Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шадар сайд аа шахааны Дэд дарга нараа татаач ээ

Чамгүй хугацаанд үргэлжилж буй эдийн засгийн хямрал, санхүүгийн доройтлыг илааршуулах тухай эрх баригчид багагүй хугацаанд цэцэрхэсэн ч байдал хэвээрээ. Төсвийн зарлагыг бууруулж, сайд, дарга нарын тансаглалыг танаж байгаа хэмээн худлаа ярина. Эсвэл цагийн цагт байсаар ирсэн Дэд сайдынхаа орон тоог байхгүй болгоно хэмээн цээжээ дэлдэнэ. Гэтэл зарим агентлаг газар хоёр Дэд даргатай ажиллаж байна.

Тэр тусмаа Шадар сайдын багцад хамаарах агентлаг газрууд бүгд хоёр Дэд даргатай төсөв үрж байгаад хаа хаанаа шүүмжлэлтэй хандах болжээ. Хамгийн гол нь Засгийн газраас гаргасан “нэг Дэд даргатай байх” гэсэн тушаал захирамжаа зөрчиж Дэд даргын тоог нэмсэн нь хууль зөрчсөн үйлдэл мөн. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Онцгой байдлын газар тус бүр хоёр Дэд даргатай. Тэр ч бүү хэл эрхэм Шадарын багцад хамаарах Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Дэд даргын орон тоогүй байхад Дэд даргын орон тоо бий болгосон гээд төсөвт үрэлгэн хандсан зүйл олныг дурдаж болно. Уг нь Дэд сайдын орон тоог хасах тухай худлаа ярьж байхаар өөрсдийнхөө шахааны гэж болох агентлаг газруудын албан бус Дэд дарга нараа татах нь төсөв хөрөнгө хэмнэх гэдэгтэй тань утга нэгсэнэ биз дээ. Үүнээс гадна Халамж үйлчилгээний ерөнхий газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрууд аанай л хоёр Дэд даргатай. Энэ нь тэгээд эдийн засгийн хэмнэлт үү, эсвэл цалингүй, хангамжгүй сэтгэлээрээ ажилладаг Дэд дарга нар уу гэдгийг ойлгоход бэрх.

Хамгийн наад зах нь Засгийн газраас баталж өгөөгүй орон тоон дээр ажиллаж байгаа Дэд даргын төсөв хаанаас гарах вэ гээд асуудал бий. Үнэн хэрэгтээ агентлаг газрын Дэд дарга нар цалингаас эхлээд утасны төлбөр гээд яриад байвал томоохон зардал гаргадаг албан тушаал. Ямартай ч тэд жирийн албан хаагчдын хэмжээний бага цалин авахгүй байгаа нь ойлгомжтой. Хамгийн наад зах нь эзлэн сууж буй өрөө, туслах ажилтнаас эхлээд орон нутаг, Улаанбаатарт хэрэглэж буй унааны шатахуун түлш гээд тоочивол чамгүй тоо сонсогдоно. Нөгөө талаар байгууллагын Дэд дарга сэтэртэй хүн сар, улирал бүрт биш юм гэхэд жилдээ нэгээс хоёр удаа гадагшаа явах хүсэл эрмэлзлэлтэй байдгийг хэн үгүйсгэх юм. Засгийн газрын тогтоол тушаал зөрчүүлээд томилогдсон Дэд даргад томоохон ар тал байж таарна. Тодотговол, хэн нэгэн сайдын, ямар нэгэн том даргын хүн учраас хууль зөрчин томилогдож байгаа хэрэг шүү дээ. Ийм хэмжээний хууль бус томилгоог агентлагийн дарга нар хийж чадахгүй.

Эрх баригч нам талцан үймэж байхад “Би сайд болохгүй” хэмээн хэлж байсан нөхөр маргааш нь Шадар сайдын суудалд заларчихсан явж байгааг бид өнөөдөр харж л сууна. Тэгэхээр Шадар сайдын багцад байгаа хууль бус дарга нараа цэгцлэх цаг нь болжээ. Нөгөө талаар Гүйцэтгэх засаглалын тэргүүн маань УИХ-ын индэр дээрээс хэлэхдээ “Би хуулийг яг таг мөрдүүлнэ. Хуулиас гадуур хэн ч төрийн албанд ажиллахгүй. Хууль хууль бас дахин хууль” хэмээн онцолж байсныг ч ард түмэн мартаагүй. Гэтэл эдийн засгийн багагүй бэрхшээлтэй үед бид төсөв хэмнэх тухай ярьж сууна. Тэр ч бүү хэл ард түмнийхээ иддэг талхны тоог цөөлөх тухай тушаал гаргахдаа тулж байгаа хэрнээ гаргасан шийдвэр тушаалынхаа эсрэг хууль бус Дэд дарга томилоод байгааг юу гэж үзэх вэ.

  Байгуулагдаад удаагүй ч ажилдаа ханцуй шамлан ороод буй Засгийн газар, түүний гишүүд өнөөдөр эдийн засгаа сэргээх, хуулийн дагуу ажиллах лоозонтойгоор байгуулагдсан гэхэд болно. Тиймээс эдийн засгийг сэргээх хэмнэх ажлаа агентлаг газрын хууль бус Дэд дарга нараа төрхөмд нь буцааж төсвөө ч хэмнэ, хуулиа ч биелүүл. Өөрсдөө хууль дүрэм гаргачихаад зөрчөөд явахаар хэн та нарт итгэх юм. Бид энэ тухай дахин хөндөх болно.

С.Баяр

Ж.Оюунгэрэл: Бизнес эрхлэгчдийг оффшор бүсэд компани байгуулах , хувьцаа худалдан авахыг хориглоогүй
Ж.Оюунгэрэл: Бизнес эрхлэгчдийг оффшор бүсэд компани байгуулах , хувьцаа худалдан авахыг хориглоогүй
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.