Мал сүргийг гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил голомт, эрсдэл бүхий бүс нутгуудад ид өрнөж байна. Тодруулбал, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв, Дорноговь, Дундговь зэрэг таван аймаг болон нийслэлийн захын дүүргүүдээр нийт 9.4 сая мэдрэмтгий малыг вакцинжуулж байгаа юм. Энэ ажлын явц, үр дүн, хэрэгжилттэй Мал эмнэлэг, үржлийн газрын дарга, Нийслэлийн мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд газар дээр нь энэ сарын 11-ний өдөр танилцлаа.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны малчин н.Мандахынд очиход тус хорооны нутаг дэвсгэр дэх мал, амьтны эрүүл мэндийг хариуцан ажилладаг “Буян хөхий” эмнэлгийнхэн тэдний үхэр сүрэгт шүлхийн вакцин хийж байв. Энэ айл 80 орчим саалийн үхэртэй бөгөөд өдөр бүр хагас тонн сүү төвийн үйлдвэрүүдэд нийлүүлдэг аж. Тус эмнэлгийн малын эмч А.Амарбаян “Манай хороонд нийт 12 мянган мал вакцинжуулах ёстой. Одоогоор бид 2000 үхэрт вакцин хийгээд байна. Вакцинжуулалтын явцад мал бүхий иргэд өндөр хариуцлагатай байж, товлосон хугацаанд малаа бүрэн хамруулах, энэ хугацаанд мал сүргийг шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, зайлшгүй тохиолдолд тодорхой бүртгэх нь чухал” гэж ярилаа. Мал сүрэг болон хүн амын эрүүл мэндийн баталгааг хангах зорилгоор улсын төсвөөс санхүүжүүлж байгаа энэ ажлыг үр дүнтэй зохион байгуулахын тулд зөвхөн төрийн захиргааны байгууллага бус малчид, мал эмнэлгийнхэн, хороо хэсэг гээд бүх талын идэвхтэй оролцоо шаардлагатай байдаг аж. 32 дугаар хорооны хэсгийн ахлагч Б.Баярмаа вакцин хийгээд явсан суурьт тарилгад хамраагүй мал оруулж байна уу, эр сувай мал отор бэлчээрт гарч хамрагдахгүй үлдсэн үү гэдэгт тухай бүрт нь тооллого бүртгэл хийж, “Өрхийн малын эрүүл мэндийн дэвтэр”-тэй нь тулгаж хянаж байгаа гэсэн юм.
Вакцинжуулалтын явцад зарим малчин товлосон хугацаанд малаа бүрэн цуглуулаагүйгээс нэг айлд олон дахин очих зэргээр цаг хугацаа алдах, илүү зардал гарах хүндрэл үүсч байгааг малын эмч нар хэлж байлаа.
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгоны фермер Б.Батмөнх товлосон өдөр бүх малаа вакцинд хамруулсан бөгөөд “Улсын хэмжээний сүүний үйлдвэрүүдийн гол нийлүүлэгч бид малынхаа эрүүл мэндэд онцгой анхаарах ёстой. Бидний хувийн өмч, бизнесийг хамгаалж, улсаас хөрөнгө хүч гаргаж байгаа ажилд ямар нэгэн байдлаар хүндрэл учруулахгүй байхыг хичээж байна” гэсэн юм. Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг ч “Вакцинжуулалтын ажил олон талын үр ашигтай. Халдварт өвчнөөс сэргийлэхийн зэрэгцээ өрхийн эдийн засаг, бизнест нь баталгаа болж байдаг” гэдгийг онцоллоо. Тэрээр мөн “Бид урьдчилан сэргийлэх вакциныг их хүйтрэлээс өмнө амжихыг зорьж байна. Нэг үеэ бодвол манай малчид фермерүүдийн хандлага ухамсар дээшилсэн. Ноцтой бэрхшээл бол тулгарахгүй байгаа. Хамгийн гол нь вакциныхаа чанар стандартад анхаарч байна. Хадгалалт, тээвэрлэлт, тарилгын явцыг малчид өөрсдөө мөн мэргэжлийн байгууллагууд бүх шатанд нь хөндлөнгийн хяналт тавьж байгаа учраас элдэв зөрчил, хэл ам гарахгүй байгаа” гэж ярилаа.
Өнөөдрийн байдлаар нэгдүгээр шатны вакцинжуулалт 85 хувьтай байгаа бөгөөд 14 хоногийн давтамжтай хоёр удаа хийж байж малд бүрэн дархлаа тогтдог байна. Энэ ажлыг эцсийн байдлаар ирэх сарын 05-ны дотор дуусгахаар төлөвлөжээ. ОХУ-тай хамтран хэрэгжүүлж буй “Монголын малыг эрүүлжүүлэх” II төслийн хүрээнд 2.6 сая тун вакцин нийлүүлснээс гадна 4.8 сая тун вакцин нэн хөнгөлөлттэй үнээр авч чадсан байна. Улмаар вакциныг малд тарих явцад хадгалалт, тээвэрлэлтийн горимыг чанд мөрдөж, чанар стандартыг алдагдуулахгүй байхад онцгой анхаарч байгаа аж. Тухайлбал, вакциныг зориулалтын саванд тээвэрлэхдээ автомашины цахилгааны эх үүсвэртэй холбож зохих температурыг хангадаг, хүйтэн өдөр гадна орчинд тарилгын ажил хийхдээ дулаалга бүхий бортогот хийдэг юм байна.
Жаргалант тосгоны 540 гаруй өрхөд мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг “Бамбуу” ХХК-ийн малын эмч Г.Эрдэнэцогт “Бид 45 мянга гаруй малын эрүүл мэндийг хариуцаж байна. Вакцин хийхдээ тухайн өрх байран буюу фермерийн аж ахуйтай юу, бэлчээрийн сүрэгтэй юу гэдгийг харгалзаж тарилгын арга технологио сонгоно. Нэг дор байгаа бүлэг малд автомат тариур, задгай бэлчээрийн малд энгийн тариур тохиромжтой. Тухайн өрхийн хүн бүл, хашаа хорооны нөхцөл боломжийг харгалздаг” гэлээ.
Таван аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа энэ ажлаас гадна бог малын мялзан өвчнөөс сэргийлэх 15 сая тун вакцин ОХУ-ын Бүх холбоотын малын эрүүл мэндийн үндэсний төвөөс нэн хөнгөлөлттэй үнээр авч орон нутгуудад хүргүүлэхээр бэлтгэж байгаа юм байна. Уг вакцинжуулалтад Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн зургаан сая хурга, ишгийг 10 хоногийн дотор хамруулах аж.