Дэлхий дахинаараа жилд 20 мянган тонн ноолуур бэлтгэж байгаагийн 48 хувийг хятадууд, 40 хувийг Монгол Улс нийлүүлдэг гэж Хөдөө аж ахуйн биржийн захирал Х.Баатар мэдээлж байсан. Манай улсын хувьд өнгөрсөн жил 27 сая гаруй толгой ямаанаас 9400 тонн ноолуур самнасан боловч 80 гаруй хувийг нь анхан шатны боловсруулалт буюу угаагаад экспортолсон байна. Үлдсэн багахан хэсэгт гүн боловсруулалт хийснээр 900 мянга орчим ширхэг нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Уг нь самнасан бүх ноолуураа гүн боловсруулж, ядаж утас болгоод ээрчихдэг болбол мөн ч их боломж байна даа. Энэ бүхнийг бүрэн ашиглахын тулд Засгийн газраас “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, энэ оны хоёрдугаар сард баталчихлаа. Тус хөтөлбөрийн хамгийн эхний зорилт нь чанартай, боломжийн хэмжээний ноолуурын нөөцтэй болохын тулд түүхий эд бэлтгэгч буюу малчдаа чадавхжуулахад анхаарах юм. Энэ нь малчдыг хотонд нь суулгачихаад элдэв ном онол заах биш, гагцхүү өдөр тутмын ажилдаа хэвшүүлж дадах зарим нэг зуршлыг бий болгох явдал гэж хэлж болно. Тухайлбал, шүдлэн, борлон зэрэг бага малын ноолуур маш нарийн ширхэгтэй байдаг бол хөгшин ямааных /микрон нь / бүдүүрч чанар нь мууддаг аж. Тиймээс ямааныхаа нас, зүсийг харгалзаж, самнасан ноолуураа ангилж савладаг болгох нь хамгийн эхний алхам бөгөөд эдийн засгийн хувьд ч ашигтай байх нөхцөл бүрдэх юм.
“Манай худалдан авагчид ноолуур л бол ноолуур гэх монгол сэтгэлгээг ашиглаад бөөнд нь тодорхой үнэ ханшаар авах сонирхол давамгайлдаг. Гэтэл түүний дотор нарийвчлаад ангилах юм бол илүү үнэд хүрэх ноолуур явж л байгаа. Малчид 100 мянгаар ноолуураа өгчихөөд баярлаад байдаг. Үнэндээ энэ нь зах зээлийн бодит үнээс хэдэн арван хувиар доогуур л байдаг” гэж Хөдөө аж ахуйн биржийн дэд захирал Ж.Мягмарсүрэн ярьж байсан. Ноолуурын зах зээлийн гол тоглогч Хятадтай харьцуулахад монгол ямааны ноолуур нарийн ширхэг /микрон/-тэйгээс гадна урт байдаг онцлогтой гэнэ. Тодруулбал, ганцхан грамм ноолуураар 8-9 метр урт утас ээрдэг байна. Гэтэл дотоодод үйл ажиллагаагаа эрхэлж буй том, бага нийлсэн 300 орчим үйлдвэр энэ хэмжээнд хүртэл ноолуураа боловсруулж, хүчин чадлаа бүрэн ашиглаж чадахгүй байгаа нь хэд хэдэн шалтгаантай байдаг тухай үйлдвэрлэгчид ярьдаг. Ноолуур бэлтгэлийн үеэр хувиараа юмуу Хятад худалдаачдын “гар хөл” болсон ченжүүд түүхий эдийг худалдан авч, ханш өсгөснөөр эргэлтийн хөрөнгөгүй зарим үйлдвэр ноолуур бэлтгэж чадахгүйд хүрэх явдал гардаг. Энэ байдлыг таслан зогсоохын тулд Хөдөө аж ахуйн биржээс бэлтгэн нийлүүлэгч малчин болон түүхий эдийн хоршоодтой гэрээ байгуулж, урьдчилгаа олгож эхэлсэн байна. “Ноолуур”хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэх бас нэг ажил нь ямааны тоо толгойг цөөлөх, ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд анхаарах юм. Өвөрмонголын Баяннуур аймгийнхан 2016 онд клоны аргаар өндөр чанартай ноолуурын чиглэлийн цагаан ямааны шинэ үүлдэр гаргаж авсан тухай мэдээлж байсан. Манай мал аж ахуйн эрдэмтэд ч зүгээр суусангүй. 2015 онд мах, ноолуурын чиглэлийн “Завхан буурал” үүлдрийг бий болгосон байдаг. Уг ямааны ноолуурын ширхэг нь 13.7-14.2 микрон, урт нь 5.6-6.8 см байжээ. Мөн амьдын жингээр бусад ямаанаас 3-8 кг- аар илүү байна. Ийм үүлдрийн ухныг манай цөөнгүй газарт аваачсан ч тодорхой үр дүн харагдахгүй байгаа нь нэг талаас ноолуурын жинг шүтэх малчдын сэтгэлгээтэй холбоотойгоос гадна малын шинэ үүлдэр угсаа бий болгох, тэдгээрийг нутагшуулах талаар тогтвор суурьшилтай ажиллах мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байдгаас шалтгаалж байна гэж Монголын ноос ноолуурын холбооны тэргүүн дүгнэж байсан юм. Энэ талаар “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд тодорхой ажил хийхээр төлөвлөсөн байна.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ноолуур үйлдвэрлэлийн салбарт 3600 орчим ажлын байр бий болох бөгөөд эхний хоёр жилд нийт түүхий эдийн 40 хувийг дотооддоо боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьсан юм. Үүний тулд, юуны өмнө үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийг зорьж, тоног төхөөрөмжийн шинэчлэлд Хөгжлийн банкнаас 400 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Одоогоор дотоодын үйлдвэрүүд ноолуур угаах хүчин чадлаа бүрэн дүүрэн ашигладаг бол нэхэх, самнах, ээрэх дамжлагын 20-30, сүлжих үйлдвэрлэлийн 70 орчим хувийг л ашигладаг болохыг судалгаагаар тогтоожээ. “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд 500 тэрбум орчим төгрөг төвлөрүүлж, Ноолуур хөгжлийн сан байгуулах бөгөөд үйлдвэрлэлийн технологийг сайжруулж, бүтээгдэхүүний чанарыг олон улсын стандартад нийцүүлэхэд дээрх хөрөнгийг зарцуулах юм. Ийнхүү чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх хамгийн эхний урьдач нөхцөл нь ноолуур бэлтгэл менежмент гэдгийг мартаж болохгүй. Түүнээс биш ямаа гэдэг ямбатай амьтан жил бүр арьсаа зулгаалгаж, улс орны эдийн засаг, малчдын амьдралд өгдгөө өгсөөр л байгаа билээ.
Д.МӨНХ