ЮКОС-ын захирал асан Михаил Ходорковскийн Оросын “Znak” сайтад өнгөрсөн есдүгээр сард өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Тэрбээр 10 жил хоригдоод 2013 онд суллагдсанаас хойш өгсөн ихэнх ярилцлагадаа Оросын төрийн тэргүүн Владимир Путиний тухай өгүүлсэн байдаг. Харин энэхүү ярилцлагын гол сэдэв нь Оросын өнөөгийн улс төрийн нөхцөл байдал бус ирээдүйн хөгжлийн тухай өгүүлснээрээ онцлогтой. М.Ходорковскийд суртал ухуулгын бүтээсэн “чөтгөрийн” дүр тохирохгүй болохыг ярилцлагын дараа ойлгоно.
-В.Путинийг засгийн эрхээс буусан цаг буюу ирээдүйн тухай төсөөлье. Тэр үед Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуульд “Нэгдсэн Орос” нам ялалт байгуулах болов уу?
-Эхлээд В.Путин улс төрөөс хэрхэн буусан тухай ярья. Ер нь бол В.Путин өөрийн хүсэлтээр улс төрийн карьераа дуусгах эсвэл үхэх гэсэн бодит хувилбарууд байна. Үгүй бол тэр Үндсэн хуулийн дагуу Ерөнхий сайдын албыг хашиж байх болов уу. Өөр хувилбар гэвэл тэр Хятад маягийн элитүүдийн зөвшилцлийн засаглал буюу өөрийн залгамжлагчаа томилоод улс төрөөс явна.
Энэ тохиолдолд В.Путиний дэглэм үргэлжлэх болно. Хэрвээ В.Путиний оролцоогүй сонгууль болбол “Нэгдсэн Орос” нам иргэдээс 30-40 хувийн санал авах байх. В.Путинийг улс төрөөс гаргах эсэх нь Орос улсад шинэчлэл хийхэд төдийлөн нөлөөлөхгүй. Ардчилсан тогтолцоог л бэхжүүлэх хэрэгтэй. Ардчилсан нийгэмд дарангуйлагч гэж байдаггүй шүү дээ. Орос орныг хэрсэн улс төрийн манан амархан сарнихгүй. В.Путин 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл ялах нь тодорхой. Кремлийн дотоод зөрчил ихэсч байгаа учраас тэрбээр дахин сонгогдох тухай бус Кремлиэс явах тухай бодож эхлэх болов уу.
-Орос улс ардчилсан тогтолцоонд утгаар нь шилжих ёстой гэх үзэлтнүүд бүх нийтийн сонгуулийг хязгаарлахыг шаарддаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Шилжилтийн үед шударга сонгууль явуулах хэрэгтэй. Гэхдээ улс орондоо ардчилсан нийгэм цогцлуулахад сонгуулиас илүүтэй Үндсэн хуулийн зохицуулалт чухал. Энэ зохицуулалтыг одоо л хийх ёстой. Харин сонгуулийн шинэчлэл хийхэд хоёр жил хангалттай. Хэрвээ нийгмийн идэвхгүй олонх 62 биш 50, идэвхтэй хэсэг нь 15-20 биш ядаж 30 хувь болчихвол В.Путиний бодлого эрс өөрчлөгдөх нь гарцаагүй.
-Энэ хугацаанд орон нутгийн сонгуулийг зогсоох шаардлагатай юу?
-Харин ч сонгууль явуулж байх ёстой. Гэхдээ хэвлэл, мэдээллийн хэрэгслээр улс төрийн монополь эрхийг хязгаарлаж ард түмэндээ тэгш боломж олгож, шударга сонгууль зохион байгуулах нь чухал. Үүний зэрэгцээ шүүхийн шинэчлэл хийх шаардлагатай. Би 40 мянган шүүгчийг солих шаардлагатай гэсэн саналыг дэмждэг. Манай улсын хэдэн мянган шүүгч бохир аргаар ажлаа явуулж байгааг нуух шаардлагагүй. Миний хувьд Оросын шоронд байгаа улс төрийн хоригдлуудын асуудлыг хамгийн түрүүнд тавина. Гэхдээ манай улсын хувьд нийгэм өөрөө өөрийгөө удирдахад бэлэн биш байгаа нь хамгийн том асуудал. Чухам үүнээс л болж хариуцлага хүлээхийг хүсдэггүй идэвхгүй олонх дээр тулгуурлах боломжийг Ерөнхийлөгч В.Путинд олгодог. Гэхдээ азаар эрхийнхээ төлөө тэмцэж, амьдралын зорилгоо тодорхойлохыг хүсдэг хүн олон болжээ. Нийгмийн энэ хэсгийг илүү чанартай болгоход тусламж үзүүлэх нь миний гол үүрэг гэж бодож байна.
-Таны бодлоор ОХУ-ын эдийн засгийг хөгжүүлэхэд гадны хөрөнгө оруулагчид чухал нөлөөтэй юу?
-ОХУ-д гурван том асуудал тулгамдаж байна. Нэгдүгээрт, авлига газар авсан. Мөн хуулийн тогтолцоо шударга биш байгаа. Түүнчлэн нийгэм дэх улс төрийн нөлөө, оролцоо хэтэрхий их байгаа нь үүнийг гэрчилнэ. “Авлигын сүлжээгээр эргэлдэж байгаа мөнгө Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувьтай тэнцдэг” гэх албан бус мэдээ бий. Энэ бол түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт. Олон улсын байгууллагын шинжээчдийн дүгнэлтээр Орос улс авлигад идэгдсэн байдлаараа Нигерийн төвшинд оччихоод байна. Ийм үед хөрөнгө оруулах таатай орчин бүрдсэн гэхэд хэцүү. Харин хуулийн тогтолцооны тухайд шударга биш явдал газар авсан гэдгийг би хэтэрхий сайн мэднэ. Би ганцаараа үүнийг хэлээгүй. АНУ, Германы Засгийн газар, Европын комиссоос энэ тухай мэдээлэл хийсээр байгаа шүү дээ.
-Тэгвэл улс төрийн тогтолцооны тухайд юу хэлэх вэ?
-Улс төрийн тогтолцооны тухай мөн л онцолж үзэх хэрэгтэй. Хойд Африк, Ойрхи Дорнодод “Ардчиллын хавар” болж өнгөрлөө. Хэн ч ийм юм болно гэж төсөөлж байгаагүй. Хэдийгээр Оросын нөхцөл байдал арай өөр боловч тийм зүйл давтагдахыг үгүйсгэх аргагүй. Бид удаан хугацаанд оршин тогтносон диктатурын дэглэм бүхий улсын ард иргэд ардчиллын төлөө хэрхэн тэмцэж буйг харж байгаагэрчүүдболж байна.
Тэдгээр орондиргэний эрхийг хүндэтгэхгүй, үг хэлэх, үзэл бодлоочөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө байхгүй, улс төрийн сөрөг хүчнийхэн нь шоронд хоригддог байсан. Энэ бүхэн Оростой адилхан санагдахгүй байна уу. Үндсэндээ ОХУ дахь улс төрийн нөхцөл байдал Хойд Африк,ОйрхиДорнодынхтой адилхан. Бидэнд шударга сонгууль, улс төрийн нөлөөллөөс хараат бус шүүхийн тогтолцоо, чөлөөт хэвлэл, авлигын эсрэг хийж буй жинхэнэ тэмцэл гэж байгаа бил үү. Ардчилсан орны институци, иргэдээ дээдэлсэн нийгмийг байгуулах нь Орос орныг хөгжлийн гол түлхүүр болно. Ер нь нийгмийн тогтолцоо нь зөв эсэхийг залуу үеийнхэн хэлээд өгнө. Хэрэв буруу байвал өөрчилдөг жишиг аль ч оронд бий. Тухайн оронд жинхэнэ утгаараа ардчилал бий болсон бол тэнд ганцхан хүчирхэг хүний тухай ярихгүй нь ойлгомжтой.
-Хүмүүнлэгийн сэдвээр ярья. Жишээлбэл, манай улсад дээд боловсрол эзэмшсэн хүмүүс хэт олширч байна гэж үздэг. Ер нь шинэ Орост дээд боловсролтой хүмүүс хэрэгтэй юү?
-Би дээд боловсролтой хүмүүсийн тоог хязгаарлаж байх хэрэгтэй гэж үздэг.
-Та олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог болсон бөгөөд улс төрийн хоригдлуудыг суллахын төлөө тэмцдэг. Бизнесийн салбарт буцан орох уу?
-Би бизнест эргэн хөл тавихгүй, хүсч байсан бүхэндээ хүрсэн. Улсдаа хоёрт орох том компанийг байгууллаа. Энэ амжилтаа давтах нь надад сонирхолгүй байна.
Үүний зэрэгцээ би ажил хэрэгт зарцуулах цагаа амьдралд хөлөө олоогүй хүмүүст зориулахыг хүсэх болсон. Тэдэнд өрөө төлмөөр байна гэх үү дээ.
-Та Юрий Дудьд саяхан өгсөн ярилцлагадаа Алексей Навальнийн тухай шүүмжлэлтэй зүйл ярьсан. Та Навальнийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Тэр Путиний байр суурийн төлөө тэмцдэг. Өөрөөр хэлбэл, Навальный В.Путиний эрх мэдэлд дурлаж, түүний суудал залрахыг горилогч амбицтай нөхөр.
-Та Коммунист болон Яблоко намыг санхүүжүүлж байсан. Энэ нь Нэгдсэн Орос намынханд таалагдаагүй гэж иргэд үздэг. Ер нь нам санхүүжүүлэх нь ямар ашигтай юм бэ?
-Орос орны амьдрал 1990- 2000 онд хар дарсан зүүдээр дүүрэн байсан. Үүний сацуу Коммунист, Яблоко намд итгэх хүмүүсийн тоо өсч байлаа. Гэвч В.Путин тэргүүтэй улстөрч өнөөдрийн өндөрлөгт хүрэхийн тулд энэ хоёр намын судас буюу санхүүг таслахыг оролдсон юм. Тэд санасандаа хүрч, амжилт олсон. Намуудыг хооронд нь чадварлаг хагаралдуулсан. Энэ бол улс төрийн бусармаг арга. Би нам санхүүжүүлсэн нь хууль бус үйлдэл байгаагүй. Гишүүдийн хичээл зүтгэлээр нам тогтвортой, иргэдийн итгэлээр нам улсын төлөө ажилладаг зарчимтай.
-Михайл Борисович, эрх бүхий хүмүүс танаас яагаад айгаад байна вэ. Үүнд ямар учир байна вэ?
-Би ч учрыг нь ойлгохгүй байна. Тэдний хийдэг үйл хөдлөл бүр ондоо. Манай орны ард түмэн, эрх баригчид урт удаан хугацаанд мөр зэрэгцэн оршиж ирсэн ч хоорондоо төгс зохицож чадалгүй удлаа. Шалтгааныг одоо тайлбарлахад эрт байна. Цаг хугацаа л учгийг тайлна даа.