УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Хурд групп” ХХК-ийн барилга дээрээс олон хүн унаж гэмтэн амь насаа алдсаар байна.
2012 оноос хойш 6 жилийн дотор 12 хүн амь нас эрүүл мэндээрээ хохирчээ. Хамгийн сүүлд уржигдар буюу 8 дугаар сарын 8-ны өдөр "Хурд" группын барьж буй "Хүннү хороолол"-ын барилгын туслах ажилтан 17 настай хүүгийн дээрээс өргөгч краны тросс тасарч толгойн тус газар нь унасны улмаас хүү нас барсан байна. Хүү бусдын адил гэр бүлдээ тус нэмэр болохын тулд хичээлийн хэрэгсэл, сургалтын төлбөрөө олохын тулд туслах ажилчнаар ажиллаж байсан тухай эх сурвалжууд мэдээлжээ. Тэгвэл амьдралаа залгуулах гэж ядарч яваа олон хүний амиар өдий олон жил наадсан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн гэх барилгуудад гарсан ослын талаарх мэдээллийг хүргэе.
2012.03.21
“Рапид харш”-ийн байрны захиалгыг 150-400 саяын хооронд авч байсан цаг саяхан. Гэтэл энэ барилга Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчихийн зэрэгцээ иргэдийн нүдийг хуурсан чанаргүй барилга барьж байсныг МХЕГ-аас газар дээр нь илрүүлсэн байдаг. “Хурд групп”-ынхнээс яагаад ийм зөрчил гаргасан тухай асуухад тусгай гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулж хийсэн, таван гүйцэтгэгч компани байгаа тэдэнтэй холбоотой хэмээн өөрсдөөсөө бурууг зайлуулсан байдаг. Тус компанийн гүйцэтгэсэн барилгын чанаргүй байдал эндээс эхлэлтэй гэж хэлж болох биз ээ.
2012.09 сард
"Рапид харш” орон сууцны хороолол баригдаж байх үед 26-хан настай залуу осолдсон аймшигт хэрэг гарсан. Тодруулбал, уг барилгын арваннэгдүгээр давхарт ажиллаж байсан краны цамхаг нурснаар, краныг жолоодогч залуу хорвоог орхисон юм. Осол гарахад хүргэсэн шалтгааныг тухайн үед хяналтын инженер, оосорлогч, дохиочин зэрэг ажилчдыг ажлаас халсантай холбоотой гэж дүгнэсэн юм билээ. Учир нь хяналтын инженер, оосорлогч, дохиочин байсан бол кранчин залууд ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч, тэр амьд гарах боломжтой байсан гэдэг. Тэгэхээр тэд орон тоо цомхотгож, илүү их ашиг олохын төлөө шийдвэр гаргаж байгаад, хүний аминд хүрсэн байгаа юм.Талийгаач цамхаг нурахад эхний цохилтоор кранаасаа зүүгдэж байсан ч хоёрдох цохилтод гараа алдаж унасан тухай ослыг харсан ажилчид ярьдаг юм билээ.
2013.02.18
Төв цэнгэлдэх хүрээлэн, Туул гол, Дунд голын эрэг дагуух дулааны шугам, хар замын хажууд булан булангаа дэрлэн боссон хороолол бол “Хурд групп”-ийнх. “Хурд групп”-ын барьсан, барьж буй орон сууцны хорооллуудын газар нь бүгд “но”-той. Хуулиараа бол дулааны шугам хоолойн район бүхий газар нь нийтийн эзэмшилд хамаарах учиртай. НИТХ-ын 2009 оны 119 тоот тогтоолд “Нийтийн эзэмшил гэдэг нь инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон цэвэр, бохир ус, дулаан дамжуулах шугам сүлжээ, ус, дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмж, авто зам, замын байгууламж, зам гүүр, ус зайлуулах суваг, үерийн хамгаалалтын барилга байгууламж, ногоон байгууламж... зэрэг орно” гэж тусгасан байдаг. “Хурд групп”-ийн хотын урд хэсгийг түрэмгийлэн эзэлж босгоод буй хорооллууд иргэдийн хэрэгцээнд нийцэж байгаа эсэх нь бас л эргэлзээтэй. Хамгийн өндөр үнэтэй хэрнээ хамгийн чанаргүйн жишээгээр тэдний барилгууд байнга л тодорсон байдаг.“Рапид харш”-ийн оршин суугчид “Цонхоор нь салхи сэнгэнээд, агааржуулагч нь ажиллахгүй өмхий үнэртдэг” гэж гомдоллодог юм билээ. Улаанбаатарын хаана ямар “сул” газар байгааг шарсан мах анддаггүй шар зурхайч шиг мэдэж, өөрийн болгодог “Хурд”-ын түрэмгийллийн хурдыг гүйцэж, хууль бус үйлдлийг нь зогсоож чадах албан тушаалтан Монголд байна уу.
2013.04.29
“Нарны гүүр”-ний зүүн талд “Хурд” компанийн барьж байгаа орон сууцны барилга дээр осол гарч, хүн бэртсэн гэх мэдээлэл цацагдсан. Уг осол Баянгол дүүргийн III хороо, Дунд голын хойд талд буюу Нарны гүүр, Энхтайваны гүүрний хооронд байрлах “Хурд” компанийн “Нарны хороолол”-д болсон аж. Энэхүү мэдээлэлд “...Өглөөний 09.30 цагийн орчим тус хорооллын нэг барилгын орчимд осол гарч хүний амь эрсэдсэн байсан.
гэдгийг албан бус эх сурвалж бидэнд мэдээлээд байсан юм. Уг мэдээллийг тодруулахаар тус барилгын хашаа руу нэвтрэхийг хүссэн ч “Хөдөлгөөнт бай” хамгаалалтын албаныхан биднийг дотогш нэвтрүүлэх боломжгүй гэлээ. Дотогш нэвтэрч үнэн бодит мэдээлэл авах ёстой гэдгээ дахин сануулахад хэн нэгэнтэй утсаар ярьж зааварчилгаа авсан хамгаалалтын албаны залуу “Хэвлэлийнхэнийг дотогш нэвтрүүлж болохгүй гэж байна” гэв. Тиймээс түүнээс 9811…. бүхий дугаарыг тэмдэглэн авч холбогдон дотогш нэвтрэх хүсэлтээ илэрхийлэхэд “Би мэдэхгүй. Дотогш нэвтрэх шаардлага байхгүй. Мэдэхгүй” гээд утсаа тасалчихав. Уг хорооллыг барьж буй барилгын талбайд хүрэхийн тулд 2-3 давхар хашаа, хамгаалалтыг даван дотогш нэвтрэх боломжтой аж. Гэвч сэтгүүлчдэд хаалттай үйл ажиллагаагаа явуулж буй “Хурд” компанийнхан, онцгой, цагдаагийнханыг саадгүй нэвтрүүлж байсан юм.
Харин бид ослын газрын зургийг авч баримтжуулахыг хүссэн ч “Нарны хороолол” гэх олон зэрэгцээ барилгуудын яг алинд нь осол гарсныг мэдэх боломж байсангүй. Гэхдээ албан бус эх сурвалжийн мэдээлснээр нэг барилгынх нь дээд давхараас барилгын тулаас төмөр буюу сапуду доош унаж, доор зогсож байсан 40 орчим насны эрэгтэйн толгой дээр унасан гэнэ. Ослын улмаас тэрээр газар дээрээ амьсгал хураасан бөгөөд холбогдох албаныхан ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Харин тухайн үед ажиллаж байсан барилгачдыг өнөөдөр харьж болно хэмээн тараасан байна. Тус хорооллын барилгууд хоорондын зай ойр, хамгаалалтын торон хаалтгүй барилгын ажил явагдаж байсан ба “Хурд” компанийн захиалгаар “Минимакс интернешнл” ХХК-ийн хариуцан ажиллаж байсан барилгад осол гарсан байх магадлалтайг эх сурвалж мөн мэдээлсэн.
2013.05 сард
“Хурд”-ын барилга болох “Нарны хороолол” баригдаж байх үед барилгын талбайд дамнуургаар цемент зөөж явсан 40 настай эрийн дээрээс төмөр унасан байдаг. Тодруулбал есөн давхарт өргөж байсан кранаас 20 гаруй кг жинтэй хүнд төмөр, гадаа ажиллаж байсан хүний тархин дээр унаж, толгойг нь зад татсан учир газар дээрээ нас барсан. Энэ осол мөн л аюулгүй ажиллагааны дүрэм мөрдүүлээгүйгээс, буюу өөрөөр хэлбэл хяналтын инженер гэдэг орон тоо байхгүйн улмаас үүдэн гарсан гэдийг хууль хяналтын байгууллагын албан тушаалтнууд хэлж байлаа.
2013.10.04
“Хурд”, “Рапид харш”, “Апартмент кей эйч хотхон” “Хүннү” гээд яс чанар муутай хэд хэдэн хорооллыг дур зоргоороо босгосон “Хурд” компани Баянгол дүүрэгт орших Улаанбаатар зүтгүүрийн депогийн эзэмшлийн газар дээр “Нарны хороолол” гэх тунчиг сүртэй нэртэй хорооллыг бас л дур мэдэн бариад барилгын ажлыг нь 80 хувьд хүргэчихжээ. Гол нь өнгөрөгч оны хавраас эхлэн баригдсан тус хороолол холбогдох газруудаас зөвшөөрөл авалгүйгээр Улаанбаатар зүтгүүрийн депогийн эзэмшлийн газар дээр ажлаа эхлүүлжээ. Өнөөх хяналт энэ тэр тавих ёстой Мэргэжлийн хяналтын газар нь ч гишүүний компанийн барилгын ажлыг зогсоож дийлээгүй өнөөдрийг хүрсэн гэж байна.
“Нарны хороолол” гэх нэртэй уг төслийн хүрээнд 25 корпус барилга босч байгаа бөгөөд ажил гүйцэтгэгчдийн олонхи нь хятадууд аж. Хачирхалтай нь, “Хурд” групп бизнесийн үр ашгийн төлөө хууль зөрчин барьж буй барилгаа зүтгүүрийн депо, төмөр замын ажилчдын орон сууц гэх худлаа тайлбар хийн хаацайлж ирсэн байгаа юм. Мөн тус компанийн луйврын үйл ажиллагааг Монголын барилгачдын холбоо мэдэж байгаа хэрнээ чимээгүй байж ирсэн нь өмгөөлж байгаагийнх нь тод илэрхийлэл гэдгийг эх сурвалж хэлж байна. Уг нь “Хурд” компанийн энэхүү бусармаг үйл ажиллагааны эсрэг төмөр замчид санаа нийлэн босч, хотын дарга хандсан юм билээ. Гэсэн ч нийслэлийн удирдлага хариу ирүүлэлгүй байсаар хэдийнэ захиалагчид захиалгаа өгөх дээрээ тулчихаад байгаа юм байна.
2013.11.28
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээр овоглосон “Хурд” групп байршил сайтай газар бүрт орон сууцны томоохон хорооллуудыг барьж, бүтээн байгуулалт хийж байгаатай хэн ч маргахгүй бөгөөд Нийслэлийн гэр хорооллыг бууруулахад хувь нэмрээ оруулж байгаа нь үнэн. Гэвч үүнд асуудал багагүй байгааг дурдах нь зүйн хэрэг биз ээ. Ганцхан өрөө байраа бараг л 60 орчим сая төгрөгөөр борлуулсан “Хурд” хороололд сүүлийн үед айл өрхүүд хэзээ ус гоожиж, хэзээ сан нь цоорох бол хэмээн айдаст автан суудаг болжээ. Өөрөөр хэлбэл, тус хороололд байр авсан айл болгоны сангийн шугам нь хоёр жилийн дотор ээлж дараалан цоорч байгаа гэсэн үг юм.
Ганцхан долоо хоногийн дотор нэг орцны хоёр ч айлын сан цоорч усанд автжээ. “Хурд” хорооллыг хариуцсан “Цэнгэлдэх өргөө” гэх нэртэй СӨХ байдаг бөгөөд сангийн шугам цоорсон асуудлыг СӨХ хариуцахгүй гэсэн хариултыг оршин суугчдад өгчээ. Орон сууцны конторт дуудлага өгөхөөр ирэхгүй, тэгсэн хэрнээ байрыг барьсан “Хурд” групп “Манайх хариуцлага хүлээхгүй” гэдэг байх юм. Гэтэл тус байрны санг анхнаасаа Хятадын гэгдэх чанар муутай хоолойгоор хийснээс үүдэн өндөр даралттай, мөн халуун ус ирсэн үед хоолойнууд ачааллаа дийлэхгүй ийнхүү задарч, цоорч айлуудыг хохироож байгаа аж. Өнгөрсөн жил дээд давхрын айлуудад нь яг ийм шугамын цоорол гарч ус алдсанаас үүдэн доод давхрын айлууд нь ханын цаас, таазны шохой гэгчлэнгээр багагүй хохирол амсчээ.
Айлууд нь өөрсдийн буруу биш учир доод айлуудынхаа хохирлыг барагдуулаагүй, гэтэл компани ч үүнийг хариуцаагүй одоог хүртэл ус алдсан бол айлуудын хохь болоод дуусч байгаа юм байх. Аргаа барсан оршин суугчид Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандсан ч “500 санал ирвэл энэ асуудлыг шалгана. Түүнээс нааш шалгах боломжгүй” гэсэн гоё хариултыг өгсөн гэнэ. Ийнхүү аргаа барсан иргэд эцэстээ Улсын комисс хүлээж авахдаа ийм муу сантехниктэй барилгыг баталгаажуулж, үүнд нь итгэсэн иргэд төлбөрөө 100 хувь барагдуулж нүүж орсон болохоор улсын комиссынхны буруу гэж үзээд энэ асуудлаар 11-11 төвөөр дамжуулан Ерөнхий сайдад хандаад байгаа гэнэ.
2014.03.13
“Хурд” группын “Нарны хороолол” төмөр замын дэргэд баригдсан асуудлаар өмнө нь багагүй хэл ам гарч байсан. Тэгээд ч Вагон депогийн түлшний нөөцийн савтай хаяа дэрлэн сүндэрлэсэн тус хороололд эрсдэл гарахгүй гэсэн баталгааг одоогоор хэн ч өгөөгүй. Үүний хажуугаар тус хороолол сүүлийн үед хэрэглэгчдээ хуурч захиалга авсан болох нь бага багаар илэрч байгаа аж. Эхэндээ дотроо сургуультай шинэ хороолол гэсэн ч одоогоор оршин суугчид нь хүүхдүүдээ ойролцоохь сургуулиудад зөөсөн хэвээр л байгаа юм. Гэтэл хүүхдийн тоглоомын талбай, спортын талбайтай гэсэн зураг төсөл танилцуулсан байрныхаа дэргэдэх талбайд одоо дахин барилга барьж эхэлж байгаа аж.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зураг төслөө өөрчилсөн хороолол, барилгуудад хариуцлага тооцохоор болоод байгаа. Тэгвэл хууль үйлчилдэггүй ”Хурд” групп энэ хариуцлагын хаагуур нь өнгөрөх гэж байгаа болоод барилгынхаа зураг төслийг өөрчлөн, тоглоомын талбай, авто зогсоолоо барилга болгож байгааг оршин суугчид нь хаанаас асуухаа мэдэхгүй сууцгааж байна. “Нарны хороолол”-ын есдүгээр байрны иргэдэд эхний барилгын балаг нь ийнхүү харагдаж, нар харах эрхээ хасуулж байгаа гэнэ дээ. Тэд барилга биш тоглоомын талбай, спортын төвөө хүсч байтал төлөвлөөгүй байсан барилга баригдаж эхлэхээр болжээ. Орон сууцны барилгын хувьд нийт талбайн 30 хувийг авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай эзэлж байх ёстой ч “Хурд” групп энэ стандартыг хэзээ ч мөрддөггүй билээ.
2014.04.24
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хурд” группын барьж буй “Хүннү-2222” хорооллын барилга дээрээс хүн унаж амиа алдсан хэрэг өнөөдөр 11:30 цагийн орчимд гарсан тухай мэдээлсэн билээ. Хэргийн газарт холбогдох хууль, хяналтын байгууллагууд шалгалтын ажиллагаа явуулж байна. Осол болсон газар харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн албан хаагчид ажиллаж байгаа ба одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй байна гэдэг хариултыг өгсөн. Ар гэрийнхнийх нь өгч байгаа мэдээллээр бэхэлгээний бүс унаснаас амиа алдсан гэх. Уг барилгын ажилчин залуу тухайн үед таван давхарт ажиллаж байсан бөгөөд түүний хамгаалалтын бэхэлгээ нь тасарснаас доош унан амиа алджээ. Мөн түргэн тусламжийг цаг алдаж дуудсаны улмаас түргэний машин осол болсноос хойш хоёр цаг гаруйн дараа очсон байдаг. Талийгаач 1989 онд төрсөн 25 настай, эхнэр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг залуу байжээ.
2014.10 сард
“Хүннү” хорооллын барилга дээр ажиллаж байсан 51 настай эрэгтэй цахилгаан шатны хонгил руу унаж, амиа алдсан хэрэг гарсан. Тэрээр тухайн үед барилгын цэвэрлэгээний ажил хийж байсан юм билээ.
2015.11.17
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах "Хурд" хорооллын гурван давхраас хүн уначихлаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад тус барилгын гуравдугаар давхарт туслах ажилтан Налайх дүүргийн хороонд оршин суух 53 настай, эрэгтэй М хог цэвэрлэж байгаад унаж нас барсан байна.
2018.08.08
ХУД-н 11-р хороо ”Хүннү хорооллын Хурд группын барилгын хашаанд нас барсан хүн байна” гэсэн мэдээлэл Цагдаагийн байгууллагад 08-р сарын 08-ны 19:22-д дуудлага мэдээлэл иржээ.
Энэхүү мэдээллийн дагуу шалгахад: "Хурд" группын барилгын туслах ажилтан СХД-н 11-р хороонд оршин суух хаягтай “У” /эр.17н/ нь чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарч толгойн тус газраа цохиулан нас барсан нь урьдчилсан нөхцөл байдлаар тогтоогдон шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Энэ мэтчилэнгээр эрхэм гишүүний толгойлдог “Хурд групп” ХХК-ийнхан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангадаггүй, чанаргүй барилга барьж иргэдийг хохироодог, барилга дээр ажиллаж буй хүмүүс нь амиа алдахад “Нуун дарагдуулах”-ыг оролддог гэх мэтчилэн үгс хөвөрсөөр. Энэ бол болсон явдлууд. Угтаа бол хүний амийг төлөх зүйл гэж байхгүй. Энэ олон хүний аминд хүрсэн байтал эдүгээ “Хурд групп” компанид ийм хариуцлага тооцсон гэх ямар ч мэдээлэл байхгүй байгаа нь тэд цаг ямагт “Уснаас хуурай” гарч чаддагийг нотлох шиг. Ямартай ч эрх мэдэл, мөнгө хөрөнгөтэй хүний өмнө хүчин мөхөсдөөд байлгүй хүний амиар наадаад байгаа "Хурд” группын Б.Чойжилсүрэнд "Яагаад" хариуцлага тооцохгүй байна вэ???
О.Үжин
dorgio.mn