталгаа, 20 жилийн ашиглалтын хугацаа өгдөг байна.
“Эко тулгат” төхөөрөмж 2.580.000 төгрөгийн үнэтэй. Төхөөрөмжийг бэлнээр худалдаж авбал 2.380.000 төгрөгөөр авч болно. Мөн 480 мянган төгрөгийн урьдчилгаа төлж, хүүгүйгээр арванхоёр сарын турш 175 мянган төгрөг төлөөд худалдан авч болох юм байна. Эсвэл урьдчилгаа төлбөргүйгээр 18 сарын лизингийн зээлд хамрагдаж болно. Ингэхдээ эхний арванхоёр сард 168 мянган төгрөг, сүүлийн зургаан сарын хугацаанд 94 мянган төгрөг төлөөд худалдан авах боломжтой. Төхөөрөмжийг лизингээр худалдан авах бол цалин эсвэл тэтгэвэр авдаг банкаа “Монватт” компанийн данстай холбож, шилжүүлэг тогтмол хийх нөхцөлийг бүрдүүлэхэд л болох аж.
Одоо төвийн эрчим хүчний системд хоногт ашиглагдахгүй байгаа 200.000 квт цахилгааныг ашиглан Улаанбаатар хотод л гэхэд 40-45.000 өрх айлын хэрэгцээг ханган утааны 25 орчим хувийг арилгаж утааг тэр хэмжээгээр тэглэх боломжтой юм байна.
Ингээд бид “Монватт” компанид эргэлтийн хөрөнгийн зээлийг ямар шалгуураар олгосон талаар Монгол Улсын Хөгжлийн банкны Төслийн зээл, санхүүжилтийн хэлтсийн захирал Т.Мөнхтулгаас тодрууллаа.
-Хөгжлийн банкнаас энэхүү төслийг дэмжиж зээл олгосон. Зээл олгохдоо ямар шаардлага шалгуур тавьдаг вэ?
-Монгол Улсын Хөгжлийн банк нь аливаа төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхдээ Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн байх, үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх, ТЭЗҮ, зураг төсөл хийгдсэн байх зэрэг МУХБ-ны тухай хуульд заагдсан шаардлагуудыг тавьдаг. “Эко тулгат” төхөөрөмж үйлдвэрлэх төслийн хувьд МУХБ-ны тухай хууль болон тус банкны зээлийн бодлогын дагуух шалгуурыг хангаснаар төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ аргачлал, шалгуурын дагуу тооцсоны үндсэн дээр шийдвэрлэсэн.
-Ер нь төслүүдэд зээл олгохдоо нийгмийн үр өгөөжийг илүү харсан уу, эсвэл эдийн засгийн өгөөжийг илүү голчлон хардаг уу?
-Манай банк өөрийн бие даасан банкны тухай хуулиар зохицуулагддаг. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх, баталгаа, батлан даалт гаргах нийт санхүүжилтийн дүнгийн 60-аас доошгүй хувийг экспортыг дэмжсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулахаар тусгасан байдаг.Энэ ч утгаараа нийгмийн үр нөлөө, эдийн засгийн өгөөж хоёуланг нь чухалчилж үздэг. Монватт ХХК-ийн хувьд хэрэгжүүлж буй төсөл нь эдийн засгийн өгөөжөөс илүү нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд тустай, шинэлэг технологи, цахилгааны хэмнэлттэй зэргийг харгалзан үзэж дэмжлэг үзүүлсэн.
-Хөгжлийн банкнаас ийм төрлийн төслүүдэд цаашид зээл олгох уу. Зээлийн эргэн төлөлтийн нөхцөл нь ямар байдаг вэ?
-Бид Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхийг зорьдог. Утаатай тэмцэх олон янзын санал санаачлага, төслүүд банканд ирдэг ч тэр болгон шалгуур үзүүлэлтийг хангаж чаддаггүй. Шалгуурын дараа тус төслийг үнэлээд зээл олгож болох эсэхийг шийдвэрлэдэг. Цаашид илүү инновацид суурилсан, оновчтой шийдэл гаргасан төслүүдийг бид санхүүжүүлнэ. Зээлийн эргэн төлөлтийн хувьд компанийн онцлог, улирлын онцлог зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг. Мөн харилцагч болон банкны үйл ажиллагаанд нөлөөлөхгүйгээр эргэн төлөлтийн нөхцөлийг тавьж өгдөг.
-Зээл олгохдоо эрсдэлийн үнэлгээгээ хэрхэн тооцдог вэ. Зээл олгож байгаа аж ахуйн нэгжүүдэд тавьдаг гол шаардлага юу вэ?
-Манай банк үйл ажиллагаагаа илүү нээлттэй, ил тод болгох үүднээс санхүүжилтийн хүсэлтийг онлайнаар хүлээн авч байгаа. Зээл хүсэж буй компаниудаас бид өөрийн банкны тухай хуульд заасан шаардлагуудыг бүрэн хангасан гэж үзвэл зээлийн судалгааг хийдэг. Зээлийн эрсдэлийн үнэлгээг эхний ээлжинд МУХБ-ны тухай хуульд нийцсэн эсэхийг тодорхой болгож, банкны дотоод зээлийн журам, бодлогод заасан шалгуур үзүүлэлтүүдэд тулгуурлан үнэлгээг тогтоодог.
Эх сурвалж: http://itoim.mn/article/bfcBT/14739