Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөлийн хүнхэр тайга, далай ээжид алтны хараал тусах ёсгүй, Л.Ганболд дарга аа

Бүхэл бүтэн нэг аймгийг хувийн компанийн ажилчид шигээ л захирч суугаа нэг нөхөр Хөвсгөл аймагт эзэн суугаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Тэр бол ноолуурын үйлдвэрийн эзэн байсан Л.Ганболд. Түүнийг Засаг даргаар ажиллах хугацаанд аймаг орон нутгийн хөгжилд бодит өөрчлөлт гарсан нь цөөхөн. Аймгийнхаа хэдэн багш нараас ур чадварын шалгалт авч байгаа хэмээн баахан бужигнуулсныг эс тооцвол гялтайх мэдээ дуулдсан нь ховор.

Тэгсэн атлаа улс даяар багш нар ажил хаяж байхад ганцхан л Хөвсгөл аймгийн багш нар МАН-аас томилсон Засаг даргынхаа өгсөн үүрэг чиглэлийг мөрдөж ажил хаяхгүй үлдэж байсан гэх яриа ч дуулдаж байлаа. АТГ-аас явуулсан шалгалтад бүдэрч, улсын цол авсан бөхдөө орон нутгийг хөгжүүлэх сангаас 30 сая төгрөг өгөх шийдвэр гаргасан нь хэвлэлээр гарахад ч засаг ноён зангаа тавиагүй. Бараг л өөрийн халаасанд байгаа мөнгийг хэндээ өгч, юундаа зарцуулах нь хамаагүй гэсэн утгатай ярилцлага хэвлэлд өгсөн байна лээ.

Тэгвэл “хөгжөөнтэй” хөвсгөлчүүдийн удирдлагуудын энэ мэт “тэнэглэл” юу ч биш байжээ. Өчигдөр болсон Хөвсгөл аймгийн төсвийг хэлэлцэх хурлын үеэр ирэх 2018 онд алтны хайгуул хийх шийдвэр гаргасанд бухимдсан аймгийн иргэд эсэргүүцэл илэрхийлж эхэллээ. Ёстой л хэлэх ч муу үг олдохгүй нь. Хоёр сар гаруйн өмнө болсон Аймгуудын өрсөлдөх чадварын уулзалтын үеэр аймгийн Засаг даргын тамгын газрын дарга нь “Аймгийнхаа газар нутагт лиценз өгч ухуулмаар байна. Тэгвэл бид хөгжих гээд байна” гэсэн утгатай зүйл ярьж суугаад шүүмжлүүлсэн. Улсдаа ганцхан онгон дагшин байгальтай хоёрхон аймаг байгаагийн нэг нь Хөвсгөл. Нөгөө нь Булган аймаг.

Аялал жуулчлалыг төгс утгаар нь хөгжүүлэх боломжтой, мөн онгон дагшин байдлаа алдаагүй байгаль ээжийн өвөрмөц бүтцийг тэр хэвээр нь хадгалах гэж хайгуул олборлолт, лицензийг тус аймагт олгохдоо төр эртнээс л харамч явж ирсэн. Гэтэл МАН-аас томилсон Засаг дарга Л.Ганболд тэргүүтэй аймаг орон нутгийн удирдлагууд төрийн бодлогыг үл тоож, аймгаа ухуулахаар шийдсэн нь энэ бололтой.

Одоо л хөвсгөлчүүдийн тэмцэх ёстой цаг. Хөвсгөл нутагт юм бүхэн бий. Дархан цаазат газруудад нь нэн ховордсон олон амьтад амьдардаг. Самар жимс, хаш чулуу, эмийн ургамал гээд ёстой л үлгэрийн гэмээр сайхан нутаг ганцхан хоймор нутагт л үлдчихээд байгаа. Гэтэл газраа ухуулахгүй бол хөгжихгүй байна гэсэн мунхаг удирдлагуудын үр дүнд Монголын Швейцарь болсон ганцхан аймаг тун удахгүй алтны ченжүүдээр дүүрэх нь ээ.  Алт хэзээд хар мөр дагуулдаг. Алтны хайгуулаар эхэлж олборлолтоор дууссан тонуулчдаас газар нутгаа хамгаалахын төлөө монголчууд бүх нийтээр тэмцэж байна.

Уух усгүй болж гол мөрөн нь олноор ширгэсэн, мөнгөн усанд хүн, малтайгаа хордсон олон жишээг энд бичиж болно. Өвөрхангай аймгийн Уянга, Тост Тосонбумбын нуруу, Төв аймгийн Заамар гэх мэтээр алтны хар мөрөөр сүйдлэгдсэн газар нутаг түм бумаараа байна.

Лицензтэй компанид газар нутгаа булаалгачихсан малчид малаа бэлчээх газаргүй болж, дэмий л төрийн өндөрлөгт захидал бичихээс хэтрэхгүй сууж байгаа. Гэтэл юу дутсан гэж Хөвсгөлийн хүнхэр тайгыг ухах ёстой юм бэ, Л.Ганболд дарга аа. Аялал жуулчлал хөгжих бүх боломж тэнд байна. Мал сүргээрээ тэргүүлж буй шилдэг аймгийн нэг нь Хөвсгөл.

Газар тариалан хөгжүүлэх суурь ч тэнд бий. Дэлхий даяар эрэл хайгуул хийж буй органик бүтээгдэхүүний дуусашгүй их өв зөвхөн Хөвсгөлд минь л бий. Эртний түүхийн өв соёл, дэлхий дахинд гайхуулах хадны сүг зургийн арвин их сан хөмрөг хоймор нутагт минь хадгалагдаж байгаа. Гэтэл хайгуулын лиценз олгоно оо гэсэн шийдвэр гаргаад сууж буй та бүхний мунхаг ухааны үр дүнд энэ бүхэн юу болох билээ.

Алтны арвин их нөөцтэй мэдчихвэл уул уурхайн лицензээр баяжигсад зүгээр өнгөрүүлнэ гэж үү. Өнөөх Цагааннуур, Улаан-Уул, Баянзүрхийн гол мөрнийг ганцхан сарын хугацаанд там болгосон жишээ давтагдвал хэрхэх билээ. Нэгхэн сарын дотор ундалж өссөн Бэлтрэг, Алтрагын голыг минь харахаас ч нүд хальтрам болгосныг та мэдэхгүй ч би мэддэг юм. Тиймээс ноолуурын үйлдвэрийн эзэн, түүний дор суугаа удирдлагуудын эсрэг нутгийн зон олон бүгдээрээ тэмцэх цаг нь болжээ. Хөвсгөл нутгийн хүнхэр тайга, далай ээжид алтны хараал тусах ёсгүй.

 

Dardas.mn

Швейцарьт эрүүгийн хэргээр шалгагдаж буй С.Баярцогтын 9,2 сая ам.долларыг АТГ-ынхан Монголд оруулж ирэх үү
Швейцарьт эрүүгийн хэргээр шалгагдаж буй С.Баярцогтын 9,2 сая ам.долларыг АТГ-ынхан Монголд оруулж ирэх үү
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.