Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

\“Шоронжсон хууль\“-ийг халсан шинэ Эрүүгийн хууль

Ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн "Эрүүгийн хууль" хэрэгжиж эхэлнэ.  Тус хуулиар гэмт хэрэг, ял, албадлагын арга хэмжээг зохицуулна. Ингэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих, эрх хасах ял шийтгэл оногдуулах юм.

Энэхүү шинэчлэн батлагдсан хуулиар "шоронжсон хууль"-ийг зөөлрүүлсэн гэж хэлж болно. Тодруулбал, хорих ял биечлэн эдлүүлэх явдлыг багасгасан, хохирол нөхөн төлүүлөх чиглэлд илүүтэй анхаарч, хорих ял оноохгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх, гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд насанд хүрэгчдээс ялгамжтай эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэрэг онцлогтой юм.

Бүх насаар нь хорих ялд гэрэл гэгээ бий

Шинэ хууль хэрэгжиж эхэлсэнээр хорих ялын хэмжээ дор хаяж 20-30 хувь багасгана гэж хууль санаачлагчид үзжээ. Тодруулбал, 2015 онд батлагдсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 440 заалт 100 хувь хорих заалттай байсныг өөрчилсөн байна. Ингэснээр гуравны хоёр хувь нь хорих ялгүй болох боломжтой болжээ. 

Шинэ хуулинд нэгэн шинэ заалт орж ирсэн нь бүх насаар нь хорих ялаар шийтгэх юм. Хуучин цаазын ял оноодог байсныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа халсан. Улмаар хамгийн дээд тал нь 25 жилийн хорих ял оноож байгаа юм. Тэгвэл шинэ хуулиар бүх насаар нь хорино гэх заалт орж иржээ. Гэхдээ 25 жил хоригдсоны дараа ялтны хувийн байдлыг харгалзан суллах эсэхийг шийдэхээр зохицуулсан байна. 

Авлигын хэргийн ялын бодлогыг чангатгажээ

Эрүүгийн хууль хэдийгээр шоронжсон байдлаа халж энэрэнгүй байдалд шилжсэн ч цагаан захтнуудад хатуу хэвээр. Тодруулбал, авлига, албан тушаалтнуудын хэрэг хамгийн хатуу чанга шийтгэх ёстой гэмт хэргүүдийн ангилалд багтаж байгаа аж. Авлигын хэрэг дотроо хамгийн ихээр үйлдэгддэг нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар энэ хэрэгт 1-5 жилийн хугацаанд хорьж, тэнсэх боломжтой. Тодорхой албан тушаал хаших эрхийг нь хоёр жилээр хасах зохицуулалттай. Харин шинэ хуулиар хорих ялаа эдэлж дуусчихаад таван жилийн хугацаанд ажлаа хийхийг нь хориглоно. Дээр нь энэ  төрлийн гэмт хэрэгт 8, хүндрүүлэх нөхцөлд 12 жил хүртэл хорих ял шийтгэхээр оруулсан. Мөн тэнсэн өгөхгүй байдлаар чангаруулжээ. 

Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцно

Мөн энэ хуулиар гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцохоор болсон юм. Тодруулбал, уг хуулийн 11.7 дугаар зүйлд Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэмээн тусгасан байна. Ингэхдээ "Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ. 

Насанд хүрээгүй хүүхдэд ял оноохгүй

Хуулийг зөөлрүүлсэн гэж хэлж болох бас нэг заалт нь насанд хүрээгүй хүүхдэд ял оногдуулахгүй байх явдал юм. Тухайлбал, одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар 14 насанд хүрсэн гэмт хэрэг үйлдвэл ял оноож, хүүхдийн хориход ялыг нь эдлүүлдэг. Улмаар насанд хүрсэнийх нь дараа насанд хүрэгчдийн хорих ангид шилжүүлдэг юм. Тэгвэл ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулиар гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 нас хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх аж. 

Бас нэг онцлох заалт нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүхээс ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ авч болохоор болжээ.

Өмнө нь ял эдэлж байсан нь хүндрүүлэх нөхцөл болохгүй

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар өмнө нь ял эдэлж байсан хүн дахин гэмт хэрэгт холбогдоход өмнөх ял нь хүндрүүлэх нөхцөл болдог тогтолцоо байдаг. Тэгвэл шинэ хуулиар нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах буюу олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн "Non double jeopardy" зарчмын дагуу гэмт хэрэг давтан үйлдсэн бол хүндрүүлэх шинж болгон үзэхгүй, эрх зүйн дагавар үүсгэхгүй болсон байна. 

Жишээ нь, хэдэн жилийн өмнө А гэдэг эмэгтэй 10 мянган төгрөг хулгайлаад арван жилийн ял шийтгүүлж байсан тохиолдол бий. Учир нь тэрбээр өмнө нь булаалтын гэмт хэрэг үйлдэж байсан байдаг. Булаах гэмт хэрэг үйлдсэн хүнийг одоо ашиглаж байгаа Эрүүгийн хуулиар дахиад хулгай хийхэд нь шууд 10-аас дээш жилийн ял онооно. Яагаад гэвэл, Эрүүгийн хуулийн 145.4-т урьд булаах дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд дахиад хулгайн гэмт хэрэг үйлдсэн бол 10-аас дээш жилийн ял онооно гээд заачихсан. Тэгэхээр А гэдэг эмэгтэй 10 мянган төгрөг хулгайлаад, 10 жилийн ял авсан нь  яг хуулиараа л шийтгүүлсэн болж таарах нь.

Харин шинэ хуулиар тэрбээр зөвхөн хулгайн хэрэгтээ л ял авах аж. 

Оршин суугчийн зөвшөөрөлгүй зураг авбал эрүүгийн хариуцлага хүлээнэ

Хамгийн их хэл ам дагуулан орж ирсэн заалт бол оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсвэл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх гэсэн заалт юм. Хэрвээ дээрх үйлдлийг гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Тодруулбал, Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж олон нийтэд тараасан, эсхүл бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ. 

Ингээд Эрүүгийн хуульд оногдуулах торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих, эрх хасах ял шийтгэлийн талаар цухас дурдвал, 

Торгох ял Гэмт хэрэг үйлдсэн хүнд мөнгөн төлбөр оногдуулна. Торгох ялын хэмжээ 140 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна.  Нэг нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэнэ. Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино. Тодруулбал, та оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд зураг авч 450 нэгжээр /450.000 төгрөг/ торгууллаа гэж бодъё. Үүнийгээ шүүхээс заасан хугацаанд төлөөгүй бол 30 хоногоор хорих ялаар шийтгэнэ гэсэн үг юм. 

Нийтэд тустай ажил хийлгэх ял Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэнэ. Хэрэв биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино. Жишээ нь, 24 цаг нийтэд тустай ажил хийх ялаа биелүүлээгүй бол гурван өдөр хоригдоно гэсэн үг юм. 

Зорчих эрхийг хязгаарлах ял Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явах, тодорхой газар очихыг хориглоно. Мөн шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас 5 жил хүртэлх хугацаагаар хориглоно. 

Хорих ял Гэмт хэрэг үйлдсэн хүний эрх чөлөөг тодорхой хугацаагаар эвсэл бүх насаар нь хязгаарлана. Ингэхдээ нээлттэй, эсвэл хаалттай хорих байгууллагад байлгана. 

Эрх хасах ял Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, бусад тодорхой эрхийг 1-8 жил хүртэл хугацаагаар хориглоно. Ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд л эрх хасна. Мөн шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болох аж. 

"Шоронжсон хууль"-ийг халсан "Энэрэнгүй Эрүүгийн хууль"-ийг бүрэн эхээр нь www.legalinfo.mn сайтаас харж болох юм. 

Б.Чимэг 

 

МАН-ын ХМА-ы дарга Г.Ганбаяр: Баян-Өлгий аймгийн саналыг бүхэлд нь гараар тоолуулна
МАН-ын ХМА-ы дарга Г.Ганбаяр: Баян-Өлгий аймгийн саналыг бүхэлд нь гараар тоолуулна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.