Нэгдэл гээч юм байгуулагдаж, “бас л нөгөө коммун шиг юм болно биз’’ хэмээн зөгнөж байсан нь биелэлээ олж, 1990 оны ардчилсан хувьсгалаар мал малчиддаа шилжсэн он жилүүдээс хойш бараг 30 жил болох гэж байна.
Мал өснө ч гэж жигтэйхэн. Одоо малын тоо толгой 70 саяд хүрч, нэг хүнд ногдох малынхаа тоогоор дэлхийд 1-д цохиж явна гэнэ. Бас нэг хүнд ногдох газрынхаа хэмжээгээр нэгд орно. Арван мянган хүнд ногдох нас барагсдынхаа тоогоор бас нэгд орно. Бахархах юм ч их байна, халаглах юм ч их байна.
Ихэс дээдсийн үлдээсэн газар нутаг, могойг 3 хуваахад гүрвэлийн дайтай, Монголыг 3 хуваахад Францын дайтай юм үлдэж, түүний хөрсөн доорхи баялаг нь хэдэн Франц орноос их, харин ард түмэн нь үгээгүй ядуу зүдүү хэвээрээ. Монголын хүн амын бараг 30 хувь нь дундаас доош буюу ядуу, амьжиргааны түвшин гэж ярихын тамдаггүй, тэгээд энэ байдлаа хэнтэй нь зүйрлэх болоод байна, учраа ч сайн олохгүй өнөөгийн улс төрчдийн аманд цадсан хэвээрээ.
Лав л хүн амын 2 хүрэхгүй хувьд Монголын бүх баялаг төвлөрсөн ч гэх шиг, харин тэр 70 сая мал нь “төрийн хамгаалалтанд’’, хэдэн малчид дагасан хэвээр. Тэр 70 сая бас малчдын өмч, тэгэхээр хүнсний зах дээрээс хэдэн бор юмаараа солиод авсан борви, богтосхон л тэр хүний хувийн өмч болж таарна.
Мал ч гэж дээ, мянгат малчин болох гэсэн өрсөлдөөн, сум багт өрнөсөөр, төлөг борлон хургалуулж, ишиглүүлсээр, бас үнэн худал тоолуулсаар 1000 хүргэчихэж болно. Авч байгаа ашиг шим гэж алга. Ноолуур л голыг нь зогоож, эзэндээ урамшуулал авч ирдэг, эх орноосоо бол түүхийгээрээ гараад явдаг хэдэн жин ноолуурыг “эх орны баялаг” гэж хардаг болсоор удаж байна. Өөр юм малаас ашиглаж бараг чадахгүй байна. Хонины бүтэн нэхий нэг улавчны үнэд хүрэхгүй, түүнийг аваачиж тушаасан дорвол зүгээр хаясан нь хамаагүй бага зардалтай гэнэ. Ж.Эрдэнэбатын засгийн газрын үед сум бүрийг сүүний машинтай болгоод Монголчуудыг сүүгээр хангах турхай ярьж эхэлж байтал засгаа унагаад, сүүгээ “асгачихлаа”, Дэлэнт мал тэнд тугал бяруутайгаа эхлээр, халуун зун мянгат малчин маань хар цай уугаад сууж байх.
Цагаан идээ хийх нэг нь хийх шүү юм болж, манай хотын лангуун дээр 3-4 жил болсон хөх сүүний ааруул шиг шил, толь болсон юм овоолоостой. Хэн ч үл авна. Тойруулж үзээд орхино. Тэр хатуу ааруулын үнэ ямар гэж. Нэг кг нь 14-15 мянган төгрөг. Сүхбаатарын талбайд цагаан идээгээр зах нээжээ. Өдөржин тэр хавиар эргэлдвэл 1 кг ааруул авч байгаа хүн алга. Арга ч үгүй шүү дээ, ямар ааруул идэж хонох биш. Тэгтэл хажууд нь 1 кг “Алтан тариа”-ны гурил 1200 төгрөг гээд байж байна шүү. Тэгээд тэсэлгүй, та нарын цагаан идээ яасан үнэтэй юм бэ гээд хэлээд авав. Маш их ажилтай ш дээ, ийм байхаас яахав гэх ухааны юм ярьж байна. Би өөдөөс нь энэ гурил ажил багатай идээ юү. Үүнийг гаргаж авах гэж хавар шороонд булаад, зунжин мал амьтнаас хамгаалж арай ядан ургуулаад, намар хурааж аваад, үтрэмд буулган цэвэрлэж хатаагаад, дахин ачаад гурилын үйлдвэрт тушаагаад, тэндээс гурил болон савлагдаад энд ирж байна шүү дээ, харин наанах цагаан идээ чинь бараг ганцхан технологитой ш дээ гэж “хэдэрлэв”.
Үнэндээ саагаад л авсан бол гашилгаад л бүх төрлийн “цагаан идээ” бий болно. Сүүг гашилгаад тараг, сүүг гашилгаад, буцалгаад, шүүгээд аарц, ааруул, хурууд, сүүг гашилгаад шүүгээд бяслаг, сүүг гашилгаад чанаад ээзгий. Тэгээд үнээний тараг, гүүний айраг, ингэний хоормог бүгд гашилгасан сүү. Мал маань бэлчээрийн, ус ууж өвс идсэн.Тэр нь үнэгүй. Малын сүргийн бүтэц алдагдаж, уул нь суурь богийн 10 хүрэхгүй хувь нь ямаа байвал зохилтой атал одоо 80-90 хувь нь ямаа болж хувирсан, Ямаа маш их хорлонтой амьтан. Ямагт гүйж, хариаж, хөрсийг эвдэж, өвсний сөлийг идэж, жинхэнэ “цөлжилтийг” ямаа бий болгож байгаа. Гэтэл төрийн хамгаалалтанд байдаг ямаа ноолуураа шагнуулаад, байгаль дэлхийгээ сүйтгээд өсөөд байх. Зүй нь 500-аас дээш тоо толгойд 3-5 дахин ихээр малын хөлийн татвар тогтоогоод, тодорхой тоо толгойд бариад байдаг бол ингэхгүй л дээ. Төр хамгаалж байгаа юм бол эх орныхоо өвс, усыг үнэгүй өгснийхөө хариуд ашиг шимийг нь бүрэн хүртэж ард түмнээ амар жимэр амьдруулах ухаанаа олмоор. Гэтэл үгүй юм аа, ямар их баялаг 5 хошуу малаас гарахаар билээ.. Тэр бүгдийг үнэгүйдүүлж чадна гэдэг төр малаа ч, хүнээ ч огт хамгаалж чадахгүй байгаагийн жишээ. Нэг удаа хуц ухна байхад мал өсөхөд даргын хэрэг юун гэх ухааны үгийг Н.Багабанди ерөнхийлөгч байхдаа хэлээд авсан. Хуц ухна “төр барьж” байхад мал өсөлгүй яахав. Малаас ашиг шим авах бодлогыг нь харин хуц ухна явуулж чадахгүй л дээ. Тийм болохоор түүнийг барьж саах гэж юу байсан юм, дэлгүүрт савлачихсан импортын сүү өрөөстэй байхад. Биднийг хүүхэд байхад хонь, ямаагаа холбож саадаг байлаа. Миний ээж намайг 4-р анги төгссөн жил зуны амралтаараа гэртээ харихад хонь саалгаж сургасан. Эхлээд өдөржин саагаад 1 литр л сүү саасан, сураагүй , байсан болохоор тэр. Дараа нь цөөхөн хоноод ээждээ тус болж, эх аргамжаар холбосон холбоотой хонины 2 талд суугаад ээжээс түрүүлж дуусаад, ээжийн сааснаас их сүү авдаг боллоо. Тэгээд X анги төгстлөө хонь сааж, нэгдлийг үйлдэхүүний төлөвлөгөөг биелүүлж, малааса ашиг шимийг нь авч байсан санагдана.
Бас сүүн завод сум, баг бүрт ажиллаж, цөцгийн тосоо үйлдвэрлэдэг, сүү саалиа авдаг, зуны амралтаар оюутан сурагчид туслах саальчнаар ажиллаж, хүүхдүүд ч ажилтай албатай зуныг өнгөрөөдөг байлаа. Тэр үед малаас амьсгалаас бусдыг ашиглаж болно гэдэг байлаа. Одоо арьс шир, ноос.сүү сааль, адаглаад эвэр туурай ер ашиглаж болохгүй юм эрдэнэт малд алга билээ. Одоо ямаанаас ноолуур, бусдаас нь мах л ашиглаж байх шив. Юун адууны дэл сүүл, хөөвөр хялгас. Ингээд бодохоор ийм их түүхий эдээ хаядаг орныг “баян” л гэх биз.
Мянган малтай миний хамаатны эхнэр нөхөр хоёр манайд нэг ирэв ээ. Дэлгүүрийн сүү аваад ирсэнийг хараад, гайхах, ичих хоёр зэрэгцсэн. Тэр мянган малаасаа саагаад ганц бяслаг шахаад ирж байгаа бол овоо ш дээ гэж хэлэхсэн. Харин дэлгүүрийн сүү худалдаж аваад ирж байгаа мянгат малчныг юу гэхсэн билээ. Цаг ийм болжээ. Гаднаа жип зогсоочихсон, малаа мотоциклээр хариулдаг, сүү саалиа авдаггүй ийм “малчид”-ыг малчин гэх үү.
Манай хот тойрсон үнээнүүд улаан чулуутын хогон дээрээс хооллодог амьтад. Түүнд ямар ариун цэврийн шаардлага энэ тэр. Тэгээд эрчимжсэн мал аж ахуй гэж бас ярих болж. Хот тойрсон жижиг фермерийн үнээнүүд архи пивоны үйлдвэрийн шаар идсэн “согтуу”. Үүнийгээ эрчимжсэн мал аж ахуй гэж ярих. Муу хэлдэг социализмийн үед 800, 1000 үнээний механикжсан ферм гэж байлаа. Тэнд ёстой эрчим, ариун цэврийн шаардлага, тогтсон систем гээч нь ажиллаж байж.
Хүн гэдэг амьтан малаас зөвхөн ашиг шимийг нь хүртээд сууж байдаг амьтан биш. Харин төрийн бодлогоор зохицуулж, ард иргэддээ ямар хоол өгөхөв, хаанаас гаралтай юу идэхэв, иргэд нь мөр бүтэн, гэдэс цатгалан, өвчин эмгэггүй байвал өсөөд үржээд, эрдэм боловсрол олоод, “эх орон”-доо аз жаргалтай байж болох. Тэгтэл уул уурхай ярьсан хэдэн улс төрчид, хувааж идэх юм нь багадсан юм шиг хэмхэлдэн уралцах тэднийг хараад ой гутах. Арай л малчны хотноос хэдэн төлөг борлонг нь туухгүй байна. Нэгэн үе та нарыгаа их хүндэлдэг байлаа. “Эрхэм гишүүн” ээ гээд л, одоо тэд юуны төлөө уралцаж байгааг нь хараад ард түмэн жинхэнээсээ зэвүүцэх болов. Шунал дэвээсээ болж ингэж нэр нүүрээ барна гэдэг Монгол хүнд байж болох араншин уу. Төрийн хамгаалалтанд байгаа мал үнэхээр, үнэгүй өвс усаа хэрэглээд төрийн хамгаалатандаа байгаа юм биш үү. Монгол хүнд тийм хамгаалалт алга болжээ. Тэдэнд ундны усаа ч авах мөнгө алга болж. Улаанбаатарын захын хороололд дэлгүүрээс 100 гр мах, 2 ширхэг төмс зээлж аваад гарч байна гэнэ. Гэтэл 3-хан сая хүнтэй ийм л “баян” орны ард түмэн ингэтлээ өлсгөлөнгийн хогон дээр хаягдаад хэвтэж байгааг манай улс төрчид харж чадаж байгаа болов уу.