-Оюутолгойн гэрээг байгуулахын өмнө улс төрийн хөшигний ард өрнөсөн үйл явдлууд-
Оюутолгойн гэрээг Монголын хууль хяналтын байгууллагаас анх удаагаа шалгаж, үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг саатуулан шалгаж байна. Оюутолгойн гэрээг цуцлах ёстой гэдэг шаардлагыг одоо МАХН болон улс төрийн бусад намын зүгээс УИХ-ын даргад хүргүүлээд байгаа. Оюутолгойн гэрээ байгуулахаас өмнө, байгуулсны дараа, өнөөдөр ч “Монголын баялгийг ард түмэндээ ашиггүй, гадаадынханд ашигтайгаар өгсөн” гэдэг шүүмжлэл хүчтэй өрнөж байгаа. Тэгвэл гэрээг хэнээр хийлгэх талаар ямар яриа хөөрөө болж байсан, эрх баригчид хэний талд яаж ажилласан гэх мэтийг тодорхой болгосон энэ захидал www.wikileaks.org цахим хуудаст бий.
Дэлхийн улс орнуудын удирдагч нартай холбоотой нууц далд мэдээллийг ил болгодог гэдгээрээ Жулиан Ассанж, түүний үүсгэн байгуулсан www.wikileaks.org сайт ихээхэн алдартай. Энэ сайтад 2011 оны үед Монгол Улстай холбоотой баримт олноороо нийтлэгдсэн бөгөөд тэдгээрийн ихэнх нь АНУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Марк Минтон (Mark Minton) болон зарим ажилтны эх орон руугаа бичиж байсан захидал мэдээлэл байсан юм.
www.wikileaks.org нийтлэгдсэн баримтуудаас үзэхээр, АНУ-ын Элчин сайд хамгийн идэвхтэйгээр нууц мэдээлэл бичиж байсан цаг хугацаа нь 2006-2009 он байжээ.
АНУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Марк Минтоны 2009 оны гуравдугаар сарын 30-нд бичсэн нэгэн захидлаас хүргэж байна. Энэ захиа Оюутолгойн гэрээнээс хойш болж өнгөрсөн олон үйл явдлуудын тайлал тайлбар болж байна.
ҮАБЗ ДЭЭР ХЭН ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙСАН ТУХАЙД
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэд хэдэн удаа хэлэлцсэн байдаг. Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр хэн ямар санаа бодолтой байсан, санал хураагаад ямар үр дүн гарсан зэрэг бол монголчуудын тухайд нууцын зэрэглэлтэй асуудал. Харин Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийлгэхийг дэмжиж байсан нөгөө талын тухайд энэ бол нээлттэй мэдээлэл байсан гэдгийг Элчин сайд Марк Минтоны захидлаас харж болно.
Марк Минтоны захидалд “Гуравдугаар сарын 2-нд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Монголын өмнөд говийн бүсэд удаан хугацаагаар хойшлуулсан Оюутолгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг батлуулахаар 2:1 санал өгсөн. Хэд хэдэн эх сурвалжаас үзвэл, Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нар Ерөнхийлөгч Н.Энхбаярын эсрэг санал илэрхийлсэн байна. Уг санал асуулгыг сайд нарын танхимаас нэн даруй баталж, гуравдугаар сарын 4-нд гэрээг Парламент руу илгээсэн. Зөвшилцлийн дагуу бэлтгэгдсэн парламент гэрээний нөхцөлийг хүчтэй мэтгэлцээний дүнд батална гэж ажиглагчид найдаж байв” гэжээ.
ҮАБЗ-ИЙН САНАЛ ЯАГААД ЧУХАЛ БОЛОХ ТУХАЙД
Марк Минтоны захидалд “Энэ Зөвлөлийн санал нь Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг хийх гэсэн бараг зургаан жилийн улс төрийн аяллыг төгсгөл болгох эхлэл байсныг тэмдэглэж болно. Энэхүү аяллын түүхийг эргэн харахад Монгол Улсын Засгийн газрын салбаруудын хоорондын ашигтай харилцаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой юм” гэжээ. Элчин сайд бичихдээ, “Ерөнхийлөгч Н.Энхбаяр нэг жилийн өмнөхтэй адил Оюутолгойн асуудлаарх маргаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд давамгайлж чадахгүй байгаагаас харахад түүний танхим дахь улс төрийн дотоод сул тал нь нэмэгдэж байгааг харж болно” гэжээ. Тэгэхээр эндээс Ерөнхийлөгчид нөлөөлсөн улс төрийн дотоод сул тал гэж юуг хэлээд байна вэ гэсэн асуулт гарч ирж байгаа юм.
2008 оны сонгуулийн дараах долдугаар сарын 1-ний өдрийг уншигчид санаж буй. Сонгуулийн будлиан луйврыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болж, улмаар эрх баригч МАХН-ын байрыг шатааж, эцэстээ таван хүний амь нас эрсэдсэн үйл явдал болсон. Долдугаар сарын 1-ний хэрэг явдлаас улбаалаад МАХН-ын дарга С.Баяр олонхийн санал авсан эрх баригчийн суудлаа сөрөг хүчин АН-тай хуваалцахаар шийдэж, “стандарт бус” Засгийн газар гарч ирсэн. Сонгуульд ялсан, ялагдсан хоёр нам нийлээд эрх баригчид болчихоор улс төрийн тавцанд Ерөнхийлөгч Н.Энхбаяр ганцаараа сөрөг хүчний байр суурин дээр үлдсэн. Энэ нь Элчин сайдын бичсэнчлэн “нэг жилийн өмнөхтэй адил Оюутолгойн асуудлаарх маргаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд давамгайлж чадахгүй” гэх тэр нөхцөл байдлыг үүсгэсэн байна.
ГЭРЭЭГ ЯАГААД ПАРЛАМЕНТААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР БОЛСНЫ ТУХАЙД
Марк Минтоны захидалд тэмдэглэхдээ “Долоон тэрбум ам.долларын өртөгтэй энэ төсөл 2004 онд эхэлсэн ч Монголын сонгуулийн жилийн улс төр түүнийг будилуулсан” гэсэн байна. Мөн Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр уул уурхайн томоохон төслүүдийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар хэлэлцээ хийж болох ч уул уурхайн томоохон гэрээ хэлэлцээрийг зөвхөн парламент баталж байхаар тогтсон тухай ч дурдсан байна.
ЭНХБОЛД ЯАГААД ЭНХБАЯРААС АЙЖ БАЙСАН ТУХАЙД
2007 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар М.Энхболд ажиллаж байсан. Тэрээр гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байхдаа хөрөнгө оруулалтын гэрээ хийх яриа хэлцэл идэвхтэй өрнүүлэх хүсэл сонирхолтой байсан боловч тодорхой хүчин зүйлийн улмаас хөдөлж чадаагүй гэдэг нь Элчин сайдын захидалд бичигджээ. М.Энхболдыг айлгаж байсан зүйл нь АН, МАХН-ын тэрс үзэлтнүүд буюу шударга гишүүд, иргэний хөдөлгөөнүүд байснаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр байжээ. Энэ талаар Минтоны захидалд “…хамгийн гайхалтай нь шүүмжлэл нь ихээхэн саад болдог Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяраас ихээхэн айж байсан” гэсэн байна.
ХҮРЭЛБААТАРТ ЯАГААД ХАЯГДСАН МЭТ САНАГДСАН ТУХАЙД
“…Хэрвээ Монгол Улс Оюутолгойн 51 хувийг эзэмшихгүй бол энэ гэрээг дэмжихгүй гэдгээ Ерөнхийлөгч, төлөөлөгчдийн хамт илэрхийлснээр ажиглагчдыг ихээхэн гайхшруулсан юм” хэмээн Марк Минтон бичжээ. Үүндээ 2006 оны шинэчлэн найруулсан Ашигт малтмалын тухай хуулиар хувийн өмчит компанид 34 хүртэлх хувийг худалдан авч, төрийн санхүүжилттэй ашигт малтмалын хайгуулын ажилд 50 хүртэл хувийг худалдан авахыг зөвшөөрсөн өөрчлөлт хийсэн гэдэг тайлбар зүүсэн байна.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр ингэж Засгийн газрын санал байр суурийг эсэргүүцсэн нь зарим хүнд тун ч хэцүү тусч байсан бололтой. “Энхбаярын хүчтэй дэмжигчид байсан Хүрэлбаатар нар…”, “…хаягдсан мэт санагджээ” гэх мэт үгс Минтоны захидалд байна.
ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯРЫН БАЙР СУУРИЙН ТУХАЙД
Минтон захидалдаа “…Ерөнхийлөгчийн зүгээс … Засгийн газар болон хэлэлцээрт оролцсон хүмүүс 51 хувийг авалгүйгээр Монголын баялгийг зарсан гэдэг цочирдуулсан мэдээллийг зарлана хэмээн мэдэгдсэн байна. 2007 оны зун Ардчилсан намын эвсэл …Ерөнхийлөгчийн эсрэг хатуу ширүүн дайралтуудыг хийв. Ингэсэн ч Ерөнхийлөгч 2007 оны есдүгээр сард Монгол Улс 51 хувийг авах ёстой гэж шаардаж, эс бөгөөс гэрээнд хориг тавихаа мэдэгдсэн” хэмээн Ерөнхийлөгч Н.Энхбаярын Оюутолгойн гэрээн дээр баримталж байсан байр суурийг тодорхойлон бичжээ.
С.БАЯРЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ГЭРЭЭГ ХИЙХ БОЛСОН ТУХАЙД
Баярт энэ эвсэл нь олон тооны асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг өгдөг УИХ-ын гишүүдийн уян хатан хослолыг бий болгож өгсөн боловч МАХН доторх болон гаднах тэрс үзэлтнүүдийг саармагжуулж сонгуулийн блок бий болгосон”
Минтоны захидалд “…2007 онд Баяр Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа Оюутолгойн гэрээг шийдвэрлэх тухай зарласан. 2008 оны зургадугаар сарын сонгуулиар МАХН олон санал авч Баярт эвслийн Засгийн газар байгуулах боломжийг олгосон… Практик байдлаас харвал Баярт энэ эвсэл нь олон тооны асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг өгдөг УИХ-ын гишүүдийн уян хатан хослолыг бий болгож өгсөн боловч МАХН доторх болон гаднах тэрс үзэлтнүүдийг саармагжуулж сонгуулийн блок бий болгосон” гэсэн байна. Мөн “Баяраар ахлуулж Эрдэс баялаг эрчим хүчний яамны сайд Зоригт болон Сангийн болон Байгаль орчны яамны баг бүрэлдэхүүнийг багтаасан Ажлын хэсэг хувийн фирмуудтай ярилцаж байсан…”, “Айвенход болон Засгийн газрын яриа хэлэлцээний багт байдаг манай мэдээллийн эх сурвалжууд мэдээлэхдээ, Монголын Засгийн газар сүйрч байгаа эдийн засгаа аврахын тулд энэхүү гэрээг заавал хийхийг хүсэж байгаа гэж мэдэгдэж байсан” гэх мэтчилэн захидал цааш хөвөрч өгчээ.
ҮАБЗ ДЭЭР УУРССАН ЕРӨНХИЙ САЙД ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ БУРУУТГАСАН ТУХАЙД
“Гуравдугаар сарын 2-нд уг асуудал Үндэсний аюулгүйн зөвлөлийн шийдвэрлэх хурлаар оров. УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нар Ерөнхийлөгч Энхбаяраас байр сууриа өөрчлөхийг шаарджээ. Тэд уурлан хашгиралдаж, заналхийлж байсан боловч Энхбаяр үүнийг эсэргүүцэж байсан. Харин санал хураалт Энхбаярын талд гараагүй” гэж Элчин сайд Марк Минтон бичсэн байна.
2009 оны хоёрдугаар сарын 15-нд гэрээг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцсэн боловч эсрэг хариу гарсан, мөн “Үндэсний аюулгүйн зөвлөлийн ихэнх хуралдаанд байлцсан ноён Бат-Эрдэнэ хэлэхдээ, түр зуурын улс төрийн ашиг хонжоог олохын тулд Монгол Улсын ашиг сонирхлыг гаргуунд гаргаж байна гэж уурласандаа минчийтэл улайсан Ерөнхий сайд Ерөнхийлөгчийг буруутгаж байжээ” гэсэн мөрүүд Элчин сайдын захидалд байна. Түүнчлэн “Гуравдугаар сарын 2-нд уг асуудал Үндэсний аюулгүйн зөвлөлийн шийдвэрлэх хурлаар оров. Уг хурал хаалттай болсон ч Үндэсний аюулгүйн зөвлөлийн ажлын алба, санал өгөх эрхтэй гурван гишүүн, УИХ-ын гадаад бодлого хариуцсан байнгын хорооны дарга, АН-ын гишүүн З.Энхболд оролцсон. УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нар Ерөнхийлөгч Энхбаяраас байр сууриа өөрчлөхийг шаарджээ. Тэд уурлан хашгиралдаж, заналхийлж байсан боловч Энхбаяр үүнийг эсэргүүцэж байсан. Харин санал хураалт Энхбаярын талд гараагүй” гэж Элчин сайд Марк Минтон бичсэн байна.
ДАРАА НЬ ЮУ ЮУ БОЛСОН ТУХАЙД
АНУ-ын Элчин сайд Марк Минтоны олон захидлаас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэх үеэр хэн ямар байр суурьтай байсан талаар голлон бичсэн ганцханаас нь тоймлон хүргэхэд ийм байна. Энэхүү захидлыг бичсэнээс хойш болсон үйл явдлууд эргээд Марк Минтоны мэдээлэлтэй уялдаад холбогдоод явчихаж байгаа нь ч гайхмаар зүйл биш. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр Монгол Улсын Засгийн газар 51 хувийг эзэмших ёстой гэж зүтгэсэн Ерөнхийлөгч Н.Энхбаярыг 2009 оны тавдугаар 24-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар унагасан. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болонгуут С.Баярын Засгийн газар 2009 оны аравдугаар 6-нд гэрээ байгуулсан. 2010 оноос хойш Н.Энхбаярыг элдэв хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар 2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд цагдаа хүчний байгууллагын өргөн бүрэлдэхүүнтэйгээр баривчлан саатуулж, улмаар ял оноосон. Оюутолгойн гэрээг хамтарч хийсэн эрх баригчид 2012 оноос хойш болсон УИХ-ын хоёр удаагийн, Ерөнхийлөгчийн хоёр удаагийн нийтдээ дөрвөн сонгуульд Н.Энхбаярыг оруулахгүй хориг хаалт тавьсаар өдий хүрч байна. Н.Энхбаярыг улстөрөөс хол байлгах энэ зуур С.Баярын байшин, хүүхдүүдийнх нь офшор данс, С.Баярцогтын Швейцарийн банкин дахь хэдэн саяар хэмжигдэх доллар гээд олон асуудал яригдаж ил болсоор одоо прокурор тэднийг яллагдагчаар татах шийдвэр гаргачихаад байна. Цаашаа юу болохыг цаг хугацаа харуулна буй за.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Д.АРИУН