Хар ухаанаар бол өмхий самхай дүүрсэн монголын улс төрд одооноос эхлэн жаахан ч гэсэн цэвэр агаар нэвтрэх боллоо гэж хэлж болох. Ингэж хэлэхийн учир нь 1990 оноос хойш ардчилсан засаглалд шилжээд 27 жил болсон Монголчуудын дунд улс төр, эдийн засаг, эрх ашгаараа нэгдсэн МАНАН-гийн бүлэглэлүүд хүчээ авч, төрийн албан тушаалд хэн томилогдох, хэрхэн ажиллахыг, тэд л мэддэг болсон. Адаг сүүлд нь төрийн өндөр албан тушаалуудыг хар зах дээр худалдан борлуулж, 60 тэрбум төгрөг босгох тухай ярьсан яриа нь олны хүртээл болсноор тэдний булхай луврыг ард түмэн мэддэг болсон.
Энэ бүхний дараа 60 тэрбумын хэргийн автор НИТХ-ын дарга Ц.Сандуй албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өгсөн бол түүнийг дэмжсэн МАН-ын дарга М.Энхболд, түүний татаасаар Ерөнхий сайд болсон Ж.Эрдэнэбат нарын “хамтын” засгийн газар огцорсон. Огцрох шалтгаан нь ч тодорхой байв. Төрийн эрх мэдлээр дамжуулан УИХ-ын гишүүдэд мэдэгдэлгүйгээр Мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн засгийн газар 7 концессийг кабенитынхаа сайд нарт “нууц”-аар өгсөн нь тодорхой болов.
Ийнхүү 60 тэрбум+концесс= Ж.Эрдэнэбатын засгийн газрыг унав.
Нэгэнт Нийслэлийнхээ удирдлагын нэг хэсгээ алдсан, бас өөрсдийн төлөөний засгийн газрыг нь огцруулчихсан тул МАН дэх “мафижсан бүлэглэл”-ийнхэн шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн байгуулах Засгийн газарт орохын тулд, түүнтэй тохиролцон зарим сайд нарыг өөрийн багаас томиуулахаар 28-уулаа шантааж хийж, улс орны эрх ашгийг уландаа гишгэж, сонгогчдынхоо хүсэл эрмэлзлийг үл ойшоон УИХ-ын чуулганд оролцсонгүйгээр үл барам улс төрийн шантаажаар хүсэл зорилгоо биелүүлж, У.Хүрэлсүхийн Засгийн газарт 6 сайдын суудлыг М.Энхболдын фракци авлаа.
Харин нийслэлд тэд өөрсдийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах Д.Баярсайхан хатагтайн нэрийг дэвшүүлэн удаа дараа зүтгүүлсэн ч тэрээр олон нийтийн болон НИТХ-ын төлөөлөгчдийн дэмжлэгийг авч чадалгүй НИТХ-ын даргаар эрч хүчтэй залуу төлөөлөгч С.Амарсайхан сонгогдлоо.
60 тэрбумын багийнханы дараагийн нүүдэл юу вэ?
Тэд одоо Хотын дарга С.Батболддоо ихээхэн найдвар тавьж байгаа. С.Батболд бол МАН-ын дарга М.Энхболдын “гарын хүмүүсийн нэг”. Тэрээр 2002-2016 он хүртэл 4 удаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.
Энэ намтраас нь харвал түүнийг туршлагатай улс төрч гэж хэлж болох ч эдгээр он жилүүдэд тэр нэгдүгээр эгнээнд хэзээ ч гарч байгаагүй. С.Батболдыг УИХ-ын гишүүн байхдаа тийм хууль санаачилж, ийм хэмжээний том ажлыг шийдвэрлэхэд оролцсон гэж хэлэх хүн цөөн. Хэзээд тэр даргын “дор” чимээгүйхэн ажиллаж ирсэн нэгэн. Зарим эх сурвалж түүнийг хэтэрхий бөөрөнхий, туйлбаргүй болохоор биеэ даасан бодлогын тодорхой шийдвэрүүд гаргаж хэрэгжүүлж чадахгүй байгаа гэдэг нь үнэний ортой боллоо.
С.Батболдын хувьд Төв аймгаас төрөн гарсан, дархлагдсан төрийн түшээ, Монгол түмний хайртай хүү М.Зэнээ агсаныг өөд болсоны дараа түүний нөхөн сонгуулиар гарч ирсэн. Төв аймгийнхан нийтээрээ МАН-аас хэн ч дэвшсэн саналаа өгдөг нийтлэг зангаараа л намд нь саналаа өгсөнөөс биш нэр дэвшигч С.Батболдод хайртайдаа УИХ-ын гишүүнээр сонгоод байсан ч юм биш л дээ.
Энэ эрхэм өнгөрсөн хугацаанд Хууль зүйн сайд, ЗГХЭГ-ын дарга, Байнгын хорооны даргаар удаа дараа ажиллаж байсан ч төрөлх орон нутаг Төв аймгийнхаа хөгжлийн төлөө үйлдэл хийх нь байтугай үг ч дуугараагүйд иргэд сонгогчид нь гомдоллож ам муутай байдаг. Тиймдээ ч 2016 оны УИХ-ын сонгуулиар Төв аймгаасаа дахин сонгогдох нь бүү хэл тойрогруугаа толгойгоо цухуйлгах ч эрхгүй болсон мань эр нутаг нэгт МАН-ын дарга М.Энхболдтойгоо “тохиролцон” тойргоо А.Сүхбатад өгч хотын даргын албан тушаалыг авсан гэж учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ.
Энэ бүгдээс харахад С.Батболд бол яахын аргагүй М.Энхболдын багийн хүн. Тэр хотын даргаар ажиллаж байгаа цагт хотын бодлогыг “60 тэрбумынхан” жолоодсоор л байна.
УИХ-д сонгогдсон тойргийнхоо хэдхэн сумын хөгжилд анхаарч, хүн ардынх нь ажил амьдралыг дээшлүүлэхэд идэвхтэй ажиллаж чадаагүй, чадваргүй хүн Монголын хүн амын тал хувь нь оршин сууж, Төр, хувийн хэвшлийн бүхий л үйлчилгээ нэг дор төвлөрсөн Нийслэл Улаанбаатар хотыг удирдаж чадах нь номонд хазгай буй заа.
Тэгээд ч хэтэрхий аядуу зөөлөн, шийдэмгий бус, бодлогын чадваргүй энэ хотын мээрээс нийслэл хотын хөгжлийн төлөө гэсэн тууштай бодлого чиглэл гарахгүй нь өнгөрөгч нэг жил гаруйн хугацаа бидэнд тодорхой харууллаа.
Тэр 60 тэрбумынхны аврал нь болж нийслэлчүүд биднээр яаж тоглох нь таашгүй байна. Тэгэхлээр 60 тэрбумын сүүлчийн могиканыг албан тушаалаас нь хэдий чинээ эрт чөлөөлөх нь төдий чинээ нийслэлчүүдэд ашиг тустай хэрэг болох болно.
Ц.Бат