2017.11.10
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг салбарынхаа газар, хэлтсийн дарга нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газрын сахилга, хариуцлагатай холбоотой албан даалгаврын дагуу төрийн албанд өндөр хариуцлагатай, шударга, үр дүн гаргаж ажилдаа эзэн болж ажиллахыг үүрэг болголоо. Энэ үеэр Сайд Б.Батзориг энэ өвлийг өнтэй давах бэлтгэлийг бүрэн базаах, төрийн ажлыг цалгардуулалгүй хийх чиглэлийг салбарынхаа дарга нарт өгсөн.
Б.Батзориг: 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрууд сайн ажиллах хэрэгтэй байна
Энэ жил улсын хэмжээнд нийт 160.9 мянган малчин өрхөд 66.6 сая малыг өвөлжүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулж байна. Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд улсын хэмжээнд 82.1 хувьтай хангасан дүн гарлаа. Үүнээс Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгууд 80.0-86.0 хувьтай, бусад аймгууд 80.0-аас доош хувьтай байна.
Хадлан тэжээлийн бэлтгэлийн хувьд Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 23.0 мянган тонн өвс, 5.3 мянган тонн тэжээл бэлтгэсэн нь аймгийн тfвшинд 88.5 хувийн биелэлттэй байна.
Хатуу өвлийг хамтдаа давахын тулд зөвхөн аймгийн Засаг дарга гэлтгүй засаг захиргаа тэр дундаа 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар сайн ажиллах хэрэгтэйг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг онцлон хэллээ. Сайд, дарга нар очихоор угтан авахаас өөр ажилгүй, төрийн ажлыг цалгардуулдаг дарга нарт хүлээлгэх “хариуцлагыг чангатгах” үүргийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулгад өглөө. Хахир өвлийн дохио хаяанд ирснийг хаа хаанаа онцгой анхаарч ажиллахыг Сайд Б.Батзориг сануулсан юм.
Б.Батзориг: Малын гоц халдварт өвчний вакциныг Монголдоо үйлдвэрлэхэд чиглэж ажиллана
Баруун бүсийн 5 аймагт бог малын төлийг мялзан өвчний вакцинжуулалтад хамруулахаар 5,4 сая тун вакцин хүргэгдэн очсон, гүйцэтгэлийн ажил шуурхай хийгдэж байгаа гэсэн мэдээллийг Мал,эмнэлэг үржлийн газраас өглөө.
Хонины цэцэг өвчин 9 аймгийн 43 суманд оношлогдсоноор нийт 14 аймгийн хэмжээнд 23.6 сая толгой хонь вакцинжуулахаар төлөвлөж өнөөдрийн байдлаар 1,4 сая хонийг вакцинжуулсан бөгөөд вакцинжуулалтын ажил үргэлжилж байна.
Шүлхий өвчин 5 аймгийн 13 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. Шүлхий өвчнөөр 8300 толгой мал өвчилж, 7800 толгой малыг зориудын устгалд хамруулсан. Вакцинжуулалтад давхардсан тоогоор 11.0 сая толгой малыг вакцинжуулсан. Вакцинжуулалтын арга хэмжээ үргэлжилж байна.
Тоон мэдээллээс харахад мал амьтны гоц халдварт өвчин нь хөдөө аж ахуйн салбарын өмнө тулгамдаж буй хамгийн ноцтой асуудал болоод байна. “Эрүүл малтай Монгол улс” экспорт ярьж, энэ салбарын эдийн засгийн өсөлт, хөгжил яригдах учиртай хэмээн сайд Б.Батзориг хэлсэн үгэндээ онцолсон. Тэр ч утгаараа мал, амьтны гоц халдварт өвчний вакцинд төрөөс их хэмжээний мөнгө зарцуулж байна. Зүүн болон Баруун, говийн бүсийн зарим аймгуудад хийгдэж байгаа вакцинжуулалтын ажлын “”үр дүн”-д онцгой анхаарахыг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг санууллаа.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг чанартай чанаргүй гэсэн вакциныг тойрсон шүүмжлэлтэй мэдээлэлд цэг тавьж, нэг л улсаас вакцин авдаг зохион байгуулалт хийхийг холбогдох газрын дарга нарт анхаарууллаа. Цаашдаа малын гоц халдварт өвчний вакциныг Монголдоо үйлдвэрлэхэд чиглэж, бодитой ажил хэрэг болгохыг тухайн асуудал хариуцсан газруудад үүрэгдлээ. Мөн ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан ажлын хэсгийг шинээр байгуулж, гоц халдварт өвчин гарсан аймгуудын голомтын бүсэд биечлэн очиж, вакцинжуулалтын ажлыг чанартай, хариуцлагатайгаар цаг агаар эрс хүйтрэхээс өмнө шуурхайлан дуусгах чиглэлийг салбарын сайд өгсөн юм.