Манай улсын инфляцын төвшин 2017-2018 онд өсөхөөр хэдий ч зорилтоос бага байгаа тухай Төв банк төсөөлж байна. Энэ дөрөвдүгээр улиралд эдийн засаг хүлээлтээс сайжирсантай холбоотойгоор инфляцын таамаглал өмнөх төсөөллөөс ийнхүү нэмэгджээ. Угтаа бол Монголбанк оны эхэнд инфляцыг нам дор төвшинд байх тухай таамаг гаргаж байсан юм.
Тэгвэл олон улсын банк, санхүүгийн байгууллагууд ч “Ирэх онд эдийн засаг ямар байх вэ” гэсэн асуултад хариулт өгч эхэлжээ. Тухайлбал, Дэлхийн банк манай улсын ирэх гурван жилийн төлөвийг гаргасан байна. Тодруулбал, энэ онд өсөлт гарахгүй гэж үзсэн бол “Ирэх онд 1.9 хувиар, 2019 онд найман хувиар өснө” гэж тооцжээ. Энэ онд өсөлт гарахгүй байх шалтгааныг төсвийн алдагдал өндөр байгаатай холбон тайлбарлаж буй. Харин Азийн хөгжлийн банкнаас гаргасан “Азийн хөгжлийн төлөв-2017” тайланд Монголын эдийн засгийн өсөлт энэ онд 2.5 хувь байна гэж үзжээ.
Эдийн засаг сэргэх үндэслэлийг тус банкны судлаачид нүүрсний экпортоос олох ашиг өндөр байх нөхцөл бүрдсэнтэй холбон тайлбарлаж байна. Ирэх жил энэ өсөлт бага зэрэг саарахаар байгаа бол инфляц ирэх жилүүдэд 3.5, 3.9 хувьд хүрэхээр төсөөлөв. Зөвхөн энэ баримтаас харахад төсөөллийн хувьд бага зэргийн зөрүүтэй ч аль аль нь Монгол Улсын эдийн засгийг өөдрөгөөр “харж” байна. Тэгвэл дотоодын зах зээл дээр гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан, ам.долларын ханш тогтворжиж байгаа. “Чалько”-д төлөх өрийг барагдуулсан зэрэг таатай мэдээлэл бий. Цаашлаад Засгийн газраас төлбөр төлөх хугацаа нь тулаад байсан Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын төлбөрийг хөрвүүлж, “Хуралдай бонд”-ыг олон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай арилжаалж амжив. Үүний нөлөөгөөр манай улсад итгэх гаднын хөрөнгө оруулагчдын хандлага наашилж байгаа таатай мэдээтэй.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай улсын зээлжих зэрэглэл дөрөв шатлал буураад байлаа. Энэ хэрээр Засгийн газар, үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн бонд, хувьцааны ханш үнэгүйдэж, гадаад зах зээлээс таатай нөхцөлтэй, хүү багатай эх үүсвэр татах боломж бага байсан билээ. Харин зээл зэрэглэл тогтоодог олон улсын байгууллагуудын хамгийн сүүлийн дүгнэлт манай улсын хувьд мөн л эерэг нөхцөлийг дагуулахаар байгааг шинжээчид онцолж байна.
2012-2016 онд авсан Засгийн газрын зээл, бонд
Валютын сангийн хөтөлбөр болон дүгнэлт
Олон улсын валютын сангийн нэрийг барьж, иргэддээ дарамт үзүүлсэн эсэх маргаан одоо ч үргэлжилсээр байна. Хууль тогтоох дээд байгууллагын төвшинд өрнөж буй мэтгэлцээн гэдэг утгаар улстөрийн “өнцөг” сэдэв бүхэнд байх нь ойлгомжтой зүйл. Тухайлбал, АН-ын дарга С.Эрдэнэ “ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж байгаа нь аргаа барсан, чадваргүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн Засгийн газрын хийдэг алхам” гэж мэдэгдсэн бол эрх баригчид “ОУВС-тай хамтарч ажиллахаас өөр замгүй гэдэг дүгнэлтэд хүрсэн” тухай ч дуулгаад буй. Тэгвэл энэ талаар Дэлхийн банк болоод бусад санхүүгийн байгууллагууд хэрхэн дүгнэж байгаа талаар авч үзэх нь зүйтэй. Тодруулбал, АХБ-ы Монгол дахь суурин төлөөлөгч Ёлонда Фернандез Ломмен “Урт хугацаанд Монголын эдийн засгийн төлөвийг өөдрөгөөр харж байна” хэмээв. Мөн банкны Зүүн Азийн газрын ахлах эдийн засагч Акико Терада Хагивара “Түүхий эдийн үнэ өссөнөөс гадна Монгол Улс ОУВС болон бусад олон улсын байгууллагуудын хөтөлбөр батлагдсанаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ” гэж дүгнэсэн бол Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон “Төсөвт зарим татварыг нэмэгдүүлж орлогоо өсгөх зорилтыг тавьсан байна. Ингэхдээ татвар нэмэхдээ орлогын байдлаас хамаарч шатлалтай авахаар оруулж ирсэн нь зөв эхлэл. Валютын сангийн хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцөлүүдийг хангаснаар Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж олон улсын байгууллагууд, хоёр талт түнш орнууд найдаж байна” гэсэн байна. Энэ мэт олон улсын байгууллагуудын дүгнэлтийг ажиглахад манай улс Валютын сангийн урьдач нөхцөлд багтсан хэд хэдэн өгөгдлийг заавал шийдэж байж олон улсын байгууллага, түнш орнуудаас бага хүүтэй зээл авах эрх үүсэх учиртай аж. Товчхондоо энэ хөтөлбөрт хамрагдснаар олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгоход эерэг хандлага бий болно гэсэн үг. Ялангуяа хувийн хэвшлийнхэн бага өртгөөр хөрөнгө татах боломж бүрдэнэ гэдэг сайн зүйл. Цаашлаад тус байгууллагууд төсөв, санхүү тогтвортой болж, эдийн засгийн сэргэлт хурдсах нөлөөлөл хэтийн төлөвт байгаа тухай ч онцолж байна.
Ямар алдааг засах шаардлагатай вэ
Одоогийн сөрөг хүчин эрх барьж байх хугацаандаа Засгийн газар, Хөгжлийн банк, Монгол банк нийтдээ 7.2 тэрбум ам.долларын өндөр хүүтэй зээл авчээ. Энэ нь үе үеийн Засгийн газруудаас хамгийн “баян” гэсэн статистик юм. Өөрөөр хэлбэл өнгөрсөн дөрвөн жил зах зээлийн харилцаанд шилжсэн 27 жилийн түүхэн дэх хамгийн их хөрөнгө мөнгөтэй, хамгийн их өр зээл тавьсан үе байлаа. Гэвч эдгээр зээлийн 90 орчим хувь нь арилжааны өндөр хүүтэй, хугацаа багатай, хатуу нөхцөлтэй зээл байв. Үүнээс гадна Монголбанкнаас их хэмжээний мөнгө хэвлэн үнэ тогтворжуулах хөтөлбөр, ипотекийн зээлийг санхүүжүүлсэн байдаг. Үүн дээр нэмээд хөрөнгө оруулагчдын итгэл алдарсан, гадаад цэвэр албан нөөц дөрвөн жилийн дотор дөрөв дахин буурч төгрөгийн ам.доллартай харьцах ханш 60 гаруй хувиар унасан, улсын гадаад өр 24 тэрбум ам.долларт хүрсэн, олон төсөвтэй явж ирсэн зэрэг таагүй мэдээллийг цувруулж болно. Хамгийн гол нь ямар ч бэлэн төсөл, эдийн засгийн тооцоолол байхгүй атлаа их хэмжээний хөрөнгийг өндөр хүүтэй татсанд алдаа байгаа юм. Энэ талаар ч олон улсын байгууллагын шинжээчид хийгээд үндэсний эдийн засагчид одоог хүртэл шүүмжилдэг. Тэгвэл одоогийн Засгийн газарт хэмнэлтийн горимд шилжих, зардлаа хасах, орлогоо нэмэгдүүлэх замаар богино хугацаанд үр дүнд хүрэх арга замыг эрэлхийлэхээс өөр сонголт үлдсэнгүй. Угтаа төсвийн алдагдлыг бууруулж байж, хувийн хэвшилд очих зээлийн хэмжээ нэмэгдэх учиртай.
Д.Ганбаатар
Монголын үнэн