Монголчууд эрт дээр үеэс “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэж хүүхдээ багаас нь хайр энэрлийг өгч, анхаарал, халамж тавьж, зөв дадал хэвшилтэй болгож хүмүүжүүлэхийн ач холбогдлыг хэлж ярьж ирсэн. Хүүхдээ зөв болгон хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, эрсдэлт нөхцлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах нь зөвхөн эцэг, эхийн ухамсар, амьдралын туршлагатай холбоотой бус, бүх эцэг, эхчүүдийн хуулиар хүлээсэн заавал биелүүлэх ёстой үүрэг юм.
Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 34.6 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байгаа ба хүүхдийн эрхийг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд гэр бүл, эцэг, эхийн оролцоо хамгийн чухал үүрэгтэй юм. Учир нь хүүхдийн өв тэгш хүмүүжил, төлөвшилд гэр бүлийн халуун, дулаан уур амьсгал нэн чухал төдийгүй аз жаргалтай, бие биенээ ойлгодог, хүндэлдэг, сонсдог гэр бүлд хүүхэд бие бялдар, оюун ухааны хувьд өв тэгш хүмүүждэг гэдэг.
Хүүхдийг зөв хүн болгон хүмүүжүүлэх, төлөвшүүлэх нь гэр бүл, эцэг эхээс шууд хамаардаг гэдгийг хүн бүр бүхэн мэддэг ч өдөр тутмын алба, амины ажил гэж явсаар нэг л мэдэхэд хүүхэд нь гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргийн улмаас эрх ашиг нь хохирох, хүчирхийлэлд өртөх, зам тээврийн осолд орох, хаягдах, төөрөх, архидан согтуурах, мансуурах, цахим тоглоомонд донтох, биеэ үнэлэх, гал түймэр, гол усны аюул, ахуйн осолд өртөх зэрэг олон асуудлын улмаас амь нас, эрүүл мэнд нь хохирсоор байна.
2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөдөр үйлчилж байгаа Зөрчлийн тухай хуульд “Хүүхдийн эрхийг зөрчих” гэсэн бүлгийг шинээр оруулж хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хоёр зуун нэгжээс гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай болжээ. Дээрх үйлдлийн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хор уршиг учирсан, амь нас хохирсон бол Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлгийн 16.11 дүгээр зүйлд заасны дагуу дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна.
Өнөөдрийн байдлаар Цагдаагийн байгууллагын нутаг дэвсгэр хариуцсан нэгж тус бүрт хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан 1-2 алба хаагч буюу 63 алба хаагч /нийслэлд 25, орон нутагт 38/ ажиллаж байгаа ба 1 алба хаагчид дунджаар 0-18 хүртэлх насны 17138 хүүхэд / үүнээс 4011 цэцэрлэгийн насны хүүхэд, 9140 сурагч, 2540 оюутан/, 12-13 ерөнхий боловсролын сургууль, 1-2 их, дээд сургууль, коллеж тус тус ногдож байна. Дээрх алба хаагчид нь 2015 оны 05 дугаар сараас эхлэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг давхар хариуцан ажиллах болсон, сум, хороо хариуцсан хэсгийн төлөөлөгч, байцаагч нар нь хариуцсан нутаг дэвсгэртээ үндсэн үүрэгт ажлаа гүйцэтгэхээс гадна насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг давхар хариуцан ажилладаг зэрэг нь ачааллыг нэмэгдүүлж ажлын үр дүнд сөргөөр нөлөөлж байна. Тэгвэл нэг гэр бүлд дунджаар хэдэн хүүхэдтэй вэ гэдгийг та бүхэн сайн мэднэ.
Улсын хэмжээнд сүүлийн 3 жил /2015, 2016, 2017 оны эхний 6 сар/-д насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн нийт 2628 гэмт хэрэг бүртгэгдсэнийг ангиллаар нь авч үзвэл бусдын эд хөрөнгийг хулгайлах 53.7, бусдын бие махбодид гэмтэл учруулах, танхайрах 20.2, бусдын эд хөрөнгийг булаах, дээрэмдэх 10.1, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх 2.93, хүчиндэх 2.03, тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих 1.36, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэх 0.53, хүнийг санаатай алах гэмт хэрэг 0.26 хувийг тус тус эзлэж байгаа аж. Нийт гэмт хэргийн 91.4 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах, булаах, дээрэмдэх, залилан мэхлэх, бусдын бие махбодид гэмтэл учруулах, танхайрах гэмт хэргүүд эзлэж байна. Гэмт хэрэгт холбогдогчдын 28.8 хувь нь 14-15насны, 71.2 хувь нь 16-17 насны хүүхдүүд байна.
Гэмт хэргийн улмаас өртөж, хохирсон нийт 3553 хүүхдийн 27.0 хувь нь бусдын бие махбодид гэмтэл учруулах болон танхайрах, 17.3 хувь нь тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих, 11.1 хувь нь бусдын эд хөрөнгийг булаах, дээрэмдэх, 10.3 хувь нь хулгайлах, 3.5 хувийг залилан мэхлэх, 2.13 хувь нь хүчиндэх, 0.33 хувь нь хүнийг санаатай алах гэмт хэрэгт өртөж, хохирсон бөгөөд нийт хэргийн 69.04 хувийг бусдын бие махбодид гэмтэл учруулах болон танхайрах, тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих, бусдын эд хөрөнгийг булаах, дээрэмдэх, хулгайлах, залилан мэхлэхгэмт хэрэг эзлэж байна.Гэмт хэрэгт өртөж, хохирсон хүүхдүүдийн 14.7хувь нь 0-7насны, 27.1хувь нь 8-13насны, 58.2хувь нь 14-17 насны хүүхдүүд байна.
Гэмт хэрэг гарахад нийгэм, эдийн засаг, эрхзүйн шинжтэй хүчин зүйл нөлөөлдөг боловч гэр бүлийн орчин, эцэг, эхээс хүүхдэд тавих анхаарал халамжтай холбоотой дараах нөхцөл байдлууд гол шалтгаан болж байгааг Цагдаагийн байгууллагаас дүгнэж байна.
Бусдын нөлөөнд амархан ордог- Хүүхэд сэтгэлзүй, зан төлөв, оюун ухааны хувьд бүрэн гүйцэт төлөвшөөгүй байдаг учир түүнийг хүрээлж буй гэр бүл, эцэг,эх, найз нөхөд, ойр дотны хүмүүсийн нөлөөн давтахад маш амархан. Орчин тойрны хүмүүсийн ааш, зан яриа өгүүлэл, биеэ авч яваа байдал, бусдын үлгэргүй байдлаас шалтгаалж хүүхэд буруу зүйлийг илүү сонирхох, суралцах, үзсэн зүйлээ туршихыг хүсэх нь улмаар гэмт хэрэг үйлдэхэд хүргэдэг.
Амар хялбар аргаар мөнгөтэй болох хүсэл- Насанд хүрээгүй хүний тухайд эдийн засгийн хувьд бусдаас хараат байдгаараа онцлог. Тодруулбал, хүүхдийн хоол хүнс, хувцас, орон байрны хэрэгцээг эцэг, эх болон харгалзан дэмжих үүрэгтэй хүлээсэн хүмүүс хангаж байдаг. Гэтэл хэрэгцээг хангаж чадахгүй нөхцөлд амьдралын түвшин хамаарахгүйгээр гэмт хэрэг үйлдэж, олсон мөнгөөрөө хэрэгцээт зүйлс авахаасаа илүүтэй цахим тоглоом тоглох, ууж идэх, үзвэр үзэх зэргээр зугаацахад зарцуулдаг байна.
Чөлөөт цагийг өнгөрүүлэх газар дутмаг- Хүүхдэд зориулсан биеийн тамирын талбай, тоглоомын төв, усан бассейн, спортын цогцолбор, хүүхдийн ордон зэрэг чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх газар хомс, үйл ажиллагаа явуулж байгаа зарим газрууд нь өндөр төлбөртэй байгаагаас хичээлийн бус цагаар хэсэг бүлгээрээ нийлж, гадуур тэнэж сэлгүүцдэг.
Гэр бүлийн орчин- Хүүхдийн буруу хүмүүжил голдуу гэр бүлийн хүрээнээс эхлэлтэй бөгөөд гэр бүл дэх таагүй уур амьсгал, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салах зэрэг нь хүүхдэд сөргөөр нөлөөлж байнгын стресст орох, уур бухимдлаа бусдад гаргах, хүчирхийлэл үйлдэхэд хүргэдэг байна.
Хүүхдийн аюулгүй орчинг бүрдүүлээгүй- “Сургуулийн бүс”-ийн техникийн ерөнхий шаардлагын дагуу сургуулийн орчинг тохижуулаагүй, сургуулийн автобусны тоо бага, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн талаар эцэг, эх, сурагчдын мэдлэг хомс, эцэг, эхчүүд хүүхдийг зориулалтын дагуу тээвэрлэдэггүй, бага насны хүүхдийг ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулдаг, эсхүл хүүхдийг хүүхдэд нь даатгаж /ах, эгчээр нь хүргүүлэх гм/ хөдөлгөөнд оролцуулдаг зэрэг байдлууд нь хүүхэд зам тээврийн осолд өртөхөд нөлөөлж байна.
Цахим орчин дахь хяналтгүй мэдээлэл- Мэдээллийн технологи, цахим орчин, гар утас нь хувь хүн, нийгмийн амьдралд шинэ дэвшлийг авч ирсэн ч энэ нь хүүхдэд садар самуун, хүчирхийлэл, гэмт хэргийн тухай санаа, сэдэл өгч, донтолт, ганцаардлыг бий болгох гол нөхцөл болсоор байна. Тухайлбал: Хүүхэд өсвөр үеийнхний бие бялдар, оюун санаа, нийгэмшихүйд туйлын муу сөрөг нөлөөтэй гэдэг нь олон улсын болон үндэсний түвшний судалгаануудаас тодорхой харагдаж байна.
Цаашид хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд гэр бүл, эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хүүхэдтэйгээ аль болох ойр байж, ярилцаж, ойлгох хэрэгтэй. Таны хүүхэд юу сонирхдог, юунд дуртай, чөлөөт цагаараа хаагуур, хэнтэй нөхөрлөж, юу хийж явдаг, цахим орчинд хэнтэй найзалдаг, ямар мэдээллийг илүү сонирхож үздэг, таны өгсөнөөс гадна мөнгө, төгрөг байгаа эсэхийг мэдэж байх нь чухал юм.
Түүнчлэн интернэт, фейсбүүк болон бусад цахим орчинд 16-аас доош насны хүүхэд орохыг хориглох, хязгаарлалт тогтоох асуудалтай холбоотойгоор холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг судлан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мөн Ерөнхий боловсролын сургуулиудад хар тамхи, мансуурах бодис хэрэглэх, хүн худалдах, цахим гэмт хэргийн хор уршиг болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хичээлийн хөтөлбөр боловсруулж ордог болох нь эрсдлээс хамгаалах аргуудын нэг болох юм.
П. Наран
Zaluu.com