Өнгөрсөн борооны араас цув нөмрөв гэгчээр бүхий л салбарт оройтсон ухаарал ирж байх шиг. Өөрөөр хэлбэл, хүний амь үрэгдэж байж засдаг нэг хачин тогтолцоо бий болоод удлаа.
Өнгөрсөн зун л гэхэд эмийн сангийн хаалганд шалбарсан тогны утас тохсоны улмаас нэгэн бяцхан зүрх хорвоог орхисон. Энэхүү харамсалтай хэргийн дараа ниргэсэн хойно нь хашхирав гэгчийн үлгэрээр цахилгаан шугам сүлжээний компаниуд болон хот тохижилтын албан хаагчид хэсэгтээ л бужигнаад авсан.
Үүний дараа ЗТХЯ-ны албан хаагчид нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарав. Эл хэргийн дараагаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 13 яам, 12 агентлаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт шалгалт хийсэн. Гэхдээ энэхүү шалгалт нь гэнэтийнх байгаагүй юм. Уг нь шалгалт гэнэтийн байх тусмаа дүн нь бодит байдлыг илтгэдэг. Харамсалтай нь Засгийн газар яамдад шалгалт хийж байгаа тухайгаа албан ёсны цахим хуудсаараа мэдээлээд зогсохгүй бүр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь шалгалт хийж байгаа тухайгаа цахим орчинд өмнө нь түгээсэн билээ.
Төрийн байгууллагын 830 өрөөг хамарсан энэхүү шалгалтаар согтууруулах төрлийн 115 бүтээгдэхүүн, 11 ширхэг шатамхай бодис, 21 ширхэг согтууруулах ундааны шил сав, Монгол банкны Эрдэнэсийн сангийн байрнаас 36 ширхэг согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн илэрсэн тухай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлсэн. Хэрэв зээ энэхүү шалгалт ямар ч заргүй хийгдсэн бол үүнээс ч илүү согтууруулах ундаа, шатамхай бодис олдох байсан биз. Гэхдээ л шалгалт явуулсан юм чинь тодорхой тооны зөрчил илрэх ёстой хэмээн олон нийтийг төөрөгдүүлсэн ч байж магадгүй тухай иргэд ярих болжээ.
Тэгвэл Засгийн газрын ээлжит шалгалт хийх газраар орон нутгийн албан өрөөнүүд нэрлэгдээд байна. Ингэхдээ ажлын хэсэг гаргаж, 21 аймаг руу илгээх аж. Гэвч үүнийгээ бүр долоо хоногийн өмнөөс мэдэгдээд зогсохгүй, яг юу шалгахаа ч мэдэгдчихлээ. Долоо хоног бол ямар ч асуудлыг зохицуулж, цэвэрлэхэд хангалттай урт хугацаа. Тиймээс түргэн авсан аймгийн удирдлагууд эдгээр өдрүүдэд завгүй байх нь тодорхой юм. Нөгөөтэйгүүр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гэнэтийн нэртэй төлөвлөгөөт шалгалтаар төсвийн мөнгийг огт үр дүнгүй зарцуулах гэж байна. Учир нь ажлын хэсэг байгуулаад 21 аймаг руу шалгалт хийхэд багагүй хэмжээний төсөв шаардагдах нь тодорхой. Энэ мэт бодит бус шалгалт хийхийн тулд төсвийн мөнгийг үрэн таран хийх гэж байгаа нь харамсалтай. Угаасаа урьдчилж мэдэгддэг шалгалт гэж юу байх вэ дээ. Гэнэтийн шалгалтыг гэнэдүүлж л хийх ёстой шүү дээ, Г.Занданшатар дарга аа !!!
https://paparatsi.mn/mf5