Өчигдөр 17 цагийн орчимд нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын кран унаж хугарахдаа хэд хэдэн машиныг эвдэлж гэмтээж, Prius 30 маркийн автомашины дээрээс унасан осол гарлаа. "Алтай констракшн" ХХК-ийн барьж буй энэ Саруул хорооллын барилгууд нь хоорондоо маш шигүү, хүнийн хөл хөдөлгөөн ихтэй газар бөгөөд харин азаар хүний амь нас эндсэнгүй. Гэхдээ энэ бол зүгээр л нэг азтай гэмээр тохиол байв. Краныг хугарч унаж байх үед ойр хавьд байсан иргэд амжиж зайлсан нь тэр биз. Хөдөлмөрийн аюулгүй байдалд хайнга хандах нь ийм хүн ам, орон сууц төвлөрсөн газарт төсөөлөөгүй гай гамшиг авчрах магадлал өндөртэй гэдэг нь эндээс харагдаж байна. Азаар 17.00 цагийн үед ажил хичээл хараахан тараагүй, хүний хөл хөдөлгөөн сийрэг байж таарчээ.
Жил бүрийн дөрөвдүгээр сард ХНХЯ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо /ХАБЭАҮХ/ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, МХЕГ, НДЕГ-аас “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг зохион байгуулдаг уламжлалтай. Долоо дахь жилдээ зохиогдож байгаа энэ аян нээлтээ хийгээд хэдхэн хонож байхад ийм ноцтой осол гарлаа.
Энэ нь “Алтай констракшн” компани дээрхи аяны ажиллагаанд ач холбогдол өгөөгүй, хайхрамжгүй хандсаныг илтгэж байна. Улс орон даяар өрнөж байгаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы хүрээнд ядахад техник, тоног төхөөрөмжийнхөө бүрэн бүтэн байдлыг нэг шалгачихсан бол ийм ослоос сэргийлж чадах байлаа.
Кран хугарч унахад байгалийн нөлөө лав байгаагүй. Учир нь өчигдөр Улаанбаатарт ямар ч салхигүй тогтуун сайхан байлаа. Хүчтэй салхины улмаас унасан бол бурууг тэнгэр хангайд үүрүүлээд өнгөрөх байсан биз.
Ерөөс энэ компанийн хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал, хүний амь нас, эрүүл мэндэд хэрхэн ханддаг нь өчигдрийн энэ ослын үеэр давхар харагдлаа. Кран унасан нөхцөл байдлыг шалгахаар дээш авирсан ажилтан нь хөдөлмөр хамгааллын ямар ч хувцас хэрэглэлгүй, тэр бүү хэл толгой нүцгэн, хамгаалах бүсгүйгээр өндрөөрөө 10 давхар барилгатай чацуу кран өөд авирч байгаа зураг цахим орчинд тавигджээ. Хамгаалалтын малгай /каск/, аюулгүйн бүс, тусгай ултай гутал, бээлий, нүдний шил зэрэг хамгаалах хэрэгсэлгүй ажилчнаа тийм өндөрт гаргаж байгаа нь арай л бөх зүрх, аль эсвэл тэнэглэл үү. Хэнэггүй байлаа гэхэд энэ арай л хэтийдэх байх.
Ойр хавийн оршин суугчдын ярьж байгаагаар тус хорооллын барилгын ажил өвлийн бүтэн үргэлжилсэн гэж байна. Ном журмаараа өвөл, хүйтэн сэрүүний улиралд барилгын ажлыг зогсоох учиртай. Гэтэл “Алтай констракшн” нийтээр тогтсон энэ дүрэм журмын гадна гишгэж өвлийн турш барилгын ажлаа үргэлжлүүлжээ. Хөрөнгө чадалтай тус компанийн хувьд кран унаснаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг төлж барагдуулах нь тодорхой. Харин өөр хариуцлага хүлээх үү. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйнхээ төлөө, иргэдийн амьдрах орчинд аюултай байдал бий болгосоныхоо төлөө ямар хариуцлага хүлээх вэ.
Хохирол барагдуулах бол үүрэг, харин хариуцлага алдсаны араас дагалдах арга хэмжээ, гэм сануулга гэж юу байна вэ.
Энэ зурган дээр байгаа өндөр барилгын тэр сэмэрч хэмхэрсэн хэсэг, эвдрэлийг шавар замаскаар шавж, өнгө будгаар “гоо засал” хийгээд л зарж борлуулна. Барилгын чанар гэдэг энэ мэтээс л эхэлнэ шүү дээ.
Кран унасан шалтгааныг тус компани болон мэргэжлийн хяналтын газраас тодруулах байх. Гэхдээ ямар ч байлаа гэсэн энэ бол хариуцлагын асуудал гэдэг нь маргашгүй.