Инээд хөөр, баяр баясал цалгисан хүүхдийн баяр болж өнгөрлөө. Хоёр өдөр бужигнасан хүүхдүүдийн дуу чимээнд зарим нэг нь ядрах аястай болж байна. Тэгвэл өдөр бүр хүүхдийн баяр болж буй мэт инээд хөөр, дуу шуугиантай байх нэгэн айлд очиж, “Амьдралын тойрог” булангаа бэлтгэсэн юм. П.Баттулгынх найман хүүхэдтэй.
Том охин нь энэ жил оюутан болж байгаа бол бага нь хоёр нас хүрч байна. Найман хүүхдийн инээд хөөр, баяр баясал, дуу шуугиан нэгэн дээвэр дор бүрэлдэнэ гэдэг энэ амьдралын утга учир гэмээр санагдана.
“АНХ ХҮҮХЭДТЭЙ БОЛЧИХООД ДОЛООН САРТАЙ БОЛТЛОО НУУЖ БАЙСАН”
Өрхийн тэргүүн П.Баттулга “Автобус-3” компанид 18 жил жолоочоор ажиллажээ. Түүний аав Өвөрхангай аймгийн харъяат, мөн л автобусны жолооч хүн байсан гэнэ. П.Баттулга арван жилийн сургуулиа төгсөөд, Кино урлагийн дээд сургуулийн жүжигчний ангид элссэн ч төгсч чадаагүй байна. Учир нь оюутан байхдаа эхнэртэйгээ танилцаж, аав ээж болцгоосон нь амьдралд эрт хөл тавихад хүргэсэн гэдэг. Тэрээр “Бид хоёр анх хүүхэдтэй болчихоод аав, ээжээсээ айгаад хэлж чадахгүй, долоон сартай болтол нь нууж явсан. Тэгсэн нэг удаа хадмынд байж байгаад баригдчихаж билээ. Тэгээд анхны охиноо төрүүлж байлаа. Анхны хүүхэд эмэгтэй байхаар олон дүү дагуулдаг гэдэг үнэн юм билээ. Хүүхдүүд маань хоорондоо хоёр, хоёр насны зөрүүтэй. Том охины араас дараалаад гурван охин төрсөн. Би хүүтэй болохыг их хүсдэг байлаа. Бага байхдаа барилддаг байсан болохоор хүү төрвөл бөх болгоно гээд л ярьдаг байсан. Тэгсэн тав дахь хүүхэд маань хүү байсан. Бөх төрүүлж өгсөн эхнэртээ баярлалаа гээд л догдолж явсан даа. Тэгээд хүүгээ ажиглаад байсан дөрвөн эмэгтэй хүүхэдтэй өсч байгаа болохоор бүх үйл хөдлөл нь эмэгтэй хүүхэд шиг болоод байсан. Эрэгтэй хүүхэд мөртлөө нэг л эмэгтэйлэг болоод байсан. Тэгээд эхнэртэйгээ ярьж байгаад бас нэг хүү төрүүлж, хүүгээ ханьтай болгоё гэж шийдсэн. Тэгсэн хоёр эрэгтэй дүүтэй болчихсон. Одоо л яг боллоо гэж байтал хамгийн бага охин маань бидэн дээр хүрээд ирсэн. Ингэж л өнөр өтгөн гэр бүл болсон доо” гэв.
Өрхийн тэргүүн П.Баттулга сурагч байхаасаа л үндэсний бөх, жүдогоор хичээллэдэг байжээ. Дүүрэг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцдог бөгөөд одоо ч түүний авсан медалиуд гэрийнх нь хананд өлгөөстэй байна. Мөн урлагийн авьяастай хүүхэд байсан бөгөөд Кино урлагийн дээд сургуульд орж, жүжигчин болохоор мөрөөсөж явсан нэгэн. П.Баттулга жүжигчин болох мөрөөдлөө биелүүлж чадаагүй ч аавынхаа мөрөөдлийг хэд дахин биелүүлэх үрстэй болсон нь түүнийг хамгийн аз жаргалтай нэгэн болгожээ. Тэр одоо онц тээвэрчин, осолгүй манлай жолооч бас алдарт аав. Мөн оюутан. Одоо тэрээр Хөдөлмөрийн дээд сургуулийн Бизнесийн удирдлагын ангид суралцаж байна.
“ХҮҮХЭД ХҮНСТЭЙГЭЭ ИРДЭГ ГЭДЭГ ҮНЭН ШҮҮ”
Хүүхдүүдийг нь Б.Урангоо, Б.Уранчимэг, Б.Цэлмэгмишээл, Б.Уранзаяа, Б.Тэмүүжин, Б.Чингүүн, Б.Төрбат, Б.Аззаяа гэнэ. Биднийг ярилцах зуур хүүхдүүд нь хөгжилдөн тоглоно. Аав нь “Чимээгүй, хүнтэй юм яриулаадах гэх ч тоосон шинжгүй, тэрсхэн хөвгүүд охид шуугилдан, гүйлдэх нь цаанаа л нэг гэгээн сайхан. П.Баттулга хань Д.Сувдаатайгаа 19 жилийн өмнө учирчээ. Д.Сувдаагийн аав ээж нь Говь-Алтай аймгийн хүмүүс. Гэхдээ тэд хоёулаа Улаанбаатарт төрсөн. Баянхошуунд тоглож, бие биенийгээ харж өсөцгөөсөн. Мөн хоёулаа олон дүү нартай, айлын ууган хүүхдүүд юм.
Би автобусны жолооч ч гэсэн хүүхдүүдээ хоосон хонуулахгүй, бүтэн хувцастай амьдруулж байна. Хүүхэд хүнстэйгээ ирдэг гэдэг үнэн шүү
П.Баттулга “Шинээр хүүхэд мэндлэх бүрт айлд аз жаргал нэмэгдэж байдаг. Бяцхан үрс гэрээ гэрэлтүүлж, батжуулан энэ хорвоод ирдэг. Орой хэчнээн ядарч ирсэн ч хүүхдүүдээ хараад тэр ядаргаа байхгүй болчихно. Одоо цагт найман хүүхэдтэй битгий хэл дөрвөн хүүхэдтэй айл ховор болсон. Олон хүүхэд гэхээр зарим хүмүүс эдийн засаг хүндрэлтэй болно гэж ярих нь бий. Эхнэр маань гэртээ байдаг. Би автобусны жолооч ч гэсэн хүүхдүүдээ хоосон хонуулахгүй, бүтэн хувцастай амьдруулж байна. Хүүхэд хүнстэйгээ ирдэг гэдэг үнэн шүү дээ” гэлээ.
Одоо тэдний найман хүүхдээс зургаа нь сургуульд сурдаг бөгөөд хоёр бага нь цэцэрлэгт явдаг аж. Аав, ээж хоёр нь хүүхдүүдээ хэнээс ч дутахааргүй боловсролтой, сайн хүн болгож өсгөхийг амьдралынхаа хамгийн чухал зорилго болгож явдаг юм байна. Том охин Б.Урангоо нь долоон жил Хүүхдийн ордны кино драмын анги, бүжгийн дугуйланд явж байгаа гэнэ. Хүүхдүүдийнх нь дундаас ангийн шилдэг сурагчаас эхлээд сургуулийн лидер сурагч, олимпиадын аварга олон төржээ. Ер нь тэдний хүүхдүүд авсан медаль амжилтаараа уралдаж, аав ээждээ урам зориг өгдөг хэмээн бахархан ярьж байв.
Мөн дөрвөн охины дараа бөх болгох гэж хүсч төрүүлсэн хүү Б.Тэмүүжин нь одоо таэквондогийн дугуйланд явж байна. П.Баттулга “Одоохондоо хүүгээ бөхөөр хичээллүүлэхгүй. Их хүч ордог учраас хүүхдийн биеийн хөгжилд нөлөөлдөг юм билээ. Хөнгөн хурдны спортоор хичээллүүлж байгаад бөхийн спортод оруулах санаатай гэв. Ийнхүү тэдний хүүхдүүд бүгд л өөр өөрийнхөө сонирхлын дагуу секц дугуйланд явцгаадаг аж.
ХҮҮХДҮҮДДЭЭ ЭМХ ЦЭГЦТЭЙ, ӨӨРИЙН ЮМАНДАА ЭЗЭН БОЛЖ СУР ГЭЖ ЗӨВЛӨНӨ
Аав нь хүүхдүүддээ амьтай бүхнийг хайрлаж сур гэж захина. Мөн том охиндоо аливаа зүйлийн ухааныг хэлж, захина, түүнийг хөгжүүлж, сайн хүн болгохыг урьтал болгодог. Тэгж байж эгч нь дүү нартаа сайн үлгэр дууриалал үзүүлнэ гэв. Том охин Б.Урангоо нь Хүүхдийн ордны кино драмын ангид явдаг. Мөн шүлэг бичнэ. Охиныхоо бичсэн шүлгэнд клип хийлгэх бодол ч П.Баттулга, Д.Сувдаа хоёрт бий. Түүний дүү Б.Цэлмэгмишээл ч мөн кино драмын ангид суралцана. Хүүхдүүдийнхээ сонирхол, сайн талыг нь олж хөгжүүлэх ажлыг ээж нь ихэвчлэн мэдэрч хийнэ.
Д.Сувдаа “Би хамгийн нэгдүгээрт, хүүхэд бүрийн зан төлөв, онцлогт нь тохируулан харьцаж, давуу тал дээр нь тулгуурлан хөгжүүлэхийг хичээдэг. Хоол аягалахдаа хүртэл энэ хүүхэд юунд дуртай, юу иддэг билээ гэх мэтээр бодож хийнэ. Хүүхдүүдээ ажил хийвэл дуустал нь хийж бай” гэж сургадаг. Мөн хүүхдүүдээ эмх цэгцтэй байлгах гэж их хичээдэг. Олуулаа гээд эмх цэгцгүй, замбараагүй байлгахыг хүсдэггүй. Тийм болохоор хүүхэд бүрийн оймс, цамц, өмд гээд тус тусдаа шүүгээнд байдаг. Хүүхдүүдээ багаас нь эмх цэгцтэй, өөрийн юмандаа эзэн болж сур гэж заадаг. Эхэндээ хүүхдүүд маань “Ээжээ, миний тэр цамц, тийм оймс хаана байна” гээд ирдэг байсан. Одоо бол тэгж асууж ирдэг хүүхэд бараг байдаггүй. Хүүхэд бүрийн хувцас тусдаа шүүгээнд, эвхээтэй байдаг. Олон хүүхдийн гэрийн даалгавар хийлгэхэд хүндрэлтэй үе олон гарна. Гэхдээ хүүхдийг анхнаас нь даалгаврыг нь хийлгээд, цэвэр бичүүлээд сургачих юм бол их амар байдаг. Суурийг нь маш зөв тавих хэрэгтэй гэсэн үг. Одоог хүртэл даалгавраа хийлгүй хичээлдээ явж байсан нэг ч хүүхэд байхгүй. Хүүхдүүдийнхээ эцэг эхийн хуралд очихдоо нүүр бардам очдог шүү” гэв.
ЭЭЖ НЬ “ОДОНТОЙ МИСС” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГТ ҮЛДЖЭЭ
Тэднийх энэ жил зургадугаар сарын 2-нд хүүхдийн баяраа тэмдэглэжээ. Хүүхдүүдтэйгээ хоолонд орж, гэр бүлийн зураг авахуулснаа үзүүлэв. Энэ жил ээж нь их завгүй байгаа гэв. Учир нь “Одонтой ээжүүдийн холбоо”-ноос зохион байгуулж буй “Одонтой мисс”-ийн тэмцээнд оролцож, шилдгийн нэгээр шалгарчээ. Аав нь “Ээж байхгүй л бол энэ гэр орон эмх цэгцгүй, энэ жил их л завгүй хүүхдийн баяр тэмдэглэж байна” хэмээн инээмсэглэв.
Найман хүүхдийн хоол унд, хувцас хунар, гэрийн даалгаврыг хийлгэх гэж өглөөний нарнаас үдшийн бүрий болтол зүтгэх гэрийн эзэгтэйн хөдөлмөр мэдээж амаргүй. Түүний хажуугаар нийгмийн үйл ажиллагаанд оролцож, идэвхтэй амьдарна гэдэг бас л хэн бүхний амжуулж чадах ажил биш мэт санагдана. Гэсэн ч гэрийн эзэгтэй Д.Сувдаа энэ бүхнийг амжуулж, Монголын нэгэн үлгэр жишээ эмэгтэй байж чадаж байгааг харахад бахархах сэтгэл төрнө. Сүүлийн үед олон хүүхэд төрүүлнэ гэдэг өсгөж хүмүүжүүлэх, цэцэрлэг сургуульд өгч авах гээд зав чөлөөгүй замын түгжрэл стресстэй энэ нийгэмд хэцүү гэдэг хандлага хүмүүсийн дунд бий. Олон хүүхэд төлөвлөдөггүй, төрүүлдэггүй хандлагатай болсон нь үнэн. Хүүхэд гэдэг бяцхан бурхадаас татгалзах биш хүлээж авснаар хүн илүү их амьдралын төлөө зүтгэж, сайхан бүхэн гэрт нь гийж, аз жаргал цалгиж байдгийн жишээ болсон энэ сайхан гэр бүлд аз жаргал хүсэн нийтлэлээ өндөрлөе.
Зууны мэдээ
Т.Батсайхан