Сайн байна уу? Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач.
Томоко: Намайг Ибүкүра Томоко гэдэг. Би Монголд ирээд 20 гаруй жил болж байна. Анх 1996 онд ирсэн, гэхдээ 1999 оноос хойш тогтмол амьдарч байна. Миний нөхөр Монгол хүн, миний охин бас Монголын иргэн, Монгол хүн.
Та тэгээд гэрээ санадаг уу?
Томоко: Үгүй, санадаггүй. Санавал онгоцонд суугаад л шууд оччихно шүү дээ. Тэгээд хийх юмгүй суугаад байвал гэрээ санах байх. Гэрээ санах чинь тэгэхээр яваад очих чадалгүй, эсвэл хийх ажилгүй хүний асуудал юм бишүү?
Таны жиргээг харсан. Зөгийн бал хийдэг юм байна. Энэ талаараа манай уншигчдад сонирхуулаач.
Томоко: Би зундаа зөгийчин болчихдог юм. Өвөлдөө бол Япон номны орчуулгын редактор хийдэг.
Зөгийн аж ахуй чинь хаана байдаг юм бэ?
Томоко: Бид нар өнгөрсөн зун Төв аймгийн Цээл суманд зөгийн баазаа байгуулж, зөгийгөө тэжээсэн. Ер нь Монголд зөгийн аж ахуй эрхлэх хэцүү шүү.
Зөгийгөө хаанаас олдог юм бэ? Үржүүлдэг юм уу, байгалиас барьж авдаг юм уу?
Томоко: Бид зөгий худалдаж авдаг юм. Монгол чинь балны зөгий үржихэд хэцүү газар. Бараг л боломжгүй шахуу. Тэгэхээр зарим зөгийгөө Оросоос авна, заримыг нь эндээс авна, заримыг нь өөрсдөө үржүүлнэ гэх мэт асуудалтай л даа.
Зөгийн бал дотроо янз бүр байдаг бололтой. Сайн, муу, жинхэнэ, хулхи гэдгийг яаж ялгадаг юм бэ?
Томоко: Зөгийн балыг ялгах хэцүү. Сайн мэддэг хүн амтыг нь мэднэ. Монголд МХЕГ -аас шинжилгээ авсан хэдий ч жинхэнэ, дуураймал гэж ялгахад хэцүү юм шиг байна лээ. Дуураймал зөгийн бал чинь элсэн чихрийн уусмалыг будгаар өнгө оруулчихдаг учраас бараг ялгагддаггүй. Гэхдээ жинхэнэ зөгийн балыг усанд уусгахад ямар ч өнгө гардаггүй, хуурамч балыг усанд уусгахад будагч бодисны өнгө нь усанд үлдээд шар туяатай харагддаг . Үүнээс гадна жинхэнэ зөгийн бал царцдаггүй. Гэхдээ ямар цэцэгнээс гаргаж авсан бал гэдгээс хамаараад балны чанар, царцалт гэх мэт нь өөр байдаг. Таримал цэцэгний бал, зэрлэг цэцэгний бал гэх мэт ялгаа их бий. Гадны зөгийчдийг янз бүрийн тариалан эрхэлдэг хүмүүс мөнгө төлж дуудаж хамтарч ажилладаг. Жишээ нь рапс тарьдаг, чавга тарьдаг, гурвалжин будаа тарьдаг гэх мэт фермерүүд зөгийчидтэй хамтарч ажилладаг. Зөгийнүүд ургамалын тоосыг сайн хүртээж ингэснээр тэдний тарьж буй ургамалын гарц эрс сайжирдаг учраас тэр л дээ.
Таныг Монголын тариаланчид урьж хамтарч ажиллаж байна уу?
Томоко: Одоогоор үгүй. Гэхдээ тариалангийн салбар зөгийн аж ахуйтай хамтарвал тарьж буй ургамлынх нь гарц сайжрах учраас би ойрын таван жилийн хугацаанд Монголын тариаланч фермерүүдтэй хамтарч ажилладаг бизнес үүсгэнэ гэж бодож байгаа.
Таны зөгийнүүд чинь одоо хаана байгаа юм бэ? Гадаа чинь идэр есийн хүйтэн болж байна шүү дээ.
Томоко: Миний зөгийнүүд нэг газар байгаа. (инээв) Ногооны зооринд бий. Зөгий өвөл унтдаггүй юм. Үүрэндээ хөдөлгөөний идэвхи нь сулраад, бөөндөө байцгааж байгаа. Удахгүй гуравдугаар сарын дундуур зөгийнүүдээ гаргаж хооллож, тэжээнэ. Тэгэхгүй бол үхчихнэ.
Зөгийг юугаар хооллох вэ?
Томоко: Чихрийн уусмалаар хооллодог юм. Цэцэг гартал зөгийгөө хооллоно. Гэхдээ тэр чихрийн уусмалаар хооллож байх үед нь бал гаргаад, тэрийгээ худалдаж борлуулна гэсэн ойлголт байхгүй ээ.
Их ажиллагаатай юм байна шүү
Томоко: Тийм шүү. Зөгийг намар аль болох орой хийгээд, хавар их эрт гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол зөгий өвлийн цагт үүрэндээ байж байхдаа бие засдаггүй амьтан. Тэгээд бие засахгүй удааж болдоггүй. Ялангуяа Монголд бол хорогдол их гардаг юм. Японд жишээ нь хавар арван бүл зөгий гаргаж ирэхэд намар дөчин бүл болтлоо өсдөг. Хониор бол жилд дөрвөн хурга төрүүлдэг гэсэн үг байгаа биз (инээв). Харин энд бол тэгэхгүй, намар арван бүл зөгий зооринд хийгээд хавар нээхэд найман бүл зөгий гардаг гэх мэтчилэн асуудал их ээ.
Та хэзээнээс ингээд зөгийчин болчихов оо?
Томоко: Би чинь 2014 оноос эхлээд зөгийчин болчихсон. Тэрнээс хойш хавар, зун, намрын улиралд зөгийтэйгөө л хөөцөлддөг ажилтай байна. Би чинь аж ахуйгаа хаана байршуулна, тэр нутгаас хүмүүс ажилд авах дуртай хүн . Хотоос нэг залуу, тухайн орон нутгаас хоёр хүн, тэгээд миний нөхөр, охин хоёр ороод нийт зургуулаа ажилдаг юм.
Цаашдаа зөгийн аж ахуйн бизнесээ өргөжүүлээд хийгээд л байх уу?
Томоко: Би 2017 оноос зөгийн балаа Япон руу экспортонд гаргана гэсэн бодолтой байсныгаа хэрэгжүүлэх гээд сая очоод хэд хэдэн компанитай уулзаад, ганц хоёр гэрээ байгуулчихаад ирсэн. Монгол зөгийн бал Япон хүмүүст таалагдах болов уу, яах бол гээд жаахан эмээгээд, догдлоод л хүлээж байна . Ер нь Монголд зөгийн аж ахуй эрхлэхэд зах зээл жижигтэй учраас төдийлөн ашигтай биш. Нэг жилд 100 орчим тонн зөгийн бал хэрэглэдэг гэсэн судалгаа тооцоо байсан. Тэгэхээр яах аргагүй гадагшаа экспортлох шаардлагатай.
Та 2014 оноос өмнө Монголд байх хугацаандаа юу хийж байв?
Томоко: Би чинь Васедагийн Их Сургуулийн Түүхийн сургуулийн утга зохиолын ангийг төгссөн хүн. Профессор маань Монголын түүхийг судалдаг хүн байсан юм. Намайг бас Монголын түүхийг сонирхож эхлэхэд багш маань тэр үед манай сургуульд суралцаж байсан Өвөрмонгол оюутнуудтай танилцуулж, Монгол хэл заалгаж эхэлсэн. Тэгж Монгол хэдний дөртэй болсон. Тэгээд сургуулиа төгсөөд анх 1996 онд Монголд ирэхдээ Японы телевизүүд Монголд ирж нэвтрүүлэг бэлдэхэд нь орчуулагчаар ажиллаж ажлын гараагаа эхэлж байлаа. Дараа нь 1999 онд ирж суурьшихдаа Хаан Брой буюу хуучны Бамбарууш гээд хүүхдийн хоолны кафег Японы нэг компани аваад Хавана гэдэг нэртэй ресторан нээхэд нь цалинтай захирлын ажил хийдэг байлаа. Хоёр жил гаруй хийгээд их ядарсан. Хүний мөнгөөрөө авсан юман дээр хүнээс цалин аваад ажиллаж байгаа юм чинь хичээж ажиллах ёстой гээд өөртөө их ачаалал өгдөг байсан. Өглөө 09 цагт ирээд шөнө 1-2 цаг гэж гэртээ харьдаг байсан. Тэгээд сүүлдээ ядраад ажлаасаа гарчихсан. Дараа нь юу ч хийгээгүй хоёр жил гаруй хугацаанд гэртээ байсан.
Япон хүний хувьд юу ч хийхгүй гэртээ суугаад байхаар хэцүү биш үү?
Томоко: Үгүй ээ, харин ч хэвтээд л баймаар санагддаг шд (инээв). Би чинь гэхдээ хүүхдээ хараад, хажуугаар нь сонирхдог юмаа уншиж судлаад байсан учраас надад нэг их хэцүү байгаагүй ээ.
Монголчууд одооны нийгэмдээ, улс орныхоо хөгжилд их санаа зовдог. Үр хүүхдүүдээ ямар улс оронд үлдээх бол гээд сэтгэлээ чилээдэг хүмүүс. Та Монгол хүнтэй суусан, Монгол охинтой хүний хувьд Монгол Улсын ирээдүйд санаа зовдог уу?
Томоко: Зоволгүй яах вэ. Ёстой их зовдог. Ялангуяа сүүлийн үед энэ утаа болон эдийн засгийн асуудал санааг минь зовоож байна. Хамгийн ихээр санаа зовдог зүйл бол залуусын өөртөө, ирээдүйдээ итгэх итгэл хааччихаа вэ гэж их санаа зовдог . Жишээ нь би саяхан “Цензургүй яриа” гэдэг нэвтрүүлгээр Унагалдай гээд хөөрхөн унага орохыг харсан. Тэгээд сэтгүүлч нь унаганаас “Чи УИХ-ын гишүүдийг юу гэж боддог вэ” гэж асууж байгаа юм. Нөгөө Унагалдай маань өөдөөс нь “Энэ утааг шийдэж өгдөггүй яасан сонин хүмүүс вэ” гэж боддог гэж яриулж байгаа юм. Надад аймаар санагдсан. Хүүхдүүддээ яагаад ийм сонин хандлага зааж сургаж байгаа юм бэ? Би сайн сураад, сайн хичээгээд, сайхан амьдарна гэж заах ёстой байхад тэр 76 биднийг сайхан амьдруулах ёстой гэж багаас нь ойлгуулах гээд байгаа нь надад үнэхээр харамсалтай санагдсан. 1996 онд ирэхэд Монголчууд их өөр байсан юм шиг санагдаад байдаг юм. Өөрсдийнхөө, эх орныхоо ирээдүйд итгэлтэй, цоглог хүмүүс байсан. Одоо өөр болчихоод байгаа юм шиг мэдрэгдээд, харамсаад байдаг. Зорилгогүй, тэмүүлэлгүй, мөрөөдөлгүй залуу хүмүүс их олон болоод байгаа юм шиг л санагдаад байгаа. Энийгээ асааж, сэргээхгүй бол болохгүй ээ.
Таны бодлоор энэ байдлыг өөрчлөхийн тулд юунаас эхлэх ёстой юм бол оо?
Томоко: Эхлээд зарчимаас эхлэх ёстой байх. Хүмүүсээ хуулийн мэдлэгтэй болгохоос илүү зарчимтай болгох хэрэгтэй болов уу. Зарчимгүйн улмаас улс төрчид тухайн тохиолдол болгонд хуулиа тааруулж өөрчлөөд яваад байж болохгүй. Уг нь зарчимдаа тааруулж хуулиа зохиогоод, тэр хуульдаа тааруулж тухайн тохиолдлуудаа зохицуулах ёстой гэж би боддог.
Та их том зүйлд санаа зовдог юм байна шүү
Томоко: Хүн чинь анхны хайртай хүнээ мартдаггүй, тэр хүнээ муугаар боддогүй дээ. Яг тэрэн шиг миний анх удаан хугацаар ирж амьдарч байсан, намайг олон зүйлээрээ татсан, таалагдсан орон бол Монгол орон . Өөрөөр хэлбэл миний анхны хайртай орон. Тэгэхээр чинь сэтгэлээ чилээж, санаагаа зовоохгүй байхын аргагүй юм байна шүү дээ. Гэхдээ манай Монголчууд өөдрөг хүмүүс юм чинь удахгүй сэргэцгээх байх л гэж найддаг даа.
Таньд маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. Зөгийнүүд нь эрүүл саруул байхыг бас хүсэн ерөөе.
Эх сурвалж: Nud.mn