УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төвбанк / Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа ажлын хэсэг хуралдаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу саналын томъёоллуудыг боловсруулсан гэлээ. Хуулийн төсөлд Монголбанк үндсэн зорилтоо хангахад чиглэсэн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах чиг үүрэг бүхий Мөнгөний бодлогын зөвлөлтэй байхаар тусгасан. Зөвлөл нь Монголбанкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч болон Монголбанкны Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж, УИХ- аас томилсон дөрвөн гишүүнийг оролцуулан нийт долоон гишүүнтэй байх юм. Түүнчлэн Төвбанкны тухай хуульд Монголбанкны Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчийн цалингийн хэмжээг банкны үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны цалингийн жишгийг харгалзан УИХ тогтооно гэсэн заалт тусгасан. Уг заалт дээр УИХ, байнгын хорооны гишүүд санал зөрөлдөөд байгаа юм. Үүнд ажлын хэсгээс тайлбар хийв.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.БАЯРТ САЙХАН: -УИХ-аар Төвбанкны тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Монголбанктай холбоотой буруу мэдээлэл ярьж байгаад санаа зовж байна. Нэгдүгээрт, энэ хуулийн төслийг оруулснаар Монголбанкны Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэгдүүлэх гэсэн зүйл байхгүй. Одоогийн мөрдөж байгаа хуулиар хангалттай эрх мэдэл бий. Харин энэ эрх мэдлийг хумьж бүх шийдвэрийг хамтын удирдлагын зарчмаар гаргадаг болно гэдэг Монголбанкны Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэлээд хумьж, хяналтад оруулж, хариуцлагатай болгож байгаа алхмыг энэ хуулиар хийж байна. Хоёрдугаарт, Монголбанкны Ерөнхийлөгч 200 орчим сая төгрөгийн цалин авах санаархал гаргасан мэтээр ярьж байна. Монголбанкны Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгчийн цалинг УИХ-аас тогтоодог. Бид авч байгаа цалингаа ер чамлаж голоогүй. Ажлаа хариуцлагатай шударгаар хийж байгаа. Монголбанкны Ерөнхийлөгч Монгол Улсын Шадар сайдын жишгээр цалин авдаг. Угаасаа ингэж тогтоосон юм билээ. Харин Монголбанкны дэд Ерөнхийлөгчид УИХ-ын болон Засгийн газрын гишүүний жишгээр цалинждаг. Бид үүнийхээ дагуу цалинжаад яваа. Монголбанкны газар, хэлтсийн захирлууд ажилтнуудынхаа цалинг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар тогтоодог. Уг тушаалаар тогтоосон манай ажилтнуудын цалин УИХ-аас тогтоосон Ерөнхийлөгчдийн цалингийн хооронд 2-3 дахин хэмжээний зөрүү гарчихаад байгаа юм. Энэ зөрүүг шийдвэрлэх үүднээс төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан.
Түүнээс биш арилжааны банкны захирлуудын жишгээр цалин авах гэсэн санаархал байхгүй. Одоо бидний авч байгаа цалин хангалттай. Түүнчлэн Мөнгөний бодлогын зөвлөлийг томилох тухай асуудалд бидний зүгээс ямар нэгэн санаархал алга. Зөвлөлийн гишүүнийг хэн томилох нь гол биш. Зөвлөлийн гишүүнийг томилох тодорхой шалгуурыг тавьсан. Гол нь уг шалгуурыг хангасан нэр дэвшигч орж ирж, Мөнгөний бодлогын зөвлөлд ажиллах нь чухал” гэв. Үүний дараа Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжиллээ. Төслийн талаар Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцуулав. Статистикийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу Үндэсний статистикийн хороонд албан ёсны үйл ажиллагаа явуулахад нь туслах, арга зүйн нэгдмэл байдлыг хангах асуудлаар зөвлөх чиг үүрэгтэй зөвлөл 2004 оноос ажиллаж ирсэн бөгөөд 2009, 2014 онд бүрэлдэхүүнийг шинэчилж байжээ. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2004, 2009 онд батлахдаа гишүүдийг албан тушаалаар нь баталж байсан бол 2014 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 14 дүгээр тогтоолд уг зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэхдээ гишүүдийг нэр зааж баталсан аж. Тиймээс тогтоолын төсөлд Зөвлөлийн бүрэлдэхүүнийг тодорхойгүй хугацаагаар томилдог ба гишүүдийг нэр зааж батлах нь тэд ажил, албан тушаалаасаа өөрчлөгдөх бүрт бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлага үүсч байгаа тул албан тушаалаар нь томилж ирсэн уламжлалыг баримтлах нь зүйтэй хэмээн үзжээ.
М.ЭНХЦЭЦЭГ