“БИД МОНГОЛЫН НИЙГМИЙГ ШИНЭЧЛЭХ ТОМООХОН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА”
Өнгөрсөн ням гариг (XI/4)-нд Монголбанкны ерөнхийлөгч Ц.Баяртсайхан, Тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа тэргүүтэй Төв банкны удирдлагууд сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч 2017 он үнэхээр хатуу жил байсныг онцолж байсан юм. Учир нь Монгол Улс дефолтод ороход тун ойрхон байсан бөгөөд түүнд дөрвөн хүчин зүйл нөлөөлсөн талаар тэмдэглэлээ.
Тэрбээр хэлэхдээ “Бид дефолтод орж болохгүй гэж үзсэн. Хэрвээ дефолтод орвол манай Монгол Улсын хөгжил миний багцаа тооцоогоор 8-10 жилээр хойшилж, маш их цаг хугацаа алдах нөхцөл байдал үүсэхээр байсан. Яагаад гэвэл 2016 оны УИХ-ын сонгуулиас өмнө Засгийн газар гаднаас нийт 850 сая доллар босгосон. Мөнгө босгосон гэрээн дээрээ Монгол Улс дефолт болсон тохиолдолд 850 сая доллар шууд автоматаар эргэж татагдана гэсэн заалт тусгасан байсан.
Манай арилжааны банкууд ч гаднаас нэлээд хэмжээний зээл авсан. Тэр нь нийтдээ 808 сая доллар, эргэж татагдах болзолтой. Хэрвээ Монгол Улс дефолтод орсон бол тэрбум 600 сая доллар эргэж татагдан, маш хүнд байдалд орох нөхцөл байдал үүссэн байсан юм. Тиймээс бид дефолтод орохгүй гэсэн зорилгыг юуны түрүүн тавьсан.
Бид үндсэн дөрвөн зүйлийг энэ 2017 онд амжиж бүтээлээ. Нэгдүгээрт, Хөгжлийн банкны 580 сая долларыг төлөх шаардлагатай байсан. Хөгжлийн банк өөрөө санхүүгийн боломж чадалтай юм гэдгийг харуулах явдал чухал байсан. Тийм учраас манай Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банкны дүрмийн санг нэг триллион төгрөг болгож нэмсэн. Энэ маш чухал шийдвэр болсон.
Хөгжлийн банк гэдэг 50 тэрбум төгрөгийн дүрмийн сантай арилжааны банк биш юм байна, цаана нь Засгийн газар баталгаа гаргачихсан, нэг триллион төгрөгийн дүрмийн сантай томоохон санхүүгийн байгууллага юм байна гэдгийг харуулж өгсөн. Энэ дээр манай Б.Чойжилсүрэн сайд маш идэвхитэй ажилласан.
Хоёр дахь зүйл бол 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төлөх ёстой байсан Хөгжлийн банкны 580 сая долларын “Евро” бондыг бид төлөхийн тулд бас нэлээд ажил боллоо. Урд нь манай бондыг худалдаж авсан байсан хөрөнгө оруулагч нар буцаагаад бондынхоо хугацааг сунгаж, солих зарчмаар хийгдлээ. Тэд юунд итгэсэн бэ гэхээр Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орж, төлбөрийн чадвартай болж байгаа юм байна. Тийм учраас манай энэ бондыг төлөхгүй гээд, зугтаачихгүйгээр хэзээ нэгэн цагт төлөх юм байна гэж солих замаар шийдвэрлэсэн.
Гурав дахь зүйл бол Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн дагуу 1.8 тэрбум ам.долларыг Монголбанк шууд авсан. Хэлэлцээрийг амжилттай явуулж, 2020 оны найман сар хүртэл гурван жилээр сунгасан. Бид хугацаа сунгалаа гээд тайвшраад сууж болохгүй. Энэ 1.8 тэрбум ам.долларын эх үүсвэрийг одооноос бага багаар бүрдүүлж эхлэх ёстой гэж үзэж байгаа. Гурав дахь даваагаа бид арай гэж 2017 оны долдугаар сарын дундуур давсан.
Дараа нь 2018 оны нэгдүгээр сарын 5-нд төлөх “Чингис” бондын 500 сая долларыг яаж төлөх вэ гэдэг асуудал гарч ирсэн. Монголбанк, Сангийн яамны хамтарсан төлөөлөл хоёр долоо хоногийн өмнө маш амжилттай ажиллалаа. Манай тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, ерөнхий эдийн засагч н.Ганбаатар нар ажилласан. Хамтарсан ажлын хэсэг гарч, олон улсын санхүүгийн зах зээл дээр нийтдээ 800 сая долларын бонд зарсан.
-ЗАРИМ БАНКНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД, БАНКНЫ ЭЗДИЙН ЭРХ АШИГТ ХАЛДАЖ БОЛЗОШГҮЙ-
Нийт 5.8 тэрбумын захиалга ирсэн. Энэ нь олон улсын зах зээл дээр монголчууд бидэнд итгэж байгааг харуулж байна гэсэн үг. Бид 800 саяыг нь зараад, өнгөрсөн долоо хоногт 400 орчим сая доллар дансандаа оруулж авчихаад байна.
Өнгөрсөн долоо хоногт бид 1.7 тэрбум ам.долларын нөөцтэй байсан. Дээр нь энэ долоо хоногт 400 сая доллар орж ирээд, манай валютын нөөц 2 тэрбум ам.доллар гараад явчихаж байгаа юм. Ингэж бид дефолтоос зугтаж чадсан. Энэ бол маш том амжилт байлаа. Түүний үр дүнд 2020 он хүртэл бусад төлбөрүүд ерөнхийдөө багасаад, бидэнд 2020 он хүртэл амар тайван амьдрах, амьсгалах боломж бүрдлээ.
Бид өрийн дарамтаас гурван жилийн хугацаатайгаар холдож чадсан учраас одоо банк, санхүүгийн салбараа шинэчлэх ажилд оръё гэж байгаа юм. Шинэчлэлийн томоохон ажил эхэлж байна. Би хувьдаа ямар байр суурьтай байна вэ гэхээр, банк санхүүгийн байгууллага шинэчлэгдэхээр бизнесийн орчин шинэчлэгдэнэ. Бизнесийн орчин шинэчлэгдвэл эдийн засаг шинэчлэгдэнэ. Эдийн засаг шинэчлэгдвэл улс төр шинэчлэгдэнэ. Энэ бүх шинэчлэл нэгдээд Монголын нийгэм шинэчлэгдэнэ. Тийм учраас бид Монголын нийгмийг шинэчлэх томоохон ажлыг эхлүүлж байна.
Банкны салбарын бүтцийн өөрчлөлт, AQR гээд яригдаад урсаад өнгөрч байгаа мэт боловч энэний цаана маш том шинэчлэл байгаа, маш том зодоон байгаа. 2018 онд бас том зодоонууд болно. Яагаад вэ гэвэл бид зарим банкны хувьцаа эзэмшигчид, банкны эздийн эрх ашигт халдах зүйл гарч болзошгүй байгаа. Одоохондоо хэлэхэд эрт байна. AQR гэдэг бол банкны салбарт онош тавих процесс, оношлогоо явагдаж байна гэж ойлгож болно. Эцсийн үр дүн гараагүй, 12 дугаар сарын дундуур бүх юм тодорхой болно. Түүн дээрээ үндэслээд бид эмчилгээ хийнэ.
Тэр эмчилгээгээрээ банкны салбарыг өргөжүүлнэ. Нэлээн эмзэг зүйл болох байх аа. Энэ нийгмийг, банкны салбарыг шинэчлэхийн төлөөх энэ том зодоон, энэ том тэмцлийн үед сэтгүүлчид та бүгд бидний талд байж, бидний нөхцөл байдлыг ойлгоосой гэж хүсч байна. Бид Монголын төлөө, Монгол Улсын төлөө эдийн засгийн салбарыг шинэ, өндөр түвшинд гаргахын төлөө энэ том ажлыг эхэлж байгаа юм шүү” гэлээ.
Өнгөрсөн долоо хоногт “Банкны тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэгдсэн билээ. Тус хуулийн төсөл батлагдсанаар эрсдэл даах чадвартай, санхүүгийн хувьд бэхэжсэн банкны тогтолцоо бүрдэж, Монгол Улсад тулгараад байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах суурь нөхцөл бий болох төдийгүй, цаашлаад хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэн эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих ач холбогдолтой гэж үзжээ.
Д.ЭРДЭНЭТУЯА